Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/355

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

хохирогч Д.Э,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд:

Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 157 дугаар зүйлийн 157.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 225 дугаар зүйлийн 225.2, 138 дугаар зүйлд тус тус зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 526 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, урьд шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 29 хоногийг нэмж нэгтгэн 4 жил 9 сар 29 хоногийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Д.Э /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны 4 тоотод 2 өрөө байр түрээсэлж байхдаа баримт бичиг ашиглан бусдын өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц мэтээр бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Эыг төөрөгдөлд оруулж “15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээ байгуулж 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Э мэдүүлэхдээ “2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байх гэж санаж байна. “15 сая төгрөг зээлүүлж, хүүнд нь 2 өрөө байранд сууна” гэж зар тавьсан ба Д.Э зарын дагуу ярьсан. Би хөдөө байсан болохоор танил эгчээрээ байрыг үзүүлсэн. Хөгшин хүн худлаа ярихгүй байх гэж бодоод мөнгө шилжүүлсэн. Байранд ороод 3 хоносны дараа байрны эзэн гэх хүн залгаад энэ тухай мэдээд цагдаад мэдэгдсэн” гэв.

            Шүүгдэгч Д.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны 4 тоотод 2 өрөө байр түрээсэлж байхдаа баримт бичиг ашиглаж, бусдын өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Эыг төөрөгдөлд оруулж “15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 5 дугаар сард “мөнгө зээлдүүлж байранд суулгана” гэсэн зарын группт би “15.000.000 төгрөг зээлдүүлж хүүнд нь байранд сууна” гэсэн зар байршуулсан. Тэгээд 2021 оны 5 дугаар сарын 29-ний үед зарын дагуу над руу Д.Э гэх эмэгтэй холбогдоод “Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлалтай 2 өрөө байранд хүн суулгана ирээд үзчих” гэсэн. Тэгээд би хөдөө байсан болохоор эгч Оийг явуулж байрыг үзүүлээд бичиг баримтыг нь үзүүлэхэд канондсон байрны бичиг баримт үзүүлсэн. Тэгээд болохоор юм байна гээд маргааш нь О эгчийг явуулаад Этай 15 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад мөнгөө шилжүүлсэн. Тэгээд би хөдөөнөөс 7 хоногийн дараа ирээд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3-4 тоот байр луу нүүж ороод Эгийн утас руу залгахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд 3-4 хоноод байж байтал байрны эзэн гэх эрэгтэй хүн 88067243 дугаараас яриад “мөнгөө дутуу өгчихсөн, та нар юу болов” гэхээр нь би “би мөнгө зээлээд хүүнд нь суусан юу яриад байгаа юм бэ” гэтэл тэр эрэгтэй очоод уулзъя гэсэн. Тэгээд М гэх байрны эзэн нөхөртэйгөө хамт ирээд байрныхаа бичиг баримтыг үзүүлээд “нэг эмэгтэй манай байрыг 3 сараар түрээслэхээр болоод байрны түлхүүр аваад мөнгөө өгөөгүй байсан юм” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 19-20 дугаар хуудас/,

         Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 дугаар байрны 4 тоот байр миний нэр дээр байдаг бөгөөд байранд амьдрах хүн байхгүй болсон учир “Үнэгүй.мн” дээр байр түрээслэх зар байрлуулж 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Э гэх настайвтар эмэгтэй хүнд байраа 1 сарын 600.000 төгрөгөөр 3 сарын хугацаатай, 1 сарын барьцаа авна гэж хэлээд түрээслүүлсэн. Тэгтэл түрээсэлсэн хүн мөнгөө дутуу өгчхөөд утсаа авахгүй болохоор нь жижүүртэй холбогдоод “манайд байгаа хүнийг залга гээд хэл” гэтэл нэг эрэгтэй хүн над руу залгаад “би энэ байрыг худалдаж авсан” гэхээр нь гайхаад очоод уулзтал эрэгтэй, эмэгтэй хоёр манай байрны гэрчилгээг хуурамчаар хийгээд түрээсэлсэн байсан. ...Мөнгөө гүйцэд өгөөгүй байсан тул гэрээ байгуулж амжаагүй байсан ба мөнгөө гүйцэт өгөх юм бол гэрээ байгуулна гэж тохирч байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,

         Гэрч Ё.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дүү Э Дорноговь аймагт байхдаа “хүнд 15.000.000 төгрөг зээлээд хүүнд нь байранд нь байх гэж байгаа” гээд намайг очоод байрыг нь үзэж хараад хүнтэй нь уулзаад өг гэсэн. Тэгээд Э гэх настай эгчтэй уулзаад байрыг нь үзсэн. Тэгтэл Э нь хурдан мөнгөө шилжүүлчих гээд яаруулаад байсан. Тухайн үед надад байрныхаа бичиг баримтыг үзүүлэхдээ “Хас банкны 6% хүүтэй зээлийн байр” гэж итгүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хорооллын “Өргөө” кино театрын баруун талд байрлах нотариат орж зээлийн гэрээ байгуулчхаад 15.000.000 төгрөгөө Төрийн банкны данс руу нь шилжүүлсэн боловч мөнгө чинь ороогүй байна гээд дахин дахин залгаад байсан. Тэгтэл маргааш нь дансны нэр буруу гээд буцаалт нь миний данс руу орж ирэхээр нь гайхаад байж байтал Э залгаад мөнгөө хурдан хийгээч ээ, ороогүй байна, хурдан мөнгөө авмаар байна гээд байхаар нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөгөөр 5 хувааж гүйлгээ хийж Э руу шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /хэргийн 30, 35-36 дугаар хуудас/,

         Зээлийн гэрээ /хэргийн 71 дүгээр хуудас/,

         Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 73 дугаар хуудас/,

         Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 74 дүгээр хуудас/,  

         Хас банкны барьцааны гэрээ /хэргийн 75-83 дугаар хуудас/,

         Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 88 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Д.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2021 оны 5 дугаар сард Баянгол дүүргийн 6 дугаар хороо 87/3 дугаар байрны 4 тоотыг түрээсэлж амьдарч байх хугацаандаа фейсбүүк болон сониноос “байр түрээсэлж сууна” гэсэн зар харж байгаад тухайн хүний утас руу залгаж “байр түрээслэх үү, түрээслэх байр байгаа шүү” гэж хэлдэг байсан. Тухайн үед нэг эрэгтэй миний 99938916  дугаар луу залгаад уг байрыг 15.000.000 төгрөгт түрээслэхээр болоод би тэр эрэгтэйгээс 15 сая төгрөг аваад хүүнд нь тухайн байранд суулгахаар ярьж тохиролцсон. Тэгээд тухайн үед утсаар ярьсан эрэгтэй ирэх боломжгүй байна гээд оронд нь нэг эмэгтэй ирээд байр үзээд, гэрчилгээ бичиг баримт шалгаад уг байранд суухаар болж  бид хоёр 3, 4 дүгээр хорооллын эцэс дээр нотариат орж гэрээ байгуулан тэр эмэгтэй миний халамж авдаг данс руу 15.000.000 төгрөг шилжүүлж өгөөд би байрны түлхүүрийг өгчхөөд явсан. Би уг гэрээг баримт бичиг засаж янзалдаг компьютер бичиг хэргийн газраас худалдаж авч байсан. Одоо тухайн хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн ялын тооцоо /хэргийн 52-53 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 67 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 89-94 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 101 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хэргийн 102-175 дугаар хуудас/,.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

   Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

         Шүүгдэгч Д.Э нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 87/3 байрны 4 тоотод 2 өрөө байр түрээсэлж байхдаа баримт бичиг ашиглаж, бусдын өмчлөлийн орон сууцыг өөрийн өмчлөлийн орон сууц мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар хохирогч Д.Эыг төөрөгдөлд оруулж “15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээ байгуулж, улмаар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Өөрөөр хэлбэл нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

 Залилах гэмт хэргийн үйлдлийн аргуудыг тухайлан тайлбарлавал “Хуурч” гэдэг нь бусдын өмчлөх эрхийг элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг,   “баримт бичиг ашиглах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар авахын тулд хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглах зэргийг, “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдал дээр огтоос байхгүй зүйлийг байгаа мэтээр /тухайлбал, өөрийгөө амжилттай бизнесмен, баян, их хэмжээний эд хөрөнгийн өв залгамжлагч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэх мэт/ бусдад ойлгуулж эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.

         Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Э нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

         Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч Д.Эг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Хохирлын талаар:

           Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эт 15.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байна.

             Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгаас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг,

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

           Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

           Шүүгдэгч Д.Эгийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Шүүхээс шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно”, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг” гэж тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар сольж,

Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 02 сар 28 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 9 жил 02 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Залилах 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж тус тус заасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд тус хуульд хамааруулахгүй байхаар хуульчилсан байгааг дурдах нь зүйтэй.

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Эд 2 жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар сольсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эд энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 02 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 9 жил 02 сар 28 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Эгаас 15.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Эт олгосугай. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО