Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 1946

 

 

 

 

 

 

 

 

 

“Айна юнайтед трейдинг” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Айна юнайтед” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Долгорханд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 26-ны өдрийн 7487 дугаар шийдвэрээр Худалдаа хөгжлийн банкны зээлийн төлбөрт 683 328 496 төгрөгийг  төлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталгаажуулсан. Дээрх шийдвэрийг хариуцагч нь биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Ш.Бямбадорж, Н.Долгорлхам нар хариуцан хийж байна. Гэтэл тэдгээр нь манай компанийн өмч болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Роял грийн  Вилла /17027/, Зайсан тойруу 62/4 дүгээр байрны А2 байрны 505, 506 тоот 365 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхарын 24, 29 тоот авто машины зогсоолыг өөрсдийн санаачлагаар “Мөнх-Оргил трейд” ХХК-иар үнэлгээ гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан байна. Тус хуулиудад өмчлөгч тус бүрийн өмч хөрөнгөө хэрхэн үнэлж байгааг өөрөөр хэлбэл үнэлгээний саналыг нь авахыг эсхүл тохиролцсон байхыг хуульчилсан байх бөгөөд хуулиудыг дагаж гарсан аливаа журмуудад санал болон тохиролцоог бичгээр авч баримтжуулсан байхыг тусгасан байдаг. Тэгвэл энэхүү хууль журмаар хийгдэж үйлдлийг огт хийгээгүй нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн хавтаст хэрэгт энэ талаархи нотлох баримт байхгүй байгаагаар тодорхойлогдоно. Мөн дээр үнэлгээний компаний гаргасан үнэлгээг төлбөр төлөгч хүлээн зөвшөөрөхгүй байхад 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг явуулсан төдийгүй үнэлгээний талаархи мөн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус үйлдлүүдийн талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль болон Иргэний хуульд заасны дагуу 2016 оны 11 сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Ц.Бямбасүрэнд гаргасан. Гэтэл гомдлын хариуг Монгол Улсын өргөдөл гомдлын тухай хуульд заасны дагуу 30 хоногт шийдвэрлэн 2016 оны 12 сарын 10-ны өдөрт баггаан шийдвэрлэх, нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдолд 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах хуультай байхад тэрээр хариу өгөөгүй атлаа 2016 оны 11 сарын 25-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг өөрсдөө дур мэдэн зарлаж худалдааг явуулсан гэх бөгөөд үнийн санал ирээгүй тул комиссын хурал хуралдуулахыг 2016 оны 12 сарын 15-ны өдөр хийхээр төлөвлөж албан бичгээ 2012 оны 12 сарын 12-ны өдөр гардуулсан зэрэг ноцтой дэс дараалсан хурдтай захиалгат үйлдлийг хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3-д заасан төлбөр авагч төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шиидвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэснийг зөрчиж байна гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Өөрөөр хэлбэл байгууллагын гаргасан гомдлыг шийдвэрлээгүй атлаа 2 дахь дуудлага худалдааг зохион байгуулсан мөн дуудлага худалдаанд бусдын өмчийг дур мэдэн оруулсан. “Айна юнайтад" ХХК-ийн үүсгэн байгуулагч н.Батнасан нь анх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад хуульд зааснаар гомдол гаргасан ч хүлээн авалгүй шийдвэр гүйцэтгэх албаныхан банкны талд хэт нэг талыг барьж үйлчилж манай байгууллагыг хохироосон. Иймд хууль зөрчиж явуулсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг болон 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Долгорханд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 26-ны өдрийн 7487 дугаар шийдвэрээр “Айна юнайтөд трейдинг” ХХК-аас 683 328 496 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Айна юнайтөд трейдинг" ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийг хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул “Айна юнайтөд трейдинг" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206011952 дугаарт бүртгэлтэй, Б.Индра, Ч.Бат-Амгалан нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 дүгээр А2-505, 506 тоот хаягт байршилтай 365 м.кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхарын 24, 29 тоот авто зогсоолыг 2016 оны 4 сарын 26-ны өдрийн 140/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 5 сарын 06-ны өдрийн 140/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч “Айна юнайтед трейдинг” ХХК-д 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 3/20246 дугаар албан бичгээр үнийн саналаа өгөхийг мэдэгдэж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсөд гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн байна. “Айна Юнайтед Трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан тул хөндлөнгийн шинжээч томилон “Мөнх оргил трейд” ХХК-иар үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 дүгээр А2-505, 506 тоот хаягт байршилтай 365 м.кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхарын 24, 29 тоот автозогсоолын хамт 1 192 700 000 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 9 сарын 14-ний өдрийн 3/29084, 29085 тоот албан бичгээр төлбөр төлөгч “Айна юнайтед трейдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгсд мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/ Зайсангийн тойруу 62/4 дүгээр А2-505, 506 тоот хаягт байршилтай 365 м.кв талбайтай орон сууц, мөн зоорийн давхарын 24, 29 тоот автозогсоолын хамт 1 192 700 000 төгрөгийн 70 хувь болох 834 890 000 төгрөгөөр доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдааг 2016 оны 10 сарын 28-ны өдөр зохион байгуулахаар нийтэд мэдээлсэн. Дуудлага худалдааны мэдэгдлийг 2016 оны 10 сарын 18-ны өдрийн 3/33070 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байршилтай Монгол шуудан ТӨХК-ийн 20 дугаар салбараас өмчлөгч Б.Индра Ч.Бат-Амгалан, компаний захирал Ч.Батнасан нарын оршин суух хаягаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдааг “Үндэсний шуудан” сонины 2016 оны 10 сарын 14-ний өдрийн 199/2640/ дугаарт нийтэд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 сарын 25-ны өдөр зохион байгуулахаар нийтэд зарласан байдаг бөгөөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч “Айна юнайтед трейдинг” ХХК-ийн захирал Ч.Батнасан нь 2017 оны 2 сарын 16-ны өдөр тус албанд ирүүлсэн хүсэлтдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулж /5 сараар/ өгөхийг хүсч, дээрх хугацаанд төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг төлбөрт шилжүүлэх тухай дурдсан байдаг. Төлбөр төлөгч хүсэлт ирүүлснээс хойш 3 сарын хугацаа өнгөрсөн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 5946 дугаар захирамжаар “Айна юнайтед трейдинг” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхан шатны албадан дуудлага худалдааг болон 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн “Айна юнайтед трейдинг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 10 сарын 28-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа, 2016 оны 11 сарын 29-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчин явагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 3/35574 тоот мэдэгдлээр барьцааны хөрөнгийн өмчлөгч Ч.Бат-Амгалан Б.Индра нарт, 3/35564 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч “Айна юнайтед трөйдинг” ХХК-ийн захирал Ч.Батнасанд тус тус мэдэгдсэн мэдэгдлүүдийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгст гардуулан өгчээ. 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 10 цагт товлон зарлагдсан 2 дахь албадан дуудлага худалдааг 2016 оны 11 сарын 29-ний өдөр явуулахаар өөрчлөн тогтоож, энэ талаар төлбөр төлөгч Айна Юнайтед трейдинг ХХК-д 2016 оны 11 сарын 24-ний өдрийн 3/36675 тоотоор мэдэгдсэн гэжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлантөгс нь төлбөр төлөгч байгууллагыг төлөөлж байгаа бөгөөд байрны өмчлөгч нарыг төлөөлөөгүй юм. Гэтэл барьцааны зүйлийг хураан авах, битүүмжлэх, дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагааны талаар өмчлөгч Ч.Бат-Амгаланд ерөөсөө мэдэгдээгүй, мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүхээс мэдсэн гэж үзэж байгаад гомдолтой байна. Мөн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 3/36675 тоотоор мэдэгдэж, шууданд хийсэн гэх боловч мэдэгдэл хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй. Өөрөөр хэлбэл хоёр дахь дуудлага худалдаа хойшлоод 2016 оны 11 сарын 29-ний өдөр болно гэдгийг төлбөр төлөгч, өмчлөгч нарын хэн нь ч мэдээгүй, зөвхөн шууданд хийсэн баримтаар эдгээр хүмүүсийг уг ажиллагааны талаар мэдсэн гэдгийг нотлохгүй юм. Мөн барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд ШШГТХ-ийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, амаар болон бичгээр тайлбар өгөх зэрэг эрх, ШШГТХ-ийн 48.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй. ШШГТХ-ийн 49.7-д “Үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь бүртгүүлбэл зохих бусад хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилснээс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ”, ШШГТХ-ийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, ШШГТХ-ийн 55.3-д “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж тус тус заасныг зөрчсөн. Иймд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль бус явагдсан учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Айна юнайтед трейдинг” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж анхны  болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2015/07487 дугаар захирамжаар “Айна юнайтед трейдинг” ХХК-иас 681 400  870 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 37-39 дүгээр тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла хотхон, Зайсангийн тойруу 62/4 дүгээр байр, А2-505, 605  тоот, зоорийн давхарын 24, 29 тоотод тус тус байрлах 365 м.кв талбай бүхий  орон сууц, авто зогсоолыг  битүүмжлэн, хураажээ. /хх-ийн 54-60 дугаар тал/

 

Эд хөрөнгө битүүмжилж, хураасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19, 30, 36 дугаар зүйлд заасантай нийцсэн, талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй байна.

 

Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналд талууд тохиролцоогүй, хэн аль нь хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан байх тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь хууль зөрчөөгүй болно. /хх-ийн 67-94 дүгээр тал/

 

Хөндлөнгийн шинжээч “Мөнх оргил трейд” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла хотхон, Зайсангийн тойруу 62/4 дүгээр байр, А2-505, 605  тоот, зоорийн давхарын 24, 29 тоотод тус тус байрлах 365 м.кв талбай бүхий орон сууц, авто зогсоолыг 1 192 700 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 70-93 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хөндлөнгийн шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-иас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг буруу, үндэслэлгүй гаргасан гэж дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан байх боловч уг шинжээчийн дүгнэлтийг яагаад зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хүсэлтдээ заагаагүй байна. Иймд анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэн тул  дахин шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь анхны дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг шинжээчийн тогтоосон 1 192 700 000 төгрөгийн 70 хувь буюу 834 890 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Анхны дуудлага худалдаагаар эд хөрөнгийг оруулсан боловч үнийн санал гараагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа санал гаргах доод үнийг 50 хувь буюу орон сууцыг 596 350 000 төгрөгөөр тус тус тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Төлбөр төлөгч нь дээрх үнэлгээгээр дуудлага худалдаа явуулах гэж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн, бодит байдалд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний санал, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны  мэдэгдлүүдийг хуульд заасан журмын дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч, эд хөрөнгийн өмчлөгч нарт  тухай бүрт мэдэгдэж байжээ. /хх-ийн 63-64, 94, 102, 106, 108, 111, 115-118, 128-130, 160-162 дугаар тал/

 

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Бат-Амгалангаас үнийн санал аваагүй, дуудлага худалдааны мэдэгдлийг мэдэгдээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Нөгөө талаар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Бат-Амгалан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргаагүйгээс гадна нэхэмжлэгч “Айна юнайтед трейдинг” ХХК нь түүний өмнөөс гомдол гаргах эрхгүй этгээд байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                               Э.ЗОЛЗАЯА

                                               

                                          ШҮҮГЧИД                                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ