Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/500

 

 

 

 

 

 

 

2022           05          09                                 2022/ШЦТ/500

 

 

                               

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Д.Л, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа нар оролцсон эрүүгийн 2203001390209 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн удирдлагын мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт ........................ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ..................,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Л нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж, 9 дүгээр хорооны байрны зүүн талын замд “Nissan Vanette” маркийн 01-35 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасан заалтуудыг зөрчиж, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангалгүй, унадаг дугуйтай чигээрээ яваа Т.Төмөрсүхэд зам тавьж өгөлгүй, мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2203001390209 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч:

-2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 05-11 дүгээр тал),

-2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Камерийн бичлэгт хийсэн “...эргэх үйлдэл хийн замын тусгаарлах үргэлжилсэн цагаан шугам давах гэж байх үедээ тусгаарлах цагаан шугам даган явж байсан унадаг дугуйтай зорчигчтой машины урд хэсгээрээ мөргөлдөж, улмаар унадаг дугуйтай зорчигч тусгаарлах шугамын ойролцоо унаж байв...” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 13 дугаар тал),

-2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр би 16 цагийн үед ажлаа тарчихаад унадаг дугуй унаад гэр лүүгээ харих гээд явж байсан юм. Ингээд ...Дөлгөөн нуур гэх газрын орчимд байрлах Хоймор төвийн харалдаа урд талынх нь эсрэг урсгалтай 4 эгнээ замын голын тусгаарлах шугамаар хойноос урагш чиглэлтэй явж байсан. Тэгтэл замын хойноос урагш чиглэх урсгалын 1 дүгээр эгнээнд зогсож байсан машин бүтэн эргэх гээд маш хурдтай эргэхдээ тусгаарлах шугам дээр миний зүүн талаас мөргөж унагаасан. Ингээд жолооч эмэгтэй нь машинаа зогсоож бууж ирээд “эмнэлэгт үзүүлье” гэж хэлээд өрхийн эмнэлэг рүү дагуулаад явсан. Тэгээд өрхийн эмнэлэг дээр очсон чинь “харьяалалгүй хүн учраас үзэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл тухайн жолооч нь “өнөөдөр амралтын өдөр юм чинь эмнэлгүүд амарч байгаа байх, тиймээс хоёулаа маргааш хамт явж үзүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би утасны дугаарыг нь аваад үлдсэн. Ингээд маргааш нь болоод жолооч эмэгтэйгийн 99904399 дугаарын утас руу залгасан чинь ерөөсөө утсаа авахгүй болохоор нь өөрөө гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Би эмнэлэгт үзүүлэхэд зүүн өвдөгөнд гэмтэлтэй байна гэсэн” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 20 дугаар тал),

-2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хариуцагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Энэ машиныг би 2021 оны 5 дугаар сард худалдаж авч байсан бөгөөд тэрнээс хойш эхнэр бид хоёр унаж хэрэглэж байна. Энэ машин бол миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Эхнэр бид хоёрын хувьд бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 26 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “1.Т.Тйн биед зүүн өвдөгний коллатерал холбоосны хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 4307 дугаартай дүгнэлтийг (хавтаст хэргийн 33-35 дугаар тал),

-Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “...1.Ниссан Ванетте маркийн 01-35 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Унадаг дугуйтай зорчигч Улаалзай хөгдүүд овогт Төмөрбаатарын Төмөрсүх нь “25.4. Унадаг дугуйг 14-өөс, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээгээр явах бөгөөд дараахь тохиолдолд зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно. а/унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх 408 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Л нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Д.Л нь 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж, 9 дүгээр хорооны байрны зүүн талын замд “Nissan Vanette” маркийн 01-35 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4-т заасан заалтуудыг зөрчиж, чиг өөрчлөх, байр эзлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангалгүй, унадаг дугуйтай чигээрээ яваа Т.Төмөрсүхэд зам тавьж өгөлгүй, мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн болон яллах дүгнэлтэд дурдагдсан Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 05-11 дүгээр тал), камерийн бичлэгт хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар тал), хохирогч Т.Тйн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар тал), иргэний хариуцагч Б.Батмэндийн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар тал), хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 4307 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал), мөрдөгчийн 408 дугаартай магадлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхтэй болох нь хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээллийн хуулбар /жолооны үнэмлэхний дугаар-1070279/ (хавтаст хэргийн 89 дүгээр тал)-аар нотлогдож байгаа тул түүнийг В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч гэж үзнэ.

Хэдийгээр хохирогч Т.Тнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт болох “унадаг дугуйн зам буюу унадаг дугуйн эгнээ байхгүй, эсхүл түүгээр явах боломжгүй тохиолдолд” гэх заалтыг зөрчсөн гэх боловч осол гарах үндсэн шалтгаан нь шүүгдэгч Д.Лгийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 10.4 дэх заалтуудыг зөрчихдөө бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсаны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо объектив болон субьектив шинжүүдээс гадна бусдын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал, бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгч Д.Лгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Уг зам тээврийн ослын улмаас хохирогч Т.Тйн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 4307 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 33-35 дугаар тал)-ээр тогтоогдож байна.

 

Хохирогч Т.Тд шүүгдэгчийн зүгээс эмчилгээтэй холбоотой нийт 335,800 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь (хавтаст хэргийн 84 дүгээр тал) нотлогдож байгаа бөгөөд мөн Тээврийн прокурорын газарт хохирогч Т.Т нь “2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Дөлгөөн нуур, Хоймор төвийн урд зам дээр тээврийн хэрэгсэлд мөргүүлэн гэмтэж бэртсэн гэх гомдол мэдээллийг шалгаж хохирол нөхөн төлбөрийг төлж барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол мэдээлэл саналгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нь хохирогчид учруулсан шууд хохирлыг нөхөн төлж барагдуулсан байна гэж дүгнэлээ.

Харин цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай бол хийлгэсэн эмчилгээний баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Д.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний нэхэмжлэгч Б.Бн “Би өөрийн эхнэр Лнтэй суугаад 12 жил болж байна. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй. ...Эхнэр маань зан аашийн хувьд шулуун шударга зантай, муухай ааш араншин байхгүй, зөөлөн хүн байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал), гэрч Г.Бийн “...Миний найз Д.Лн нь нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Зан аашийн хувьд элдэв зангүй, маш сайн найз байж чаддаг, нэг л зангаараа байдаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дүгээр тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Л нь.............. 3 хүүхдийн хамтаар амьдардаг, урьд ял шийтэл эдэлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хамт хэрэгт хадгалан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ................. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 7. Шүүгдэгч Д.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН