Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0576

 

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 576

Улаанбаатар хот

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Батбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга болон түүний 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар байгуулагдсан Тендер сонгон шалгаруулах комисст тус тус холбогдох захиргааны хэргийг Дорноговь аймгийн Засаг дарга болон Тендер сонгон шалгаруулах комиссын дарга нарын давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ”Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Б” ХХК нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зарласан Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохоор тендерийн урилга, тендерийн баримт бичгийг зохих журмын дагуу 2014 оны 12 дугаар сарын 4-ний өдөр захиалагчаас авсан.

Харин тендерийн урилга, бичиг баримтад тендерийн материал ирүүлэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 08-ний өдөр 15.00 цагаас өмнө хэмээн заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тендер хүлээн авах, хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтоох ёстойг зөрчсөнийг тендерийн бичиг баримтаа бүрдүүлэх явцад мэдсэн бөгөөд манай компани үүнийг бичиг техникийн алдаа байна гэж ойлгосон.

Тендер хүлээн авах өдөр энэ талаар захиалагчид утсаар мэдэгдсэн боловч холбогдох албан тушаалтан тендерийг аль хэдийн шалгаруулсан гэх тайлбарыг амаар өгсөн. Гэтэл энэхүү сонгон шалгаруулалтын ажиллагаа нь нээлттэй тендер мэтээр нийтэд зарласан атлаа тендер бэлтгэж ирүүлэх хугацааг зориуд тэгш бусаар олгосон, ялагч нь урьдаас тодорчихсон хууль бус ажиллагаа болсныг олж мэдсэн бөгөөд энэ хууль бус үйлдэл нь манай компанийн уг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн, хязгаарласан үйлдэл боллоо.

Хууль зөрчсөн ажиллагааны талаар холбогдох дээд шатны албан тушаалтанд хандсан боловч энэ талаар сонсохыг хүсээгүй, асуудалд ултай суурьтай хандаж шийдвэрлэхгүй болох нь илэрхий болсон тул арга буюу шүүхэд хандаж байна.

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан “М” ХХК, “Т” ХХК-иудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах улмаар Дорноговь аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжаараа тендерт шалгарсан гэх компаниудтай нөхөн сэргээлт хийх ажлын гүйцэтгэгчээр гэрээ байгуулах эрх олгосон тул “М” ХХК, “Т” ХХК-иудтай гэрээ байгуулах эрх олгосон Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаартай захирамжийг мөн хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тус захиргааны хэрэг өмнө нь хэлэлцэгдэж байсан тул товчид нь тайлбараа гаргая.

Нэхэмжлэгчээс нэхэмжилж буй Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын “М” ХХК, “Т” ХХК-иудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “М” ХХК, “Т” ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон А/626 тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлагууд хэвээрээ байгаа ба эдгээр шаардлагуудаа дэмжиж байгаа.

Нэхэмжлэгч компанийн хувьд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тусгай зөвшөөрөл бүхий эрхтэй компани байгаа юм.

Хариуцагчаас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дэлгэрэх сумын нутагт гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж вэбсайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр Зууны мэдээ сонин зэрэгт зарыг байрлуулсан байсныг нэхэмжлэгчээс 12сарын 03-ны өдөр мэдээд, 12 сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас төлбөрийг төлж тендерийн бичиг баримтыг худалдан авсан.

Түүнд тендер ирүүлэх хугацааг 2014 оны 12 сарын 08-ний өдрийн 15 цагаас өмнө ирүүлэхээр заасан байсныг тус компанийн зүгээс бичиг техникийн алдаа байх гэж бодсон боловч 12 дугаар сарын 08-ны өдөр утсаар холбогдож асуухад тендерийн шалгаруулалт явагдаж дууссан гэсэн ба үүнийг хууль зөрчсөн болох талаар хэлэхэд хүлээж аваагүй.

Иймд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг аймгийн Засаг даргатай уулзуулахаар явуулахад Засаг дарга нь хүлээн аваагүй байдаг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулбал Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тендерийг зарлахдаа тендер ирүүлэх эцсийн хугацааг 8 хоногийн хугацаагаар зарласан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24.3-т заасан 30 хоног гэж заасныг болон мөн хуулийн 17.1-д заасан тендерт оролцох сонирхогч этгээдийг тендер шалгаруулалтад оролцох тэгш боломжоор хангана гэж заасныг зөрчсөн. Үүний улмаас нэхэмжлэгч компанийн хувьд тендерт оролцож тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон эрхээ хэрэгжүүлэх эрх зөрчигдөж байна.

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тендерийг явуулснаар М, Т ХХК-иудыг шалгаруулсан ба энэ нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөнөөр хууль бус шийдвэр болсон, үүний дагуу аймгийн Засаг дарга 12 дугаар сарын 15-ны өдөр А/626 дугаар захирамжийг гаргасан нь хууль зөрчиж гаргасан дээрх шийдвэрийг үндэслэснээр бас хууль бус болж байгаа юм.

Уг А/626 дугаар захирамжид Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16.2.4, Байгалийн ургамлын тухай хуулийн 7.1, Газрын тухай хуулийн 7.2.3 дахь заалтуудыг баримталсан байгаа боловч эдгээр нь гэрээ байгуулахыг зохицуулсан заалт биш, харин энэ нь хөндлөнгийн хяналт тавих, зөрчил илрүүлснийг холбогдох байгууллагад мэдэгдэх зэрэг асуудлуудыг зохицуулсан заалтууд учир захирамжийг гаргахдаа зохих хуулийг баримтлаагүйгээрээ мөн хууль бус юм.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс тендерт оролцъё гэсэн хүсэл зоригоо илэрхийлсэн байхад хууль зөрчиж тендерийг явуулсан тул тендер сонгон шалгаруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гарсан М ХХК, Т ХХК-иудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр болон Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийг тус тус Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна” гэв.

Хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссыг төлөөлж тус комиссын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дэлгэрэх сумын нутаг Шар модны бууц гэдэг газар хууль бусаар алт ухагч нар байгаль орчин, тухайн орон нутгийг их хэмжээгээр эвдэн сүйтгэсэн. Үүнийг таслан зогсоох зорилгоор тухайн газрын байгаль орчин болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах үүднээс яаралтай арга хэмжээ авах шаардлагатай болсон юм.

Тэр үед Дэлгэрэх сумын Засаг даргаас аймгийн Засаг даргад тендер сонгон шалгаруулалт явуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа ирүүлж байсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүний дагуу нөхөн сэргээлт явуулах аж ахуйн нэгжийн сонгон шалгаруулалтыг зарласан.

Сонгон шалгаруулалтыг явуулахдаа төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажил үйлчилгээ биш байхаар зарласан. Нэхэмжлэгч тал нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр явуулаагүй гэлээ гэж маргаад байгаа, гэтэл энэ нь төрийн болон орон нутгийн хөрөнгөөр явуулах талаар аймаг, орон нутгийн төлөвлөгөөнд тусгагдаагүй.

Иймд сонгон шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиас зөвхөн тендерийн баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, бүртгэлийг явуулах тухай заалтуудыг л авч хэрэглэсэн бөгөөд энэ үйл ажиллагааг хурдан явуулах цаг үеийн шаардлагаас шалтгаалж богино хугацаанд зарласан.

Нэхэмжлэгч нь зарыг 12 дугаар сарын 03-нд мэдсэн гэж байгаа тул 12 дугаар сарын 08-ны өдрийн хугацааг мөн мэдсэн байж таарна. Мөн хуульд тодруулга авах эрхтэй гэдгийг зохицуулсан байгаа гэтэл энэ эрхээ яагаад хэрэгжүүлээгүйг асуумаар байна.

Энэ үйл ажиллагаа нь тендер биш зөвхөн сонгон шалгаруулалт юм, мөн шалгаруулалтыг явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтлаагүй гэдгийг дахин хэлье.

Хэрэв төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ёстой ажил байсан бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохих төсөв батлуулан гаргуулж хийгдэх ёстой ба энэ дагуу явагдах тендерийг аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулан явуулдаг. Харин манайх бол зөвхөн нөхөн сэргээлт хийх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт байсныг анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Мөн комиссын шийдвэр нь дан ганц миний шийдвэр биш бүхэл бүтэн 5 хүн хамтран шийдвэрлэж аймгийн Засаг даргад танилцуулагдаж шийдвэрлэгдсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Урьд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргаж өгч байсан тайлбараа дэмжиж байна.

Нэмж тайлбар хэлэхэд нөхөн сэргээлтийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаагүй. Үүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг зарцуулаагүй. Нэхэмжлэгч нь нээлттэй гэсэн үгэн дээр тулгуурлан 30 хоногийн хугацааг тайлбарладаг.

Мөн хуульд тендерт оролцогч этгээд гэдгийг тендерээ зохих журмын дагуу ирүүлсэн этгээдийг ойлгохоор байгаа гэтэл эднийх тендерийн оролцогч биш гэж үзэж байна, бидний зүгээс бүртгүүлэх эрхийг үгүйсгэхгүй байгаа.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар бидний зүгээс маргаан үүсгэсэн, нэхэмжлэгч тал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 гаргана гэж заасны дагуу гомдлоо гаргаагүй. Мөн хуулийн 56.1-д гомдлыг 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргахаар заасан.

Гэтэл нэхэмжлэгч үүнийг биелүүлээгүй байж байгаад шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа.

Сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17.1-д заасан тэгш боломжоор хангаагүй гэсэн талаар тайлбар өглөө. Гэтэл манай зүгээс зарыг бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан бөгөөд зарласан хугацаанаас өмнө, хойно сонгон шалгаруулалтыг явуулсан асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Гуравдагч этгээд М ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай компани Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулахаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зарласан тендерт оролцож уг ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулах эрх авсан.

Тендерийн тухай зарыг интернэтээс олж мэдсэн. Манай компани нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрлийн дагуу ажил хийхээр байнга ажил хайж байдаг ба аймгуудын сайтад тогтмол орж шалгадаг ажилтан байдаг.

Тухайн тендерийн урилга нь 2014 оны 12-р сарын 1-ний өдөр аймгийн сайтад зарлагдсаныг мэдээд л материалаа бүрдүүлж бүх бичиг баримтаа бэлэн болгоод уг тендерт түншлэн оролцохоор харилцан тохиролцсон Эрдэнийн ундарга хайрхан компанийн захирал С-д өгч Дорноговь аймаг руу явуулсан. С нь зарлагдсан цагаас өмнө Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгсөн байсан. Хугацааны хувьд их анхаарал тавиагүй, энэ тендер нь өөрөө төрийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгдэх ажил биш, харин байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй компаниуд өөрсдөө зардлаа гарган хийх ажил байсан учраас дотоод журмаараа зохицуулсан байна гэж ойлгосон.

Манай компани удаа дараа тендерт материал бэлдэж байсан учраас тендерийн бичиг баримтыг бэлдэхэд ямар нэгэн хүндрэл гараагүй юм. Бүх материалыг тендерт бусад ижил төрлийн болон ер нь тендерт оролцоход тавигддаг шаардлагын дагуу бүх тодорхойлолт бичиг баримтыг бүрдүүлсэн ба нөхөн сэргээлтийн төслөө бичиж өгсөн.

Манай компанийн хувьд геологи хайгуул, нөхөн сэргээлтийн чиглэлээр 6 жил ажиллаж байгаа туршлагатай компани юм. Манай компани улсын хөрөнгөөр хийгдэх зураглалын ажлын тендерт 2 жил дараалан, мөн тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмалын газраас зарласан удаа дараагийн тендерүүд, Оюу толгой компаниас зарласан тендер гэх мэт олон төрлийн тендерт оролцож байсан ба Дорноговь аймгийн Дэлгэрэхэд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тендер зарлагдах үетэй давхцан Ашигт малтмалын газраас зарласан 106 тусгай зөвшөөрлийн тендерт оролцохоор бүх материалаа бэлдсэн байсан учраас түүнээсээ нэг хувийг өгч, дээрээс нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх төслөө л нэмж өгсөн. Ашигт малтмалын газрын сайтад орох юм бол 2014 оны 8-р сараас эхлэн шүүхийн шийдвэрээр цуцлагдсан 106 тусгай зөвшөөрлийг олгох тендерийг зарлаж эхэлсэн ба энэ ажиллагаа нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байгааг харж болно.

Манай компани Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх тендерт зохих журмын дагуу, мэргэжлийн үндсэн дээр бүх бичиг баримтаа бэлтгэн оролцсон тул нэхэмжлэгчийн зүгээс биднийг эртнээс мэдсэн, ялагчаар тодорсон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм” гэжээ.

Гуравдагч этгээд Т ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай компани нь Дорноговь аймгийн ЗДТГ-аас зарласан Дэлгэрэх суман дахь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нөхөн сэргээлт хийх тендерт оролцож шалгарсан болно. Мөн энэхүү ажилд итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-р дамжуулан материал хүргүүлж оролцсон. Бид Дэлгэрэх сумын удирдлагатай харилцсан албан бичгүүдийн хуулбарыг хүргүүлж байна. Мөн бидний нөхөн сэргээлт хийх талбайд эвдэрсэн газар байгаагүй, санхүүжилт тодорхой бус гэх зэрэг шалтгаануудын улмаас бид ажлаас татгалзсан албан бичгийг Дорноговь аймгийн ЗДТГ, Дэлгэрэх сумын Засаг даргад тус тус хүргүүлсэн” гэжээ.

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 24 дүгээр зүйлийн 24.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 тоот захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын М ХХК, Т ХХК-иудыг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн М ХХК, Т ХХК-иудад гэрээ байгуулах эрх олгосон А/626 тоот захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, нэг талд давуу эрх олгосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь, аймгийн Засаг даргын 2015 оны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” А/626 дугаар захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 м/, н/, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2.4, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.3 дахь хэсгүүдэд заасан Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлгэрэх сумын Байгаль орчны нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалтын зар, мэдээллийг олон нийт иргэдийн дунд нээлттэй зохион байгуулж, хуулийн дагуу явуулсан.

Аймгийн Засаг даргын 2014 оны А/609, А/626 дугаар захирамжууд нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн сонгон шалгаруулалтад орох эрхийг хязгаарлаагүй, хуулиар олгогдсон эрх ашгийг нь хөндөөгүй төдийгүй сонгон шалгаруулалтад оролцоогүй тул гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэжээ. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар гаргасан захиргааны акт болон аймгийн Засаг даргын 2014 оны А/626 дугаар захирамжаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулаагүй бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт тендерт оролцогчийг тодорхойлсон байдаг. Харин нэхэмжлэгч “Б” ХХК нь хуулийн дагуу оролцогч биш тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах эрхгүй байна.

Мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад болоод төрийн болон нутгийн өмчийн хэдэн төгрөгөөр ямар бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн энэ ажил үйлчилгээг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээг худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журмаар явуулна гэсэн тусгайлсан зохицуулалт байхгүй.

Иймд, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссын дарга давж заалдах гомдолдоо: “...”Б” ХХК-ийн Дорноговь аймгийн 2015 оны А/609 дүгээр захирамжаар байгуулагдсан Тендер сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн аймгийн Засаг даргын 2015 оны А/626 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Дорноговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нотлох баримтад үндэслээгүй, нэг талд давуу эрх олгосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Байгаль орчны тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын А/609 дүгээр захирамжаар Эвдэрч сүйтгэгдсэн талбайг нөхөн сэргээх комиссыг байгуулж, 15 цаг хүртэл оролцогч нарын материалыг хүлээн авсан ба 1-р талбай 4 оролцогч, 2-р талбайд 2 оролцогч бүртгүүлж сонгон шалгаруулалтын нээлтийг оролцогч нарыг байлцуулан хийсэн. Манайхаас баримт бичиг худалдаж авсан “Б” ХХК нь сонгон шалгаруулалтын материалаа ирүүлээгүй болно. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Дэлгэрэх сумын нутагт Байгаль орчны нөхөн сэргээлт хийх сонгон шалгаруулалтын зар, мэдээллийг олон нийт иргэдийн дунд нээлттэй зохион байгуулах үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан тогтоосон хугацаанд зохион байгуулж хуулийн дагуу явуулсан.

Уг эвдэрч сүйтгэгдсэн газарт нөхөн сэргээлтийг ажлыг гүйцэтгүүлэхдээ төрөөс хөрөнгө мөнгө гаргахгүйгээр хүний амь нас эрүүл мэнд хохирохоос сэргийлж, хурдан шуурхай гүйцэтгүүлэх шаардлагатай байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох журмыг жишээ болгож бичиг баримтаа боловсруулсан. Тухайн баримт бичигт бид гүйцэтгэгчийг шалгаруулах сонгон шалгаруулалтад оролцох урилга, техникийн шаардлага, боловсон хүчний нөөц, оролцогчийн баримт бичгээ ирүүлэх хугацааг тавьсан.

Гэтэл “Б” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцох баримт бичгээ худалдан авч ирүүлэх хугацаагаа мэдсээр байж дотоод зохион байгуулалтын ажлаа зөв төлөвлөөгүйгээс эрх зөрчигдсөн талаар гомдол гаргаж байгаа нь ямар хуулийн хэд дэх заалт зөрчсөн талаар одоог болтол гаргаж чадахгүй байгаа юм.

Төрийн өмч хөрөнгөөр буюу төсвийн нэг ч хөрөнгө мөнгө гаргалгүйгээр аж ахуй нэгжээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэх шаардлагатай болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендер биш зөвхөн гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасан гомдолд зааснаар нээлттэй тендер шалгаруулалтыг хууль зөрчиж зарласнаас сонгон шалгаруулалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн байна.

Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй ба уг сонгон шалгаруулалтыг гүйцэтгэхдээ уг хуулийн дагуу гаргасан журмын баримт бичгийг жишээ болгож боловсруулсан болно.  

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 15 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох хэсгийг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэжээ.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар гаргасан захиргааны актаар төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг захиран зарцуулаагүй бөгөөд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь хэсэгт тендерт оролцогчийг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь оролцогчид хамаарахгүй юм.

Мөн хэргийг хянан шийдвэрлэх явцад болоод төрийн болон орон нутгийн өмчийн хэдэн төгрөгөөр ямар бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, мөн энэ ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтын журмаар явуулна гэсэн хуулийн холбогдох заалт байхгүй болно.

“Б” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцоогүй тул аймгийн Засаг даргын байгуулсан комиссын шийдвэрийг хүчингүй болгуулах үндэслэлгүй, Сонгон шалгаруулалтын комиссын шийдвэр нь комиссын дарга миний шийдвэр бус олуулаа ирүүлсэн материалтай танилцаж үнэлгээ өгч гаргасан тул хамтын шийдвэр юм.

Иймд, шийдвэрийг дахин хянаж, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Дорноговь аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт явуулах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах урилга, тендерийн бичиг баримт ирүүлэх хугацааг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл байхаар заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тендер хүлээн авах хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтоох ёстойг зөрчсөн, манай компанийг уг сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан хэмээн маргажээ.

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас тус аймгийн Дэлгэрэх сумын Цагаанхад багийн нутагт гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаагаар эвдэрсэн талбайд нөхөн сэргээлт хийх ажилд оролцох аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах зарыг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өөрийн цахим хуудас болон “Зууны мэдээ” сонины 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дугаарт тус тус нийтлүүлж, уг зард сонирхсон аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтын баримт бичгийг битүүмжилсэн байдлаар 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15.00 цагаас өмнө ирүүлсэн байхаар заажээ.

Уг нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах комиссыг Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар байгуулж, комисс сонгон шалгаруулалтад оролцохоор баримт бичгээ ирүүлсэн аж ахуйн нэгжүүдээс “М” ХХК-ийг 1 дүгээр талбайд, “Төгөлдөр хангай” ХХК-ийг 2 дугаар талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр шалгаруулж, аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/626 дугаар захирамжаар шалгарсан 2 компанитай гэрээ байгуулан ажиллахыг Дэлгэрэх сумын Засаг даргад үүрэг болгосон байна.

Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...нөхөн сэргээлтийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтад  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалт хамаагүй. Үүнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг зарцуулаагүй, тендерт оролцогч этгээдийг тендерийн хуульд тендерээ зохих журмын дагуу ирүүлсэн этгээдийг ойлгохоор байгаа, нэхэмжлэгч компани тендерийн оролцогч биш” гэж, мөн хариуцагч Тендер сонгон шалгаруулах комиссоос “... сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиас зөвхөн тендерийн баримт бичгийг хэрхэн бүрдүүлэх, бүртгэлийг явуулах тухай заалтуудыг л авч хэрэглэсэн, цаг үеийн шаардлагаас шалтгаалж, богино хугацаанд зарласан” гэх тайлбар болон тендерийн урилга, тендерийн баримт бичиг зэргээс үзвэл сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулаагүй гэж үзэхээргүй байна.

Хэдийгээр нөхөн сэргээлтийн ажлыг төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр хийгээгүй гэж тайлбарлаж байгаа ч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар нь тендер захиалагч болохын хувьд дээрх хуулийн заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “аймгийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 29.1.3 дахь хэсэгт “газар, байгалийн бусад баялгийг ашиглах, байгаль орчныг хамгаалах талаар” м/нутаг дэвсгэрийнхээ байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн талаар гаргасан сум, дүүргийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах; н/нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авахаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрхийг тодорхойлж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 1/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ, төсөв баталж, биелэлтэд хяналт тавих; 2 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 2/ нутаг дэвсгэртээ байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;”, 53 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг  нөхөн сэргээх арга хэмжээ хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах  зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл аймгийн Засаг дарга байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг зохион байгуулахдаа энэ талаар авах арга хэмжээ боловсруулж, аймгийн иргэдийн Хуралд өргөн мэдүүлж, төсөв батлуулснаар уг ажлыг хуульд заасан журмын дагуу хийж гүйцэтгүүлэхээр байна.

Гэтэл Дорноговь аймгийн Засаг дарга дээрх хуулийн зүйл заалтуудыг баримтлалгүйгээр “төрийн болон орон нутгийн хөрөнгөөр ажил гүйцэтгүүлээгүй, эвдэрч сүйтгэгдсэн талбайг яаралтай нөхөн сэргээх шаардлагатай байсан” хэмээн захирамж гаргаж, сонгон шалгаруулалт явуулахдаа холбогдох хуулийн зарим заалтыг хэрэглэж, заримыг нь хугацаа давчуу байснаас хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, БОГ-01/2014 дугаартай Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд гар аргаар алт олборлогчдын орхисон талбайд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгж байгууллагын сонгон шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Хариуцагч уг тендер шалгаруулалтыг дээр дурдсан хуулиудад заасан эрх хэмжээний хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу явуулах ёстой бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тендер шалгаруулалтад оролцох эрхийг хуульд заагаагүй үндэслэлээр хугацаа тогтоож, хязгаарласан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон тул хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхгүй, төсвөөс хөрөнгө гаргаагүй гэж дурдсан тул шүүх энэ талаар нотлох баримтыг дахин цуглуулах шаардлагатай гэх гомдлыг хүлээн авч, дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь хөрөнгө хаанаас гарснаас хамаарч хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх боломжгүй тул энэ талаарх гомдол үндэсгүй юм.

Иймд Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар байгуулагдсан тендер сонгон шалгаруулах комиссын шийдвэр /тэмдэглэл-2/ , мөн Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон А/626 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                                                                          

ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ