Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/501

 

2022           05          11                                 2022/ШЦТ/501

                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч: Э.Булганчимэг нар оролцсон эрүүгийн 2109011290217 дугаартай хялбаршуулсан хэргийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эрэгтэй, 19 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор .......... цэргийн алба хааж байгаа, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ................тоотод оршин суух хаягтай, ....................

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зочид буудлын ойролцоо иргэн Э.Бйг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2109011290217 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

-2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрч Я.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 23-25 дугаар тал),

-2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр насанд хүрээгүй гэрч Ж.Бйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 8043  дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хавтаст хэргийн 33-34 дүгээр тал),

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дүгээр тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зочид буудлын ойролцоо иргэн Э.Батбилэгийг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүр хэсэгт нь гараараа цохиж, биед нь баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

охирогч Э.Бн “...Найз Блийн гэр болох “Богд ар” хороололд 3, 3 лааз пиво уусан бөгөөд 2021 оны 8 сарын 28-аас 29-нд шилжих шөнийн 01 цагийн орчим гарсан. Зарим зүйлийг санахгүй байна. Нэг сэрэхэд, миний толгойн хэсгээс цус гарсан, миний гар болон биеийн бусад хэсэг цус болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал),

-Гэрч Я.Бийн “...бид нар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн 100 хүртэл алхсан. Бий алхаж явж байхдаа Б бид хоёрт зодоон хийсэн талаараа ярьж байгаад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангай зочид буудал орчим гар утсаа оролдоод явж байсан согтуу эрэгтэйг хараад “би тэр согтуу эрэгтэйг унатал нь цохиж үзүүлье” гээд шууд очоод эхлээд 2 удаа мөрлөсөн, тэгэхэд тухайн эрэгтэй тоохгүй байсан чинь шууд очоод нүүрэн тус газар нь ганцхан цохиод унагаагаад цаашаагаа алхаад явчихсан. Б надаас авч байсан ногоон алаг саравчтай малгайтай, цайвар цэнхэр өнгийн яактай, хар гялгар өмдтэй, хар, улаан өнгийн пүүзтэй байсан. Тухайн үед Бг тухайн согтуу эрэгтэйг цохих үед газар нэг утас уначихсан юм, тэгэхээр нь би Бгийн гар утас уначихлаа гэж бодоод ардаас нь гүйж очоод газарт унасан байсан хар өнгийн Самсунг Галакси Эс 8 маркийн гар утсыг нь аваад цаашаа гүйгээд Б рүү очсон. Харин Бэ бид хоёрыг харж зогсож байснаа ардаас хүрч ирсэн. Тэгээд бид 3 Улсын их дэлгүүрийн урд талын Фантамын Битлессийн хөшөө орчим ирээд намайг Бийд тухайн гар утсыг өгөхөд Бий, Бэ хоёр хоёулаа “миний гар утас биш ээ” гэсэн тэгэхээр нь бид 3 “гар утсыг нь буцааж аваачиж өгье” гэж ярилцаад тухайн хүнийг цохисон газрын замын эсрэг талд нь очиж харахад тухайн хүн босоод явчихсан байсан. Тэгсэн чинь Бй “би наад гар утсыг чинь аваад явчихъя” гээд тухайн гар утсыг аваад Бэ, Б 2 надаас салаад явсан. Бй цэрэгт явахаасаа өмнө ......... гэсэн Скайтелийн дугаартай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дугаар тал),

-насанд хүрээгүй гэрч Ж.Бнийн “...бид гурвыг алхаж байхад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Хангай зочид буудал орчим нэг согтуу хүн явж таарсан ба Бй тухайн хүнийг хараад “би тэр хүнийг цохичуул яах уу” гэж ярьж байснаа гэнэт очоод тухайн хүнийг 2 удаа мөрлөөд тухайн хүн Бг тоохгүй байсан чинь шууд очоод тэр согтуу эрэгтэй хүнийг нүүрэн тус газар нь ганц цохиж унагаагаад цаашаа алхаад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дугаар тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн “...гомдол гаргагч Э.Бийг алаг өнгийн саравчтай малгайтай, цайвар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай этгээд мөрлөх ба бичлэгийн 01 минут 17 секунтэд тухайн этгээд Э.Бйг цохиж унагаагаад цааш явах ба түүний араас цайвар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртик /хүрэм/-тэй цайвар өнгийн өмд, хар гуталтай, маажиг хөлтэй этгээд бичлэгийн 01 минут 23 секунтэд гүйж ирээд Э.Бйн газар унасан гар утсыг аваад цааш гүйж явж байна” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 41 дүгээр тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Э.Бйн биед учирсан баруун чамархайн хуйхны няцарсан шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №8043 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Тодруулбал, шүүгдэгч Б.Б хохирогчийн баруун чамархай хэсэгт цохисон үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж  үйлдсэний улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Бг нь хэргийн материалтай танилцаад “...Миний бие Энхбаатар овогтой Батбилэг би Б.Бгөөс авах утасны төлбөрийг барагдуулсан тул надад гомдол байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 79 дүгээр тал) гаргасан, 2022 оны 3 дугаар  сарын 07-ны өдөр хохирогч Э.Бн дансанд 100,000 төгрөгийг “эмчилгээний төлбөр” гэх утгаар төлсөн баримт (хавтаст хэргийн 78 дугаар тал), мөн дансанд 192,000 төгрөгийг “утасны төлбөр” гэх утгаар хохирлыг нөхөн төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч А.Элын “...найз Б.Бгийн хувьд хамт сурдаг байхад хичээлээ хааяа тасалдаг байснаас бусдаар бол хувь хүнийхээ хувьд дажгүй ааш зантай, хүүхэд” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дугаар тал), Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн мотобуудлагын батальоны нэгдүгээр ротын нэгдүгээр салааны байлдагч Батсүх овогтой Бн тодорхойлолт (хавтаст хэргийн 66 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэдийгээр шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа боловч хүний халдашгүй дархан эрхэд халдаж, цохисон үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналын хүрээнд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь ........... тоотод оршин суудаг, мөн тус аймагт цэргийн алба хааж байгаа болох нь тогтоогдож байх тул  зорчих эрхийг хязгаарлах ялыг Орхон аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг 2 /хоёр/ сарын хугацаанд Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах  нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.  

Шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохиролгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхгийг хэргийн хамт хадгалан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,  36.1,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 02 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох .......аймгийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь 02 (хоёр) сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

            4. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай. 

7. Шүүгдэгчид урьд авсан авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

            9. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН