Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/361

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Б.Солонго,

хохирогч Б.Б,

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ө-ийн Б-д холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*****************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ө.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 7-р хороо, 38-р байрны 106 тоотод “архи авчирсангүй, мөнгө хийсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хохирогч Б.Б-н толгойн тус газар нь заазуураар хэд хэдэн удаа цохиж, биед нь зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Гэмтэл авснаас хойш хэд хоногийн дараа таталт өгч унасан. Цаашид эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэх шаардлагатай. Мөн нарийн шинжилгээ хийлгэнэ. Эмчилгээний зардал 2 сая төгрөг болох байх, энэ зардлаа нэхэмжилж байна. Уул нь бид 2 сайн найзууд архинаас л болж ийм байдалд хүрлээ. Гомдолтой байна...” гэв.  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:

“ ...уг өрөөнөөс гарч зүүн тийш эргэхэд цайвар өнгийн буйдан хана дагуулан байрлуулсан байх бөгөөд уг буйдангийн зүүн дээд, хажуу хэсэгт 42x48 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байх бөгөөд буйдангийн сандал, дэрнүүдийг салгаж дээр нь овоолсон байдалтай, цонхны тавцан дээр “Фанта” нэртэй ундааны сав, хөзөр, удирдлага зэрэг эд зүйл эмх замбараагүй байдалтай байв, буйдангийн урд хэсэгт 32x38 см хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дусаж асгарсан байдалтай, гал тогооны шүүгээн дээр аяга таваг, хутга байх бөгөөд уг хутгыг 53 дугаараар тэмдэглэж ажлын хэсэг 17.5 см, нийт 27 см урттай заазуурыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж хураан авлаа...” гэсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-10 дахь тал/,

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-26 дахь тал/,

3. Хохирогч Б.Б-н:

“...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр найз Э “хүрээд ирээч” гээд дуудахаар нь найз А-ын хамт ***************** тоотод гэрт нь очсон. Тэгээд А, Э бид гурав 2 хоног архидаад Э өөрийн утаснаасаа найз Б-тэй чатлаад гэртээ дуудсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б Э-ийнд ирээд бид 4 дахиад архи ууцгаагаад хоносон. Маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө босоод 2 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи уучхаад хоол хийж идэхээр болж Б, Э 2 дэлгүүр гарчхаад буцаж орж ирэхдээ Б “чи над руу мөнгө хийсэнгүй, дансанд мөнгө ороогүй байна” гэж уурлаад маргаж эхэлсэн. Тэгээд маргаж байгаад Б утаснаасаа дуу тавьчихсан байхаар нь би “ямар сонин дуу сонсдог юм” гээд хэлчихсэн юм. Тэгтэл Б уурлаж босож ирээд “чи юу гэнэ ээ” гээд ширээн дээр байсан ундаа аваад миний толгой дээр асгаад “яах гээд байгаа юм чи, би чамайг алчихна шүү” гээд цаашаа эргээд гал тогооны шүүгээн дээр байсан заазуур авч ирээд “би чамайг зүсэж үзүүлэх үү, хутгаар зүсэж үзүүлэх үү, чамайг ална шүү” гээд над руу заазуур барьж дайрахаар нь би “яах юм бэ, хэрэггүй” гэтэл заазуурын ар хэсгээр миний толгой руу 2-3 удаа цохиод заазуураа гал тогооны шүүгээний урд хэсэг рүү шидчихээд “2 хулгайчаа би та нарыг алчихна шүү, би дахиад зүсэж үзүүлэх юм уу” гээд шалан дээр шидсэн хутгаа аваад тэгээд хутгаа шидчихээд буцаж эргээд “би чамайг зүсэж үзүүлэх юм уу, ална шүү” гээд буцаад хутга авч ирээд над руу заазуурын ир хэсгээр нь цохих гээд дайрахаар нь би “яах юм бэ” гээд орилтол “чиний толгойноос цус гарч байна ш дээ” гээд заазуурын ирээр миний толгой руу нэг удаа заазуурдаж цохиод хутга нь газарт унасан. Тэгээд хажуугаас А, Э 2 “одоо больцгоо” гээд болиулаад миний толгойноос цус гараад байхаар нь А 102, 103 руу залгаж дуудлага өгсөн. ...А тухайн үед нууцаар бичлэг хийсэн гэж байсан. Би тухайн үед хэдэн өдөр архи уучихсан босож чадахгүй байсан болохоор Бг “болиоч ээ” гэж хэлж эсэргүүцсэн боловч толгой хэсэг рүү хэд хэдэн удаа заазуураар цохисон. Нэлээн согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

4. Гэрч Э.Э-ийн:

“...И, Б 2 хоорондоо муудалцаад Б гал тогооны тавиур дээрээс заазуур аваад заазуурын ар хэсгээр нь И-н толгой хэсэг рүү цохисон чинь толгойноос нь цус олгойдон гарахаар нь А шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

5. Гэрч А.А-ын:

“...Б, Э 2 гаднаас орж ирээд Б, Игээс хэрүүл өдөөд элдвээр хэлээд байсан. И юу ч дуугарахгүй байсан чинь Б гал тогоонд байсан заазуурыг шууд аваад Ин толгойн хэсэгт 3 удаа цохиход И ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй “намайг цохисоор байгаад алчих” гээд байсан. ...архи авч чадаагүй болоод И-тэй муудалцсан. Б ширээн дээр байсан савтай ундааг аваад Б-н толгойн дээр асгаад эхлэхээр нь би айж сандраад нууцаар утсаа гаргаад бичлэг хийж эхэлсэн. Б-И бие хамгаалах чадваргүй бас нэлээн согтчихсон байсан болохоор Б-Ө-ийн өөдөөс юу ч хийж чадахгүй байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 47 дахь тал/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2297 дугаартай шинжээчийн:

“...Б.Б-н биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үрэх нидрэгдэх, хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 924 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 13 см иштэй 27.5 см урттай 7 см өргөнтэй заазуур дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Шаргал өнгийн хуванцар оруулгатай 3 см иштэй 27.5 см урттай 7 см өргөнтэй заазууран дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/,

8. Шүүгдэгч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би тогтоолыг уншиж танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ө.Б нь хохирогч Б.Б-н толгойн тус газар нь заазуураар хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь онц харгис, хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ө.Б нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Б-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ө.Б нь:

2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэг 7-р хороо, 38-р байрны 106 тоотод “архи авчирсангүй, мөнгө хийсэнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хохирогч Б.Б-н толгойн тус газар нь заазуураар хэд хэдэн удаа цохиж, биед нь зулайн хуйханд зүсэгдсэн шарх, баруун хацарт зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Ө.Б нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ө.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед
нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан байх бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Б.Б нь уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон цаашид нарийн шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх зэрэг хохирол төлбөрт нийт 2.000.000 төгрөг нэхэмжилснээс баримтаар тогтоогдсон эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 260.000 төгрөгийг шүүгдэгч Ө.Б-гөөс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.740.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ө.-Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ө.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ө.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ******************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шаргал өнгийн хуванцар оруулгатай 13 см иштэй 27.5 см урттай 7 см өргөнтэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ө-ийн Б-Ө-ийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис, хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-гөөс 260.000 /хоёр зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас 1.740.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шаргал өнгийн хуванцар оруулгатай 13 см иштэй 27.5 см урттай 7 см өргөнтэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ө.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ