Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/86

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Ц.Н

Улсын яллагч Л.Э

Хохирогч Х.Ж

Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Э-д холбогдох эрүүгийн 2225000000014 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

О.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоот хашаанд Х.Ж тай маргалдан, тонгорч унаган, эрүүл мэндэд нь зүүн эгэмний ясны далд хугарал, эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 260 000 төгрөг өгсөн. Нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Төлнө” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Ж  мэдүүлэхдээ: “Ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 4 950 000 төгрөг, эмчилгээний зардалд 300 000 төгрөг нэхэмжлэнэ” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Х.Ж ын “Би нохойны чимээний хажуугаар сайн сонсож чадахгүй байсан болохоор хөрш айлын ах руу явж очиход хашааныхаа гадна гарч ирчихээд над руу толгойгоороо тулчихаад энгэрээс заамдаж аваад байсан. Уг үед би бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Мөн Э  ах ч согтуу байсан. Би гэр лүү нь оруулж унтуулахаар хөтлөөд хашааны хаалгаар ороод явж байтал Э  ах гэнэт намайг унагаачихсан. Зүүн талын гарнаас татаж урагш нь унагаасан. Би газарт унахдаа биеийнхээ зүүн талын хэсэг, зүүн мөр хэсгээр унасан. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас ажлаа үргэлжлүүлж хийж чадахгүй байна. Би сард 1 650 000 төгрөгийн цалин авдаг байсан. 12-2 сард ажлаа хийж чадахгүй тул тухайн гурван сарын цалин болох 4 950 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12,14 дэх тал/

 

2. Гэрч Н.Ц-н “Энэ үед Ж   нь за би энэ ахыг таньдаг юмаа гэрт нь оруулаад өгье гэж хэлээд ах та согтуу байна гээд тэр ахтай хамт хашаа руу нь ороод цааш нь алхаж байсан. Би хараад зогсож байтал үл таних эрэгтэй хүн Ж  ыг барьж аваад газарт унагаасан. Тэгээд би Ж  ыг аваад машин руу явсан. Ж   нь машинд сууж байхдаа зүүн талын гар эвгүй болчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 16-17 дахь тал/

3. Сэжигтэн О.Э ын “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 22 цаг өнгөрч байхад манай хажуу айлын нохой нь хуцаад мөн согтуу залуучууд орилолдоод унтуулахгүй байсан. Тэгэхээр нь би гадаа гараад хашаан дотроосоо манайх нялх хүүхэдтэй унтаж амармаар байна гэхэд 1-41 тоот хашаанд амьдардаг Х.Ж  гэх залуу над руу хашаандаа байна. Чамд ямар хамаатай юм гэх мэтээр хэрүүл хийж байснаа манай хашаа руу орж ирсэн. Би түүний баруун гарнаас нь урагш татахад Х.Ж  газарт бүдрээд уначихсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай “Х.Ж ын биед зүүн эгэмний ясны далд хугарал, эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн эгэмний ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт” /хавтаст хэргийн 24-25 дахь тал/

5. Шинжээч Ч.Б “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу Х.Ж ын биед үүссэн гэмтлийг үзэхэд зүүн эгэмний ясны далд хугарал, эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Зүүн эгэмний ясны далд хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэж тогтоосон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зүүн эгэмний ясны далд хугарал нь газарт унах үед үүсэх боломжтой юм” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг *** тоот хашаанд Х.Ж тай маргаан үүсгэж улмаар газарт тонгорч унаган зүүн эгэмний ясны далд хугарал, эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирлын 300 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Хохирогч Х.Ж ын ажилгүй байсан хугацааныхаа цалинг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Хэргийн үйл баримт, гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Х.Ж ын “Э  ах гэнэт намайг унагаачихсан. Зүүн талын гарнаас татаж урагш нь унагаасан. Би газарт унахдаа биеийнхээ зүүн талын хэсэг, зүүн мөр хэсгээр унасан” гэх мэдүүлэг, гэрч Н.Ц-н “Би хараад зогсож байтал үл таних эрэгтэй хүн Ж  ыг барьж аваад газарт унагаасан. Тэгээд би Ж  ыг аваад машин руу явсан. Ж   нь машинд сууж байхдаа зүүн талын гар эвгүй болчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг, сэжигтэн О.Э ын “Би түүний баруун гарнаас нь урагш татахад Х.Ж  газарт бүдрээд уначихсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 7 дугаартай дүгнэлт, шинжээч Ч.Б “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын дагуу Х.Ж ын биед үүссэн гэмтлийг үзэхэд зүүн эгэмний ясны далд хугарал, эгэмний ясны харалдаа цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Зүүн эгэмний ясны далд хугарал эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэж тогтоосон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Зүүн эгэмний ясны далд хугарал нь газарт унах үед үүсэх боломжтой юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоот хашаанд Х.Ж тай маргалдаж, унаган зүүн эгэмний ясны далд хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Э ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Э-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            Эрүүгийн хариуцлага хохирол, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Ж ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд 3 сарын цалин болох 4 950 000 төгрөг, эмчилгээний зардал 300 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөг нэхэмжилсэн байна. Шүүгдэгч О.Э нь хохирогчийн нэхэмжилсэн 5 250 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан 700 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э аас 5 250 000 /таван сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.Ж  /Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 1-41 тоотод оршин суух хаягтай, РД: ФЖ92101616/-д олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС