Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 228

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, “Оргио” тахианы үйлдвэрт махны чанар шалгагч ажилтай, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Дэнж 1 дүгээр гудамж, 273 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар байр 44 тоотод түроршин суух, Алаг адуун овгийн Доогоогийн Саранцэцэг /РД:УЕ86070848/

Хариуцагч: 1985 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнж 1 дүгээр гудамж 273 тоотод оршин суух, Мянгат овгийн Мягмарын Сүрэнжав /РД:УЕ85041071/-т холбогдуулан

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Саранцэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа, хариуцагч М.Сүрэнжав, гэрч Д.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Саранцэцэг, түүний өмгөөлөгч С.Батзаяа нар тайлбарлахдаа: Бид арван жилд нэг анги байсан ба 2004 оноос үерхэж эхэлсэн. 2008 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Биднийг гэр бүл болоход М.Сүрэнжавын эцэг, эх өөрсдийнхөө амьдарч байсан хашаа байшингаа бэлэг болгон өгсөн.

Би 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин С.Мөнхбаясгалан, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.Мөнх-Оргил нарыг төрүүлсэн. Бид 2013 оноос эхлэн таарамж муутай болж байнга маргалдах болсон. Учир нь М.Сүрэнжав байнга ажилтай гэх нэрээр гадуур хонож, янз бүрийн хүүхнүүдтэй нэр холбогдох болсон. Мөн М.Сүрэнжав надтай муудахаараа 2 хүүхдээ минийх биш гэдэг учир шүүхэд хандаж эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд 99.9 хувиар мөн гэсэн хариу гарсан тул нэхэмжлэлийг татан авахуулсан. Бид 2013 онд маргалдахад миний үүдэн шүдийг цохиж үйрүүлсэн. Ер нь намайг ажил хийлгэх дургуй байдаг ба ажлын газрын залуутай байнга харддаг. Би энэ бүгдийг хүүхдүүдээ бодож тэсэж байсан.

М.Сүрэнжав 2013 онд намайг хоёр хүүхдийн хамт гэрээсээ хөөсөн. Би одоо хүүхдүүдтэйгээ ээжийндээ амьдарч байна. Энэ хугацаанд М.Сүрэнжав уучлалт гуйж, хүүхдүүдтэйгээ уулзах гэж нэг ч удаа ирээгүй. Мөн эдийн засгийн хувьд тусалж дэмжиж байгаагүй.

М.Сүрэнжавыг дуудахаар нь учир зүйгээ олчих байх гэж бодож уулзахаар билэн хүүхэн шиг харьцдаг байсан. Мөн М.Сүрэнжав нэг орой гэртээ хүүхэн дагуулж ирсэн байсныг эгч бид хоёр харсан. Би тэр хүүхэнд нь уурлахад намайг цохиж хөөсөн. Иймд би гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс бидэнд эвлэрэх хугацаа олгосны дагуу эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйчтэй уулзсан. Харин М.Сүрэнжав гэрлэлтээ цуцлуулна гэсэн. Би түүнийг өөрчлөгдөх байх гэж бодож хоёр хүүхдээ өгсөн. Гэтэл хүүхдүүдээ хөдөө эцэг, эх рүүгээ явуулсан байсан. Одоо бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Харин эд хөрөнгийн хувьд маргаантай байгаа ч дараа уг асуудлаар шүүхэд хандах болно гэв.

Хариуцагч М.Сүрэнжав шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2003 онд Д.Саранцэцэгтэй танилцаж, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2 хүүхдийн эцэг, эх болсон. 2013 оноос эхлэн гэр бүлийн харилцаа муудаж таарч тохирохоо больсон шалтгаан нь Д.Саранцэцэг өөр хүнтэй болж, надад худлаа ярьж гадуур хонох болсонтой холбоотой. Мөн Д.Саранцэцэг намайг байнга хардаж хэрүүл маргаан хийдгээс залхаж байна.

Д.Саранцэцэг 2013 онд Солонгос улс руу хамт ажилдаг н.Санжаа гэх залуутай явсанаас хойш учиртай болсон. Бид тусдаа амьдраад удаагүй байхад тэр залуу Д.Саранцэцэгийг булаацалдан надтай зодолдож байсан. Харин хүүхдүүдээ уурандаа эхийх нь хамт хөөсөн нь миний буруу. Одоо хоёр хүүхдээ өөрийн асрамжид авсан. Харин Д.Саранцэцэгтэй цаашид хамт амьдрах боломжгүй, түүнийг гэх хайр сэтгэл байхгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг хариуцагч М.Сүрэнжаваас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч М.Сүрэнжав нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй зөвшөөрсөн.

Шүүх нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэнэ.

Иймд гэрлэгчид бага насны хүүхдүүдтэй тул нэхэмжлэгч Д.Саранцэцэг гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Д.Саранцэцэг хариуцагч М.Сүрэнжав нар 2003 онд танилцаж, 2007 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр охин С.Мөнхбаясгалан, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүү С.Мөнх-Оргил нар төрж эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0068684-141 дугаар гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн 0193136-439, 0000500727-563 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Ачлал Налайх” өрхийн эмнэлгийн тодорхойлолт, “Голомт цогцолбор” сургуулийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “...С.Мөнхбаясгалан нь 34 ангид суралцдаг нь үнэн” , “...С.Мөнх-Оргил нь 11 ангид суралцдаг нь үнэн” гэсэн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-4-7, 10/

Нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн “...Бид 2013 оноос эхлэн таарамж муутай болж байнга маргалдах болсон. ...2013 онд намайг хоёр хүүхдийн хамт гэрээс хөөсөн. Одоо тэр өөр хүнтэй болсон тул түүнийг гэх хайр сэтгэл байхгүй” гэсэн тайлбар, хариуцагч М.Сүрэнжав “...2013 оноос эхлэн гэр бүлийн харилцаа муудаж таарч тохирохоо больсон. Учир нь Д.Саранцэцэг өөр хүнтэй болж, гадуур хонох болсон. Би өөр бусадтай холбоогүй. Гэхдээ түүнийг гэх хайр, сэтгэл байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар, гэрч Д.Дэлгэрцэцэгийн “...2017 оны 4 дүгээр сарын 04-ний орой дүү Д.Саранцэцэг утсаар дуудаад гэрт М.Сүрэнжав эмэгтэй хүнтэй сууж байна гэсэн. Тэгээд гэрт нь ороход М.Сүрэнжав эмэгтэй сууж байсан ...М.Сүрэнжав биднийг хөөсөн. Д.Саранцэцэг өөр эр хүнтэй хамт амьдарч байгаа зүйл байхгүй. Харин Д.Саранцэцэг хамт ажилдаг Санжаа гэх залуутай дотно харьцаатай. Тэр бидний амьдралд зүгээр тусалж дэмждэг” гэсэн мэдүүлэг, фото зураг зэргээс үзвэл гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй болсон, хариуцагч М.Сүрэнжав гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх идэвхи санаачлага гаргаагүй.

Иймд гэрлэлт цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Д.Саранцэцэг, хариуцагч М.Сүрэнжав нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Д.Саранцэцэг ажил хөдөлмөр эрхлэн цалин орлоготой, үр хүүхдүүддээ тавих халамж, бололцоо, хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал эцэг М.Сүрэнжаваас илүү байгаа байдал болон охин С.Мөнхбаясгалан “...аав надад анхаарал халамж тавьдаггүй, эхийн асрамжид байна” гэсэн санал, хүүхдүүдийн насны байдал зэргийг харгалзан 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Мөнхбаясгалан, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Мөнх-Оргил нарыг эх Д.Саранцэцэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Сүрэнжав бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхдүүд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Сүрэнжаваас сар бүр тэтгэлэг гаргуулж охин С.Мөнхбаясгалан, хүү С.Мөнх-Оргил нарыг тэжээн тэтгүүлэв.

Харин хариуцагч М.Сүрэнжав цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг охин С.Мөнхбаясгалан, хүү С.Мөнх-Оргил нарт зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч М.Сүрэнжав зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдүүдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Хариуцагч М.Сүрэнжав шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулийн дагуу хүлээнэ.

Зохигчид эд хөрөнгийн талаар маргаантай гэх боловч шаардлага гаргаагүй болно.

Нэхэмжлэгч Д.Саранцэцэг хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч М.Сүрэнжаваас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Саранцэцэгт олгож, 120.728 төгрөг гаргуулж улсын төсвийн данс /ХААН банкны 5749909359/-нд төлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Алаг адуун овгийн Доогоогийн Саранцэцэг, хариуцагч Мянгат овгийн Мягмарын Сүрэнжав нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Мөнхбаясгалан, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Мөнх-Оргил нарыг эх Д.Саранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин С.Мөнхбаясгалан, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү С.Мөнх-Оргил нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар охин С.Мөнхбаясгалан, хүү С.Мөнх-Оргил нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Сүрэнжаваас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч М.Сүрэнжав цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч М.Сүрэнжав шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.

6. Зохигчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүйг дурдсугай.

7. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Д.Саранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Сүрэнжаваас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Саранцэцэгт олгож, хариуцагч  М.Сүрэнжаваас 120.728 /нэг зуун хорин мянга долоон зуун хорин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны  журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг дурдсугай. 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

                              

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            З.ТҮВШИНТӨГС