Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Г.Э

Хохирогч Б.Б

Хохирогчийн өмгөөлөгч Д.Н

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э -д холбогдох эрүүгийн 2125000000406 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Д.Э

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулж байгаа “Хунт” төвийн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э -г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: “Эмчилгээний зардалд 175 000 төгрөг төлсөн. Миний буруутай үйлдлээс болж гэмтсэн тул одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлнө. Өөр ярих зүйлгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б  “эмчилгээний зардал 5 150 832 төгрөг нэхэмжилнэ. Хамраа эмчлүүлэх шаардлагатай гэсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.Б ийн “Тэгээд тэндээ М-тай  хамт 0.5 литрийн хагас архи хоёулаа хувааж уугаад байж байтал миний хамтран амьдрагч болох Э  халамцуу ганцаараа ирсэн. Э  ирчихээд миний гар утасыг үзсэн бөгөөд надад ирсэн мессежийг уншчихсан юм. Тэгээд намайг хардаж хэрүүл маргаан болсон. Э  миний хамар луу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан юм. Хоёр нүд хавдартай битүү хөхөрсөн, хамар битүүрэлтэй байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

2. Гэрч Б.М-н “Б-н  найз залуу нь 2.5 литрийн 1 ширхэг пивотой ирсэн. Би тэр пивоноос нь их уулгүй унтаад өгсөн юм. Манай охин тэгтэл намайг сэрээгээд ээж Б   эгчийг цохичихлоо гэхээр нь хартал Б-н  хамарнаас цус гарч байсан. Хажууд нь Э  байсан. Би Э ыг яагаад цохисон юм бэ гэтэл яадаг юм бэ гээд байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

З. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаартай “Б.Б ийн биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, 2 нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, цээж, нуруу, зүүн мөр, баруун гуяны зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, 2 нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хавтас хэргийн 25-26 дахь тал/

4. Яллагдагч Э.Э ы “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр барагцаагаар 22 цагийн үед би хүний утсаар Б.Б ийн ******* дугаар луу залгахад тэрээр чи М-н  гэрт хүрээд гэж ярьсан. Намайг очиход М  нь 0.5 литрийн хагас шил архи гаргасан бөгөөд түүнийг бид гурав хувааж уусан. Б-н  утсыг үзэж байтал нэг дугаараас би чамайг хайрлаж чадна, над руу залгаарай гэсэн мессеж ирчихсэн, тэр дугаараас олон дуудлага ирчихсэн байсан. Тэгээд би ямар учиртайг нь асуухад бааранд танилцсан залуу гээд байсан. Тэгснээ тэр намайг М-тай гаа хардаад орилж хашхираад хоолны том халбагаар намайг цохиод байхаар нь би боль гээд түүнийг түлхсэн. Тэгээд болихгүй дайраад байхаар нь миний уур хүрч түүний нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 33 дахь тал/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохиргчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулж байгаа “Хунт” төвийн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгж буюу 1,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Д.Н дүгнэлтдээ: “Хохирогч Улаан баатар хотод хамраа эмчлүүлэх шаардлагатай байгаа. Эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б ийн “Э  миний хамар луу гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би шууд цагдаа дуудсан юм. Хоёр нүд хавдартай битүү хөхөрсөн, хамар битүүрэлтэй байна” гэх мэдүүлэг, гэрч Б.М-н “Манай охин тэгтэл намайг сэрээгээд ээж Б   эгчийг цохичихлоо гэхээр нь хартал Б-н  хамарнаас цус гарч байсан. Хажууд нь Э  байсан. Би Э ыг яагаад цохисон юм бэ гэтэл яадаг юм бэ гээд байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 20 дугаартай дүгнэлт, Э.Э ы “намайг М-тай гаа хардаад орилж хашхираад хоолны том халбагаар намайг цохиод байхаар нь би боль гээд түүнийг түлхсэн. Тэгээд болихгүй дайраад байхаар нь миний уур хүрч түүний нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Э нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багт үйл ажиллагаа явуулж байгаа “Хунт” төвийн нийтийн байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Б ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна

            Шүүгдэгч Э.Э ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э -г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас Б.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардалд 5 150 832 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул түүнээс 5 150 832 төгрөг гаргуулан хохирогч Б.Б эд олгох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э -г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг тус тус зааснаар шүүгдэгч Д.Э аас 5 150 832 /таван сая нэг зуун тавин мянга найман зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан хохирогч Б.Б  /Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнж 2б-11 тоотод оршин суух, РД:ГЮ84111502/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС