| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0047/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/41 |
| Огноо | 2021-04-30 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2021/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Мөнхбатын Уянга Хохирогч Доржсүрэнгийн Сүхбаатар /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уянгад холбогдох 2023000750043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг Өндөрхайрханы 314 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Мөнхбатын Уянга /Регистрийн дугаар: ИЖ92061223/
Шүүгдэгч М.Уянга нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сум Богдын гол баг “Баруун бүсийн худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулах “Туна-Далай” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт мэргэжилтнээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгч нарын зээл аваад буцаад төлсөн мөнгийг авч зээлийн гэрээний маягтыг хаалгүй сунгасан болгож бичих аргаар 81 үйлчлүүлэгчийн 29722400 /Хорин есөн сая долоон зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг, мөн тус цаг хугацаанд “Туна-Далай” ХХК-ны үнэт эдлэлийн дэлгүүрийг ажиллуулж байхдаа итгэмжлэн хүлээн авсан эд хөрөнгөөс мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж зэргийг худалдан борлуулсан боловч зарагдаагүй гэж хууран мэхлэх аргаар 1510400 /Нэг сая таван зуун арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг өөртөө авсан буюу хохирогч Д.Сүхбаатарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс 31232800 /Гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөг завшиж хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээ
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч М.Уянга нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 0дугаар сарын 16-ныг өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг Баруун бүс худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг Туна далай ХХК-нд зээлийн менежер, худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан Туна далай ХХК-ны захирлын 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 235 дугаартай ажилд томилох, 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 367 дугаартай ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар тус тус нотлогдсон байна. Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбатын Уянга нь Туна Далай ХХК-нд ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-наас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд тус компаний барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч зээлээ буцаан төлсөн нийт 81 иргэний үндсэн зээл, зээлийн хүүд төлсөн 29,722,400 төгрөгийг хувьдаа авч завшсан, мөн Туна далай ХХК-ний алт үнэт эдлэлийн дэлгүүрийн эд хөрөнгөнөөс мөнгөн аяга, мөнгөн гинж, мөнгөн ээмэг, бөгж зэргийг худалдан борлуулсан боловч зарагдаагүй байгаа гэж хууран барааны үнэ нийт 1,510,400 төгрөгийг өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: М.Уянгыг барьцаалан зээлдүүлэх газар болон, дэлгүүрт ажиллаж байх хугацаанд түүнтэй тооцоо нийлэхэд авсан зээлээ хүүгийн хамт буцаан төлсөн иргэдийн зээлийн гэрээг хаагаагүй нийт 29,722,400 /Хорин есөн сая долоон зуун хорих хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг, болон дэлгүүрийн бараанаас 1,510,100 төгрөгийн бараа дутсан талаар мэдүүлсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Сүхбаатарын “М.Уянга нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн мэргэжилтэн, үнэт эдлэлийн дэлгүүрт худалдааны зөвлөхөөр томилж ажилд оруулсан. Тухайн үед анх ажилд ороход нь барьцаалан зээлдүүлэх газрын эд зүйл болон дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хувийн дэвтэрт данслан бүртгээд хүлээлгэж өгсөн. М.Уянга нь ажиллах хугацаандаа үнэт эдлэлийн дэлгүүрээс зарагдсан барааны мөнгийг хувьдаа авч ашигласан. Бас барьцаалан зээлдүүлэх газарт хүмүүс эд зүйлээ тавиад зээл аваад буцааж үндсэн зээлсэн мөнгийг хүүгийн хамт буцаан өгсөн байсныг нь надад мэдэгдэлгүй тухайн зээл олгосон баримтыг хаалгүйгээр баримтаа нуух замаар манай байгууллагад орж ирэх ёстой мөнгийг өөрт хувьдаа ашигласан байдаг. Манайх барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байгаа Уянгад барьцаат зээлийн гэрээний маягтыг хүлээлгэж өгөхдөө баруун дээд өнцөг дээр гэрээний маягтыг дугаарлаж хүлээлгэж өгсөн байгаа. Тэгээд хамгийн сүүлд Уянгатай тооцоо хийхдээ гэрээний маягтын дугаараар нь шахаад үзэхэд зарим гэрээний маягт нь дутсан. Тэгээд зээлийн гэрээний маягтыг хаана байна гэж асуухаар гаргаж ирээд тухайн нуусан гэрээг гаргаж ирэхээр нь мөнгийг нь асуухад байхгүй өөртөө ашигласан байсан. Зарим баримтууд дээрээ гэрээний маягтыг хугацаа дуусаад хаах ёстой байтал хаалгүйгээр зээлдэгчийн өгсөн мөнгөн дүнг өөртөө ашиглах зэргээр барьцаалан зээлдүүлэх газрын мөнгийг хувьдаа ашигласан байсан. Мөн үнэт эдлэлийн дэлгүүрийн барааг зарсан мөртлөө зараагүй гэж хэлээд мөнгийг нь өөртөө ашиглаж байсан нь тогтоогдсон. Тэгээд энэ үндэслэлээрээ ажлаас 2020 оны 02 сард ажлаас халагдсан. М.Уянгын өөртөө ашигласан мөнгөний зээлийн гэрээний маягтууд нь хаасан гэсэн бичиг байхгүй, эд зүйлээ авсан иргэний гарын үсэг байхгүй байсан. Тэгээд энэ зээлийн гэрээ яасан эсэх талаар эд зүйл тавьсан эзэнтэй нь утсаар нь холбогдож асуухад зээлээ төлөөд эд зүйлээ буцаагаад авсан гэсэн тайлбар өгч байсан. Тэгээд нийт 81 ширхэг баримтыг хаалгүйгээр мөнгийг нь өөртөө ашигласан байсан. Мөн Дэлгүүрийн барааг анх хүлээлгэж өгснөөс хойш ахиж тоолоогүй. Зөвхөн өнөөдөр зарагдсан барааныхаа мөнгийг өг гээд авдаг байсан учир М. Уянга нь тооцоо хийх гэж очсон хүнд дэлгүүрийн бараа зарагдсан байхад зарагдаагүй гэж хэлээд зарсан барааныхаа мөнгийг өөртөө ашигладаг байсан... М.Уянга нь манай барьцаалан зээлдүүлэх газраас 29,722,400, үнэт эдлэлийн дэлгүүрээс 1,510,400 төгрөг завшиж нийт 31,232,800 төгрөгийн хохирол учруулсан...” гэсэн мэдүүлгээр, Түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Л.Долгорсүрэнгийн “М.Уянга нь ... 09 дүгээр сард Баруун бүсийн худалдааны төвийн салбарт очиж ажиллах болсон. Тэгээд ажиллах хугацаандаа дэлгүүрийн эд зүйл болон, барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээний маягт зэргээс өөртөө хувьдаа мөнгө ашиглаж байсан нь тогтоогдож ажлаасаа 2020 оны 02 дугаар сард халагдсан. Уянгыг ажлаас гарах үед нь бид нар бүх бараагаа тулгаж үзээд дэлгүүрийн дутсан гэх барааг М.Уянгын хамт тоолж гаргаж ирж байсан... Барьцаалан зээлдүүлэх газрын хохирлыг бол зээлийн гэрээний маягттайгаа барьцааны эд зүйлээ тулгаж хараад дутсан мөнгөн дүнг гаргаж ирсэн. М.Уянгад барьцаалан зээлдүүлэх газрын бэлэн мөнгийг Уянгын хувийн дансанд шилжүүлж өгөх маягаар зузаатгал хийгээд тэр мөнгийг зээл авч байгаа иргэдэд зээл маягаар олгодог байсан. Тэгээд өдөр бүр зээлийн гэрээний маягтын хаасан баримттай нь эд зүйлээ тулгаад тооцоогоо хийдэг байсан. Тэгтэл зээлийн гэрээний маягтыг нуух, хаалт хийхгүй автоматаар сунгах зэрэг байдлаар хүмүүсийн буцаан төлсөн мөнгийг хувьдаа ашигласан байсан...” гэсэн мэдүүлгээр, Тус барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч уг зээлээ, зээлийн хүүгийн хамт буцаан төлсөн талаар мэдүүлсэн гэрч Э.Нанжидийн “Би эд зүйл тавьж байсан 12 ширхэг мөнгөн аяга аваачиж өгөөд 800,000 /Найман зуун мянга/ төгрөг авч байсан. Би нэг сарын хугацаатай тавиад хугацаа дуусахад нь очиж авсан. Буцааж авахдаа зээлж авсан 800,000 мянган төгрөг аваад буцаагаад хүүний мөнгө болох 48,000 төгрөгтэй нийлүүлээд 848,000 /Найман зуун дөчин найман мянга/ төгрөг буцааж өгөөд эд зүйлээ авсан. Би гэрээний дагуу зээлээ аваад буцаагаад хугацаанд нь эргэн төлөлтөө хүүтэй нь хийгээд өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Товуудоржийн “...Би Туна-Далай барьцаалан зээлдүүлэх газарт хуримын бөгж болох 2 ширхэг монетон бөгжөө 530,000 /Таван зуун гучин мянга/ төгрөгөнд барьцаанд тавьж байсан. Би тухайн үед сарын 6 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатай тавиад хугацаанд нь тулгаад буцааж 561,800 төгрөг төлөөд буцааж авсан. Тэгэхэд М.Уянга байсан. Надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй. Би гэрээний дагуу зээлээ аваад буцаагаад хугацаанд нь эргэн төлөлтөө хүүтэй нь хийгээд өөрийн эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч М.Уянгын үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Би 2019 оны 05 дугаар сард “Туна-Далай” ХХК-д ажилд ороод 2020 оны 02 дугаар сард ажлаасаа халагдсан. Ажиллаж байх хугацаандаа барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээг хугацаанд нь хаалгүйгээр хүмүүсийн өгсөн мөнгийг өөртөө ашигладаг байсан. Мөн зарагдсан барааны орлогыг өөртөө ашиглаж байсан... Ажиллах хугацаандаа бага, багаар ашигласаар байгаад нийт дүнгээрээ 31,232,800 /Гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга найман зуу/ төгрөгийг өөртөө ашигласан байсан. Анх намайг ажилд ороход хүмүүсийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан эд зүйлс болон дэлгүүрийн үнэт эдлэлийг тоолж, хүлээлгэж өгсөн. 2019 оны 05 дугаар сард ажилд орохдоо төв үнэт эдлэлийн дэлгүүрт ажиллаж байгаад дараа нь 09 дүгээр сард Баруун бүсийн дэлгүүр, Барьцаалан зээлдүүлэх газрыг хамтад нь хариуцаж ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан Туна-Далай ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан нэр бүхий 81 иргэний хаалт хийгээгүй зээлийн гэрээнүүд, шүүгдэгч М.Уянга Туна Далай ХХК-ны хооронд хийсэн тооцоо нийлсэн баримт, дэлгүүрийн барааг хүлээж авахад 11 ширхэг мөнгөн аяга, 5 ширхэг мөнгөн ээмэг, ээмэг бөгжний мөнгөн хослол 4 ширхэг, 3 ширхэг мөнгөн гинж дутагдсан талаар тэмдэглэгдсэн барааны орлого зарлагын баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна. Шүүгдэгч М.Уянгын үйлдлийн улмаас Туна далай ХХК-нд нийт 31,232,400 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-н шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай дүгнэлтэд 1. Зээлийн гэрээ 81 ширхэг 28,040,000 төгрөг, хүү-1,682,400 үнэлсэн бүгд үнэ төгрөгөөр 29,722,400 төгрөг, 2. Мөнгөн аяга /диаметр-6/ 4 ширхэг-135,000 төгрөг үнэлсэн бүгд үнэ 540,000 төгрөг, 3. Мөнгөн аяга/диаметр-5.5/ 2 ширхэг 110,000 төгрөг нийт 220,000 төгрөг, 4. Мөнгөн аяга /диаметр-5/ 3 ширхэг-85,000 төгрөг нийт 255,000 төгрөг, 5. Мөнгөн аяга /диаметр-4/ 2 ширхэг 68,000 нийт 136,000 төгрөг, 6. Мөнгөн ээмэг 3.2 грамм 19,700 төгрөг нийт 19700 төгрөг, 7. Мөнгөн ээмэг 3.7 грамм 23,900 төгрөг, 8. Мөнгөн ээмэг 1.5 грамм 9,900 төгрөг, мөнгөн ээмэг 9. Мөнгөн ээмэг 2.4 грамм 15,900 төгрөг, 10. Мөнгөн ээмэг 4 грамм 26,400 төгрөг, 11. Мөнгөн хос 9.7 грамм 59,700 төгрөг, 12. Мөнгөн хос 6.9 грамм 44, 500 төгрөг, 13. Мөнгөн хос 7.4 грамм 45,500 төгрөг, 14. Мөнгөн бөгж 3.5 грамм 22,600 төгрөг, 15. Мөнгөн гинж 3.5 грамм 22,600 төгрөг, 16. Мөнгөн гинж 3.5 грамм 22,600 төгрөг, 17. Мөнгөн гинж 7.8 грамм 48,000 төгрөг нийт “Туна-Далай ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 31,232,400 /Гучин нэгэн сая хоёр зуун гучин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Шүүгдэгч Б.Уянгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчиймэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, барьцаалдан зээлдүүлэх газраас авсан зээлээ буцаан төлсөн талаараа мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэтухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн хүлээлгэн өгсөн хөрөнгийг бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө. Хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Уянга нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр өөрт нь итгэмжлэн хариуцуулсан буюу барьцаат зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүүд зээлдэгч нараас төлсөн мөнгийг, мөн дэлгүүрийн эд хөрөнгөөс зарагдсан барааны үнийг өөртөө завшиж нийт хохирогчид 31,232,800 төгрөгийн хохирлыг учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч М.Уянгыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч нь Туна-Далай ХХК-нд нийт 2000000 төгрөгийн хохирол төлсөн нхохирогч, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирлоос 2000000 төгрөгийг хасч нийт 29,232,800 төгрөгийг гаргаж хохирогч Д.Сүхбаатарт олгох нь зүйтэй байна. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульзаасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээзүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхиангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагч шүүгдэгч М.Уянгад 2 жилийн хугацаагаар хорих ял оногдууласанал гаргасан боловч шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн бага насны 2 хүүхэдтэй мөн хохирол төлөх боломж зэргийг харгалзан түүнд шүүхээс 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэхэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сартуул овогт Мөнхбатын Уянгыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээзүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Уянгыг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгМ.Уянгад оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ннийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаазүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Уянгаас 29,232,800 төгрөг гаргаж хохирогч Д.Сүхбаатарт олгосугай.
6. Шүүгдэгч М.Уянгад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэарга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулахэрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч түүний дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ