Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
Хэргийн индекс | 182/2017/01298/И/ |
Дугаар | 1947 |
Огноо | 2017-08-30 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1947
М.З-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.З-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г-д холбогдох,
2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал, Ма Зинжун нарын хооронд байгуулагдсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямба-Оюун,
Хариуцагч: Б.Гийгиймаа,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Н.Түмэнжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямба-Оюун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн тойргийн 204 дугаартай нотариатч Б.Гийгиймаа нь 2014 оны 6 сарын 10-ны өдөр Хятад улсын иргэн Ма Зинжун, М.Түмэнжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг гэрчилсэн байдаг. Нотариатч уг зээлийн гэрээг гэрчлэхдээ Монгол улсын нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх заалт, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралт нотариатын үйлдэл хийх зааврын 2.9 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгч нь Монгол хэл мэддэггүй бол орчуулагч хэлмэрчээр нь дамжуулан гэрчлүүлэх, гэрчлүүлэх үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага зэргийг тайлбарлаж, Нотариатын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэнэ гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Хятад улсын иргэн Ма Зинжун, Б.Түмэнжаргал нарын хооронд байгуулагдсан 2014 оны 6 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээг гэрчлэн 567 дугаарт бүртгэн гэрчилсэн нотариатч Б.Гийгиймаагийн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ман Зинжун, Н.Түмэнжаргал нарын хооронд 2014 оны 6 сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг гэрчилсэн бөгөөд Монгол Улсад оршин суух үнэмлэх, хятад иргэний паспорт, Н.Түмэнжаргалын иргэний үнэмлэхийг шалгаж, гэрээний эх хувийг өөрийн гараар үйлдэж өгсөн. “Монгол хэл мэдэх үү” гэхэд “мэднэ” гэж хэлээд “уншиж ойлгов” гэж өөрөө гарын үсэг зурсан тул Нотариатын хууль болон журам зөрчөөгүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/00883 дугаартай шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээг талууд нотариатаар баталгаажуулсан, хариуцагч нь 100 000 000 төгрөгийг хүлээн авсан гэж гарын үсэг зурсан, зээлийн хүүнд 14 000 000 төгрөгийг төлж байсан. Зээлийн гэрээнд “уншиж ойлгов” гэж монголоор бичиж гарын үсэг зурсан зэрэг баримтаар хариуцагч нь гэрээний үр дагаварыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна гэж дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Түмэнжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ма Зинжунтай 2014 оны 6 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 204 тоот нотариатчаар зээлийн гэрээг гэрчлүүлсэн. Зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч 2 сарын хүү болох 8 000 000 төгрөгийг эхнэр Одноогоор дамжуулан надад өгсөн. Энэ тухай шүүхийн шийдвэр гарсан. Ма Зинжун Монгол хэл мэднэ. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ 10 жил гаруй амьдарч байна. Өмнө ч гэсэн мөнгө төгрөг авч өгөлцөж байсан. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тус тус баримтлан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Н.Түмэнжаргал, Ма Зинжун нарын хооронд байгуулагдсан 100 000 000 төгрөгийн зээлийн гэрээг гэрчилж, бүртгэлийн 567 дугаарт бүртгэгдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай Ма Зинжуны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “үйлчлүүлэгч нь хэлгүй, дүлий, монгол хэл мэддэггүй бол ..., орчуулагч оролцуулна” гэж заасан. Дээр дурдсан “монгол хэл мэддэггүй” гэдгийг мөн хуулийн 27 дугаар зүйл, ХЗДХСайдын 2011 оны 171 тоот Нотариатын үйлдэл хийх зааврын 4.1.4-д “гадаадын иргэний оршин суух үнэмлэх”-ийг шалгаж тогтоох тухай заасан. Нотариатч Б.Гийгиймаа нь Хятад Улсын иргэн Ма Зинжуны хувийн байдлыг тогтоож, гадаад паспортыг шалгаж, монгол хэл мэддэггүй гэдгийг мэдсэн атлаа орчуулагч оролцуулалгүй зээлийн гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн. Нотариатч Б.Гийгиймаагийн боловсруулж гэрчилсэн зээлийн гэрээ нь зөвхөн монгол хэл дээр бичигдсэн, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1 дэх хэсэгт заасан үйлчлүүлэгчид эрх үүргийг нь тайлбарлан тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж буй эсэхийг тодруулан эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж өгөх үүргээ биелүүлээгүй, ядаж зээлийн гэрээн дээр бичигдсэн 100 000 000 /нэг зуун сая/ төгрөгийг авсан эсэх, аваагүй бол хэзээ авах зэргийг асуугаагүй, хятад хэл дээр зээлийн гэрээний орчуулгын хувийг шаардаагүй зэрэг нь гадаадын иргэнд энэхүү үйлдлийн хууль зүйн ач холбогдлыг мэдэх нөхцлийг хангаагүй гэдгээ мэдсээр байж, санаатайгаар нотариатын үйлдэл хийж гэрчилсэн гэдэг нь харагдаж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт, зээлийн гэрээнээс нотариатч Б.Гийгиймаа нь Нотариатын тухай хуулийн 21, 32, 34, 35 дах зүйл, нотариатын үйлдэл хийх заавар зөрчсөн байхад шүүгч өмнөх шүүхийн шийдвэрийг үндэслэн, хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүгчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ма Зинжун нь хариуцагч нотариатч Б.Гийгиймаад холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг 567 дугаарт бүртгэн гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нотариатч Б.Гийгиймаа нь 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлэгч Н.Түмэнжаргалаас зээлдэгч Ма Зинжунд 100 000 000 төгрөг зээлдүүлсэн гэрээг гэрчилж, нотариатын бүртгэлийн 567 дугаарт бүртгэсэн болох нь талуудын тайлбар болон зээлийн гэрээгээр тогтоогдсон байна. /хх-ийн 33 дугаар тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... монгол хэл мэдэхгүйн улмаас уг зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 100 000 000 төгрөг зээлж байгаа тухай надад нотариатч тайлбарлаж ойлгуулаагүй” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Түүнчлэн зээлийн гэрээнд хариуцагч Ма Зинжун нь “уншиж ойлгов” гэж монгол үсгээр бичиж гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд тэрээр зээлийн гэрээний үр дагаврыг ойлгож мэдсэн гэж үзэхээр байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Монгол Улсад 10 жил амьдарч байгаа талаар тэрээр тайлбарласан байгаагаас дүгнэхэд монгол хэл мэдэхгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалт баримталсан байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчлөв.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/01380 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Г.ДАВААДОРЖ