| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвын Оюунчулуун |
| Хэргийн индекс | 187/2018/0461/Э |
| Дугаар | 1058 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Туяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1058
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Туяа,
хохирогч Ү.Н,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулж,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлээр Б.Бд холбогдох эрүүгийн 1810017040523 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б.Б, 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Тэсо” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......................./;
Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 19 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох Ү.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 метрийн урттай, 904 гэх бичиглэлтэй 1 ширхэг цахилгааны уртасгагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийн бодит байдалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь хуулийн дээрх заалтад хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б дээд шатны прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй, хэрэг болсон шалтгааныг нэг удаагийн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдгийг харгалзаагүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их байгаа эсэхээс үл хамааран гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулснаар зүйлчлэгддэг. Гэтэл анхан шатны шүүх Д.Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, тохиолдлын шинжтэй, нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрсдэлийн түвшин бага гэж дүгнэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.
Хохирогч Ү.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр би ганц минут тэвчээд, настай хүний үгийн сонссон бол одоогийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан. Бид буруугаа ойлгож, үр хүүхдээ өнчрүүлэхгүй, хамтдаа зүтгээд үзэхээр шийдсэн. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Бд холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.
Б.Б нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 101 дүгээр байрны 19 тоотод Ү.Нг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Ү.Нгийн “... Б.Б намайг үсдэж газар унагаад, цахилгааны уртасгагч авч байгаад миний зүүн гарын шуу, зүүн гуя, өгзөг рүү 6-7 удаа, цахилгааны утсаа тасартал ороолгосон. ...” /хх-10-11/,
гэрч Х.Г-ийн “... 2018 оны 7 дугаар сарын 09-ний орой Ү.Н цахилгааны залгуураар Б.Бы хацар орчим 1 удаа ороолгоход нүдний шил нь газарт унаад, зүүн хацарт нь гүвдрүү үүссэн байсан. Гэтэл Б.Б уурлаад “чи ээж, хүү хоёрыг зодоод байхдаа яадаг юм бэ” гээд өөрийг нь ороолгосон залгуураар Ү.Нг 2 удаа ороолгосон. Яг хаана нь ороолгосон гэдгийг мэдэхгүй. ...” /хх-13-14/,
Б.Бы яллагдагчаар өгсөн “... тухайн үед миний уур хүрээд, цагаан өнгийн залгуураар Ү.Нгийн хөл, гуя руу нь 3-4 удаа ороолгосон. ...” /хх-38/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 8541 дугаартай “... Ү.Нгийн биед зүүн гуя, зүүн өгзөг, зүүн шуу, зүүн чамархай, зүүн бугалганд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх дүгнэлт /хх-18/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-39/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болгон авч үздэг.
Прокурор Д.Мөнхсайхан бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч Б.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.
Тухайн гэр бүлийн гишүүд хоорондын дунд үүссэн маргаан бүрийг гэр бүлийн хүчирхийлэл гэсэн байр сууринаас дүгнэж, хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэх нь учир дутагдалтай юм.
Гэр бүлийн орчинд үүсч байгаа тодорхой сэдэлттэй, тодорхой маргааны улмаас үүссэн хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх санаа зорилгоор үйлдэж байгаа хэрэг хоёрыг ялгаатай авч үзэж, зүйлчлэх ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Б.Б, хохирогч Ү.Н нар нь тухайн цаг үед гэр бүлд нь үүссэн тодорхой асуудлын улмаас буюу шалтгаантайгаар маргалдаж, улмаар Ү.Нгийн биед хөнгөн хохирол учруулсан, нөгөөтэйгүүр хэргийн үйл баримтаар хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн байдал тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс “Б.Б нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан аливаа үйлдэл хийж байгаагүй талаар хохирогч Ү.Н тодорхой мэдүүлсэн ба Аюулын зэргийн үнэлгээгээр эсрдэлийн түвшин бага гарсан, Б.Б нь Ү.Нтой хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн дотор тэгш эрх эдлэх боломжийг хязгаарласан, “гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр”-ийг агуулсан аливаа үйлдэл хийж байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Мөнхсайханы бичсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ОЧ
Д.ОЮУНЧУЛУУН