Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2019/00118/И |
Дугаар | 001/ХТ2020/00335 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2020/00335
Б.Т-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 944 дугаар магадлалтай,
Б.Т-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хас банкны нэхэмжлэлтэй надад холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан боловч хуульд нийцсэн гэх хариу өгсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохион байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дуудлага худалдаанд нэхэмжлэгч Хас банк оролцон улмаар дуудлага худалдааны ялагч болсон нь хууль зөрчсөн, илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй ажиллагаа болсон. Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Банк энэ дуудлага худалдаанд өөрөө оролцох эрхгүй. Иргэний хуулийн 197 дугаар зүйлээр тогтоосон журам болон Банкны тухай хууль тогтоомж, түүнийг дагалдах дүрэм журмууд, Банкны олон улсын стандарт, банкны ёс зүйн дүрмийг тус тус зөрчин, мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3471 дүгээр захирамжаар Б.Т-ээс 56.014.481 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгуулахаар шийдвэрлэсэн. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16290967 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж тус газрын 2016 оны 3/33852 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Т-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот хаягт байрлах орон сууцыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор хураасан. Өмчлөгч Б.Т-т үл хөдлөх хөрөнгийн үнийн санал ирүүлэхэд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3/37973, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 3/38522, 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/2687 дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналаа ирүүлээгүй тул тухайн үеийн мөрдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр томилж, 62.000.000 төгрөгөөр үнэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 4/7519 дугаар албан бичгээр мэдэгдэж, төлбөр төлөгчийн гар утасруу залгаж, төлбөр төлөгчийн оршин суугаа хаягаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаа нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Б.Т-ийн өмчлөлийн дээрх орон сууц 45.400.000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 138/075 дугаар тогтоолоор мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Зээлдэгч Б.Т- нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 42 500 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай авсан. 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш зээлийн төлөлтөө төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 3471 тоот захирамжаар хариуцагчаас зээлийн төлбөрт 60 414 251 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 460 022 төгрөгийг гаргуулж Хас банканд олгох, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2206001118 Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байр 31 тоот 59 мкв 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 3238 дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж гарч мөн өдрийн 288 дугаар гүйцэтгэх хуудас гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээч 62 000 000 төгрөгөөр үнэлсэн. 2018 оны 5 дугаар сард явуулсан анхны албадан дуудлага худалдаанд орж барьцаа хөрөнгийг худалдаж авсан. Өмнө нь мөн жилийн хугацаанд үйл ажиллагаа хойшилсон. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаад 2017 оны 4 сард түдгэлзэж байсан. Бүтэн жилийн дараа 2018 оны 3 дугаар сард дээд шүүхийн тогтоол гарч дахиж ажиллагаа явагдаж 2018 оны 5 дугаар сард албадан дуудлага худалдаа явагдсан. Нэхэмжлэгч нь 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 4 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй. Хуульд заасны дагуу дуудлага худалдаанд оролцож барьцаа хөрөнгийг худалдаж авсан гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3, 197 дугаар зүйлийн 197.11, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4, 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах орон сууцыг дуудлага худалдааны ялагч Хас банк ХХК-д шилжүүлээгүй, нэхэмжлэгч одоо амьдарч байгаа талаар зохигчид тайлбарласан болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 944 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Т-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх банк дуудлага худалдаанд оролцож болохыг хуульчилсан гэх Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт, банк дуудлага худалдаанд оролцож болохгүй буюу банкны эрхлэх үйл ажиллагаа болон банкинд хориглох үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Банкны тухай хууль хоорондын зөрчлийг тайлбарласангүй. Нэхэмжлэлийн үндэслэл болох Банкны тухай хуулийг хэрэглэхгүй байх талаар хууль зүйн үндэслэлтэй няцаалт, тайлбаргүйгээр шийдвэр, магадлалынхаа үндэслэлээр Иргэний хуулийг сонгон хэрэглэсэн байдал нь хариуцагч, гуравдагч этгээдэд ашигтай хуулийн заалтыг сонгон хэрэглэсэн гэж үзэх хангалттай бөгөөд хүрэлцээтэй нөхцөл байдал юм. Зүй нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” Гэсэн заалт нь шийдвэр, магадлалд хэрэглэгдэх хуулийн хэрэглээний сонголтын гол үндэслэл болох учиртай билээ. Гэтэл хууль сонгох зарчмыг огт дурдаагүй, хэрэгжүүлээгүй. Мөн ийм байдлаар шийдвэр, магадлалд хэрэглэвэл зохих хуулийн хэрэглээг зориудаар орхигдуулжээ. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулах хүсэлтийг маань шүүх хангасан хэдий ч гаргуулсан нотлох баримтууд болох Хас банкны аж ахуйн нэгжийн гэрчилгээ, Хас банкны 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн албан тоотууд, дэнчингийн төлбөр төлсөн баримт, дуудлага худалдааны төлбөрийн шилжүүлгийн баримтуудыг тал бүрээс нь холбогдох хуулийн зүйл заалттай нь тулган үнэн зөв, бүрэн шинжлэн судлахгүйгээр төлбөр авагч дуудлага худалдаанд оролцох эрхгүй талаарх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд баримтаар гаргаагүй тул гэж шийдвэрээ үндэслэснийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж хянажээ. Гэтэл Хас банк нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 18 дугаар зүйлийн 18.2, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол банкнаас авч хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Хас банкны 2578697 регистрийн дугаартай, 9016001007 улсын буртгэлийн дугаартай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Өөрөөр хэлбэл Монгол банкны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хэлбэрээр хуримтлагдсан нийгмийн баялагийг барьцаагүйгээр татан төвлөрүүлж, зээл хэлбэрээр захиран зарцуулах онцгой эрхийг Хас банк хуулийн дагуу эдэлж байгаа болохыг Хас банкны аж ахуйн нэгжийн гэрчилгээ хангалттай нотолж байна. Өөрийн хөрөнгөөс 12 дахин илүү мөнгөн хөрөнгийг гадаад дотоодын мөнгөний захаас бусдаас барьцаагүйгээр татан төвлөрүүлж банкны зээлийн хорооны шийдвэрээр захиран зарцуулдаг мэргэжлийн онцлогтой банкны үйл ажиллагааг барьцаагүй мөнгө татах онцгой эрхийг олгогч Монгол банк бүхэлд нь хянах зарчимтай. Монгол банкны хяналтын зарчмын механизм нь Банкны тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зэлийн үйл ажиллагааны тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль юм. Банкны тухай хуулийн 6.1 ба 7.1-т банкны эрхлэх үйл ажиллагаа болон банкинд хориглох үйл ажиллагааг тодорхой журамласан байтал Хас банкны үйл ажиллагааны захирал Э.Уламбаяр дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан. Хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж авч дуудлага худалдаанд оролцогчоор бүртгэсэн нь хууль бус юм. Шүүх Хас банкыг Монгол банкинд дуудлагаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хүсэлт илгээж хариуг авсан эсэхийг нягтлаагүй. Банкны хувьцаа эзэмшигчдийн хураас үйл ажиллагааны захирал Э.Уламбаярд дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх эрхээ шилжүүлсэн эсэхийг нягтлан шалгаагүй. Мөн Санхүүгийн мэдээллийн албанд гүйлгээг мэдээлээгүй, Хас банкны дуудлага худалдаанд оролцож үл хөдлөх хөрөнгө худалдан авсан мөнгөний эх үүсвэр, эцсийн өмчлөгчийг тодруулах, тогтоох, тэдгээртэй холбоотой баримт бичгийг шаардан гаргуулаагүй. Түүнчлэн Хас банкны төлөөлөгч нь салбарын онцлог, Монгол банкны үүрэг, банкны эрх зүйн зохицуулалтыг сайтар мэдсээр байж Хас банкны хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Монгол банкны холбогдох шийдвэр, түр данс, дэнчингийн бэлэн мөнгөний эцсийн эзэмшигч нь Хас банкны хувьцаа эзэмшигчдийн аль нэгнийх нь хувьцааг удирдах данс эсхүл Монгол банкнаас зөвшөөрөл хуримтлагдсан ашгаас байгуулагдсан сангийн хөрөнгөний зохих ёсны зарцуулалт болохыг нотолсон бичиг баримтуудыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтэндээ хавсаргаагүй мөн шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт нотлоогүй нь мэргэжлийн ёс зүйгүй, хариуцлагагүй, илэрхий зохиомол үйлдэл болох нь харагдаж байна. Мөн нэмж тэмдэглэхэд хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байгаа ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тайлангийн эх хувийг дахин шаардан эсхүл зохих байгууллагад гомдол гарган авах замаар үнэлгээний тайлангийн эх хувь миний гар дээр ирсэний дараа шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэнээ нотолж хөрөнгийн үнэлгээг дахин хянуулах боломж үүсэхээр байгаа юм. Ерөнхийдөө банк, үнэлгээчин, шийдвэр гүйцэтгэх газрын хамтарсан хууль бус ажиллагаанаас болж Хас банкны өрөнд байраа өгөөд цаана нь дахин 15.6 сая төгрөгний өр төлбөртэй үлдэх нөхцөл байдал үүсээд байгаа болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхэд буцааж Хас банкны дуудлага хуралдаанд оролцсон байдал нь бүхэлдээ Банкны тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол банкнаас баталсан журмуудад нийцсэн эсэх тухай Монгол банкны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дуудлага худалдаа хүчинтэй эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Т-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...төлбөр авагч Хас банк ХХК дуудлага худалдаанд оролцсон нь холбогдох хуулийг зөрчсөн...” гэснийг хариуцагч “дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэсэн тайлбар гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Хас банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн татгалзлыг дэмжиж тайлбар гаргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж шийдвэрийг хэвээр үлдээсэн бөгөөд шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Хэргийн баримтаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.04.28-ны өдрийн 102/ШШ2016/03471 тоот захирамжаар нэхэмжлэгч Б.Т- Хас банк ХХК-д 60.414.258 төгрөгийг 2016.05.31-ний дотор төлөх үүргийг хүлээжээ. Захирамжид заасан төлбөрийг Б.Т- төлөөгүйгээс хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулж шүүгчийн захирамжид заасны дагуу барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120.0-мянгатын 11 дүгээр байрны 31 тоот орон сууцыг 2016.11.15-ны өдөр битүүмжлэн, мөн оны 12.01-ний өдөр хурааж, улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар үнийн талаар тохиролцоогүй тул шинжээчээр үнэлгээ тогтоолгосон, энэ хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдол гарсныг шүүх шийдвэрлэсэн ба 2018.05.01-ний өдөр анхны албадан дуудлага худалдаа болж төлбөр авагч Хас банк дуудлага худалдаанд орж ялагч болж, 45.400.000 төгрөгөөр худалдан авсан нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч гомдолдоо, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ...дуудлага худалдаанд оролцох субъектын эрх зүйн эргэлзээгүй байдлыг нягтлах ажиллагаа хийх байтал дуудлага худалдаанд оролцогчоор бүртгэсэн, ...Банк нь Монгол банкинд дуудлагаар үл хөдлөх хөрөнгө худалдан авч өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хүсэлт илгээж хариуг авсан эсэхийг нягтлаагүй, банкны хувьцаа эзэмшигчдийн хурлаас үйл ажиллагааны захирал Э.Уламбаярт дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө худалдан авах замаар банкны өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх эрхээ шилжүүлсэн эсэхийг нягтлаагүй, ...дуудлага худалдаанд оролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан мөнгөний эх үүсвэр, эцсийн өмчлөгчийг тодруулах, тогтоох, тэдгээртэй холбоотой баримт бичгийг шаардан гаргуулаагүй, ...Хас банкны дуудлага худалдаанд оролцсон байдал нь Банкны тухай хууль, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, холбогдох журмуудад нийцсэн эсэхийг Монгол банкны шинжээчийн дүгнэлтийг үндэслэн дуудлага худалдаа хүчинтэй эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй бөгөөд дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хоёр шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзлээ.
Банк байгуулах, банкны үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д, банк нь Монгол банкны зөвшөөрөлтэйгөөр ямар үйл ажиллагаа эрхэлж болохыг Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д тус тус заасан байна. Үүнээс үзвэл Хас банк ХХК-ийн байнгын, тогтмол явуулах үйл ажиллагаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагддаг бөгөөд харин төлбөр авагчийн хувьд барьцааны үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажиллагаанд оролцох нь тусгай зөвшөөрөл шаарддаг тогтмол эрхлэх үйл ажиллагаанд хамаарахгүй юм.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар банк зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа явуулж болохоор байна.
Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах журмыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлд тусгайлан зааж, мөн зүйлийн 175.6-д дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна, 175.3-т үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэсэн байна.
Иймд төлбөр авагч Хас банк дуудлага худалдаанд оролцсон нь хууль зөрчихгүй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаа явуулахдаа хууль зөрчөөгүй байна.
Гомдолд дурдсан бусад хууль тогтоомж нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн гүйцэтгэсэн үйл ажиллагаанд хамааралгүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/00774 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 944 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Т-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч Б.Т- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ