Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/357

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо       даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналын прокуророос Д.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Д.А /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

           Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар палас” төвд Ардчилсан намаас зохион байгуулж байсан хуралд оролцож байх үедээ иргэн Д.Мийг “үйл ажиллагаанд оролцож байсан хүмүүстэй маргалдаад байсан” гэх шалтгаанаар “Улаанбаатар палас”-ын хурлын танхимаас гарах хэсгийн шат руу түлхэж унагаасны улмаас түүний биед тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар палас” төвд Ардчилсан намаас зохион байгуулж байсан хуралд оролцож байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мийг “Улаанбаатар палас”-ын хурлын танхимаас гарах хэсгийн шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:  

Хохирогч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “UB” паласд Ардчилсан намын онц их хурал болж байсан тул 19 цагийн үед туслах Эийн хамт очсон ба гар утсаараа лайв хийж байсан. Тэгээд үг хэлэхээр индэр дээр гарсан чинь Баян-Өлгий аймгийн ардчилсан намын  гишүүн гэх шар өнгийн пиджактай залуу нэг залуугийн хамт намайг тайзнаас чирч буулгаад үүдний хэсэг рүү түлхээд явсан. Тэгтэл миний өөдөөс Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын ардчилсан намын дарга А ирээд намайг чирч үүдний гарах хэсэг рүү гардаг шатны хажууд очоод намайг түлхэж унагаасан. Тэгээд би босох гэтэл А миний цээж рүү гараараа 2 удаа цохисон...гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 66-67, 69-70 дугаар хуудас/,

Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...19 цагийн үед “UB” паласын гадна очоод Мэ дарга утсаараа лайв хийгээд бид хоёр хурал болж буй танхим руу ороход хуралд байсан зарим хүмүүс нь Мэ даргыг гар, зайл гэх мэтээр хэлээд байхаар нь Мэ дарга үгээ хэлэхээр шууд тайз руу гарахад араас нь хэдэн залуу очоод хүчээр түлхэж байгаад тайзнаас буулгаад үүдний гарах хэсэг рүү түлхээд явж байтал үүдний хэсгээс нэг залуу гарч ирээд бид хоёрыг чирээд шатны хажууд очсон. Тэгээд шатны хажууд очих үед тэр чирээд байсан залуу Мэ даргыг түлхэхэд Мэ дарга шат руу унасан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 74-75 дугаар хуудас/,

Гэрч А.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн хурлын үеэр хүмүүс хашхирч олон хүмүүсийг хамарсан маргаан болоод байхаар нь би сонирхсон байдлаар гар утсаараа бичлэг хийсэн. Гэтэл нэг саарал пиджактай, хар өмдтэй 30 гаруй насны эрэгтэй хүн нэг хүний араас өшиглөсөн. Тэр бичлэг нь одоо надад байгаа. Өөрөөр зодоон цохион болсон асуудлыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 91 дүгээр хуудас/,

Гэрч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мэ “UB” паласын хаалгаар орж ирж байхад хүмүүс эсэргүүцсэн байдалтай байсан учир би элдэв хэрүүл маргаан гарахаас сэргийлж Мийг тайз руу гарахын өмнөөс л хамгаалж байсан. Тэгтэл Мэ тайз руу гарчихаар нь араас нь гарч түүнийг тайзнаас буулгасан. Тухайн үед бас өөр 2-3 залуу байсан. Уг хүмүүсээс Мийг цохиж зодсон гэхээр зүйл ажиглагдаагүй.  Харин хаалганы хажууд очих үед Мэ хойшоо шат руу унаж байгааг нь би маш тод харсан...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 100-101 дүгээр хуудас/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 34-37 дугаар хуудас/,

Сидинд үзлэг хийсэн тухай “...Бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн урдаас нь ирж Д.Мийн хувцаснаас зуурч танхимын хойд гарах хэсэг рүү чирч байгаа, ...бараан өнгийн хүрэмтэй эрэгтэй Д.Мийн мөрөнд түлхэн унагааж, Мэ эгц арагшаа унаж байна...” гэх тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 38-46 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №11456 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний:

“1.2.Д.Мийн биед тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн.

4.Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн хуучин гэмтлүүд байна.

5. Д.Мийн биед учирсан тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

6. Д.Мийн биед учирсан тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, ар нурууны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7.Дээрх гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 123-124 дүгээр хуудас/,

   Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №1021 дугаартай Криминалистикийн шинжилгээний газрын:

            1.Шинжилгээнд ирүүлсэн ... дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.

            2.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэг нь фейсбүүк олон нийтийн харилцааны хэрэглүүрээр үүсгэгдсэн шууд бичлэг байх бөгөөд түүнд ямар нэгэн засвар өөрчлөлт хийгдээгүй.

            3.Шууд бичлэг хийж байгаа тохиолдолд интернэт сүлжээ тасрах болон механик үйлчлэлийн нөлөөгөөр бичлэг хийж байгаа төхөөрөмжид үйлчилсэн тохиолдолд шууд бичлэг тасалдах, гацах боломжтой. Шинжилж буй дүрс бичлэгт тасралт, гацалт үүсээгүй байна.” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 132-133 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархи доргилт нь дангаараа эрүүл мэндийг сарниулах тул хөнгөн гэмтэлд хамаарна. Дагзны зөөлөн эдийн няцрал, ар нурууны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт дангаараа хамаарахгүй. Хохирогч шатны уруу хойшоо харсан байдалтай унахад тархи доргилт, дагзны зөөлөн эдийн няцрал, ар нурууны цус хуралт гэмтлүүд нь үүсэх боломжтой. Бөөр хэсэгт өшиглөх үед дээрх гэмтлүүд үүсэхгүй. Харин цохигдсон хэсэгт цус хуралт гэмтэл үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 116-117 дугаар хуудас/,

Шинжээч Д.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лайв бичлэг нь шууд хийгдэж дуусаад фейсбүүк дээр хадгалагддаг тул засвар хийх боломжгүй. Тухайн дүрс бичлэгийг үүсгэж байгаа буюу бичлэг хийж байгаа төхөөрөмж болох гар утас нь ямар нэгэн доргилт, интернэт сүлжээ тасрах зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэн тодорхой хугацаанд гацалт үүсэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн бичлэгийн хувьд ямар нэгэн засвар хийгдээгүй бичлэг байна. Тухайн бичлэгийн 06:29-06:33 секундын хооронд доргилт, эсхүл интернэт сүлжээ тасарсны улмаас бичлэг хэсэгхэн хугацаанд зогсолт хийгдэж уг хүний унасан хэсэг бичигдээгүй байх боломжтой байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 119-120 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Аын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд байх 00 орчихоод буцаад баруун талын хаалгаар ортол Мийг хүмүүс түрчихсэн түлхээд өөдөөс ирж байсан. Тэгэхээр нь би урдаас нь очоод Мийн хувцаснаас нь чирээд шатны хажууд очоод түлхсэн чинь шатны уруу уначихсан. Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 238-239 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 140 дүгээр хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хэргийн 148-152 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 1 дүгээр хавтас 156-167 дугаар хуудас/, цагдаагийн асап сангийн мэдээлэл /хэргийн 1 дүгээр хавтас 172-176 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 247 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 248 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг. 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

           Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар палас” төвд Ардчилсан намаас зохион байгуулж байсан хуралд оролцож байх үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Д.Мийг “Улаанбаатар палас”-ын хурлын танхимаас гарах хэсгийн шат руу түлхэж унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, ар нурууны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, шинжээч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч Д.А нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

         Тиймээс шүүгдэгч Д.Аыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

             Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Аын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Ад 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

 Шүүх шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав. 

  1. Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЗОЛБОО