| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2017/02966/И |
| Дугаар | 102/ШШ2017/02422 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02422
| 2017 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/02422 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 1 дүгээр гудамж 16 тоотод оршин суух, Ван овогт Сэрээтэрийн Нэргүйн,
Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Н оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Н нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Н миний бие нь Улаанбаатар төмөр замын секторын харъяа Багахангайн цэцэрлэгт 1992 оны 9 дүгээр 07-ны өдрөөс сувилагчийн туслахаар анх ажилд орсон. Ингээд 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гарсан тушаалд С.А. гэж буруу нэрээр гаргасан байдаг. Иймд уг буруу бичигдсэнийг С.Н болгож, бичиг баримтын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Сэрээтэрийн Нэргүй нь тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Н нь “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалд Сэрээтэрийн Алтантогос гэж бичигдсэний улмаас тэтгэвэр тогтоолгож чадахгүй болсон тул уг “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/147 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Н нь “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалд Сэрээтэрийн Алтантогос гэж бичигджээ.
Эрх олгосон уг бичиг баримтад бичигдсэн С.А төрсөн он, сар, өдөр, нэр нь түүний түүний төрсний гэрчилгээ /хх-6/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, “УБТЗ”-ын Төрөлжсөн архивын тодорхойлолт /хх-7/, Хүүхдийн байгууллагын секторын боловсон хүчний тодорхойлолт /хх-8/, 1999 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б-66 тоот “Хөдөлмөрийн гэрээ байгуулах ба дуусгавар болгох тухай” тушаал /хх-10/ зэрэг бичиг баримтуудад бичигдсэнтэй тохирч байх тул С.Нгийн хүсэлтийг хангаж, түүнийг “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, … регистртэй, Ван овогт С.Н “УБТЗ”-ын Хүүхдийн байгууллагын секторын даргын 1992 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Ажиллуулах ба ажлаас чөлөөлөх тухай” Б/147 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА