Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02410

 

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2017/02410

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Хан-уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа ...гудамж, ... тоот хаягт оршин суух Боржигон овогт А Г-н,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дүгээр хороо 4-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө ..-р байр тоотод оршин суух,Цорос Бунь  овогтой Ц.М холбогдох

 

Зээлийн төлбөр 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянаад               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Б.М  нь анх 2012 оны 10 дугаар сард миний охин болох Уранчимэгтэй танилцан тэр үеэс охинтой минь хамтран бидэнтэй амьдарч эхэлсэн. Хамт амьдарч байх хугацаанд 2014 оны 4 дүгээр сард Б.М нь миний халамжаас олгодог мөнгөнөөс 800,000 төгрөгийн зээл авахуулж түүнээс 600,000 төгрөгийг надаас зээлж хэрэглэсэн. Мөн 2014 оны 11 дүгээр сард бидний амьдардаг хашаа байшинг банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж 2,100,000 төгрөгийн зээлийг авахуулсан. Үүнээс 1,200,000 төгрөгийг мөн хариуцагч Б.М биднээс зээлж авсан бөгөөд зээлийн төлбөрөөсөө 250,000 төгрөгийг төлсөн болно. Үүнээс хойш хариуцагч зээлээ төлөөгүй бөгөөд 2015 оны 5 дугаар сараас огт холбоогүй болсон. Мөн миний бие шүүхийн байгууллагад хандахад өмгөөлөгч ажиллуулсан бөгөөд ажлын хөлс 500,000 төгрөг болсон. Иймд хариуцагч Б.Мын зээлсэн зээлийн төлбөр, өмгөөлөгчийн зардал нийт 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

            Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Г нь Б.Мт холбогдуулан 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчтай харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 550,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,500,000 төгрөгөөс хариуцагч 300,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн бөгөөд үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 4 сарын хугацаанд 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч А.Г  нь Б.Мт холбогдуулан 2,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 550,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,500,000 төгрөгөөс хариуцагч 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлэн төлж, үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу сар бүр 300,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.А.Гийн нэхэмжлэлтэй,Б.Мт холбогдох зээлийн төлбөр болох 2,050,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 550,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,500,000 төгрөгөөс 300,000 хариуцагч Б.М нь дансаар шилжүүлэн төлсөн бөгөөд үлдэгдэл 1,200,000 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу сар бүр 300,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал  хувь болох 19,415 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 19,415 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулж тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Гт  олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

ШҮҮГЧ                       А.САРАНТУЯА