Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Баянжаргалын Бат-Юнрэн Лувсанжамбаагийн Дашцэрэн Дэмбэрэлийн Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бат-Юнрэнд, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Даваа, Л.Дашцэрэн нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Даваа, Л.Дашцэрэн, Б.Бат-Юнрэн нарт холбогдох 2123000000049 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Богдын гол баг Шагж аваргын хэсэг 10-1012 тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/95 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Шар Нуруу овогт Баянжаргалын Бат-Юнрэн, Регистрийн дугаар: ИФ87121717

Монгол улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамир-эрүүл мэндийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Цагаанхайрхан сумын Байгаль хамгаалагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамтаар Завхан аймаг Цагаанхайрхан сум Агьт багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял оногдуулсныг 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Баян овогт Лувсанжамбаагийн Дашцэрэн, Регистрийн дугаар: ИР88122711

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, Цагаанхайрхан сумын Хөдөө аж ахуйн тасагт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймаг Цагаанхайрхан сум Онц багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Түмэн овогт Дэмбэрэлийн Даваа, Регистрийн дугаар: ИР91102819

Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Болоржин” зочид буудал дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Даваатай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Болоржин” зочид буудал дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бат-Юнрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар Б.Бат-Юнрэнгийн нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Болоржин” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Даваатай маргалдаж толгойн тус газар архины шилээр цохисон. Шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах “Болоржин” зочид буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бат-Юнрэнтэй маргалдаж нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Тухайлбал: Хохирогч Д.Даваагийн Б.Бат-Юнрэнд архины шилээр толгой руугаа цохиулсан талаар шууд тусган мэдүүлсэн “2021 оны 03 дугаар сарын 07- ны өдөр 19 цагийн үед “Болоржин” зочид буудалд найз Дашцэрэнгийн хамт сууж байсан. Тэгээд гаднаас Нэргүй болон Бат-Юнрэн хоёр орж ирсэн. Тэгээд БатЮнрэн хоёр гурван удаа над руу дайрсан ...архины шилээр миний дагз хэсэг рүү цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиж аваад Бат-Юнрэн бид хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Тэр хооронд манай найз Дашцэрэн салгах гээд дундуур орж ирсэн. Дундуур орж ирээд Бат-Юнрэнг татаад аваад явсан. Тэгсэн буудлын хүн хүрч ирээд та нар юу болж байна больцгоо хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Тэнд Бат-Юнрэн, Дашцэрэн, Нэргүй бид дөрөв байсан, өөр хүн байгаагүй. Тэнд байсан бүх хүмүүс согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. ...гаднаас Нэргүй, Бат-Юнрэн хоёр орж ирээд нэг шил Ерөөл нэртэй 0.75 литрийн архи оруулж ирээд хуваагаад уусан. Тэгээд архиа ууж дуусаагүй тал дунд нь оруулаад зодоон болсон. ...Миний толгойны арын дагзны хэсэгт 3 см арьс язарсан... Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, Д.Даваа, Л.Дашцэрэн нарт зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Б.Бат-Юнрэнгийн “2021 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 03 цагийн үед би найз Нэргүйн хамт “Болоржин” зочид буудалд Юндэндорж, Даваа, Дашцэрэн гурав дээр очсон юм. Бид нарыг очоод удаагүй байтал Юндэндорж яваад өгсөн. Тэнд очоод 1 шил архи уугаад сууж байгаад Даваатай зодолдсон байсан... Тэр өдөр намайг Даваа, Дашцэрэн хоёр нийлээд зодож цохисон байна лээ. Би маргааш нь буудлын хяналтын камерыг очиж үзэхэд тэр хоёр намайг нийлж зодсон байсан. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир зарим зүйлийг нь мэдэхгүй байгаа. Би яг хэн нь хэдэн удаа цохиод байсныг бол мэдэхгүй байна. Ямар ч байсан бичлэгээс харж байхад тэр хоёр нийлээд намайг өшиглөөд зодоод цохиод байгаа харагдаж байна лээ. Би ...ганцхан Даваатай зодоон хийсэн гэж бодож байсан чинь үгүй юм билээ. Дараа камерын бичлэг харахад тэр хоёр намайг нийлж зодсон байна лээ. Уг үйлдлээс болж миний биед нүд хөхрөөд хамар муруйсан, бас үүдэн гурван шүд унасан. Надад уг асуудалтай холбоотой миний хохирлыг барагдуулаад өгчихвөл гомдол санал байхгүй. Би өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарах зардлыг нэхэмжилмээр байна... Адилхан ууж зодолдсон тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Нэргүйн “Тэр өдөр Бат-Юнрэн бид хоёр манайд хоол идчихээд гараад Бат-Юнрэнгийнд очоод нэг шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа хувааж ууж дуусчихаад Бат-Юнрэн бид хоёрыг гэрээсээ гаргаж өгөөд зогсож байтал миний утас дуугараад Юндэндорж гээд залуу над руу залгаж таарсан. Тэгсэн чинь хөдөөнөөс Дашцэрэн, Даваа хоёр ирчихсэн бид гурав “Болоржин” зочид буудлын 205 тоот өрөөнд байна гэхээр нь би Бат-Юнрэнд “Тэд нар залгаж байна очих уу” гэсэн чинь Бат-Юнрэн “Тэгье” гээд гурвуулаа Болоржин зочид буудалд очсон. ...буудал руу яваад ороход Даваа, Бат-Юнрэн хоёр жоохон муудалцсан бололтой байсан. Тэгээд Дашцэрэн, Даваа хоёр нэг шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн. Тэрийг уугаад сууж байтал Даваа, Бат-Юнрэн хоёр хоорондоо муудалцах гээд байсан. Даваа, Бат-Юнрэн хоёр бие биенээ танихгүй учир хоорондоо таарамж муутай байсан. Би танилц гээд хооронд нь танилцуулсан. ...Л.Даваа, Б.Бат-Юнрэн хоёр хоорондоо эвлэрээд гар барьсан. Тэгээд би Дашцэрэнтэй юм яриад тэврэлдээд байж байтал гэнэт Даваа, Бат-Юнрэн хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгээд би Бат-Юнрэнг аваад өрөөнөөс гарсан. Дашцэрэн Давааг салгасан. Салгаад гадаа коридорт байж байтал ахиад зодоон болсон. Тэгээд хоорондоо зодоон хийгээд байсан би салгаж хүчрээгүй. Тэр буудлын үйлчлэгч эгчийг ирэхээр нь цагдаа дуудаад өгөөч гээд цагдаа дуудуулсан. Би тухайн үед бага зэрэг согтуу байсан учир зарим зүйлийг бас сайн санахгүй байна. Тэнд Бат-Юнрэн нь Даваа, Дашцэрэн хоёртой хоёулантай нь зодоон хийгээд байх шиг байсан. Даваа, Дашцэрэн хоёр нийлээд Бат-Юнрэнг зодоод байсан. Би дунд нь салгах гээд чадаагүй. Нэгийг нь салгахаар нөгөөх нь очиж зодоод байсан. Тэр хооронд нэг харсан Бат-Юнрэнгийн нүд нь хөхөрчихсөн. Нэг харсан чинь газарт хүний шүд унасан харагдаж байсан. Зодоон эхлэх үед Даваа, Бат-Юнрэн хоёрыг салгахад Даваагийн толгойн ар хэсгээс нь тэр чигээрээ цус болсон байсан. Тэгээд Даваа уур нь хүрээд Бат-Юнрэнтэй зодоон хийсэн. Хажуугаас нь Дашцэрэн бас нийлж зодоон хийсэн. Тэгээд арай гэж салаад байж байтал цагдаа нар ирсэн. Би бүүр салгаж хүчрэхгүй байна эгч минь цагдаа дуудаарай гээд үйлчлэгч эгчид хэлээд цагдаа дуудуулсан... Энэ зодоон цохионы асуудал Болоржин зочид буудалд шөнө дунд болсон. ...Эхлээд Даваа, Бат-Юнрэн хоёр хоорондоо зодоон хийсэн. Тэгээд салгасны дараа ахиад гурвалжин зодоон болсон... Даваагийн толгойн ар хэсэгт цус гарсан байсан. Хүзүү нь нэлээн их цус болсон байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Бат-Юнрэнгийн үйлдлийн улмаас хохирогч Д.Даваагийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 00000099 дугаартай “Д.Даваагийн биед тархи доргилт, дагзны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-Юнрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000000100 дугаартай “Б.Бат-Юнрэнгийн биед дээд баруун 1, 2-р шүдний мултрал, дээд зүүн 1-р шүдний хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, хамрын хянга ясны хугарал, хамрын таславч ясны муруйлт, дээд, доод уруулын дотор талд шарх, цус хуралт, хамрын нуруунд зулгаралт хавдар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт хавдар, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээд баруун 1, 2-р шүдний мултрал, дээд зүүн 1-р шүдний хугарал гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд 10 хувиар нөлөөлнө. Бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргажээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь Д.Даваатай маргалдаж түүний толгойн тус газарт архины шилээр цохисон үйлдэлдээ, Л.Дашцэрэн, Д.Даваа нар нь бүлэглэн Б.Бат-Юнрэнгийн нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандсан, харилцан бие, биедээ хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулсан. Шүүгдэгч Б.Бат-Юнрэн нь бусдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж харилцан зодолдож бие, биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй. Шүүгдэгч Д.Даваа, Л.Дашцэрэн нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Б.Бат-Юнрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Бат-Юнрэнг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Даваа, Л.Дашцэрэн нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч нараас болон хохирогчид хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй байна. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгч Б.Бат-Юнрэн, Д.Даваа, Л.Дашцэрэн нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Б.Бат-Юнрэн, Д.Даваа, Л.Дашцэрэн нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Болоржин” зочид буудлын хяналтын камер бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргах нь зүйтэй. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баян овогт Лувсанжамбаагийн Дашцэрэн, Түмэн овогт Дэмбэрэлийн Даваа нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шар Нуруу овогт Баянжаргалын Бат-Юнрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Юнрэнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа нарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа, Б.Бат-Юнрэн нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа, Б.Бат-Юнрэн нарт тус бүр оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Болоржин” зочид буудлын хяналтын камер бичлэг бүхий СД-г хэрэгт хавсаргасугай.

6. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч Л.Дашцэрэн, Д.Даваа, Б.Бат-Юнрэн нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэ л бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА