Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 253

 

                                     Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг Бодь Интернэшнл ХХК-ийн байранд байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар байрны 28 тоотод оршин суух, Чүлтэм овогт Гармаагийн Хишигсүрэн /РД:УД90081903/-д холбогдуулан

зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 243.791,54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:  Манай банк хариуцагч Г.Хишигсүрэнтэй 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ЗГ1105074404 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 1.832.893,18 төгрөг, хүүнд 406.896,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.354,80 төгрөг нийт 2.243.144,92 төгрөг төлсөн. Харин үлдэх зээл, хүүг хуваарийн дагуу сар бүр эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчиж эхэлсэн. Одоо зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон.

Иймд үндсэн зээл 167.106,82 төгрөг, хүү 63.904,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.780,55 төгрөг нийт 243.791,54 төгрөгийг хариуцагч Г.Хишигсүрэнээс гаргуулахаар шүүхэд хандсан.

Шүүхийн шатанд хариуцагч Г.Хишигсүрэн 243.791,54 төгрөгийг төлөхөөр зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Хишигсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Голомт банк” ХХК-тай ЗГ1105074404 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан, 2.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлж авсан.

Уг зээлийн үндсэн төлбөрөөс 1.832.893,18 төгрөг, хүүнд 406.896,94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.354,80 төгрөг нийт 2.243.144,92 төгрөг төлсөн. Харин үлдэх үндсэн зээл 167.106,82 төгрөг, хүү 63.904,17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.780,55 төгрөг нийт 243.791,54 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК хариуцагч Г.Хишигсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 243.791,54 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Г.Хишигсүрэнээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 243.791,54 төгрөгийг гэрээ болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасны дагуу шаардах эрх үүсч байна.

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1105074404 тоот зээл болон барьцааны гэрээний хуулбар, Зээлийн дансны хуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-7-8/

Хариуцагч Г.Хишигсүрэн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 243.791,54 төгрөгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Хариуцагч Г.Хишигсүрэн шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх болно.

Хариуцагч Г.Хишигсүрэн нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрсөн тул улсын тэмдэгтийн хураамжаас тал хувиар хөнгөлж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 7.964 төгрөгийн 50 хувь болох 3.982 төгрөгийг хариуцагч Г.Хишигсүрэнээс, 3.982 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., 185 дугаар зүйлийн 185.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:     

1. Хариуцагч Чүлтэм овогт Гармаагийн Хишигсүрэн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 243.791,54 /хоёр зуун дөчин гурван мянга долоон зуун ерөн нэг/ төгрөг, 54 /тавин дөрөв/ мөнгийг нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д төлөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.964 /долоон мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгөөс 3.982 /гурван мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 3.982 /гурван мянга есөн зуун наян хоёр/ төгрөгийг хариуцагч Г.Хишигсүрэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Хишигсүрэн сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ТҮВШИНТӨГС