Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/0447

 

 

2015 оны 9 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2015/447

Улаанбаатар хот

       

 

Ч.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Ч.Б нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хуулийн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай Их-Уул сумын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 02, 03, 04 дүгээр тогтоолыг илт хууль бус гэдгийг хүлээн зөвшөөрүүлж, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ...01, 02, 03 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах... гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ: ...2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 01, 03 дугаар тогтоол, 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 10 дугаар хуралдааны 02 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, намайг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хурлын дарга Ч.Б нь энэ хуулийн 22.1.8-д заасан тухайн шатны Засаг даргыг томилуулах, нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах, Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээн авах эсэх саналыг хуралд оруулах гэсэн заалтыг биелүүлдэггүй. Мөн хуулийн 22.1.9, 22.1.11, 22.1.13, 24.3 дугаар заалтуудыг удаа дараа ноцтой зөрчиж тухайн сум, орон нутгийн иргэд хөдөлмөрчид, малчдынхаа дунд нэр хүндгүй болж удирдагчийнхаа үндсэн зарчмыг алдаж нутгийн өөрөө удирдах байгууллагын нэр хүндийг унагаж, ажлын байрандаа байн байн архи ууж, Засаг даргатайгаа үгсэн тохирч хуулийн ноцтой зөрчил гаргаж байгааг иргэд төлөөлөгчид бид шударга шүүхээс нуух аргагүй... Мөн хурлын даргын эрх үүргээ умартан ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааныг санаатайгаар хуралдуулахгүй болгох, хүчингүй болгох санааг давхар агуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн б/, 23 дугаар зүйлийн 23.6, 23.7, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02, 03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож, Ч.Быг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Бы ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу 3958297 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэл зэрэг зохих суутгалуудыг тооцож, хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Сэндэнсүрэн давж заалдах гомдолдоо: ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1-ийн б-д заасныг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ээлжит бус 10 дугаар хуралдааныг зарлаж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, мөн хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.5, 22.1.9, 22.1.10, 22.1.13 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Быг огцруулах асуудлыг шийдвэрлэсэн. Энэхүү ээлжит бус 10 дугаар хуралдаанд нийт төлөөлөгчдийн олонх хүрэлцэн ирсэн тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар хуралдаан хүчинтэй болсон.

Гэтэл анхан шатны шүүхээс мөн хуулийн 24.1, 24.3, Хурлын хуралдааны дэгийн Нэгдүгээр зүйлийн 1.7-д Хуралдаанд хэлэлцүүлэхээр асуудал оруулах төлөөлөгч нь төслөө хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө ИТХ-ын даргад өгсөн байна, дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, төлөөлөгч нарт хурлаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан мэдэгдэж, судалгаа хийх, хуралдаанд үндэслэл бүхий тайлбар гаргах боломжийг олгоогүй, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд урьдчилан заавал мэдэгдэж байх зарчмыг баримтлаагүй зэрэг үндэслэлээр 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдааны 02, 03 дугаар тогтоолыг хууль бус хэмээн үзэж, тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нь ээлжит бус 10 дугаар хуралдаанаар эрх ашиг нь хөндөгдөж буй хурлын даргад огцруулах асуудлыг мэдэгдээгүй, хэлэлцэх асуудлыг урьдчилан танилцуулаагүй процесс ажиллагаа зөрчиж хуралдсан гэх боловч 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит бус 9 дүгээр хуралдаанаар Хурлын дарга Ч.Бд итгэл үзүүлэх, эс үзүүлэх талаар, ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулсан боловч 9 дүгээр хуралдааны дараалалд багтаагүй тул дахин энэ талаар 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ээлжит бус 10 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэхээр автоматаар хойшлогдсон бөгөөд үүнийг хурлын тэргүүлэгчид болон төлөөлөгчид, эрх ашиг нь хөндөгдөж буй хурлын дарга хүртэл өөрөө мэдэж байсан. Ч.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...9 дүгээр хуралдаанаар хэлэлцэх байсан эхний 2 асуудлыг хойшлуулж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэх мэдүүлэг, ээлжит бус 10 дугаар хуралдааныг хурлын дарга Ч.Б өөрөө товлон зарласан байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар тодорхойлж, Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, улмаар 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар Захиргааны хэрэг үүсгэх тухай 114 дүгээр захирамжийг гаргасан байна.

Уг захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтад ...Ч.Бы нэхэмжлэлээр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсүгэй гэж заажээ.

Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргааны хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д зааснаар маргаан бүхий захиргааны актыг гаргасан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байхад анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг хариуцагчаар татан захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй этгээдийг хариуцагчаар татаж, захиргааны хэрэг үүсгэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, дүгнэлт өгөх боломжгүй юм.

Иймээс шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.



 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР