Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/171

 

2022         05            05                                   2022/ШЦТ/171

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.

улсын яллагч Г.Э

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч О.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 2125000000226 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.Т

Шүүгдэгч Д.Т нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7-8 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум нутаг дэвсгэрээс бэлтгэсэн,

Орхон аймаг Баян-Өндөр сум тоот өөрийн гэртээ хадгалсан,

2021 оны 1 дүгээр сарын 17, 27-ны өдөр, мөн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд Б.Галсанбаяраар дамжуулан Ц.Пүрэв-Очирт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.Т “...Очироо гээд миний багын найз надаас гуйсан болохоор дүүд нь өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Б.Г-н “...Очироо гэх ах 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш над руу “video call” хийж яриад “манай эхнэр жирэмсэн, Эрдэнэтээс цайны ханд аваад явуулчих” гээд 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр над руу 5634171118 дугаарын данснаас 100.000 төгрөг шилжүүлээд юнителийн дугаар өгч байсан. Хоёр нүднийхээ доод хэсэгт том шивээстэй ax гарч ирээд жижиг гялгар ууттай битүү скочидсон доторх зүйл нь харагдахгүй хөнгөн зүйл гаргаж ирээд “Очироогийн дүү юм уу” гэж хэлээд өгсөн, “мөнгийг нь данс руу чинь шилжүүлчих үү” гэсэн чинь “үгүй, бэлнээр авъя” гээд “Пирамид”-ын АТМ-с 60.000 төгрөг аваад өөрт байсан 40.000 төгрөгтэй нийлүүлээд 100.000 төгрөг өгсөн. Д.Төөс авсан зүйлээ ЭТ-УБ-ЭТ гэх фэйсбүүк зараас “Улаанбаатар хот руу дайвар авч явна” гэсэн унаанд шууд аваачаад өгсөн. ...дараа нь Очироо ах надтай дахин фэйсбүүкээр холбогдоод “1-1 дүгээр байрны гадаа очоод цайны ханд аваад явуулчих” гээд миний данс руу дээрх дансаараа 100.000 төгрөг шилжүүлсэн, би 1-1 дүгээр байрны урд талын зогсоол дээр очоод зогсож байсан чинь миний машины хаалгыг 170 см өндөртэй туранхай 20 гаран насны залуу татаад үсны машины хайрцагтай скочидсон хөнгөн зүйл өгөхөөр нь Очироо ахын шилжүүлсэн 100.000 төгрөгийг 5023669638 дансаар шилжүүлсэн. 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Очироо ах дахин холбогдоод миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд “очоод авчих” гэхээр нь 5-3 дугаар байрны гадаа очоод Очироо ахад “би ирчихлээ” гээд фэйсбүүкээр холбогдсон чинь Д.Т ганцаараа гарч ирээд дотроо хатуу зүйлтэй, жижиг, цагаан гялгар ууттай зүйл өгсөн, би Төгөлдөрт өөрт байсан мөнгөнөөсөө 100.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/,     

гэрч Ц.П-н “...2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Төгөлдөрөөс “мансууруулах өвс байна уу” гэж асуухад “байхгүй, Мөнхбаяр гэх залууд байгаа” гээд Мөнхбаярын фэйсбүүк хаягийг өгч байсан, тэгээд би Мөнхбаярын фэйсбүүк хаягаар өөрийн тухайн үед ашиглаж байсан “ideal man” нэртэй фэйсбүүк хаягаараа харьцаж Мөнхбаяраас мансууруулах өвс худалдан авахаар болоод дүү Галсанбаярыг Мөнхбаяр луу явуулан 100.000 төгрөгөөр худалдан авч, Галсанбаяр над руу унаанд хийж өгч явуулсан. ...Галсанбаяртай ах, дүүгийн харилцаатай, Мөнхбаярыг бол таньдаггүй байсан, 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр мансууруулах өвс худалдан авахдаа л мэддэг болсон, энэ өдрөөс хойш Мөнхбаяртай харилцаагүй. Би тухайн үед 100.000 төгрөгийг өөрийн эхнэр У.Сарангуагийн Хаан банкны 5634171118 дугаарын данснаас Галсанбаярын 5094565997 дугаарын данс руу шилжүүлж Галсанбаяр нь цааш Мөнхбаярт өгсөн. Би Төгөлдөрөөс 2021 оны 1 дүгээр сард хоёр удаа, 2 дугаар сард нэг удаа нийтдээ гурван удаа мансууруулах өвс худалдан авсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

Д.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Манай гэрт цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж намайг шалгах үед би маш их айж өөрийнхөө гэрт байгаа ургамлуудыг бүгдийг нь гаргаж өгсөн. ...би шуудайтай ургамлыг Зээлийн жалганаас түүж авч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 180-181 дэх тал/,

“...би мансууруулах бодис хэрэглэсэн нь үнэн, гэхдээ Пүрэв-Очирт худалдаалах зорилго байгаагүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 175 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ч.Мөнх-Эрдэнийн гар утсаар гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоотод Даланбуу овогтой Төгөлдөр, Энхтуяа овогтой Баттуяа

 

нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал бэлтгэн хадгалсан, бусдад зарсан байж болзошгүй.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 7 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10-20 дахь тал/,

Д.Тийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 21-36 дахь тал/,

Б.Галсанбаярын Хаан банкны 5094565997 тоот дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 39-47 дахь тал/,

М.М-н өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 49-52 дахь тал/,

Д.Т-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

3 хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг болон Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоот хэргийн газрын үзлэгийн хоёр ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолууд /1 дэх хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 3 хэсэг ургамал мэт зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн шуудайтай ургамал, шуудайны хамт 305.2гр, цэвэр жин 242.1гр, жижиг гялгар ууттай ургамал мэт зүйл уутны хамт 127.4гр, цэвэр жин 124.9гр, том гялгар ууттай нойтон ургамал мэт зүйл уутны хамт жин 477.8гр, цэвэр жин нь 409.1гр, ...ургамал мэт зүйлс тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол илрэв.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 91-92, 93-94 дэх тал/,

Д.Т мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай, “...1.Д.Т нь Каннабинойдны шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэгтэй. Энэ өвчин олдмол. Урьд нь сэтгэцийн эмчийн хяналтанд байгаагүй тул хэзээ эхэлсэн болохыг одоо тодорхойлох боломжгүй. 2.Д.Т нь хар тамхинд мансуураагүй үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. 3.Д.Т нь шинжилгээ хийх үед дээрх сэтгэцийн өвчинтэй байна. Мөн шинжилгээ хийх үед өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, мөн хэрэг хариуцах чадвартай байна. 4.Түүнд хар тамхинаас гаргах эмчилгээг сайн дурын үндсэн дээр хийх шаардлагатай. 5.Д.Т нь болсон үйл явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6.Магадлуулагч нь Каннабинойдны төрлийн мансууруулах бодист хамааралтай.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1226 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Т ФА95050139 2021.2.10” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 102-103, 104 дэх тал/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 5-8 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрч нараас мөн Д.Т-өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.Тийг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Д.Т нь НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвецийн жагсаалтанд багтдаг Дельта-9-тетрагидроканнабинол агууламжтай ургамал бүхий түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар 2020 оны 7-8 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс бэлтгэсэн,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоот өөрийн гэртээ хадгалсан,

2021 оны 1 дүгээр сарын 17, 27-ны өдөр, мөн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрүүдэд Б.Галсанбаяраар дамжуулан Ц.Пүрэв-Очирт худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, гэрч Б.Галсанбаярын “...Хоёр нүднийхээ доод хэсэгт том шивээстэй ax гарч ирээд жижиг гялгар ууттай битүү скочидсон доторх зүйл нь харагдахгүй хөнгөн зүйл гаргаж ирээд “Очироогийн дүү юм уу” гэж хэлээд өгсөн, “мөнгийг нь данс руу чинь шилжүүлчих үү” гэсэн чинь “үгүй, бэлнээр авъя” гээд “Пирамид”-ын АТМ-с 60.000 төгрөг аваад өөрт байсан 40.000 төгрөгтэй нийлүүлээд 100.000 төгрөг өгсөн.

...дараа нь Очироо ах надтай дахин фэйсбүүкээр холбогдоод “1-1 дүгээр байрны гадаа очоод цайны ханд аваад явуулчих” гээд миний данс руу дээрх дансаараа 100.000 төгрөг шилжүүлсэн, би 1-1 дүгээр байрны урд талын зогсоол дээр очоод зогсож байсан чинь миний машины хаалгыг 170 см өндөртэй туранхай 20 гаран насны залуу татаад үсны машины хайрцагтай скочидсон хөнгөн зүйл өгөхөөр нь Очироо ахын шилжүүлсэн 100.000 төгрөгийг 5023669638 дансаар шилжүүлсэн.

2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Очироо ах дахин холбогдоод миний данс руу 100.000 төгрөг шилжүүлээд “очоод авчих” гэхээр нь 5-3 дугаар байрны гадаа очоод Очироо ахад “би ирчихлээ” гээд фэйсбүүкээр холбогдсон чинь Д.Т ганцаараа гарч ирээд дотроо хатуу зүйлтэй, жижиг, цагаан гялгар ууттай зүйл гаргаж өгсөн, би Төгөлдөрт өөрт байсан мөнгөнөөсөө 100.000 төгрөг өгсөн.” гэх,

гэрч Ц.П “...Би Төгөлдөрөөс 2021 оны 1 дүгээр сард хоёр удаа, 2 дугаар сард нэг удаа нийтдээ гурван удаа мансууруулах өвс худалдан авсан.” гэх,

Д.Т-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Манай гэрт цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж намайг шалгах үед би маш их айж өөрийнхөө гэрт байгаа ургамлуудыг бүгдийг нь гаргаж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,

 Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч Ч.Мөнх-Эрдэнийн гар утсаар гаргасан “...Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод Даланбуу овогтой Төгөлдөр, Энхтуяа овогтой Баттуяа нар нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал бэлтгэн хадгалсан, бусдад зарсан байж болзошгүй.” гэсэн мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Б.Галсанбаярын Хаан банкны 5094565997 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Д.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гурван хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг болон Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-56 тоот хэргийн газрын үзлэг хийгдсэн цагаан өнгийн хоёр ширхэг хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолуудаар,

мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай “...ургамал мэт зүйлс тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол илрэв.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.Т мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тэмдэглэл,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1226 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Т ФА95050139 2021.2.10” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв.” гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Т-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” үйлдэлд нь Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүхээс түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч Д.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн, 

шүүгдэгчийн өмгөөлөгч О.С-с “...нөхцөл байдлыг буруугаар ойлгож, төөрөгдсөн гэж үзэж байна. 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Мөн түүний эрүүл мэндэд сөрөг эмгэг үүссэн тул хорих ял дээр нэмж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Д.Т-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-т 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүн согтуурах, мансуурах, донтох эмгэгтэй болох нь тогтоогдвол түүнд оногдуулсан ял дээр нэмж энэ хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.” гэж заасан байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтээр “Д.Т сэтгэцийн өвчтэй, ...Каннабинойдны төрлийн мансууруулах бодист хамааралтай” болох нь тогтоогдсон боловч мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүйгээс гадна шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч нь өөрөө хар тамхинаас гаргах эмчилгээг сайн дурын үндсэн дээр хийлгэх хүсэлт гаргаагүй, мөн прокурор дүгнэлт гаргаагүй тул өмгөөлөгчийн эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзэв.    

Шүүх шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлдүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Бусад асуудал;

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч Д.Т-ийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Т-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэг бүхий 2 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн шуудайтай 305гр, жижиг гялгар ууттай 125гр, том гялгар ууттай 485гр буюу гурван хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж, 

шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 37.1, 38.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор бэлтгэсэн, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Д.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 27 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн газрын үзлэг бүхий 2 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн шуудайтай 305гр, жижиг гялгар ууттай 125гр, том гялгар ууттай 485гр буюу гурван хэсэг 915гр ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ