Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

            Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт,

Нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Буянтогтохын Эрдэнэцогтод холбогдох эрүүгийн 2233000170025 тоот хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын сарын 00-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 0 дүгээр баг, 0 дугаар байр 0-0 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Буянтогтохын Эрдэнэцогт /РД:М-/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Б.Эрдэнэцогт нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 6 байрны 3 дугаар орцны хонгилд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж М.Эрхэмбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан мэдүүлэг, дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав:

Улсын яллагчаас

- 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, 

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-23-р хуудас/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №70 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

 -Хохирогч М.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 98-99-р хуудас/,

-Гэрч Т.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/,

-Гэрч Ш.Баасантогтохын  мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

-Яллагдагч Б.Эрдэнэцогтын мэдүүлэг /хх-ийн 113-115-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэсэн болно.                                                                                                    

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг 6 байрны 3 дугаар орцны подвальд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас /манай подвальд хоноод яв, явахгүй гэх үл ялих зүйлээс болж/ маргалдаан М.Эрхэмбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

- Шүүгдэгч Б.Эрдэнэцогтын өгсөн: “...Хотод эхнэртэйгээ цуг очиж 3 сар ажил хийсэн. Гэртээ ирээд эхнэртэйгээ цуг найз Эрхэмбаярынд очсон. Эрхэмбаяр бид хоёр 3 шил архи уугаад нэлээн орой болсон байсан. Эрхэмбаяр намайг гэртээ хоночихоод яв гээд би гэртээ дөнгөж ирсэн болохоор гэртээ харьж хононо гэснээс болж маргалдсан байсан. Тэгээд хоорондоо гар зөрүүлсний улмаас найзынхаа биед хөнгөн гэмтэл учруулсан. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Эрхэмбаяр бид 2 гэр бүлийн найзууд. Надтай цуг онцгой байдалд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:  

-Хохирогч М.Эрхэмбаярын  өгсөн: “...Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар бүх зүйлийг ярьсан. Ер нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш ойрхон Эрдэнэцогт эхнэртэйгээ манай дэлгүүр дээр хотоос ирлээ гээд ирсэн. Тэгээд манай дэлгүүрт 1 шил 0.75 литрийн Хараа уусан дараа нь 6 дугаар байрны 3 дугаар орцонд байдаг манай эзэмшлийн подвальд орж 1 шил архийг Эрдэнэцогт, Анхтуяа, Баасантогтох, Ариунаа бид 5 уусан юм. Тэгээд ууж эхлээд Ариунаа, Анхтуяа  нар унаад өгсөн юм. Тэгээд архиа ууж дуусчихаад Эрдэнэцогт гэртээ харина гэхээр нь чи согтуу гэртээ харьж яах юм хариад бас агсам бас агсам согтуу тавиад унана гээд явуулахгүй гэсэн чинь надтай маргалдаад байсан. Би тольны ойролцоо шар сандал дээр сууж байхад Эрдэнэцогт босч ирээд намайг архины шилээр цохиод би тухайн үедээ ухаан балартаад сэргэхэд толь хагараад миний хамаг юм цус болчихсон бие энд тэндгүй зүсэгдчихсэн Эрдэнэцогттой зууралдаад ноцолдож байсан. Бид хоёрыг Баасантогтох салгаж байсан. Ариунаа, Анхтуяа нар унтаж байсан бөгөөд тухайн үед босч ирсэн байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99-р  хуудас/,

 

-Гэрч Т.Ариунаагийн: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед санагдаж байна би нөхөр Эрхэмбаяртай хамт 7 дугаар байрны 01 тоотод байдаг “Энхмөнх”  хүнсний дэлгүүртээ худалдаагаа хийгээд байж байхад Эрдэнэцогт эхнэр Анхтуяагийн хамт Улаанбаатар хотоос ирлээ гээд халамцуухан архи үнэртүүлчихсэн ойрд уулзалдаагүй гээд чихэр жимс 1 шил хараа нэртэй 0,75 архи аваад ирсэн. Тэгээд Эрхэмбаяр, Эрдэнэцогт, Анхтуяа бид 4 тухайн архийг уусан юм. Би олон удаа норкозонд орж байсан болохоор юмаа мартаж санаад байдаг бөгөөд хурдан согтдог юм. Тэгээд дэлгүүрээс гараад 6 дугаар байрны 2 дугаар орцонд байдаг манай хувийн хэрэгцээний агуулах маягаар ашигладаг подвальд орцгоосон юм. Тэнд ороод нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг манайх аваад Эрдэнэцогт, Анхтуяа нарын хотод ажиллаж байсан зургийн студийн талаар ярилцаад сууж ууцгаасан юм. Тэгээд юу болсныг мэдэхгүй би унтчихсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь бөөн шуугиан болоод тас түс гээд юм дугарахаар нь сэрээд өндийсөн чинь тэд нар бөөн зодоон болоод наашаа цаашаа унацгаагаад зууралдсан байдалтай байсан. Би тэгээд зодоон болж байсан үүдний хэсэгт гарч ирээд буйдан дээр суугаад болиоч гээд байж байснаа бүдэг бадаг санаад байгаа юм. Тэгээд нэг мэдсэн чинь унтчихсан байсан тэгээд цагдаа нар хаалга нүдээд орж ирж байх үед сэрсэн... гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуудас/,

-Гэрч Ш.Баасантогтохын: “...2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сайхан сум 1 дүгээр баг, 7 дугаар байранд ах Энхболдын гэрт очих гээд Овоот хорооллоос төв рүү орж ирсэн. Тэгээд замаараа М.Эрхэмбаярын дэлгүүрээр орсон чинь Эрдэнэцогт эхнэртэйгээ саяхан хотоос ирсэн гээд байж байсан. Тэгээд М.Эрхэмбаяр, эхнэр Ариунаа, Эрдэнэцогт, эхнэр 11. бид тав 6 дугаар байрны 3 дугаар орцны подвольд руу орж тэнд 1 шил архи хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн чинь Эрхэмбаяр, Эрдэнэцогт хоёр хоорондоо муудалцаад зодолдож байсан. Тэгэхлээр нь би салгах гээд голоор нь орсон чинь хэн гэдгийг нь мэдэхгүй нэгнийх нь гар санамсаргүй ирээд миний нүүр хэсэг рүү цохичихсон. Тэгээд удалгүй салцгааж Эрдэнэцогт, Анхтуяа хоёр харих гээд гарч явсан. Харин Эрхэмбаяр бид хоёр тэндээ унтаж амрахаар хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,

-Х.Анхтуяагийн: ...Би өөрийн нөхөр болох Эрдэнэцогтын хамт Улаанбаатар хотод 2021 оны 12 дугаар сарын 22-ны 14 цагийн үед ирсэн юм. Тэгээд Улаанбаатар хотод 2-3 сар ажил хийж байгаад ирсэн учраас манай нөхөр Эрхэмбаяр, Ариунаа нартай уулзаад ирнэ гээд явсан юм. Тэгээд 1 цаг гарангийн дараа Эрдэнэцогт Эрхэмбаярын подвальд хүрээд ир хэдүүлээ жоохон юм ярьж сууя гэж хэлсэн юм...Тэнд ороход Эрхэмбаярынх 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад орсон юм. Тэнд хэсэг байж байгаад Баасантогтохыг утсаар Эрдэнэцогт дуудаад Баасантогтох ирсэн юм. Тэгээд тухайн архи ууж байснаа санаж байна. Тэгээд Ариунаа бид хоёр согтоод нэг хэсэг унтчихсан байсан бөгөөд хүмүүс маргаад түжигнээд байхаар нь сэргэсэн чинь Баасантогтох Эрхэмбаяр, Эрдэнэцогт нар маргалдаад зодолдож байсан.  Яг юунаас болоод маргасан гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд Эрдэнэцогт бид хоёр гэртээ харина гээд гарах гэсэн Эрхэмбаяр подвалийн үүдэнд хоноод яв гээд гарнаас нь нэлээд цус гарчихсан зогсож байсан. Тэгээд Эрдэнэцогт бид хоёр гэртээ хариад унтах гэсэн чинь хүүхдүүд хонго чинь ангайчихсан байна яасан юм бэ гэж хэлэхээр нь эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Би бодохдоо тэр гурвыг зодолдож байхад дундуур нь орохдоо унасан байх гэж бодож байна. Тэр гуравыг зодолдож байхад хананд нь байдаг байсан том толь хагараад газраар нэг толь шилний хагархай болчихсон байсан. Намайг хэн нэгэн цохиж зодож миний хонго руу хатгасан гэдгийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №70 дугаартай

“1.М.Эрхэмбаярын биед нуруу, зүүн бугалга, хэвийн зүүн өмнө, баруун гарын шуунд шархнууд, нүүр, цээжний зүүн өмнө цус хуралт, доод эрүү, хамар орчим, цээжний баруун өмнө, зүүн гарын шуунд зулгаралт тогтоогдлоо.

2.Дээрх шархнууд нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг шархнууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4. М.Эрхэмбаярын биед тогтоогдсон цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

5.Уг цус хуралт, зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6.М.Эрхэмбаярын биед илэрсэн гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/, 

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-09-р хуудас/,

-2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-23-р хуудас/

-Согтуурал хэмжсэн тодорхойлолт /хх-ийн 78, 80 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын газраас Б.Эрдэнэцогтыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас М.Эрдэнэцогттой маргалдан /манай подвальд хоноод яв, явахгүй гэх үл ялих зүйлээс болж/ зодож М.Эрхэмбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд  хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх  нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт “найз нартайгаа удаан хугацаанд уулзаагүй” гэх шалтгаанаар нь ахуйн хүрээнд архидан согтуурч 2.02 хувийн согтолттой /дунд зэргийн согтолт/ байхдаа бусадтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, М.Эрхэмбаярыг архины шилээр цохиж, зодолдох явцад хажууд нь байсан толь хагарч М.Эрхэмбаярын биед олон тооны зүсэгдсэн шарх учруулан санаатайгаар биед нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл, хохирогчид учирсан хор, хохирол /гэмтэл, шарх/ хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуульд заасан бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүхий л шинжийг хангасан байна гэж шүүх дүгнэлээ.   

Мөн шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчтай маргаагүй ба өөрийгөө өмгөөлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч М.Эрхэмбаяр нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Б.Эрдэнэцогтод холбогдох Эрүүгийн хэрэгт хохирогчоор  оролцож байгаа ба 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагт болох шүүх хуралдаанд миний бие оролцохгүй, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх  тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр үгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэцогт нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна. /хх-ийн 123 тал/

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эрдэнэцогтыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр, хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Энэ ялыг шүүхээс тогтоосон хугацаа болох 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт “ Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Эрдэнэцогтод мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэцогтод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Буянтогтохын Эрдэнэцогтыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Эрдэнэцогтод оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрдэнэцогтод авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН