Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2019/0556

 

       

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр           Дугаар 128/ШШ2019/0556                Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                            

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: МТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдох

Гомдлын шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн №0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Б.Б, хариуцагч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдол гаргагч МТ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд Агентлагийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсэг томилж, шалгалтын үр дүнг танилцуулахыг даалгасан. Үүний дагуу ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанийн Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах ШТС-153 салбараас дээж авах акт үйлдэн дээжийг авч Нисэхийн ерөнхий газрын оношлогоо, хэмжил зүйн төв лабораторид өгч шинжлүүлсэн байдаг.

Агентлагийн даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг нь дээж авахдаа ямар саванд авсан, уг сав нь гадны бохирдолгүй, зориулалтын лабораторийн сав мөн эсэх, яаж дээж авсан, мэргэжлийн лаборант хүн байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд Газрын тосны бүтээгдэхүүн, Дээж авах арга MNS0218:2008 стандартыг зөрчиж авсан байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын байцаагч А.Б нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 1/1240 тоот хүсэлтийн дагуу дээрх стандарт зөрчиж авсан шинжилгээний дүнг үндэслэн Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо, хэмжил зүйн лабораторийн №СШ18/235-244 дугаартай сорилт шинжилгээний үр дүнгийн хуудсын дагуу дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтийг үндэслэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1802000531 дугаартай зөрчлийн хэрэг нээн ШТС-153 дугаар салбар нь жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” стандартын шаардлага хангаагүй гэх зөрчлийн улмаас АИ 92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг Нийслэлийн прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор битүүмжилж авсан.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.Мг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын байцаагч А.Б-ийн гаргасан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай шинжилгээний дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын лабораторийн сорилгын дүн зэрэгтэй огт танилцуулахгүй байсан нь Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 4.3 /зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах/-т заасан манай компанийн борлуулж буй шатахуун нь ямар стандартыг хэрхэн хангаагүй байгаа зэрэгтэй танилцах эрхийг илтэд хязгаарлаж, мөн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр буюу шийтгэлийн хуудас бичих өдрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-д танилцуулсан нь дээрх хуульд заасан дахин шинжилгээ хийлгэх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргасан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Манай компани нь ОХУ-ын “Р” ХХК-иас шатахуунаа импортоор оруулж ирэн худалдаалдаг. Оруулж ирэх бүртээ “Р” ХХК-ийн чанарын пасспортын хамт авдаг бөгөөд ингэхдээ Монгол Улсын гаалийн итгэмжлэгдсэн лаборитарид шинжлүүлж MNS 0217:2017 стандарт хангасан бүтээгдэхүүнийг хүлээж авч, худалдаанд гаргахдаа Зэвсэгт хүчний нэгдсэн лаборторид шинжилгээ хийлгэж сорилгын хуудас авдаг болно.

Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй тул №0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ

Хоёр. Хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МТ ХХК-иас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-ийн 2018 оын 12 дугаар сарын 11-ний өдрийн 9 000 000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг эс хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжтай хяналт шалгалтын хүрээнд МТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-153 дугаар салбарт жижиглэнгээр борлуулж байсан АИ-92 автобензинээс дээж авч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо, хэмжил зүйн лабораторид шинжлүүлсэн байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь стандарт зөрчиж авсан шинжилгээний дүнг үндэслэсэн байсан гэсэн агуулга бүхий үндэслэлийг нэхэмжлэлдээ дурджээ. Үүнд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. Агентлагийн даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 тоот удирдамжтай хяналт шалгалтыг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга, Улсын ахлах байцаагч Ц.Л ахалж, тус газрын Улсын ахлах байцаагч Т.М, Улсын ахлах байцаагч Ш.З, Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын улсын байцаагч Д.М, Зах зээл судалгааны газрын улсын байцаагч И.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр 60 хоногийн хугацаанд шалгахаар эхлүүлсэн. Удирдамжийн хугацааг дахин 30 хоногоор сунгасан ба 2018 оны 09 дүгээр сарын 08-нд хугацаа дууссан.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношлогоо, хэмжил зүйн лабораториас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 08/б/158 дугаартай албан бичгээр үнийг тарифыг 60 хувь хөнгөлөх боломжтой талаар хариу ирүүлсний дагуу 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр агентлагийн даргын А/70 тоот тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд  өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2018 оны 08 дугаар сарын 06-нд МТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ШТС-153 дугаар салбараас АИ-92 автобензинээс дээж авч Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторид тухайн өдрөө хүлээлгэн өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний үр дүнг ирүүлсэн ба лабораторийн сорилт шинжилгээний хариуд дүгнэлт гаргаж өгөх хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны 1/1240 дугаартай албан бичгээр хүргүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр хариуг ирүүлсэн байдаг.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт болон Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас: №СШ18/238 дугаартай сорилын дүнтэй танилцуулаагүй талаар дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

МТ ХХК-д холбогдох зөрчлийн 1802000531 дугаартай хэрэгт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Э-г Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр МТ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон.

Үүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч мэдүүлэг аван, зөрчлийн хэрэгтэй танилцуулсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 07/106/363 дугаартай Улсын ахлах байцаагчийн дүгнэлт тухайн үед зөрчлийн хэрэгт байсан бөгөөд МТ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Этанилцсан.

Тус дүгнэлтэд дээж авсан компаниудын нэр нь кодлогдсон байдлаар байсан тул тухайн дүгнэлтийг танилцуулахгүй байх шалтгаан байхгүй бөгөөд тус дүгнэлтэд дурдсан аж ахуйн нэгжүүд нь бүгд адилхан зөрчилтэй байсан тул ямар стандартыг хангахгүй байх талаар танилцах эрхийг хязгаарласан гэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн зөрчлийн 1802000531 дугаартай хэргийн нээх тухай тогтоол дээр МТ ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй шатахуун нь “Хөдөлгүүрийн түлш, Этилжээгүй бензин, Техникийн шаардлага” MNS 0217:2017 стандартын шаардлага, хангахгүй байгаа талаар бичсэн байдаг.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартаар АИ-92и автобензин дэх марганецын агууламж 0.25 мг/дм3-аас бага бол марганецын агууламж байхгүй гэж үзнэ гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.8+0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчдийн өмчлөлийн автотээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчин сөрөг нөлөөтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

Уг дүгнэлтийг гаргуулах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас №СШ18/238 дугаартай сорилын дүнгийн хуудсыг хүргүүлсэн байсан.

Учир нь тус сорилын хуудас нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газраас бус Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лаборатороос ирүүлсэн хуудас байсан тул сорилын хуудсыг хуулбарлан хуулбар үнэн тэмдэг даран  явуулах боломжгүй байсан тул ганцхан хувь байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана гэж заасны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр танилцуулсан.

МТ ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ирүүлсэн хүсэлтэд 2018 оны 12 дугаар сарын 20-ны 1/1654 албан бичгээр хариу хүргүүлсэн.

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 9,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005535 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус талаар нэхэмжлэлдээ дурджээ.

Холбогдогч МТ ХХК-ийн жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага хангахгүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Улсын ахлах байцаагчийн 2018 оын 9 дүгээр сарын 24-ний 07/106/363 дугаартай дүгнэлт, Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо, хэмжил зүйн лабораторийн “Сорилт шинжилгээний үр дүнгийн хуудас: №СШ18/238 дугаартай хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Эрчим хүч хяналтын хэлтсийн дарга А.Б-оос авсан гэрчийн мэдүүлэг, Стандарт, хэмжил зүйн газраас 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн 05/1057 дугаартай албан бичиг, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Хөдөлгүүрийн түлш. Этилжүүлээгүй бензин. Техникийн шаардлага MNS 0217:2017” Монгол Улсын стандартын шаардлага, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн Уул уурхай, газрын тосны төв лабораторийн газрын тосны ахлах шинжээчийн О.Б-ын дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Иймд 0005535 дугаартай шийтгэлийн хуудас хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу МТ ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч МТ ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн №0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/12 дугаар тушаалаар “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр чанарын шаардлага хангахгүй автобензин, дизель түлшийг хэрэглэгчдэд борлуулж байна гэх мэдээллийн дагуу Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” удирдамжийг батлан,  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1/922 дугаар албан бичгээр нэр бүхий 5 шинжилгээний байгууллагад хамтран ажиллах саналыг хүргүүлж, газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/70 дугаар тушаалаар бүтээгдэхүүний дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн, тэдгээрийн ажиллах дараалал, аргачлалыг тус тус баталжээ.

Дээж авч, шинжилгээнд өгөх ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 15 минутад гомдол гаргагч МТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-153 салбараас тус салбарын эрхлэгч Д.Э*******ийг байлцуулан акт үйлдэн, АИ-92 төрлийн автобензин 2 литрийг дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00200308 хэмээн кодлон, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2/1087 дугаар Дүгнэлт гаргуулах тухай албан бичгийн дагуу мөн өдрийн 16 цаг 32 минутад Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгчээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар сорилт шинжилгээний хариуг хүргүүлжээ. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрчим хүчний /газрын тос, хий/ хяналтын улсын ахлах байцаагч шинжээчээр ажиллан, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргажээ.

Шалгалтын ажлын хэсэг шалгалтын дүнг нэгтгэсэн танилцуулгыг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэн, улсын ахлах байцаагч Т.М нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 50 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэнийг хяналтын прокурор Г.М танилцан зөрчлийн хэргийн 1802000531 дугаарыг олгосон байна.

Зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1/1537 дугаар албан бичгээр МТ ХХК-нд мэдэгдэл хүргүүлэн, улсын ахлах байцаагч Т.М 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр МТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-153 салбараас АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоох саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлснээр Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тогтоолоор ШТС-153 салбарын АИ-92 автобензиний жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэжээ.

Үүний дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, улсын ерөнхий байцаагчаас 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 12 дугаар тогтоолыг гаргаснаар тус газрын улсын байцаагч нар 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэлийг үйлдсэн байна.

Улмаар МТ ХХК-иас тус компанийн хуулийн зөвлөх Г.Э-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг Эрх бүхий албан тушаалтны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос мэдүүлэг авчээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1562 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилуулахаар хандсанаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхай, газрын тосны төв лабораторийн ахлах шинжээч О.Б-г шинжээчээр томилон, шинжээчийн дүгнэлтийг гаргуулжээ.

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “... Марганецын агууламжийг 0.25мг/дм3-аас бага бол байхгүй гэж үзнэ. ... Дээжид марганецын агууламж 0.8+-0.01 мг/дм3 тодорхойлогдсон нь хэрэглэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд шууд болон шууд бусаар хохирол үзүүлэх магадлалтай гэж үзэж байна. Учир нь марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хорт болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анга /катализатор/-д муугаар нөлөөлдөг. Ингэснээр тэрхүү хийнүүд нь агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөтэй” гэж тогтоогдсон байна.

Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг үйлдэж,

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5/28 дугаар албан шаардлагыг МТ ХХК-д хүргүүлэн, 0005535 дугаар шийтгэлийн хуудсаар МТ ХХК-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д зааснаар 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох тогтоолыг цуцлах тухай саналыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ.

  Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор эрх хязгаарлах арга хэмжээ авсан тогтоолыг цуцалсан байна.

            Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-т хяналт шалгалт гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.З-т заасанчлан Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуулиар олгогдсон чиг үүргийнхээ хүрээнд явуулж буй хяналт шалгалттай холбогдсон харилцаа тус хуулиар, хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой харилцаа Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан журмаар тус тус зохицуулагдахаар байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасанчлан хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбогдсон төрийн бодлого болон хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг шалгах бүрэн эрхийнхээ хүрээндээ мөн зүйлийн 16.1.6-д заасанчлан дээж авч, барааны чанар, аюулгүй байдалд итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгүүлж, дүгнэлт гаргуулах ажлыг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гүйцэтгэжээ.

Ингэхдээ Монгол Улсын Шадар сайдын 2011 оны 19 дүгээр тушаалаар баталсан Бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журам-ын 3 дугаар зүйлийн 3.4.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу улсын байцаагч акт үйлдэнэ, 3.5.Бүтээгдэхүүнээс дээж авах актыг гурван хувь үйлдэж, шалгуулагч этгээдээр актад гарын үсэг зурж баталгаажуулан, шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид өгч, үлдэх хувийг шалгалтын материалд хавсаргана. Бүтээгдэхүүнээс дээж авах актад хяналтын газар, аймаг, нийслэл, дүүргийн индекс, хувийн дугаар, хувийн бүртгэлийн дугаарыг бичнэ, 3.6.Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж авахад тухайн шалгуулагч этгээд ирээгүй тохиолдолд хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулан дээжийг авах актад гарын үсэг зурж баталгаажуулна, 3.9.Улсын байцаагч дээжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр лабораторид хүргэхдээ дээж өгсөн тэмдэглэлийг 2 хувь үйлдэн, лаборатори тус бүрт 1 хувийг дээжийн хамт хүлээлгэж өгнө. ... Шалгуулагч этгээд хүсвэл дээжийг лабораторид хүргэхэд байлцаж болно, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлгүүрийн түлш, Этилжүүлээгүй бензин, Техникийн шаардлага МNS0217:2017 стандартын 9 дүгээр зүйлийн /Шинжилгээний арга/ 9.1. Бензиний дээжийг MNS 218 стандартад зааснаар бензин тус бүрээс 2 литрээс багагүй хэмжээтэй дундаж дээж авна гэж тус тус заасанчлан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 15 минутад гомдол гаргагч МТ ХХК-ийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд байрлах ШТС-153 салбараас тус салбарын эрхлэгч Д.Э-ийг байлцуулан акт үйлдэж, АИ-92 маркийн автобензин 2 литрийг МNS 0218:2008 /Дээж авах арга/ стандартын 7 дугаар зүйл 7.1/газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний дээжийг сайн холиод цэвэр, хуурай шилэн лонхонд түүний багтаамжийн 90% хүртэл хийнэ/-д заасан стандартын дагуу 1 литрийн багтаамжтай зориулалтын лац бүхий тагтай шилэн саванд дээжийн зориулалтаар авч, цувралын дугаарыг 00200308 хэмээн кодлон, мөн өдрийн 16 цаг 32 минутад Иргэний Нисэхийн Ерөнхий газрын харьяа Оношилгоо, хэмжил зүйн лабораторид химич инженер Л.О-д тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бүтээгдэхүүнээс дээж авах акт, аж ахуйн нэгжүүдээс авсан шатахууны дээжийг коджуулсан байдал, лабораторид дээж өгсөн тэмдэглэл, уг үйл ажиллагааг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх тул эрхгүй этгээд дээж авсан, дээжийг стандартын бус саванд авсан, манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулалгүйгээр дээжийг лабораторид өгсөн хэмээн маргаж буй МТ ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн Зөрчлийн хэрэгт авагдсан холбогдогч МТ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлэг, Г.Э-д 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 1 хавтас 115 хуудас бүхий зөрчлийн хэрэгтэй танилцсан тэмдэглэл зэрэг баримтаар гомдол гаргагчийн төлөөлөгч дээрх дүгнэлтүүдтэй танилцаж, мэдсэн болох нь тогтоогдож байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр баталсан 1/12 дугаар удирдамжийн хүрээнд тус газрын улсын ахлах байцаагч нараас Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын Оношилгоо хэмжил зүйн лабораториос 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шинжилгээний хариуг ирүүлснийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/1240 дүгээр албан бичгээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 07/106/363 дугаар шинжээчийн дүгнэлтийг гаргаснаар шалгалтын ажлын хэсэг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шалгалтын нэгдсэн дүнг гарган, цаашид авах арга хэмжээний саналын хүрээнд зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагатай байгаа болохыг тэмдэглэж, улсын ахлах байцаагч Т.М 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 50 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гэсэн хуулийн заалтад нийцсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр МТ ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн МТ ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагч Т.М-т холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн №0005535 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА