Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

2022           05          09                                 2022/ШЦТ/483

 

 

 

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Ц.А,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: С.Эрдэнэтуяа нар оролцсон эрүүгийн 2209000000680 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 9 сарын 10-ны өдөр Ховд аймаг, Дарви суманд төрсөн, 62 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, ............ ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ..............

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөөлөн” нэртэй зоогийн газарт хүргэн ............. хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальс цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2209000000680 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Улсын яллагч:

-2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 06-09 дүгээр тал),

-Хохирогч ............... мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 14-15, 17 дугаар тал),

-Гэрч Г.Цйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 сарын 18-ны өдрийн №4341 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүгдэгч Ц.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.А 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зөөлөн” нэртэй зоогийн газарт хүргэн С.Алтаншагайтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальс цооролт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараахь нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

-Камерийн /Сиди/ бичлэгт үзлэг хийсэн “...эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ширээнд суух ба 00:28 секунтэд С.Алтаншагай ширээний урд ирэх үед Ц.А нь цамцны хоолой хэсгээс заамдаж нааш цааш түлхэж өөр өрөө рүү авч орж байгаагаар бичлэг дуусаж байна. Дараагийн бичлэгт ...Ц.А нь хүргэн гэх Айг түлхэн орж ирэх ба ширээний гялгар хулдаасаар нэг удаа толгой хэсэг рүү цохиж байгаа үйлдэл бичигдсэн байна. Мөн түүний дараа Ц.А Алтаншагайгийн зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа баруун гараараа цохиж байгаа нь бичигдсэн байлаа” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 06-09 дүгээр тал),

-Хохирогч С.Алтаншагайгийн “...Би Сүхбаатар дүүргийн 8-р хороо 63-р байр 38 тоотод “Зөөлөн” нэртэй зоогийн газар ажиллуулдаг бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед ажил дээрээ байхад манай эхнэр Цогзолмаагийн эцэг, эх болох Ц.А, Ш.Г нар нь ирж миний биед халдаж, ээж болох Ц.А нь миний биед баруун гараараа олон удаа цохиж гэмтэл учруулсан юм. Харин хадам аав болох Ш.Г нь хажууд харж зогсож байсан бөгөөд үгээр идэж “бид хоёр настай хүн алдах юм байхгүй, амийг амиар сольж чадна шүү” гэж хэлж сүрдүүлж дарамталсан юм. Тухайн үед зүүн чих хатгаж өвдсөн бөгөөд ...эмнэлэгт үзүүлэхэд зүүн чихний хэнгэрэг цоорчихсон байсан. Тэр өдөр хадам ээж Ц.А нь олон удаа толгой болон чих рүү цохисоноос болж хэнгэрэг хагарсан юм. Би эсэргүүцэл үзүүлж бусдын биед халдаж цохиж зодсон зүйл огт байхгүй. Манай эхнэрийн дагавар дүү Г.Ч нь манай зоогийн газарт туслах тогоочоор ажилладаг бөгөөд хоёр өдөр ажилдаа ирээгүй бөгөөд манай төрсөн дүү Бжаргал нь Чад “хоёр өдөр ажилдаа ирэлгүй архи ууснаас чинь болж ажил хоёр хоног явсангүй, утсаа авсангүй, энэ асуудлаас чинь болж манай ах эхнэртэйгээ муудалцлаа” гэж хэлж маргалдан хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон юм шиг байсан юм. Үүнийг манай хадмууд намайг дүүгээрээ Г.Чойжамцыг зодуулж, дүүтэйгээ нийлж гадуурхлаа гэж уурлаж манай ажлын газар орж ирж миний биед халдсан юм. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр намайг зодсоны дараа эхнэрийн ээж Алг нь “Бөмбөгөрийн хүмүүс авч ирж чамайг хүнээр зодуулна, мэргэжлийн хяналтын газар авч ирж тусгай зөвшөөрлийг чинь цуцлуулна, чиний айдаг зүйлийг чинь олж чамайг айлгана” гэж заналхийлсэн. Үүний дараа манай эхнэрийн хамаатны Батцоож гэх залуу орж ирээд хэл амаар доромжилж байгаад гараад явсан юм. Мөн хадам ээж Аг нь миний хамт ажилладаг С гэх эмэгтэйтэй намайг хардаж, амрагийн харилцаатай гэж доромжилдог юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-гэрч Г.Цийн “...С.Айтай 2017 онд танилцаж нэг гэрт орсон, одоо 3 настай, 05 сартай 2 охинтой. Одоо хувиараа “Зөөлөн” нэртэй паб ажилуулдаг. Ер нь бол хэд хоногийн өмнө надад гар хүрсэн тэгээд би ээж аавдаа хэлсэн байсан тэгтэл сүүлийн хэдэн өдөр аав, ээжийг амраахгүй шөнө өдөр залгаад байсан юм шиг байна лээ, тэрийг нь би мэдээгүй, тэгээд тэр өдөр аав, ээж “Зөөлөн” нэртэй ажлын газар нь очиж хэлж ярьсан юм шиг байна лээ, тэгээд хэрүүл маргаан болсон гэсэн яг юу болсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “1.С.А биед зүүн чихний хэнгэрэгэн хальс цооролт гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 4341 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.А нь хохирогчийн зүүн шанаа хэсэгт алгадсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас С.А биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч С.Аийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “...Хадам ээж Ц.Ат алгадуулснаас үүссэн зүүн чихний хэнгэрэг хагарсныг хэнгэрэг нөхөх мэс ажилбарт орж нөхүүлэхээр болсон бөгөөд мэс ажилбарын зардал болох 2,000,000 төгрөгийг бэлнээр авч эмчилгээндээ зарцуулахаар боллоо. Одоо миний бие гомдолгүй” гэх (хавтаст хэргийн 66 дугаар тал) хүсэлтийг гаргасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ц.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ц.А нь 700917 тоот хувийн хэргийн дугаартай, Улсад 36 жил 01 сар ажилласан жилтэй, сар бүр 661,454 төгрөгийн өндөр насны тэтгэвэр авдаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Шүүгдэгч Ц.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дугаар тал)-аар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, зодож цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм. 

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу хохирогчийн эмчилгээнд зарцуулагдах мөнгийг төлж хохирол, хор уршгийг арилгасан, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор /3 сар/ төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ат 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН