Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 118

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар А.Адъяасүрэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000120 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхэд, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-45б-2 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ВЮ87111513 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Алгаагийн Адъяасүрэн,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч А.Адъяасүрэн нь 2013 оны 03 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 45-Б-02 тоот хаягаар байрлах хашаанд байх амбаартаа химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан, 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 45-Б-02 тоот хаягаар байрлах хашаанд байх 4 ханатай монгол гэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр шламыг угаах замаар ашигласан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч А.Адъяасүрэн нь 2013 оны 03 сараас 2016 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 45-Б-02 тоот хаягт байх амбаарт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан, 2016 оны 04 сарын 06-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн 45-Б-02 тоот хаягаар байрлах хашаанд байх 4 ханатай монгол гэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг шлам угаах зорилгоор зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

1. Иргэний нэхэмжлэгч Г.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын 95 дугаар тогтоолоор Монгол улсад ашиглахыг хориглосон бодисын жагсаалтанд орсон байдаг. Энэ тогтоолын дагуу мөнгөн усыг ашиглахыг хориглосон байдаг. Мөнгөн ус нь амьсгалын замаар болон арьсаар нэвчих, хоол ундаар дамжин мал амьтны биед нэвтрэн орж төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөрний арьс салстыг гэмтээн удмын санд нөлөөлөх, үхэлд хүргэх зэрэг аюултай бодис байгаа юм. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй, хуулийн дагуу л шийдэх байх гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/,

2. Гэрч З.Азжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орой цагдаагийн дэд ахлагч Батхуягийн хамтаар явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм. Үүрэг гүйцэтгэх хугацаанд нэгэн иргэнээс 2-45-Б-02 тоотод мөнгөн ус ашиглаж шлам угааж байж болзошгүй байна гэх мэдээллийг өгсөн. Мэдээллийн дагуу уг хаягт очиход хашааны хаалга нь онгорхой, хашаан дотор хоёр гэр, гэрүүдийн дунд нэг машин, зүүн талын гэрийн урд хөндлөн тавьсан явдаггүй бололтой автомашин байсан. Хашааны гадаа очоод хаалга цохиход хүн гарч ирсэн, нэг эмэгтэй хүн байсан. Түүнд шалгах зүйл байна гэдгийг хэлээд хашаанд орсон, айлын хүнийг дагуулж алхаад зүүн талын гэрийн үүдний орчимд очсон, хаалганы тотгоор хартал шуудайтай шламууд харагдсан. Дээрх зүйлийг харчихаад цагдаагийн газрын жижүүрийн албанд дуудлага мэдээллийг өгч бүртгүүлсэн. Үүний дагуу цагдаагийн газрын дуудлагын шуурхай бүрэлдэхүүн ирсэн. Ирэх хүртэл нь тэр орчныг сахиж, хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Хашааны зүүн буланд байх амбаар дотор төмрийн хог, машины хуучин сэлбэгүүд байсан. Түүн дотор нүдэнд нэг зүйл содон туссан, ажлын цагаан бээлийн дотор нэг зүйл байх шиг байсан. Аваад үзтэл дотор нь хэрэглээний газын савын тайрсан хэсэг, жижиг хуванцар савтай зүйл байсан, сэгсэрч үзэхэд зайлалтад хүнд мэт санагдсан. Дуудлагын шуурхай бүрэлдэхүүн ирж тухайн зүйлийг шалгаж үзэхэд мөнгөн ус мэт зүйл байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/,

3. Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн орой цагдаагийн ахлах ахлагч Азжаргалын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд нэгэн иргэнээс мөнгөн ус ашиглаж шлам угааж байж болзошгүй гэсэн мэдээлэл авч, мэдээллийн дагуу Баянхонгор сум, Эрдэнэмандал 2 дугаар багийн 45 дугаар гудамжны б 02 тоотод очсон. Тухайн хаягаас нэг эмэгтэй хүн гарч ирсэн. Түүнтэй уулзаад мэдээллийн дагуу явж байна, шалгах зүйл байна гэдгийг хэлээд хашаанд нь ороод орчныг ажихад хашаан дотор 2 гэр байсан бөгөөд баруун талын гэртээ амьдардаг бололтой, зүүн талын гэр нь хуучирч муудсан гэр байсан. Тухайн гэрийн үүдэнд очоод тотгоор нь шагайж гэрэл тусгахад шуудайтай шламууд байсан. Тэгэхээр нь мэдээлэл батлагдлаа гэж үзээд цагдаагийн газрын жижүүрийн албанд дуудлага мэдээллийг өгч, хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Хэргийн газрыг хамгаалалтанд авах явцадаа хашааны зүүн буланд байх амбаарт ороход төмрийн хогнууд харагдаж байсан. Төмөр хогон дотор нь ажлын бээлийн дотор эд зүйл хийсэн байсан. Түүн дотор газийн савыг тайраад хийсэн, мөн цагаан жижиг хувцанцар савтай, бага зэрэг шингэн агууламжтай, сэгсэрэхэд бага зэрэг хүнд шинжтэй байсан. Тэр зүйлийг тэндээ орхиж гараад хамгаалалтаа авсан. Азжаргал бид хоёрыг хэргийн газарт хамгаалалт аваад байж байхад жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ирж, хэргийн газрын үзлэгийг хийсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

4. Гэрч С.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би нөхрөө мөнгөн ус хэрэглэж алт бариулах үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэдээгүй. Гэр доторх нүхийг 2016 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна ухсан. Ухсан нүхэн дотор үйл ажиллагаа явуулаад удаагүй цагдаа нарт баригдсан. Шлам дахин угааж алтны баяжмал ялгаж аваагүй. Надад л мэдэгдээгүй. Харин шламуудыг хогийн цэг дээрээс авчирсан гэж байсан. Би ажилдаа өглөө гараад явчихдаг юм. Манай гэр бүлийн гишүүд болон бусад ойр орчны хүмүүс, амьтан ургамалд өвчлөл үүссэн, хохирол учирч, өөрчлөлт орсон зүйл байхрүй, тийм зүйл огт ажиглагдаагүй ... нөхөр ажилгүй, ажилгүй үүднээс ажил хийж хэдэн төгрөг олох санаатай л дээрх үйл ажиллагааг хийхээр бэлтгэсэн байх. Түүнээс шлам угаагаад алт ялгаж аваад тушаагаад мөнгөтэй болсон тохиолдол байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,

5. Шүүгдэгч А.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн ... Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Манай амбаар дотроос олдсон жижиг хуванцар савтай мөнгөн ус бол манайд олон жил хадгалагдсан. Би тэр савтай мөнгөн усыг хүнээс авч байсан байх, сайн санахгүй байна. Нэг өдөр амбаараа ухаж байхад амбаарын хогноос гарч ирсэн юм. Тэгээд би жижиг хуванцар савтай мөнгөн усыг амбаар дотроо хийгээд мартсан байсан. Би мөнгөн усыг шламд хийсэн зүйл байхгүй. Шламаа хогийн цэг дээрээс авчирсан. Хогийн цэг дээр хүмүүс аваачиж хаясан шламууд байдаг юм билээ. Нэг удаа газын тайрсан саванд ишликээ хийгээд дээрээс нь бага хэмжээний мөнгөн ус хийгээд дороос нь халаасан. Тэгэхэд алт гараагүй. Түүнээс өөр дээрх үйлдлийг хийгээгүй. Би гэр дотор ухсан нүхийг 2016 оны 03 дугаар сарын дундуур ухаж янзалсан, түүнээс хойш угаалга хийгээгүй байж байгаад саяхан угаалга хийсэн. Гэр дотор байсан шуудайтай шлам дотор мөнгөн ус миний хувьд хийгээгүй ... Манай амбаар дотроос хураагдсан хуванцар савтай мөнгөн усыг хэзээ хаанаас хэнээс олж авч байснаа санахгүй байна. Миний санаж байгаагаар 2013 оны 3 сараас 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хашаандаа байх амбаарт хадгалсан. Би мөнгөн усыг байсан газраас нь ийш тийш нь аваачиж зөөвөрлөж тээвэрлэсэн зүйл байхгүй. Манай гэрийнхэнээс хэн нэгэн өвчилж эмнэлэгт очиж үзүүлж хордлого, тууралтын шинж тэмдэг илэрсэн зүйл байхгүй. Алтны баяжмал бариулахаар 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэг удаа үзсэн. Тэр үед алтны баяжмал ялгаж аваагүй. Шламуудаас алтны баяжмал гараагүй. ... Мөнгөн усыг шламуудад хийсэн зүйл байхгүй. Харин угаалга хийж ишликийг газын тайрсан саванд хийгээд бага зэрэг мөнгөн ус хийгээд дороос нь халааж үзсэн. Тэгэхэд алт ялгарч гарсан зүйл байхгүй. Би шламыг дахин угаах үйл ажиллагааг хийхээр 2016 оны 03 дугаар сарын 20-дын үеэс эхлэн бэлдсэн. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөнгөн усыг ашиглаж газын саванд ишлик хийж халааж үзсэн. Ишлик гэдэг нь шламыг дахин угаагаад ялгарсан зүйл юм ... Би дүгнэлтүүдтэй танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт, гомдол алга байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-59, 62-63/,

6. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн эрхлэгч, шинжээч Н.Мөнхбаярын: Сорьц нь цагаан шар өнгөтэй, шороо /элс, нунтаг чулуу/ шоро байсан. Гадны ямар нэгэн үнэргүй. Мэдрэхүйн эрхтэний шинжилгээгээр мөнгөн ус илрээгүй болно. Сорьц нь цагаан өнгийн пивор саванд гүйлэгнэсэн шингэн хэлбэртэй мөнгөлөг цайвар өнгийн бодис, уснаас хүнд жинтэй байв. Гадны ямар нэгэн үнэргүй. Мэдэрхгүйн эрхтэний шинжилгээгээр мөнгөн усны физик шинж чанартай тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 46, 47/,

7. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-8/,

8. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 28/,

9. Хураагдсан мөнгөн ус мэт зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Адъяасүрэнгийн амбаар дотроос олдсон мөнгөн ус гэх бодис нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд хамаарч байгаа болон тухайн химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг шүүгдэгч А.Адъяасүрэн нь ашиглах аж ахуйн үйл ажиллааны тусгай зөвшөөрөлгүй бөгөөд уг бодисыг хадгалсан, ашигласан талаархи дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Адъяасүрэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч А.Адъяасүрэнг химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Адъяасүрэнгийн химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг болон хохирол учраагүй, хэргийн газрын үзлэгээр дээж авсан объектуудад /газрын хөрс, шуудайтай шлам/ хийсэн Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн 2016 оны 06 сарын 20-ны өдрийн шинжилгээний дүнгээр тухайн обектуудад мөнгөн ус илрээгүй гэх дүгнэлтүүд хэргийн 46 дугаар хуудсанд авагдсан байх тул экологи-эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч А.Адъяасүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч А.Адъяасүрэн нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээгээр түүний эдлэх ялыг тогтоож, тэнсэн харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Адъяасүрэнгийн дундын өмчлөлийн 5 ханатай иж бүрэн тавилагтай гэр, гэмт хэрэг үйлдэхдээ орон байр болгож ашигласан гэх 4 ханатай монгол гэр зэргийг түүнд буцаан олгож 2016 оны 06 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст хадгалагдаж буй 24 шуудай шлам, хагархай цагаан түмпэнтэй шлам, улаан ваннтай шлам, 3 ширхэг сэнжтэй төмөр түмпэн, 8 летрын хувинтай шлам, усны цахилгаан насос, урсдаг зам, гар аргаар хийсэн төхөөрөмж, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хадгалагдаж буй хуванцар савтай мөнгөн ус, тус шүүхэд хадгалагдаж байгаа хийн газны тайрсан сав 2 ширхэг зэргийг устгаж, шүүгдэгч А.Адъяасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Алгаагийн Адъяасүрэнг химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар шүүгдэгч А.Адъяасүрэнг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Адъяасүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч А.Адъяасүрэнд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ялтан А.Адъяасүрэнгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24 шуудай шлам, хагархай цагаан түмпэнтэй шлам, улаан ваннтай шлам, 3 ширхэг сэнжтэй төмөр түмпэн, 8 летрын хувинтай шлам, усны цахилгаан насос, урсдаг зам, гар аргаар хийсэн төхөөрөмж, хуванцар савтай мөнгөн ус, хийн газны тайрсан сав 2 ширхэг зэргийг устгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Адъяасүрэнгийн дундын өмчлөлийн 5 ханатай иж бүрэн тавилагтай гэр, гэмт хэрэг үйлдэхдээ орон байр болгож ашигласан гэх 4 ханатай монгол гэр зэргийг түүнд буцаан олгож 2016 оны 06 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч А.Адъяасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Адъяасүрэнд авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА