Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0068/э |
Дугаар | 2022/ШЦТ/168 |
Огноо | 2022-05-04 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/168
2022 5 04 2022/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д
улсын яллагч Л.Э
хохирогчийн төлөөлөгч Д.Эрдэнэсүх,
шүүгдэгч Н.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Э-т холбогдох эрүүгийн 2225000000049 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Н.Э
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт 77-50БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ “...Би энэ модыг 2021 оны намар 10 дугаар сард нөхөрлөлийн журмаар ойн цэвэрлэгээгээр бэлтгээд хөдөө гэрийнхээ гадаа хураагаад галаа түлж байсан юм. Тэгээд хадам ээж, хүүхдүүдрүүгээ мод авч ирж байгаад цагдаад баригдсан, 50км дотор малчид биднийг модоо тээвэрлэж явж болно гэдэг болохоор 50км хүрэхгүй зай байсан тул модоо ачаад явж байсан юм.” гэв.
хохирогчийн төлөөлөгч Д.Э мэдүүлэхдээ “...Хэргийн материалтай танилцсан, шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байгаа.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х “...2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Орхон аймгийн Сум дундын ойн ангийн шинжээч Х.Эрдэнэбатын болон 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн гаргасан 77-50БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээтэй танилцлаа. Н.Эт Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар арга хэмжээ авч өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,
гэрч Н.Б “...бэлтгэсэн 5 машин модоо “Цуурай” гэх газар үлдээсэн байсан. Тэгээд тэндээс Н.Э нэг машин тал мод ачиж гэрийнхээ гадаа буулгаж байсан. 2021 оны 12 дугаар сарын сүүлээр намайг хотод байхад “гэрийн гаднаа түлж байсан модноос Орхон аймаг Баян-Өндөр сум руу ээжийнхээ гэрт буулгах гэж яваад цагдаад баригдчихлаа” гэж хэлж байсан. Н.Э нь мод тээвэрлэх үедээ гарал үүслийн гэрчилгээ аваад, хянуулаад явах ёстой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Н.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би мод бэлтгэх эрхтэйгээр тухайн үед 5 машин мод бэлтгэж байх үедээ гэрийн гаднаа нэг машин хүрэхтэй үгүй мод буулгасан байсан юм. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрийн гадаа буулгасан модноос талыг нь ачаад хадам ээжийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багт байх гэр лүү нь тээвэрлэн явж байгаад баригдсан. Тухайн үед Эрдэнэбат гэх хүнээс асуухад гарал үүслийн гэрчилгээ байхгүй гэж байсан. Гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэж болохгүй гэж мэдэж байсан, гэрийнхээ гаднаас түлж байсан модноосоо ачиж явсан болохоор гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх гэж бодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,
гэрч Д.Э “...Гарал үүслийн гэрчилгээг аймаг хооронд мод тээвэрлэхийн тулд гаргуулан авдаг бичиг баримт юм. Гарал үүслийн гэрчилгээг Сум дундын ойн ангийн даргаас авч, байгаль орчны улсын байцаагч хянаж, тухайн газар нутагт ойн анги байхгүй бол сумын Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнаас авна. Үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд мод бэлтгэх эрхийн бичиг авдаг, эхлээд мод бэлтгэх эрхийн бичгээрээ мод бэлтгээд, дараа нь мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг авах ёстой. Гэрийн гадаа байсан ч, хаана ч байсан өөр нэгэн аймаг сум руу тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн гэрчилгээ авах ёстой, ойн анги юм уу сумын эрх бүхий албан тушаалтнаас гарал үүслийн гэрчилгээ авч, байгаль орчны улсын байцаагчаар хянуулж байж тээвэрлэх эрх нь бүрдэнэ. Модыг хэзээ ч бэлтгэсэн байж болно, тухайн модыг бэлтгэсэн эрхийн бичиг буюу гоожин нь заавал байх ёстой, гоожинг үндэслэж гарал үүслийн гэрчилгээ олгож өгдөг. Гоожин байхгүй бол ямар ч гарал үүслийн гэрчилгээ олгохгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дахь тал/,
иргэн Г.Ж “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13.20 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
77-50БУА улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5, 6 дахь тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7, 8-9 дэх тал/,
зохих зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн 77-50БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-18, 19 дэх тал/,
Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай, “...Н.Э-ын бэлтгэсэн 77-50БУА улсын дугаартай машин дээр ачсан байгаа модны гадна шинж байдал нь давирхай гоожоогүй, чийгтэж бантаагүй хуурай шинэс мод /Larix sibirica/ болно. MNS 5413:2011 стандартад 1.5м дундаж урттай 36 ширхэг шинэс модны нийт эзэлхүүнийг тогтоохдоо MNS 2379:2010 стандартын 0.5-9.5м-ийн урттай хэвийн шувтантай бөөрөнхий модон материалын эзэлхүүний хүрдийг ашиглав. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд саатуулагдсан 77-50БУА автомашинд ачсан 2.6196м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 441.808 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
“Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 22/0003 дугаартай “...77-50БУА улсын дугаартай, “Hyundai porter” маркийн автомашины үнэлгээг 1.141.521 төгрөг гэж тогтоолоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай, яллагдагч Н.Э-ын эзэмшлийн 1.141.521 төгрөгийн үнэлгээтэй, 2002 онд үйлдвэрлэгдсэн 77-50БУА улсын дугаартай, “Hyundai porter” загварын хөх өнгийн, бага оврын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 50 дахь тал/,
77-50БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан нийт 36 ширхэг, 2.6196м3 эзэлхүүнтэй шинэс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 52 дахь тал/,
гэрч Н.Балдоржоос хавтаст хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн, Ойн санг эзэмших, нөхөрлөл аж, ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, талбай тусгаарлах ажлын зардалд 150.000 төгрөг төлсөн баримт, Мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /хавтаст хэргийн 55-65 дахь тал/,
Н.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72, 74 дэх тал/,
2021 оны 10 дугаар сарын 05-15-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиг /хавтаст хэргийн 84 дэх тал/,
77-50БУА улсын дугаартай, “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт /хавтаст хэргийн 85 дахь тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн 2000 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 92-94 дэх тал/,
Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн 2003 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 122 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 95-98 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн төлөөлөгч, гэрч нараас мөн Н.Э-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Н.Э-ыг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Н.Э нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг Хангал сум 2 дугаар баг “Цуурайн гол” гэх газраас Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг руу 77-50БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогчийн төлөөлөгч Ц.Х “...Н.Эт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү.” гэх,
гэрч Н.Балдоржийн “...түлж байсан модноос Орхон аймаг Баян-Өндөр сум руу ээжийнхээ гэрт буулгах гэж яваад цагдаад баригдчихлаа” гэж хэлж байсан. Н.Э нь мод тээвэрлэх үедээ гарал үүслийн гэрчилгээ аваад, хянуулаад явах ёстой байсан.” гэх,
гэрч Д.Энхбазарын “...мод бэлтгэх эрхийн бичгээрээ мод бэлтгээд, дараа нь мод тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээг авах ёстой. Гэрийн гадаа байсан ч, хаана ч байсан өөр нэгэн аймаг сум руу тээвэрлэх тохиолдолд заавал гарал үүслийн гэрчилгээ авах ёстой, ...модыг бэлтгэсэн эрхийн бичиг буюу гоожин нь заавал байх ёстой, гоожинг үндэслэж гарал үүслийн гэрчилгээ олгож өгдөг.” гэх,
Н.Эын яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрийн гадаа буулгасан модноос талыг нь ачаад хадам ээжийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багт байх гэр лүү нь тээвэрлэн явж байгаад баригдсан. ...гэрийнхээ гаднаас, түлж байсан модноос ачиж явсан болохоор гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй байх гэж бодсон.” гэх мэдүүлгүүдээр,
иргэн Г.Жамсранжавын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Н.Э нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэж явсан.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 13.20 цагт хүлээн авсан тэмдэглэл,
77-50БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн үеэр бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн тэвшинд үзлэг хийсэн тэмдэглэлүүдээр,
мөн Орхон аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн Х.Эрдэнэбатын 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай, “...77-50БУА автомашинд ачсан 2.6196м3 модны экологи-эдийн засгийн үнэлгээний нийт мөнгөн дүнг 441.808 төгрөгөөр тогтоов.” гэсэн дүгнэлт,
77-50БУА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж явсан нийт 36 ширхэг, 2.6196м3 эзэлхүүнтэй шинэс модыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, ... бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэдгийг иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллага нь ойгоос бэлтгэсэн мод, гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа сум дундын болон сум, дүүргийн ойн анги /байхгүй бол эрх бүхий албан тушаалтан/-аас гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсныг ойлгоно.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.” гэж,
34.4 дэх хэсэгт “Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно.” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч Н.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Булган аймаг Хангал сум 2 дугаар баг “Цуурайн гол” гэх газраас 77-50БУА улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслээр 36 ширхэг, 2.6196м3 эзэлхүүнтэй шинэс модыг Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг руу тээвэрлэсэн үйлдэл нь “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэргийн үндсэн шинжийг хангах бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Н.Э-ыг “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага оногдуулах талаар, улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...торгох шийтгэл өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг сонгон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоо зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг.”,
12-д “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр" гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг.”
13-д “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг” ойлгохоор заасан байна.
Шүүгдэгч Н.Э нь шууд үйлдлээрээ ойгоос мод огтолж бэлтгэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна өөрөө Ойн санг эзэмших зөвшөөрөлтэй “Минж булга” нөхөрлөлийн гишүүн бөгөөд тухайн нөхөрлөл нь ойн цэвэрлэгээ хийж мод бэлтгэдэг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хохирол нөхөн төлөгч этгээдэд хамаарахгүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд оногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна” гэж заасан байгаа боловч шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйлдлийн шинж, хувийн байдал, байгаль орчинд өөрийн үйлдлээр шууд учруулсан хохиролгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багт байрлах Байгаль орчин аялал жуулчлалын газрын аж, ахуйн хашаанд хадгалагдаж байгаа 36 ширхэг, 2.6196м3 эзэлхүүнтэй шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож,
харин Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Н.Эын эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн 77-50БУА улсын дугаартай, “Hyundai porter” загварын хөх өнгийн, бага оврын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй юм.
Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 3 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Н.Э-ын эзэмшлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн 77-50БУА улсын дугаартай, “Hyundai porter” загварын хөх өнгийн, бага оврын ачааны тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч Н.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ