Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Л.Э

Хохирогч Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-т  холбогдох эрүүгийн 2125003280002 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Б.Н

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Naadam center” /Наадам центер/ зочид буудлын 205 тоот өрөөнд Б.М-н нүүр, гар, хөл болон биед олон удаа цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “Нэг удаа алгадсан нь үнэн. Өөр зодож цохиогүй. Нэг алгадахад Б.М гараад зугтаасан. Дараа нь юу болсныг мэдэхгүй” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ “Мөрдөгчид бүх зүйлээ мэдүүлсэн. Намайг хамраа эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Би гомдолтой байна. КТГ-н 150 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хамраа эмчлүүлэхэд хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Б.М-н“2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н  гэдэг эмэгтэй найз нь ирсэн. Н , Б.Н хоёр Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй 1 шил архи, 4 ширхэг лаазтай касс пиво хуваан ууж дуусгасан. Харин би 1 лаазтай пивыг нь л уусан. Тэгээд бид 3 зүгээр юм яриад сууж байхад Б.Н нь гэнэт намайг бусадтай хардан гараа атгаж байгаад толгой руу хоёр, гурван удаа цохиж, татаж орон дээр гарган хэвтүүлээд дээр гарч хоолойноос минь багалзуурдаж боосон. Орон дээр хэвтэж байхад төмөр хогийн саваар хоёр гар, хоёр хөл, биеийн хэсгүүд рүү олон удаа цохиж зодсон. Тэгээд би босож ирээд орон дээр сууж байхад намайг өөр лүүгээ гараараа татан гараа атгаж байгаад миний хамар луу хүчтэй цохиход миний хамарнаас цус гарсан. Тэгээд би шууд өрөөнөөс зугтаан гаран гүйсэн. Дээрх гэмтлүүд нь Б.Н намайг зодоход үүссэн. Уг үйл явдал болохоос өмнө өөр нэг танихгүй эмэгтэй ирсэн байсан бөгөөд уг эмэгтэй нь тухайн үед Б.Н-тай хамт байсан эрэгтэй найзынх нь эхнэр байсан юм шиг байна лээ. Хамт байсан Н  гэдэг эмэгтэйтэй нөхрөө хардаад 205 тоот өрөөнд уг эмэгтэйтэй хэрэлдээд муудалцаад байсан. Тэгээд уг хэрүүл маргаан болж байхад миний биед Б.Н нь халдаж намайг зодсон. Тэгээд уг буудлын өрөөний хаалга талдаа байх орон дээр сууж байхад Б.Н намайг татан босгож ирээд өрөөний үүдний хэсэгт миний хамар хэсэг рүү гараа атгаж байгаад 1 удаа цохиход миний хамарнаас их цус гарсан, уг үйл явдал болж байхад зочид буудлын ажилтан эмэгтэй эгч орж ирж, би хамраа дараад зочид буудлаас гараад явсан” гэсэн мэдүүлэг. автаст хэргийн 18-20 дахь тал/

2. Гэрч Н.Н-тай “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр таны харуулсан Б.Н , Б.М , туранхай бор залуу 3 дээр 1 хүүхэн ирсэн. Уг залуучууд гаднаас архи оруулж ирээд буудлын 205 тоот өрөөнд архи уугаад байхаар нь би буудалд архидан согтуурч болохгүй гэхэд удахгүй амарна, ямар нэгэн асуудал гаргахгүй гэж байсан. Тэгээд орой нь тэр туранхай бор залуугийн эхнэр гээд нэг хүүхэн ирээд хардалт явагдаад байсан уу яасан хоорондоо хэрүүл, маргаан хийгээд байхаар нь би 2 удаа өрөөнд нь очиход за одоо болилоо гэж хэлсэн. Тэгээд бүүр хэрүүл маргаан хийгээд болохгүй байхаар нь 3 дахь удаагаа очиход сүүлд ирсэн 2 хүүхэн 205 тоот өрөөний орон дээр үсдэлцээд байж байсан чинь Б.Н гээд байгаа залуу нь Б.М гээд байгаа жижигхэн биетэй охиныг 205 тоот өрөөний үүдний хэсэгт зогсож байхад хамар хэсэг рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохиход уг охины хамарнаас их хэмжээгээр цус гоожиход уг охин хамраа дараад буудлаас гаран явсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/

3. Гэрч Б.Г-н “205 тоот өрөөрүү ороход Н , Б.Н нар нүцгэн байж байсан. Тэгээд би Э.А Н тай хардаж 205 өрөөний орон дээр маргалдаж Н г үсдэж байхад Э.А болон зочид буудлын ажилтан эгч орж ирэн салгасан. Маргааш өглөө нь Э.А над руу залгаад “Чамаас болж Б.Н эхнэр Б.М аа зодчихлоо ш дээ” гэхээр нь би “Надад ямар хамаатай юм надаас яахаараа болдог юм гээд гар утсаа салгасан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 28 дахь тал/

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 570 дугаартай “Б.М-н биед хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хүзүү, нүүр, нуруу, зүүн бугалга, зүүн шилбэнд зөөлөн эдэд 14 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй гэх дүгнэлт” /хавтаст хэргийн 31-32 дахь тал/

5. Яллагдагч Б.Н ын сэжигтнээр өгсөн “2021 оны 10 дугаар сарын 02-ны орой Б.М тай холбогдон Naadam center /наадам центер/ зочид буудлын өрөөнд дуудаж хамт архи ууж хоносон. Маргааш нь Б.М ыг яв гэхэд явахгүй өөр өрөөнд очиж архи уугаад байсан. Би болон хамт архи ууж байсан нөгөө эмэгтэй бид хоёр тус тусдаа өөр орон дээр унтаж байхад гэнэт миний нүүр лүү хүн цохих шиг болохоор нь сэрээд хартал Б.М нь танхихгүй эмэгтэйн хамт өрөөнд орж ирээд уг эмэгтэй нь манай өрөөнд байсан эмэгтэйтэй хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгээд маргааш нь Б.Мөнзул над руу залгаад эмнэлгээр явж байна, хүнд гэмтэл учирсан гэж хэлэхээр нь би айсандаа цагдаагаас зугатсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Наадам центер зочид буудлын 205 тоот өрөөнд Б.М-ннүүр, гар, хөл болон биед цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Имйд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хугацанаас өмнө тэнсэн сулласан 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх тогтоох нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц  дүгнэлтдээ: “шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр 450 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.М-н“Б.Н нь гэнэт намайг бусадтай хардан гараа атгаж байгаад миний толгой руу хоёр, гурван удаа цохин намайг татан орон дээр гарган хэвтүүлэн дээр гарч хоолойноос минь багалзуурдаж боосон, орон дээр хэвтэж байхад төмөр хогийн саваар хоёр гар, хоёр хөл, биеийн хэсгүүд рүү олон удаа цохиж зодсон. Тэгээд би босож ирээд орон дээр сууж байхад намайг өөр лүүгээ гараараа татан гараа атгаж байгаад миний хамар луу хүчтэй цохиход миний хамарнаас цус гарсан, тэгээд би шууд өрөөнөөс зугтаан гаран гүйсэн. Дээрх гэмтлүүд нь Б.Н намайг зодоход үүссэнгэх мэдүүлэг, гэрч Н.Н-тай “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр таны харуулсан Б.Н , Б.М , туранхай бор залуу 3 дээр 1 хүүхэн ирсэн. Хоорондоо хэрүүл маргаан хийгээд болохгүй байхаар нь 3 дахь удаагаа очиход сүүлд ирсэн 2 хүүхэн 205 тоот өрөөний орон дээр үсдэлцээд байж байсан чинь Б.Н гээд байгаа залуу нь Б.М гээд байгаа жижигхэн биетэй охиныг 205 тоот өрөөний үүдний хэсэгт зогсож байхад хамар хэсэг рүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохиход уг охины хамарнаас их хэмжээгээр цус гоожиход уг охин хамраа дараад буудлаас гарч явсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 570 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Н нь 2021 оны 10 сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах “Naadam center” /Наадам центер/ зочид буудлын 205 тоот өрөөнд Б.М-ннүүр, гар, хөл болон биеэн тус газарт нь цохих, хоолойг нь багалзуурдах зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хүзүү, нүүр, нуруу, зүүн бугалга, зүүн шилбэнд зөөлөн эдэд 14 тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “хохирогчид гэмтэл учруулахаар зодоогүй, тухайн үедээ гэмтэл учирсан талаар яриагүй” гэж мэдүүлж байх боловч хохирогчийн мэдүүүлэг, гэрч Н.Н-тай мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг зодож, нүүрэн тус газар нь цохиход хохирогчийн хамраас цус гарсан болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтээр хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмт учирсан болох нь тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Н ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршигийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбартаа Б.Н нь хохирогчийн нэхэмжилсэн 150 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж дүгнэсэн боловч хохирогчид учирсан хамрын гэмтэл бүрэн эмчлэгдээгүй, хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байна.

 

            Шүүгдэгч Б.Н нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн щрөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн ял дээр шинээр оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-н биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.М нь КТГ-ын зураг авахуулсан төлбөр болох 150 000 төгрөгийг нэхэмжилсэн, мөн хамраа эмчлүүлэх төлбөрөө нэхэмжлэнэ гэсэн байна. Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдааны явцад 150 000 төгрөгийг төлжээ. Хохирогч хамраа эмчлүүлэх зардлын баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

            Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-г 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т  оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 70 хоног буюу 2 сар 10 хоногийн хорих ял дээр, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т  оногдуулсан 1 жил 3 сар 26 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС