Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/162

 

 2022        4             27                                   2022/ШЦТ/162

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А

улсын яллагч Г.А

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-т холбогдох эрүүгийн 2225000000123 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.Э

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar  баарны гаднаас иргэн Б.Э-ын “Samsung S6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Э “...Би 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 20 цагийн орчим Ариунболд, Нямдаваа гэх хоёр найзтайгаа хамт Орхон аймаг Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төгөл” худалдааны төвийн дэргэд зогсож байсан таксинд сууцгаасан, үл таних залуу “хамт таксинд суугаад явчих уу” гэж асуухаар нь би “тэгээ тэг” гээд үйлчлүүлж байсан таксиндаа суулгаад аваад явсан. Тэгсэн чинь манай найз Нямдаваа тэр залууг зүс таниад юм яриад байсан. Тэгээд бид нар хамтдаа баар орохоор болоод Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Sugar” баар луу орцгоосон, бид дөрөв бааранд нэлээн архи, пиво хольж ууцгаасан, тэгээд би гадаа зогсож байтал нөгөө хамт яваад байсан үл таних залуу “утсаар яриад өгье” гэж хэлээд миний “Samsung S6” загварын гар утсыг аваад зугтаачихсан, би тухайн үед тэр хавийн ойр орчмоор эргүүл хийж явж байсан цагдаа нарт хандсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“...Би өөрийн гар утсаа буцааж авсан, ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11, 13 дахь тал/,

гэрч Э.Э-н  “...Би 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт багийн цагдаа, ахлах ахлагч Б.Даваажаргалын хамт шөнийн 22 цагийн орчим “Sugar” баарны ойр орчимд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нэгэн үл таних эрэгтэй гартаа улаан өнгийн гэртэй, гар утас барьсан байдалтай, хурдтай гүйж байх үед нь түр зогсож байх шаардлага тавихад цааш зугтаад яваад өгсөн. Гэтэл түүний араас удалгүй нэг эрэгтэй хүн “миний гар утсыг өг” гэж орилоод гараад ирсэн, би Д.Даваажаргалын хамт араас нь хөөж барьж, ямар учир шалтгаантайг тодруулахаар цагдаагийн төв байр луу авч явсан. Тухайн хоёр эрэгтэй хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, би гар утсаа алдсан гэх хүнтэй уулзаж болсон асуудлыг лавлаж асуухад “миний гар утсыг “Sugar” баарны гаднаас булааж аваад зугтсан” гэж хэлж байсан. Гар утсыг авч явсан гэх залуугийн халааснаас улаан өнгийн хавтастай, цэнхэр өнгийн S6 загварын гар утас гарч ирж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 621/2965 дугаартай “...“Samsung S6” загварын гар утас 1 ширхэг 200.000 төгрөг.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 22-25 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай “...1.Магадлуулагч Д.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй. 2.Магадлуулагч Д.Э нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. 3.Магадлуулагч Д.Э нь хэрэг хариуцах чадвартай. 4.Магадлуулагч Д.Э нь албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. 5.Магадлуулагч Д.Э нь болсон явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30 дахь тал/,

Д.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би огноог нь санахгүй байна, тухайн өдөр багцаагаар 20 цаг өнгөрч байхад...надтай цуг ажиллаж байсан зүс таних хоёр залуу нэг танихгүй залуугийн хамт гурвуулаа явж байсан, бид нар ойр зуурын юм ярьсан бөгөөд тэд нар “бааранд орьё” гэхээр нь би зөвшөөрсөн. Бааранд архи болон пиво ууцгаасан. ...миний танихгүй залуу надад гар утсаа өгөөд “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн, тэгэхээр нь би гар утсыг нь авч цагдаад дуудлага өгчихөөд утсыг нь буцааж өгөлгүй гүйгээд явсан. Тэгээд Барилгачингийн талбайн хойд хэсэгт гаражуудын хажууд зам дагуу явж байтал өөдөөс цагдаагийн машин ирсэн бөгөөд намайг барьж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

хохирогч Б.Э-ын “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулах “Sugar” баарны гадаа байж байхад үл таних залуу “утсаар яръя” гэж хэлээд гар утас аваад зугтаасан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан  тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

хохирогч Б.Э-ын өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

хохирогч Б.Эт “Samsung S6” загварын гар утсыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Д.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42, 53 дахь тал/

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-58 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос болон Д.Э-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Sugar  баарны гаднаас иргэн Б.Э-ын “Samsung S6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Б.Э-ын “...хамт яваад байсан үл таних залуу “утсаар яриад өгье” гэж хэлээд миний “Samsung S6” загварын гар утсыг аваад зугтаачихсан, би тухайн үед тэр хавийн ойр орчмоор эргүүл хийж явж байсан цагдаа нарт хандсан.” гэх,

гэрч Э.Э-н  “...“Sugar” баарны ойр орчимд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд нэгэн үл таних эрэгтэй гартаа улаан өнгийн гэртэй, гар утас барьсан байдалтай, хурдтай гүйж байх үед нь түр зогсож байх шаардлага тавихад цааш зугтаад яваад өгсөн. Гэтэл түүний араас удалгүй нэг эрэгтэй хүн “миний гар утсыг өг” гэж орилоод гараад ирсэн, ...би гар утсаа алдсан гэх хүнтэй уулзаж болсон асуудлыг лавлаж асуухад “миний гар утсыг “Sugar” баарны гаднаас булааж аваад зугтсан” гэж хэлж байсан.” гэх,

Д.Э-ын яллагдагчаар өгсөн “...Бааранд архи болон пиво ууцгаасан. ...миний танихгүй залуу надад гар утсаа өгөөд “цагдаа дуудаад өг” гэж хэлсэн, тэгэхээр нь би гар утсыг нь авч цагдаад дуудлага өгчихөөд утсыг нь буцааж өгөлгүй гүйгээд явсан. ...Барилгачингийн талбайн хойд хэсэгт гаражуудын хажууд зам дагуу явж байтал өөдөөс цагдаагийн машин ирсэн бөгөөд намайг барьж авсан.” гэх мэдүүлгүүдээр,

хохирогч Б.Э-ын “...2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багт үйл ажиллагаа явуулах “Sugar” баарны гадаа байж байхад үл таних залуу “утсаар яръя” гэж хэлээд гар утас аваад зугтаасан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан  тэмдэглэл,  хохирогч Б.Э-ын өргөдөл, хохирогч Б.Эт “Samsung S6” загварын гар утсыг 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч Д.Э-ын хохирогч Б.Э-ын “Samsung S6” загварын гар утсыг аваад зугтаасан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс илээр авахыг хэлнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүний дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

          Шүүх шүүгдэгч Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээний хохиролд хүрэхгүй, мөн сэтгэцийн өвчтэй байдлыг харгалзан зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. “ гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.   

          Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж,

3 дахь хэсэгт “Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заажээ.

         Шүүх шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

  Шүүгдэгч Д.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдал буюу “сэтгэцийн хувьд төрөлхийн хөнгөвтөр хэлбэрийн оюун ухааны хомсдол, зан төрхийн өөрчлөлттэй” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.  

          Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Хавтаст хэргийн 6 дахь талд шүүгдэгч нь хохирогч Б.Эт Samsung S6” загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Шүүгдэгч Д.Э-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ