| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0067/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/78 |
| Огноо | 2022-03-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ц.Н
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э холбогдох эрүүгийн 2225000000054 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Э
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн *****тоотод согтуугаар Ш.Э-тай маргалдан, хутгаар зүүн өгзөг, баруун гарын тохой, баруун хөлийн өвдөг тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-д мэдүүлэхдээ “Э намайг барааг нь ч хараагүй хутгаа хулгайлсан гэж гүтгэсэн болохоор уур хүрч маргалдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Ш.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ш.Э гийн “...2022 оны 01 сарын 02-ны өдөр 10 цагийн орчимд Говилын 48-р байрны *** тоотод найз У-д очиж хоносон. Манай найз хөлөө хугалсан учир эргэж очоод тэднийд хонохдоо бид хоёр 1 шил Хараа архи хувааж уугаад би хоол унд хийж өгөөд зурагт үзээд хоносон. 01 сарын 03-ны өглөө 10 цагийн үед Э гэх хүн манай найзынд орж ирэхээр нь бид хоёр нэг шил архи ууж байснаа нуусан. Э г У хаалганы хажууд байсан хутга, билүү хоёр аваад гарсан байна гэж загнасан чинь хутга аваагүй, билүү авсан гэж хэлээд гараад явсан. 17-18 цагийн үед Э дахин орж ирсэн. Э У д хандаж, хэрүүл өдөөд би хутга аваагүй, билүүг чинь аваад ирлээ гээд байхаар нь би хажуунаас нь чи гарахдаа нэг юм авч гарах гээд байх юм, хаашаа юм бэ гээд хэлсэн чинь намайг ална гээд юу юугүй над руу дайрч ирээд бөгс рүү нэг удаа хутгаар хатгахаар нь барьцалдаад авахад өвдөг, баруун тохой хоёр дээр хутгаар зүссэн. Би арагшаа унахад миний дээр гарч суучихаад хоолойг чинь хэрчинэ гээд байхаар нь аргалаад намайг босгочих, би чамд нэг шил архи авч өгье гэхэд миний дээрээс босохоор нь би гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 10 дахь тал/,
2. Гэрч Б.У гийн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ найз Э тай хамт архи уугаад сууж байхад багын найз Э ганцаараа согтуу орж ирсэн. Э нь үүдэнд байсан миний гутлыг өмсчихөөд гарч явах гээд байсан. Би түүнд хөл муутай хүний гутал өмслөө гэхэд уучлаарай гээд гараад явсан. Орой нь Э дахин орж ирсэн бөгөөд манай билүү, хутгыг аваад явчихсан байхаар нь билүү, хулгай хийлээ гэхэд билүүг угаасаа хулгай хийж авдаг, хутга аваагүй гээд байсан. Э нь Э ыг багын найзынхаасаа хулгай хийлээ гэхэд Э нь би хулгайч уу гээд маргалдаад байсан. Тухайн үед би согтуу байсан бөгөөд орой нь Э цагдаа нарын хамт манай гэрт ирээд үзлэг хийгээд байсан. Би нэлээн согтуу мөн Э , Э нар ч согтуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
3. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 сарын 13-ны өдрийн 109 дугаартай “...Ш.Э гийн биед зүүн өгзөг, баруун гарын тохойны дээр, баруун хөлийн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/
4. Яллагдагч Д.Э ын “У нөгөө залуутай хоёулаа согтуу байсан бөгөөд надад хутга, билүү байхгүй байна Э гэж хэлсэн. Би түүнд билүүг чинь авсан, хутгыг аваагүй гэж хэлсэн. Тэгтэл нөгөө танихгүй залуу чи хулгайч, найзынхаасаа хулгай хийлээ гээд байсан. Би билүүг угаасаа хулгайлж авдаг юм гэж хэлсэн. Би гэрээс нь гарахдаа У гутал руу хөлөө хийж үзэхэд У хөлгүй хүний гутлаар яах нь вэ гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод билүүг нь аваад өөрийнхөө ирлэсэн хутгыг аваад билүүг нь өгөөд нөгөө танихгүй залууд энэ хутга мөн үү гэж хутгаа харуулахад биш гэхээр нь би түүний тохой, өгзөг, өвдөг рүү нь хутгаар зүссэн. Тэр залуу Э би чамд 1 шил 0.75 н Хараа архи авч өгье гэж хэлээд гараад явсан. Би У-д 1 цаг орчим хүлээсэн бөгөөд ирэхгүй болохоор нь гэртээ орж унтсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлтийн *****тоотод согтуугаар Ш.Э-тай маргалдан хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Э гийн “Э У д хандаж, хэрүүл өдөөд би хутга аваагүй, билүүг чинь аваад ирлээ гээд байхаар нь би хажуунаас нь чи гарахдаа нэг юм авч гарах гээд байх юм, хаашаа юм бэ гээд хэлсэн чинь намайг ална гээд юу юугүй над руу дайрч ирээд бөгс рүү нэг удаа хутгаар хатгахаар нь барьцалдаад авахад өвдөг, баруун тохой хоёр дээр хутгаар зүссэн” гэх мэдүүлэг, гэрч Б.У гийн “Э нь Э ыг багын найзынхаасаа хулгай хийлээ гэхэд Э нь би хулгайч уу гээд маргалдаад байсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 109 дугаартай дүгнэлт, яллагдагч Д.Э ын “Би түүний тохой, өгзөг, өвдөг рүү нь хутгаар зүссэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Илгээлтийн *****тоотод согтууруулах унда хэрэглэсэн үедээ Ш.Э-тай маргалдан, хутгаар зүүн өгзөг, баруун гарын тохой, баруун хөлийн өвдөг тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ял оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Э гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э од оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС