Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0451/Э |
Дугаар | 2022/ШЦТ/488 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 22.4.4., 22.4.5., |
Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/488
2022 05 09 2022/ШЦТ/488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүгдэгч: Л.Д, Д.Б, Д.П,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,
Улсын яллагч: Г.Эрдэнэ нар оролцсон эрүүгийн 2202000000118 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ................ ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .............тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ........../;
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх .............. ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Б................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ............./;
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, амьтан судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт ................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ................/.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Л.Д нь ..........даа, тус ......... Д.Б санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 232 тоотын гадна иргэн Д.П, Б.С нарыг 14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа үйлдлийг илрүүлсэн атлаа, тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Пгийн “14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нөхцөл байдлаа шалгуулж шийдвэрлүүлэхгүйгээр жолооны үнэмлэх, бичиг баримтаа авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй талаарх тухайн үйлдлийг хууль, журмаар өөрсдөд нь шалгаж шийдвэрлэхээр шууд харьяалуулаагүй боловч харьяа дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст мэдэгдэх, хүргэж шалгуулах буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.8-д заасан “зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх” гэж заасан болон мөн хуулийн 32 дугаар зүйл “Согтуурсан мансуурсан байдлыг шалгах”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоотод байрлах Хаан банкны Автомат теллер машины ойролцоох зам дээр 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Д.Пгээс бэлэн 200,000 төгрөгийг хахуульд авсан гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолоочоор ажиллаж байхдаа, тус тасгийн эргүүлийн офицер Л.Дтэй санаатай нэгдэж бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 232 тоотын гадна иргэн Д.П, Б.С нарыг 14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа үйлдлийг илрүүлсэн атлаа, тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Пгийн “14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нөхцөл байдлаа шалгуулж шийдвэрлүүлэхгүйгээр жолооны үнэмлэх, бичиг баримтаа авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй талаарх тухайн үйлдлийг хууль, журмаар өөрсдөд нь шалгаж шийдвэрлэхээр шууд харьяалуулаагүй боловч харьяа дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст мэдэгдэх, хүргэж шалгуулах буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5.8-д заасан “зөрчлийг гарсан газарт нь шуурхай шийдвэрлэх боломжгүй, эсхүл хүний бичиг баримтыг шалгах болсон бусад үндэслэлийг тухайн газарт шалгаж тогтоох боломжгүй бол цагдаагийн байгууллагад хүргэх” гэж заасан болон мөн хуулийн 32 дугаар зүйл “Согтуурсан мансуурсан байдлыг шалгах”-д заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоотод байрлах Хаан банкны Автомат теллер машины ойролцоох зам дээр 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Д.Пгээс бэлэн 200,000 төгрөгийг хахуульд авсан гэх гэмт хэрэгт,
Шүүгдэгч Д.П нь 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 232 тоотын гадна иргэн Б.Стэй 14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, жолооны хүрдний ард сууж байгаад тухайн нөхцөл байдлыг газар дээр нь илрүүлсэн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер Л.Д, эргүүлийн цагдаа жолооч Д.Б нарт албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нөхцөл байдлаа шалгуулж шийдвэрлүүлэхгүйгээр жолооны үнэмлэх, бичиг баримтаа авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоотод байрлах Хаан банкны Автомат теллер машины ойролцоох зам дээр 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор бэлэн 200,000 төгрөгийг хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2202000000118 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
-Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас хийсэн албаны шалгалтын материалын эх хувийг (хавтаст хэргийн 04-33 дугаар тал),
-Албаны шалгалтын материалд авагдсан Д.Б, Л.Д нараас тус бүр 100,000 төгрөгийг буюу нийт 200,000 төгрөгийг бэлнээр хураан авсан тухай тэмдэглэлийг (хавтаст хэргийн 18-22 дугаар тал),
-Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 06/3426 дугаартай албан бичгийн хавсралт болох “...№5. Эргүүлийн автомашины улсын дугаар: 14-37УАМ, Дуудлага: Бэлх-115, Автомашины марк: Ренуал дастер, д/ч Л.Д, д/а Д.Б, Лх-24, Авто эргүүлийн зогсох байршил, хяналт тавих цэг, цаг хугацаа, хариуцах нутаг дэвсгэр: 16-р хороо, Бэлхийн 10, 11, 26, 33-р гудамж, ...08 хороо, Бэлх, Сэлхийн уулзвар,...” гэсэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлд 2022.02.14-ноос 2022.02.20-ны өдрүүдэд ажиллах алба хаагчдын 7 хоногийн томилгооны хуулбарыг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
-2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Л.Д, Д.Б нараас хураан авсан ...тоот серийн дугаар бүхий нийт 200,000 төгрөгийн дэвсгэртүүдийг хураан авч эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 38 дугаар тал),
-Иргэн Д.Пгийн Хаан банкны 5041261470 дугаартай данснаас 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 цаг 12 минутад 200,000 төгрөг зарлагаар гарсан дансны хуулгыг (хавтаст хэргийн 42 дугаар тал),
-2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр АТМ-ийн камерийн бичлэгт үзлэг хийсэн “...хяналтын камерийн баруун хэсгээс саарал өнгийн малгайтай, хар өнгийн куртик, саарал өнгийн өмд, хар өнгийн гуталтай эрэгтэй алхаж ирээд АТМ байрлах барилга руу орж байгаа, ...ногоон өнгийн картыг АТМ рүү хийж, гүйлгээний мөнгөн хэсэгт 200,000 төгрөгийг үнийн дүнд оруулж, мөнгийг бэлнээр гарган авч байгаа, ...гараад баруун зүгт явж байгаа дүрс бичигдсэн байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (хавтаст хэргийн 43-45 дугаар тал),
-2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрч Б.Сгийн “...00:00 цаг өнгөрч байхад бид хоёр нэлээн даараад байхаар нь машинаа асаагаад паар тавиад сууж байхад гудамжаар машин гэрлээ тусгаад хүрээд ирсэн. Тэр машин хүрээд ирэхэд нь харахад дунд зэргийн хэмжээтэй цагдаагийн машин ирээд ард зогссон. Хоёр цагдаа бууж ирээд машины хаалга онгойлгоод буугаад ир гэсэн. Тэгээд юу юугүй л “архи уулаа, жолооны ард архи уулаа, үнэмлэхээ өг, машиныг чинь ачуулна” гээд шалгасан. Бид хоёр жоохон уучихсан байсан болохоор болдоггүй юм байх гэж бодсон. Машин ачна, торгоно, одоо ачилтын машин дуудна, хэдээр торгох уу гээд байсан. Манай найз Пүрэвсүрэн “би машинаараа ажлаа хийдэг юм, машин ачуулахгүй байж болох уу” гэхэд тэр хоёр цагдаагийн арай том биетэй цагдаа нь “жолооны ард сууж байсан хүний эрхийг хасна, машиныг нь ачуулна” гэсэн. Би тэр том биетэй цагдаад нь хандаад “хэрвээ эрх хасах юм бол би эрхээ хасуулчихъя, би жолооны үнэмлэхтэй, манай найз машинаараа ажил хийдэг юм” гээд гуйсан. Тэгсэн чинь тэр том биетэй цагдаа нь “та хоёр юу ч гэсэн машины арын суудалд суугаадах” гэсэн. Бид хоёр машины арын суудалд суусан чинь гудамжны үзүүр рүү зөөлхөн хөдлөөд явсан. Би ингээд ачаад явчихдаг юм байхдаа гэж бодоод айсан. Бид хоёрыг суух үед “одоо машиныг нь ачилтын машин дуудаад ачуулна, та хоёрыг эрүүлжүүлэх байранд аваачиж өгнө, тэгээд эрхийг чинь хасна, 300,000-400,000 төгрөгөөр торгоно” гэсэн. Машинтайгаа гудамжаар зөөлхөн яваад байхаар нь би ингээд шууд авч явж байгаа юм байна, ард байгаа машиныг нь шууд ачих юм байна гэж ойлгоод тэр хоёр цагдаагаас “нэг удаадаа ингээд өнгөрөөчхөөч, үнэхээр ийм байна” гээд гуйсан. ...Замдаа гудамжаар зөөлөн явж байхдаа тэр хоёр цагдаа хоорондоо яриад “одоо энэ хоёрыг яана аа, та хоёрыг одоо яамаар ч юм бэ дээ” гэж байсан. Тэгээд бид хоёр гуйсан. Миний бодлоор ерөнхийдөө бид хоёроос ам сонсох гээд, “та хоёрт ямар санаа оноо байна, 400,000 төгрөгөөр торгоно” гэж ярьсан учраас манай найз “надад 200,000 төгрөг байна, энийгээ өгөөд машинаа ачуулахгүй салчихъя” гэж гуйсан. Тэр хоёр цагдаа хоорондоо “дараа нь асуудал болох юм биш үү, маргааш асуудал болох юм биш үү” гэж ярьж байхад гудамжны үзүүрээс гарч байсан. Тэгээд хойшоо эргэж яваад Дамбын эцсийн цагдаа руу чиглээд явсан. Явж байхдаа “мөнгө өгье” гэхэд за ч гэхгүй явж байгаад “та хоёр маргааш асуудал гаргахгүй юм байгаа биз дээ” гэсэн. Тэгэхээр нь “бид хоёр тийм юм байхгүй, үнэхээр буруутай, эрхээ хасуулахгүй, машинаа ачуулахгүй бол болж байна” гэсэн. Бид хоёр “мөнгийг дансаар шилжүүлчихье” гэхэд “дансаар шилжүүлж болдоггүй юм” гээд Дамбын эцсийн АТМ-ийн ойролцоо 100м орчим зайтай зогсоод манай найзыг “явчхаад ир” гэсэн. Пүрэвсүрэн яваад данснаасаа мөнгө аваад орж ирсэн. Машинд орж ирээд шууд мөнгөө өгөөгүй, буцаад явж байхад баруун талд сууж байсан том биетэй цагдаа нь “дараа нь иймээ тиймээ юм болохгүй биз дээ” гэсэн. Бид хоёр ч “болохгүй” гэхэд гудамжны харалдаа ирээд бид хоёрыг буулгасан. Буухаасаа өмнө мөнгийг том биетэй цагдаад нь өгчхөөд буусан...” гэх мэдүүлгийг (хавтаст хэргийн 52-54 дүгээр тал),
-Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Цагдаагийн дэд ахлагч Д.Бг албанаас чөлөөлж, цагдаагийн цол, дүрэмт хувцас, албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийг хураан авах тухай” Б/37 дугаартай тушаалын хуулбарыг (хавтаст хэргийн 26 дугаар тал),
-Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, томилох, цагдаагийн цол олгох тухай” Б/254 тоот тушаалаар Цагдаагийн дэслэгч Л.Дг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн ажлаас чөлөөлж байсан тухай тушаалын хуулбарыг (хавтаст хэргийн 71 дүгээр тал),
-Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын “Эргүүлийн офицер” албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 72-75 дугаар тал),
-Нутаг дэвсгэрт хариуцсан цагдаагийн байгууллагын “Эргүүлийн цагдаа жолооч” албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 98-102 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Л.Д, Д.Б, Д.П нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч Л.Д, Д.Б нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 11 дүгээр гудамжны 232 тоотын гадна иргэн Д.П, Б.С нарыг тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа үйлдлийг илрүүлсэн атлаа тус тээврийн хэрэгслийн жолооч Д.Пгийн “14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нөхцөл байдлаа шалгуулж шийдвэрлүүлэхгүйгээр жолооны үнэмлэх, бичиг баримтаа авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж заасан зөрчил үйлдсэн байж болзошгүй талаарх тухайн үйлдлийг хууль, журмаар өөрсдөд нь шалгаж шийдвэрлэхээр шууд харьяалуулаагүй боловч харьяа дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст мэдэгдэх, хүргэж шалгуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 35 дугаар гудамжны 77 тоотод байрлах Хаан банкны Автомат теллер машины ойролцоох зам дээр 14-37 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор Д.Пгээс бэлэн 200,000 төгрөгийг хахуульд авсан,
шүүгдэгч Д.П нь “14-88 УНЦ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан нөхцөл байдлаа шалгуулж шийдвэрлүүлэхгүйгээр жолооны үнэмлэх, бичиг баримтаа авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахгүй байх” гэсэн ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 200,000 төгрөгийг хахуульд өгсөн болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газраас хийсэн албаны шалгалтын материалын эх хувь (хавтаст хэргийн 04-33 дугаар тал), Албаны шалгалтын материалд авагдсан Д.Б, Л.Д нараас тус бүр 100,000 төгрөгийг буюу нийт 200,000 төгрөгийг бэлнээр хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 18-22 дугаар тал), Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 06/3426 дугаартай албан бичгийн хавсралт болох авто эргүүлд ажиллах алба хаагчдын 7 хоногийн томилгооны хуулбар (хавтаст хэргийн 37 дугаар тал), иргэн Д.Пгийн Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 42 дугаар тал), 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр АТМ-ийн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 43-45 дугаар тал), гэрч Б.Сгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54 дүгээр тал) зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Л.Д, Д.Б нар бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Д.Пийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл буюу бэлэн мөнгө өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтан”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж тус тус зааснаас үзвэл шүүгдэгч Л.Дгийн эрхэлж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, шүүгдэгч Д.Бгийн эрхэлж байсан Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа жолооч зэрэг албан тушаал нь “нийтийн албан тушаалтан” гэдэгт хамаарч байна.
Шүүгдэгч Л.Д, Д.Б нар нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн 14-37УАМ улсын дугаартай автомашинаар Бэлх-115 чиглэлд буюу Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 10, 11, 26, 33 дугаар гудамж, ...08 хороо, Бэлх, Сэлхийн уулзвар зэрэг газруудаар авто эргүүлд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 02 дугаар 20-ны өдрүүдэд ажиллахаар томилогджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар тухайн хэрэг учрал гарах цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж явсан болох нь (хавтаст хэргийн 37 дугаар тал) тогтоогдсон.
Хахууль авах гэмт хэрэг нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд шууд халдаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхитэй үйлдэл байна.
Шүүгдэгч Л.Д, Д.Б нарын хувьд бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авсан байна. Тодруулбал, Б.С, Д.П нарыг зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасныг илрүүлсэн атлаа харьяа дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст мэдэгдэх, хүргэж шалгуулах зэрэг Цагдаагийн албаны тухай хуульд заасан заавал шалгах ажиллагааг хийлгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авчээ.
Мөн шүүгдэгч Л.Д, Д.Б нарыг бүлэглэсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус тодорхойлон заажээ. Дээрхээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн урьдчилан үгсэн тохиролцсон болон урьдчилан үгсэн тохиролцолгүйгээр санаатай нэгдэж үйлдсэн байхаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгоно.
Шүүгдэгч нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хоорондоо ярилцаж тохироод хахууль авснаас үзэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь харагдаж байна.
Харин шүүгдэгч Д.П өөрийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасуулахгүй, жолооны үнэмлэхээ хураалгахгүй байх буюу зөрчлийн шинжтэй үйлдлээ шалгуулахгүй байх үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх ажиллагааг хийлгэхгүйгээр албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байлгахын тулд цагдаагийн алба хаагч нарт эд зүйл буюу бэлэн мөнгө өгсөн байна.
Энэ нь хахууль өгөгч өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн идэвхтэй үйлдэл юм.
Тиймээс шүүгдэгч Л.Д, Д.Б нарын нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа бүлэглэн Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.П нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх нийтийн албан тушаалтнуудад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хахууль авах болон өгөх гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Б, Л.Д нарыг бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,
Шүүгдэгч Д.Пг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх нийтийн албан тушаалтнуудад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Тиймээс прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Л.Д, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах (хавтаст хэргийн 213-216 дугаар тал), шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах (хавтаст хэргийн 217-218 дугаар тал) санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараахь нотлох баримтууд хэрэгт авагжээ. Үүнд:
-шүүгдэгч Л.Дгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дугаар тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 68 дугаар тал), цагдаагийн дэслэгч Л.Дгийн ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 78 дугаар тал), бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 92-93 дугаар тал), Дүгэрсүрэнгийн Дэлгэрбаяр, Дүгэрсүрэнгийн Ундрахгэрэл, Дүгэрсүрэнгийн Дүүрэнбаяр нарын төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 191-193 дугаар тал) зэрэг нотлох баримтууд,
-шүүгдэгч Д.Бгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дүгээр тал), боловсролын үнэмлэхийн хуулбарууд (хавтаст хэргийн 110-113 дугаар тал) зэрэг нотлох баримтууд,
-шүүгдэгч Д.Пгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118 дугаар тал), иргэний үнэмлэхийн болох төрсний бүртгэлийн лавлагаанууд (хавтаст хэргийн 119-120 дугаар тал) зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсуудаар нотлогдож байгаа боловч авлига авах, өгөх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэдгийг ухамсарлан ойлгосон байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа байдал зэргийг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч Л.Д, Д.Б нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1,000 төгрөг) 10,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Пд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-т “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заажээ. Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан бэлэн мөнгө /200,000 төгрөг/ Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд энэ хэргийн улмаас төр, иргэн, байгууллагад бодит хохирол учраагүй тул дээрх 200,000 төгрөгийг хурааж улсын орлого болгож, хяналтын камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч .................нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүлэглэн нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор, бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч .............. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч .......... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Л.Д, Д.Б, Д.П нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б нарт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,
Шүүгдэгч Д.Пд оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б, Д.П нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б, Д.П нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Л.Д, Д.Б, Д.Пд нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч н арын бичиг баримт шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д, Д.Б нараас хураан авсан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН