| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Хохирогч Ванчиндоржийн Баяндүүрэн Шүүгдэгч Гаваагийн Жамбалсүрэн Шүүгдэгчийн өмгөөлөгч Түмэндэмбэрэлийн Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Жамбалсүрэнд холбогдох 2123000000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Шилүүстэй суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг “Улиастай” захад харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамтаар Завхан аймаг Улиастай сум Жаргалант баг Баатарчууд 2 дугаар хэсэг 219 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Гана овогт Гаваагийн Жамбалсүрэн, Регистрийн дугаар: ИУ77091411
Шүүгдэгч Г.Жамбалсүрэн нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг “Улиастай” захын харуулын байрны өрөөнд согтуурсан үедээ иргэн В.Баяндүүрэнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгойн тус газар халуун саваар цохих, гараараа нуруун тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Гаваагийн Жамбалсүрэн нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг “Улиастай” захын харуулын байрны өрөөнд согтуурсан үедээ иргэн В.Баяндүүрэнтэй “Шилүүстэй сум руу золгуултаар явахдаа надаас чөлөө, зөвшөөрөл авалгүй, орондоо өөр хүн гаргалаа” гэж маргалдаж түүний толгойн тус газар халуун саваар цохих, гараараа нуруун тус газар нь цохих, хөлөөрөө өшиглөх, түлхэж унагаасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Жамбалсүрэнд зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч В.Баяндүүрэнгийн “...Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр орой 18 цагийн үед ...гараад уурын зуух руу ортол галч Мөнхнаран, харуул Жамбалсүрэн, бас Мөнхнарангийн найз гэх нэг залуу 3-уулаа 0.5 литрийн Ерөөл архи хувааж уугаад сууж байсан... Мөнхнаран, Жамбалсүрэн бид 3 нэг шил архи хувааж уусан. Тэгээд Жамбалсүрэнг би өмнө нь хэлэлгүй орондоо өөр хүн гаргаад ажилдаа хаяаад явчихсан байсан гээд маргалдсан. Удалгүй галч Мөнхнаран бид хоёр Жамбалсүрэнгийн араас харуулын байр руу орсон. Тэр үед Жамбалсүрэн сандал дээр сууж байсан. Тэгэхээр нь би миний дүү яаж байна аа гэхэд чи надаар дандаа ажил хийлгэж байдаг гээд намайг өшиглөөд хогийн саваад цохиод байсан. Тухайн үед нь газар уначихсан байсан болохоор толгойгоо дараад хэвтэж байсан. Тэгээд Мөнхнаран орж ирээд салгах гээд дийлэхгүй байсан удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Б.Мөнхнарангийн “Жамбалсүрэн, Баяндүүрэн нар хоорондоо юм яриад сууж байсан ...би ойролцоогоор гадаа 5-10 минут гадаа утсаар ярьчихаад зуух руугаа явах гэтэл дотор жижүүрийн өрөөнд том том дуугаралдаад байсан. Би ортол Баяндүүрэн ахын нүүр хэсэг нь цус болчихсон эд хогшил эмх замбараагүй Жамбалсүрэн, Баяндүүрэн ахыг заамдаад барьчихсан зогсож байсан... Баяндүүрэн ах надад чамайг гараад явсны дараа намайг халуун саваар цохисон, зодсон гэх зүйлүүд яриад байсан... Тэр үед Баяндүүрэн, Жамбалсүрэн хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Баяндүүрэн ах Жамбалсүрэнг хэд хоногийн өмнө Шилүүстэй сум руу золгох гээд явахдаа надаас чөлөө, зөвшөөрөл аваагүй, орондоо өөр хүн гаргалаа гэх мэт зүйл ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Г.Жамбалсүрэнгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би Улиастай захын харуулаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон. Тэрнээс хойш Баяндүүрэн ахыг таньдаг болсон. Би 2 дугаар сард Цагаан сарын дараахан Шилүүстэй сум руу явах болоод орондоо Баасанхүүг гуйж жижүүрт гаргачихаад Шилүүстэй сум руу явчихсан, мөн тухайн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баяндүүрэн ах Баасанхүү та хоёрын цалинг хасна гээд байсан. Эдгээр асуудлаас болж маргалдаж муудалцсан... Би Баяндүүрэн ахын толгой хэсэгт нь халуун саваар нэг удаа цохиж, мөн заамдалцаж байгаад 2-3 удаа цохиод түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна Шүүгдэгч Г.Жамбалсүрэнгийн үйлдлийн улмаас хохирогч В.Баяндүүрэнгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 000000087 дугаартай “В.Баяндүүрэнгийн биед баруун тойг ясны хугарал, духны баруун дээд хэсэгт, баруун чамархайн дээд хэсэгт, толгойн зулайн хэсэгт, баруун шанааны хэсэгт, зүүн чигчий хурууны 3-р үений дотор болон ар хэсэгт, зүүн ядам хурууны 1-р үений ард хэсэгт доод уруулын баруун талд зулгаралт, баруун гуяны гадна хэсэгт, баруун өвдөг шилбэний гадна дээд хэсэгт, баруун мөр бугалганы урд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 6-7 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн нөхцөл байдлыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Г.Жамбалсүрэн нь хохирогч В.Баяндүүрэнгийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдал, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан, мөн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл мэндийн халдашгүй байдлыг зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Г.Жамбалсүрэн нь өөрийн үйлдлийн улмаас бусдын бие махбодид гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийг зориуд хүсэж хохирогч В.Баяндүүрэнд хүндэвтэр гэмтэл учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Г.Жамбалсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1000000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогджээ. Хэдийгээр хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй ч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хүсэлт болон түүний биеийн байдлыг харгалзан эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Г.Жамбалсүрэнг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гана овогт Гаваагийн Жамбалсүрэнг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Жамбалсүрэнг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жамбалсүрэнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жамбалсүрэнг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жамбалсүрэнд нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Г.Жамбалсүрэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хохирогч шүүгдэгчээс цаашид эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА