| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/42 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Сосорбурамын Дэлгэрдалай Шүүгдэгчийн өмгөөлөгч Дамдинжавын Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дэлгэрдалайд холбогдох 2123000140051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамтаар Завхан аймаг Цагаанхайрхан сум Онц багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ширээ Дүүрэн овогтой Сосорбурамын Дэлгэрдалай, /Регистрийн дугаар: ИР95030433/
Шүүгдэгч С.Дэлгэрдалай нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цагаанхайрхан сум Баянбулаг багийн нутаг “Өвөр намшир” гэх газарт байх отрын гэрт танхайн сэдэлтээр иргэн Д.Дэчингийн зүүн гуян тус газар хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дурдсан, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, хэсгээр зүйлчлэн ангилагдсан хэрэг, хүний хувьд л шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд прокурорын дээрх шийдвэрээр шүүх хуралдааны хэмжээ хязгаар тодорхойлогдоно. Яллах дүгнэлтэд дурдаагүй хэрэг, хүний талаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй учир энэ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч Ширээ дүүрэн овогт Сосорбурамын Дэлгэрдалай нь 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Цагаанхайрхан сум Баянбулаг багийн нутаг “Өвөр намшир” гэх газарт отрын гэрт байхдаа ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн Д.Дэчингийн зүүн гуян тус газар хутгаар хатгасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: С.Дэлгэрдалай өөрийг нь хутгаар хатгасан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Д.Дэчингийн “... Би Пүрэв-Очирын хамт Цагаанхайрхан сумын “Өвөр намшир” гэх газарт отрын адуу маллаж байсан юм. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манайд ... Дэлгэрдалай, Лхагвасүрэн нар манайд Батмөнхөөр хүргүүлж ирсэн ... Дэлгэрдалай, Лхагвасүрэн нар манайд ирэхдээ жаахан архи уучихсан, бас 2 шил архитай ирсэн. ... Тэгээд махаа гаргаад тойрч суугаад идэцгээж байсан чинь Лхагвасүрэн мах идэж байсан тонгорог хутгаараа миний зүүн гуя хэсэг рүү хатгачих уу гээд хутгаа хүргэлгүй чичилж байтал Дэлгэрдалай ингээд оруулчхаач гэж хэлээд Лхагвасүрэнгийн хутгатай гар руу цохитол хутганы үзүүр нь миний зүүн гуя руу хатгагдчихсан. Миний хутгаар хатгуулсан хэсгээс цус гарсан... Намайг Пүрэв-Очирын бор хүрэн иштэй тонгорог хутгаар хатгасан... Гомдол, санал нэхэмжлэх зүйл алга...” гэсэн мэдүүлгээр, Тухайн хэргийн үйл баримтыг харснаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.Гүндалайгийн “...Цагаанхайрхан сумын “Өвөр намшир” гэх газарт байх Дэчин, Пүрэв-Очир /мөнтүүл/ нарын отор луу явж ханиндаа хоноё гэж бодоод нар жаргах үед очсон. ... Тэр үед Лхагвасүрэн, Дэчин ах, Пүрэв-Очир, Дэлгэрдалай нар гэрийн зүүн талын хоймор хэсэгт тойроод суучихсан мах идэж байсан. Ган-Эрдэнэ бид хоёр баруун талд сууж байсан. Тэгсэн Лхагвасүрэн ах тонгорог барьчихсан мах идэж байгаад тонгорогоо Дэчин ахын зүүн гуян дээр атгаад барьчихсан байж байгаад мань чинь хатгаадхуу гэж хэлээд байж байх үед Лхагвасүрэнгийн барьж байсан цэнхэр өнгийн иштэй тонгоргыг Дэлгэрдалай араас нь Лхагвасүрэн ахын гартай хамт цохиод гуя руу нь зоочихсон. Тэр үед Дэчин ах хутга тоглоом биш одоо далд хий гэж хэлсэн....” гэсэн мэдүүлгээр, Гэрч Г.Пүрэв-Очирын “...Гэрийн хоймор дээр Дэчин, баруун талд нь Гүндалай, Гүндалайгийн баруун талд Ган-Эрдэнэ, Ган-Эрдэний дэргэд Лхагвасүрэн, Лхагвасүрэнгийн баруун талд би, миний баруун талд Дэлгэрдалай суусан ба бид махаа идэж тойрог хэлбэрээр суусан байсан. Махаа идэхэд 2 хутга махан дээр тавьсан, 2 тонгорог байсан. Тэгээд бид махаа идэж суусан тэгтэл Лхагвасүрэн мах идэж байсан тонгорог хутгыг Дэчингийн баруун гуянд нь тулгаад шаачих уу гэж хэлсэн. Тэгтэл Дэлгэрдалай Лхагвасүрэнгийн хутга барьсан гар руу цохиж Дэчингийн гуя руу хутгалчихсан. Тэгээд Дэчин орчихлоо шүү дээ харах уу та нар гэхэд Лхагвасүрэн “Чи цохичихлоо шүү дээ” гэж Дэлгэрдалайд хэлсэн ба Дэлгэрдалай юм дуугараагүй. Тэгээд Д.Дэчингийн өмдийг тайлаад хартал Дэчингийн баруун хөлний өвдөгний дээд хэсгээс цус гарч урсаж байсан ба хэр гүн орсныг нь би мэдээгүй. Тэгээд цусыг нь арчаад боолгүй өмдөө өмссөн...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Лхагвасүрэнгийн “... Би С.Дэлгэрдалайгийн гарт байсан хутгыг аваад мах идэж байгаад Д.Дэчингийн гутлынх нь түрий рүү энэ ингэвэл орох болов уу гээд хутгаа чиглүүлээд барьсан чинь Дэлгэрдалай миний гар дээр цохиод хутганы үзүүр Дэчингийн хөл рүү орчихсон. Тэгтэл Дэчин яаж байгаа пизда вэ гээд эргүүлээд С.Дэлгэрдалайгийн хөл рүү хутгаар чичсэн. Би зүгээр тоглоомоор гутлын чинь түрийг энэ хутга нэвтлэх болов уу гээд чиглүүлээд барьсан байсан чинь Дэлгэрдалай миний гар дээр цохисон...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 000000013 дугаартай “... Иргэн Д.Дэчингийн биед зүүн гуяны доод хэсэгт шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 2021 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Иргэн Д.Дэчингийн биед үүссэн зүүн гуяны доод хэсэгт шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг... ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж тодорхойлсон. Гэрч Лхагвасүрэн нь өөрийн хутга барьсан гар руу С.Дэлгэрдалай цохиж бусдын биед гэмтэл учруулж болохыг мэдээгүй байсан ба С.Дэлгэрдалай түүний хутгатай гар руу цохиж бусдын биед гэмтэл учруулсан тул шүүгдэгчийг гэмт хэргийг гүйцэтгэгч гэж үзнэ. Мөн Б.Лхагвасүрэн С.Дэлгэрдалайтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.Дэлгэрдалай нь хохирогчийн зүүн гуянд хутгаар хатгасан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч С.Дэлгэрдалай нь хохирогч Д.Дэчингийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг хутгаар хатгасан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Иймд С.Дэлгэрдалайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Д.Дэчин нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч С.Дэлгэрдалайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учиЭрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн. гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийхариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг дахин ашиглах боломжгүй учир устгаж, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1,8. 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ширээ Дүүрэн овогт Сосорбурамын Дэлгэрдалайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Дэлгэрдалайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дэлгэрдалайд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Дэлгэрдалай нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч С.Дэлгэрдалайд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн иштэй тонгорог хутгыг устгасугай.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ