Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0151/э |
Дугаар | 2022/ШЦТ/167 |
Огноо | 2022-05-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/167
2022 05 03 2022/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,
улсын яллагч Ц.Л
шүүгдэгч Г.Л нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 2225000000199 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Л
Шүүгдэгч Г.Л нь согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр “Wave” бааранд Н.З-тай маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, 13, 12, 11-р шүдний хугарал, түүшин сэртэнгийн сэтрэл гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Л мэдүүлэхдээ “...миний буруу, шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 6.000.000 төгрөг төлж барагдуулсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Н.З-ын “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Wave” нэртэй бааранд ороод нэг пиво уусан, би бааранд орохдоо архи уучихсан орсон. Баар хаах дөхөөд би хадам дүү Энхмөнхийн хамт гарах гэж байхад үүдний ширээн дээр 2-3 хүн сууж байхаар нь би нэг залууг “яагаад муухай хараад байгаа юм” гэхэд өөдөөс босоод ирэхээр нь би “тамхины өрөө рүү явъя” гэхэд буцаад найзууд руугаа гүйсэн. Би араас нь очоод 2, 3 удаа нүүр лүү нь алгадсан. Тухайн үед Лундаа гэх залуу нь дундуур орж ирээд салгасан, би Лундаатай муудалцсан. Лундаа нь нүүр болон шүд рүү нэг удаа цохисон, би цохиулаад газар унасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
гэрч Д.Г “...“Wave” нэртэй бааранд ах Төгөлдөр, Лундаа нарын хамтаар дуучдын тоглолт үзээд нэг, нэг шил пиво уусан. Баарнаас гарах гэтэл хүмүүс ихээр бужигнаад байхаар нь “хүмүүсийг гарсан хойно нь гаръя” гээд сууж байтал эрээн өнгийн хувцастай өндөр залуу хамт явсан хүнийхээ мөрөн дээр гараа тавьчихсан байдалтай ширээн дээр ирсэн. Намайг хараад “яаж муухай хараад байгаа юм бэ” гэж хэлээд үгийн зөрөөгүй алгадсан, би сандал дээрээсээ босоход хүзүүгээр тэвэрч аваад үүд рүү гарсан. Тэр үед Лундаа ахтай нөгөө залуу үүдэнд таараад “юу болсон бэ, яагаад байнаа” гэхэд Лундаа ахыг хоёр алгадсан, би салгах гэтэл Лундаа ахын дагз руу хоёр алгадсан, намайг гурав удаа алгадсан. Лундаа ах руу дайраад байхаар нь Лундаа ах нэг удаа цохиод газар унагаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Г.Л-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Wave” нэртэй бааранд ороод дүү Ганболд, ах Төгөлдөр нарын хамтаар дуучдын тоглолт үзээд хүн, хүний нэг, нэг шил пиво ууцгаасан. Манай ширээн дээр эрээн өнгийн куртиктэй өндөр залуу дүү Ганболдыг хараад “яаж хараад байгаа юм бэ” гэж хэлээд алгадсан, Ганболдыг алгадсан гэх залуу үүдээр орж ирээд намайг хоёр удаа толгой руу алгадсан. Ганболд салгах гэтэл дахин дагз руу нь 2-3 удаа алгадсан. Төгөлдөр ах ирээд нөгөө залууг “яагаад юм бэ” гээд салгасан. Над руу дахин дайраад байхаар нь би гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43, 48 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Г-н 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 316 дугаартай;
“...Н.З-ын биед 13, 12, 11-р шүдний хугарал, түүшин сэртэнгийн сэтрэл, нүүр, хоёр гар, зүүн ташаа, өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 13, 12, 11-р шүдний хугарал, түүшин сэртэнгийн сэтрэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
иргэн Н.З-ын “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим “Wave” бааранд бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
“Wave” баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 6 дахь тал/,
“Wave” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
хохирогч Н.З-ын “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт” /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,
хохирогч Н.З-ын шүдний зураг /хавтаст хэргийн 12-15 дахь тал/,
хохирогч Н.З-аас гаргаж өгсөн эрүүл мэндийн үйлчилгээ авсны 65.000 төгрөг, 130.000 төгрөгийн баримтууд /хавтаст хэргийн 16 дахь тал/,
яллагдагч Г.Л-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, “Их Засаг” их сургуулийн Суралцагчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 61, 62 дахь тал/,
хохирогч Н.З-ын “...Надад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/,
яллагдагч Г.Л-гийн “...хохирогч Н.З-д учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 77 дахь тал/,
шүүгдэгч Г.Л-гийн шүүхийн хэлэлцүүлгийн үед шинээр гаргаж өгсөн хохирогч Н.З-д 6.000.000 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Л-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Г.Л нь согтуурсан үедээ 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэр “Wave” бааранд Н.З-тай маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохиж, 13, 12, 11-р шүдний хугарал, түүшин сэртэнгийн сэтрэл гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Н.Зын “...би Лундаатай муудалцсан. Лундаа нь нүүр болон шүд рүү нэг удаа цохисон, би цохиулаад газар унасан.” гэх,
гэрч Д.Ганболдын “...“тэр үед Лундаа ахтай нөгөө залуу үүдэнд таараад “юу болсон бэ, яагаад байнаа” гэхэд Лундаа ахыг хоёр алгадсан, би салгах гэтэл Лундаа ахын дагз руу хоёр алгадсан, намайг гурав удаа алгадсан. Лундаа ах руу дайраад байхаар нь Лундаа ах нэг удаа цохиод газар унагаасан.” гэх,
Г.Л-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 316 дугаартай; “...Н.Зын биед 13, 12, 11-р шүдний хугарал, түүшин сэртэнгийн сэтрэл, нүүр, хоёр гар, зүүн ташаа, өвдөгт зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлтээр,
иргэн Н.З-ын “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн орчим “Wave” бааранд бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, “Wave” баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, “Wave” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Н.Зын шүдний зураг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Г.Л-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Г.Л-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Г.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Г.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
торгох ялыг арван хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.
Бусад асуудал;
Хохирогч Н.З-ын “...надад гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 76 дахь талд авагдсан байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Wave” баарны хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Л шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Wave” баарны хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ