| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
| Хэргийн индекс | 221/2015/0000/З |
| Дугаар | 221/МА2015/0448 |
| Огноо | 2015-09-23 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2015/0448
| 2015 оны 9 сарын 23 өдөр | Дугаар 221/МА2015/448 | Улаанбаатар хот |
Э ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, Л.Ш, хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаар шийдвэрт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Э ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Барилгын тухай хуулийн 5, 6, 13 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.1, Засгийн газрын 185 дугаар тогтоолоор баталсан Зөвлөх үйлчилгээний дүрэм, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын даргын 2012 оны 294 дүгээр тушаал, 2011 оны 338 дугаар тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээ эрхлэх этгээдийг бүртгэх журам, 2012 оны 294 дүгээр тушаалыг үндэслэн ...Э ХХК-ийн Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр болохыг тогтоож, Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/760, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/385, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах, Э ХХК-ийн Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл хууль зүйн хүчин төгөлдөр байгааг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Э ХХК нь Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад орж зураг төслийн баримт бичигт магадлал хийх эрх олгогдоогүй талаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас 2012 оны 1/944 тоот, 2012 оны 1/1625 тоот, 2012 оны 1/2324 тоотоор, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 1/3375 тоотуудаар Э ХХК-д хүргүүлж, удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл хууль, тогтоомж зөрчсөн үйлдлээ зогсоохгүй, хууль тогтоомж зөрчсөөр байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 442 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйлийн 6.2.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/760 тоот, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/385 тоот, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдийг тус тус хүчингүй болгож, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг баримтлан Э ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл хууль зүйн хүчин төгөлдөр байгааг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунсүрэн давж заалдах гомдолдоо: ...Нэг. Барилгын хөгжлийн төв ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 06 ба 47 дугаар тогтоолууд болон өөрийн байгууллагын дүрэм, Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар эрх олгогдсоны дагуу Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан /6.2.1-6.2.11/ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т Засгийн газрын 47 дугаар тогтоолоор шилжүүлсэн. Барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх болон зохион байгуулах харилцааг Барилгын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрмээр зохицуулдаг. Гэтэл шүүх, төрийн байгууллагын хуульд заасан бүрэн эрхийг Э ХХК гүйцэтгэж болно гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хоёр. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх үүргээ хангалтгүй гүйцэтгэж, Э ХХК нь магадлал хийх ажлыг зохион байгуулж байна уу, магадлал хийгч этгээд үү гэдгийг тодруулаагүй. Үүний улмаас Барилгын тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Барилгын тухай хуульд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийгч гэсэн 2 өөр ойлголт байгаа. Э ХХК барилгын хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, магадлалын ажлыг зохион байгуулж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжтэй бие даан гэрээ байгуулж, магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж байгаагаар нотлогдоно. Мөн Э ХХК нь магадлал хийгч этгээдэд хамаарахгүй, Барилгын тухай хуулийн 6.2.8-д заасны дагуу тусгайлан сонгон шалгаруулалтад оролцож эрх аваагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8 дахь заалтыг баримталсан нь хуулийг буруу хэрэглэн, шүүхийн шийдвэрийг гаргасан нь нотлогдож байна.
Гурав. Эрх зүйн актын дээд эрэмбэ, хүчин чадал бүхий акт болох Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8, 6.2.9, 13 дугаар зүйлд тодорхойлон зохицуулсан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх болон зохион байгуулах харилцааг Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор зохицуулж байгаа гэж дүгнэж хууль, тогтоолыг адилтган үзсэн нь шүүх хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл болсон. Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Иймээс Э ХХК нь барилгын асуудал эрхэлсэн байгууллагатай ямар нэг гэрээ хийлгүй, өөрөө дур мэдэн барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй юм. Магадлал хийж буй иргэд ба хуулийн этгээдүүд Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ болон түүний эрх шилжсэн байгууллага болох Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай гэрээ байгуулан ажилладаг.
Дөрөв. Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм-ийг баталсан бөгөөд (үнийг хэрэгжүүлэх зорилгоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд 2011 оны 185 дугаар тушаалаар Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 338 дугаар тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг бүртгэх журам тус тус батлагдсан. Энэхүү Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар/хуучин нэрээр/-ын даргын тушаалаар батлагдсан журам нь Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн зөвлөх үйлчилгээний ерөнхий ангиллыг нарийвчлан тусгай ангилал үүсгэсэн байдаг. Энэ тусгай ангиллын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд бүртгэсэн тухайгаа Э ХХК-д Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/2324 тоот албан бичгээр мэдэгдсэн байдаг.
Тав. Шүүхийн шийдвэрийн 11 дэх тал үндэслэх хэсэгт ...болзол шаардлагыг хангасан гэж үзэж шалгаруулан бүртгэж гэрчилгээ олгосон болох байх... гэжээ. Гэтэл зөвлөхийн бүртгэлд бүртгэх ажил 2012 оны 06 дугаар сард хийгдэж, 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 224 дүгээр тушаал гарган 6 чиглэлийн зөвлөх үйлчилгээний бүртгэлд бүртгэснээ мэдэгдсэн. Мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/3375 тоот албан бичигт энэ гэрчилгээ хүчингүй болохыг дурдсан байна. Энэхүү гэрчилгээ гэх зүйлийн бичвэр нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 338 дугаар тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг бүртгэх журам-ын ангилалтай нийцэхгүй төдийгүй, 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 224 дүгээр тушаалаар бүртгэгдсэн 6 чиглэлийн үйл ажиллагаатай нийцэхгүй байна. Энэ гэрчилгээний эх хувийг манай байгууллагад үзүүлэхийг шаардсан боловч өгч байгаагүй. Иймээс энэ гэрчилгээ хуурамч байж болох үндэслэлтэй. Энэ гэрчилгээ олгогдсон эсэх нь эргэлзээтэй, тушаал гарахаас өмнө байдлаар огноологдсон /2012.02.16/ байхад шүүх эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлж шийдвэрийн үндэслэлд дурджээ.
Зургаа. Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2012 оны 224 дүгээр тушаалаар нэр бүхий 12 компанийг барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд бүртгэсэн байгаа бөгөөд компаниудад ямар нэг гэрчилгээ олгоогүй байна. /Шүүх энэ талаар нотлох баримт цуглуулаагүй/ Мөн эдгээр компаниуд магадлал хийдэггүй. Харин Э ХХК-д хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар зөвшөөрөөгүй үйл ажиллагааг явуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгааг шүүх баталгаажуулж, хууль бус харилцааг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан.
Долоо. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зөвлөх үйлчилгээг тодорхойлсон. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай холбогдсон байхаар зохицуулсан. Энэ хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Тендерт оролцогчдын хүрээг өргөжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих, захиалагчийг мэдээллээр хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу худалдан авах ажиллагаанд оролцохыг сонирхогч хуулийн этгээд, иргэний бүртгэлийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага тухайн Засгийн газрын гишүүний эрхлэх хүрээний асуудлаар хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлнэ гэж заасантай холбогдох юм. Үүний үндсэн дээр Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоол, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд 2011 оны 185 дугаар тушаалаар Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журам, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 338 дугаар тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг бүртгэх журам тус тус батлагдсан. Гэтэл шүүх зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд магадлал хийх эрх хамаарч олгогдсон гэж хууль зүйн үндэслэлийг буруу гаргажээ.
Найм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг, энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан. Дурдагдсан албан бичгүүд нь эрх зүйн хүрээнд үүссэн асуудлыг зохицуулаагүй, эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Эдгээр албан бичиг нь Э ХХК-д ямар хүрээнд зөвлөх үйл ажиллагааг явуулахаар бүртгэгдсэн байгааг тодруулсан тайлбар болно.
Ес. Э ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 02-нд 09/2015 тоот албан бичгээр Барилга, хот байгуулалтын сайдад хандсан гэж байгаа боловч түүний хариуг авалгүйгээр шүүхэд хандсан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар тодорхойлогдож байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д захиргааны байгууллага, албан тушаалтны иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдолд хариу өгөх хугацааг тодорхойлон заасан. Энэ нь дээд шатны албан тушаалтны шийдвэрийг гаргуулалгүй захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй хууль зөрчсөн байна. Иймээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчлөн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо: ...Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын 2011 оны 338 дугаар тушаалаар Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг бүртгэх журам-ыг батласан байдаг. Энэхүү Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын даргын тушаалаар батлагдсан журмаар Засгийн газрын 185 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн зөвлөх үйлчилгээний ерөнхий ангиллыг нарийвчлан тусгай ангилал үүсгэсэн. Энэ тусгай ангиллын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд бүртгэсэн тухайгаа Э ХХК-д Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас 2012 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/2324 тоот албан бичгээр мэдэгдсэн байдаг. Э ХХК-ийн энэ зөвлөх үйлчилгээг үзүүлэх бүртгэл хүчин төгөлдөр байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Харин шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн ...Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож... гэжээ.
Энэ нь шүүх зөвлөх үйлчилгээ үзүүлэх этгээд дангаар бие дааж гүйцэтгэх боломжгүй магадлал хийх үйл ажиллагааг Э ХХК гүйцэтгэж байхаар хүлээн зөвшөөрч, энэ компанид давуу байдлыг бий болгож, Барилгын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргалаа. Барилгын тухай хуульд магадлал хийх ажлыг зохион байгуулах, магадлал хийгч гэсэн 2 өөр ойлголт байгаа. Магадлал хийх ажлыг зохион байгуулах бүрэн эрх бол барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад байгаа бөгөөд үүнд иргэн, аж ахуйн нэгжийн барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэх хүсэлтийг хүлээн авах, түүнтэй гэрээ байгуулах, зураг төслийг магадлал хийгч иргэн, хуулийн этгээдэд хуваарилан, тодорхой чиглэлийн дүгнэлт гаргуулах, магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх, магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг сонгон шалгаруулах, тэдгээртэй гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлэх зэрэг цогц үйл ажиллагаа багтдаг.
Магадлал хийгч гэдэг нь Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д заасан сонгон шалгаруулалтад орж тэнцэж, гэрээ байгуулан тодорхой чиглэлээр магадлал хийдэг иргэн, хуулийн этгээдийг хэлдэг. Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэж заасан. Иймээс Э ХХК нь Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/ болон түүний эрх шилжсэн байгууллага болох Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-тай ямар нэг гэрээ хийлгүй, өөрөө дур мэдэн барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй юм.
Э ХХК нь дээрх байгууллагуудтай магадлал хийх ажлын гэрээ байгуулж байгаагүй. Энэ компани иргэн, аж ахуйн нэгжийн магадлал хийлгэх хүсэлтийг өөрөө хүлээн авч, гэрээ байгуулан, магадлалын ерөнхий дүгнэлт гаргаж байгаа нь магадлал хийх ажлыг хууль бусаар зохион байгуулж байгаа хэлбэр юм. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх, чиг үүргийг Барилгын хөгжлийн төв ТӨҮГ-т Засгийн газрын 47 дугаар тогтоолоор шилжүүлсэн. Магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг одоогийн байдлаар бусад мэргэжлийн хуулийн этгээдэд шилжүүлээгүй. Энэ асуудлаар БХБЯ-наас бодлогын судалгаа хийж, үүний үндсэн дээр 2014 онд Засгийн газрын 251 дүгээр тогтоолыг гаргасан байгаа боловч ийнхүү шилжүүлэх нөхцөл хангагдаагүй гэж дүгнэж, өнөөгийн байдлаар энэ ажил хийгдээгүй. /Засгийн газрын 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 251 дүгээр тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа/ Иймээс шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг өөрчлөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Э ХХК-аас Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл нь хүчин төгөлдөр байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх, Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/760 тоот, Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/385 тоот, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдийг хүчингүй болгуулах, Э ХХК-ийн барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл хууль зүйн хүчин төгөлдөр байгааг баталгаажуулах шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Нэхэмжлэгчээс Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт, Нийслэлийн Аудитын газрын дарга Т.С-д, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газрын дарга Б.Баасанд нарт хүргүүлсэн /Э ХХК-ийг Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож, барилга, байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх аваагүй буюу магадлал хийх эрхгүй, зөвлөх үйлчилгээний гэрчилгээ нь хүчингүй талаар мэдэгдсэн/ дээрх маргаан бүхий албан бичгүүд нь нэхэмжлэгч Э ХХК-ийг эрхийг зөрчиж байгаа талаар маргасан байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм, Цахим мэдээллийн санд мэдээлэл хүлээн авах, хадгалах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг тус тус баримтлан Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Журам батлах тухай 338 дугаар тушаалыг баталсан бөгөөд уг тушаалын үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 185 дугаар тогтоолоор Барилгын зураг төсөл боловсруулах, түүнд магадлал хийх, барилгын үе шатны ажилд хяналт тавих, ашиглалтад оруулах хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх дүрэм-ийг хавсралтаар баталсан байна.
Дээрх дүрмийн 3 дахь хэсгийн 3.1-д Зөвлөх үйлчилгээг дараах байдлаар ангилна, 3.1.2-д хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийг зураг төсөл, норм, норматив боловсруулалтын болон архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийж баталгаажуулах гэж заажээ.
Энэхүү тогтоол, журамд заасныг үндэслэн Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нь 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Барилгын зөвлөх үйлчилгээний Э ХХК нь ГХБГЗЗГ-ын даргын 2011 оны 338 дугаар тушаалаар батлагдсан Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдийг бүртгэх журмын болзол шаардлагыг хангасан тул 3.1.1 ангиллын хүрээнд 4.1.1-4.1.4 заасан ажилбараар, 3.1.2 ангиллын хүрээнд 4.2.1-4.2.9 заасан ажилбараар, 3.1.3 ангиллын хүрээнд 4.3.1-4.3.3 заасан ажилбараар, 3.1.4 ангиллын хүрээнд 4.4.1-4.4.4 заасан ажилбараар, 3.1.5 ангиллын хүрээнд 4.5.1-4.5.4 заасан ажилбараар, 3.1.6 ангиллын хүрээнд 4.6.1-4.6.8 заасан ажилбараар зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдээр бүртгэж гэрчилгээ олгов гэсэн 1/2012 дугаартай Зөвлөх үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ-г Э ХХК-д олгожээ.
Тиймээс дээрх дүгнэлтээр, мөн хэрэг авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нэхэмжлэгч Э ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 185 дугаар тогтоолын хавсралтын 3 дахь хэсгийн 3.1.2-д хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийг зураг төсөл, норм, норматив боловсруулалтын болон архитектур төлөвлөлт, инженерийн техникийн шийдлийн түвшинг тогтоож, магадлал хийж баталгаажуулах гэж зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхтэй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхтэй Э ХХК-ийг Барилга, хот байгуулалтын яамны 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 6/760 тоот, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/385 тоот, мөн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/533 тоот албан бичгүүдээр Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох гэж заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрх аваагүй буюу магадлал хийх эрхгүй, зөвлөх үйлчилгээний гэрчилгээ нь хүчингүй гэж мэдэгдэж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн гэж үзэж, маргаан бүхий албан бичгүүдийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Хариуцагч нар Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, дээрх эрхийг хэрэгжүүлэхийг Барилгын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгох, 6.2.9-д магадлал хийх ажлыг зохион явуулах, 13 дугаар зүйлийн 13.1-д Барилгын зураг төсөлд хийх магадлалыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.2.8-д заасны дагуу сонгосон иргэн, хуулийн этгээд болон зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгэж болно гэж заасан байдаг. Гэтэл Э ХХК нь сонгон шалгаруулалтгүйгээр, барилгын асуудал эрхэлсэн байгууллагатай ямар нэгэн гэрээ хийлгүй өөрөө дур мэдэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эрхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь, Э ХХК-д олгосон Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1/2012 дугаартай Зөвлөх үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Мөн анхан шатны шүүх, Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Э ХХК-ийг Барилгын зураг төсөлд магадлал хийх эрх, бүртгэл хууль зүйн хүчин төгөлдөр байгааг баталгаажуулсан шийдвэр гаргахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Тодруулбал, даалгах нэхэмжлэл нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас эрх зүйн тодорхой акт гаргуулахад чиглэгддэг. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдийн захиргааны акт гаргуулах хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан татгалзсан, эсвэл уг хүсэлтийг нь хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байх зэрэг эс үйлдэхүй гаргах тохиолдолд тодорхой акт гаргахыг даалгах учиртай.
Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэзээ гаргасан ямар хүсэлтийг хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд татгалзсан, биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдал байхгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Э ХХК-д олгосон 1/2012 дугаартай Зөвлөх үйлчилгээний бүртгэлийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байхад нэхэмжлэгчийн дээрх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
Иймд, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ, анхан шатны шүүх шийдвэртээ маргаан бүхий албан бичгүүдийн огноог ...Барилгын хөгжлийн төвийн 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/385 тоот, мөн оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1/533 тоот гэж алдаатай бичснийг давж заалдах шатны шүүхээс ...Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 1/385 тоот, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1/533 тоот гэж зөвтгөсөн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарынсарын 09-ний өдрийн 442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР