Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч А.С,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, Б.О /РД:***/.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Тумбааш” төвийн урд замд 2022 оны 3 дугаар сарын 22-ны шөнө 00 цаг 18 минутын орчим “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.С мэдүүлэхдээ: “Би 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн орчимд 3 дугаар хорооллын “Тумбааш” дэлгүүрийн урд явган хүний гарцаар гарч яваад цагаан өнгийн машинд мөргүүлж ухаан алдсан. Түргэний эмч ирж үзлэг хийсэн. Цагдаагийн байгууллага дараа нь ирсэн. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт очиж MRI, Рентген зураг авхуулсан. Үүнээс хойш хөл гипстэй, сэтгэл санааны хувьд хэцүү байсан, хөдөлмөрийн чадвар алдсан. Хөл, гар бүрэн эдгээгүй, доголон болсондоо гомдолтой байна. Нөхөн сэргээх эмчилгээний зардал байхгүй байсан тул одоог хүртэл нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж чадаагүй. Эмчилгээний зардал болон 2 сар ажилгүй байсан буюу хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааны мөнгийг бүрэн зөв гаргаж өгнө үү” гэв.

         Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Тумбааш” төвийн урд замд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнийн 00 цаг 18 минутын орчим “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

         Зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хэргийн 3-10 дугаар хуудас/,

            Хохирогч А.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад гэр лүүгээ харих гээд “Тумбааш” төвийн урд талын явган хүний гарцаар урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарах гээд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах чиглэлийн зорчих хэсгийг гараад замын голын тусгаарлах зурвас дээр очоод зорчих хэсгийн зүүнээс баруун тийш явах чиглэлийн 2 эгнээгээр том оврын ачааны машин ирж байхаар нь тэрийг өнгөрөхөөр нь зам хөндлөн гартал ачааны машины араас нэг машин хурдтай ороод ирсэн. Тэгээд байрнаасаа хойшоо зогтустал  тухайн машин миний баруун тал руу мөргөөд би газар унасан. Тэгээд жолоочийн нөхөр нь машинаас гарч ирээд намайг машин руугаа оруулж суулгасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

         Иргэний хариуцагч Ч.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үед манай эхнэр О машиныг жолоодоод явж байсан бөгөөд би арын суудал дээр сууж явсан. Тумбааш төвийн урдуур ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр явж байтал зорчих хэсгийн 3-р эгнээгээр том оврын ачааны машин яваад өнгөртөл араас нь нэг хүн гэнэт гараад ирсэн. Тэгээд О машины рулээ баруун тал руугаа дараад тухайн хүнийг машиныхаа зүүн урд талын хэсгээр мөргөсөн. Тэгээд би буугаад тухайн хүнийг машиндаа суулгаад цагдаа, түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №4671 дугаартай:

  1. А.Сы биед баруун атгаал ясны сэлтэрсэн хугарал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.
  3. Шинэ гэмтэл байна.
  4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хэргийн 45-46 дугаар хуудас/,

            “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт:

  1. “ Уг автотээврийн хэрэгслийн тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормос, дуут дохио, эргэх дохионы гэрэл, гэрэлтүүлэг, шил арчигч, шил угаагч, хаалга, цонх, цоож, дугуйн хээний гүний хэмжээ нь стандартын шаардлага хангаж байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна.
  2. Урд салхины шил доогуураа хөндлөн цуурсан, зүүн гар талын урд их гэрэл сэнж нь хугарч хагарсан, зүүн гар талын крыло хонхойсон сэвтэй, урд буфер зүүн гар талын доод буландаа хагарч скочоор наасан сэвтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
  3. Урд салхины шил доогуураа хөндлөн цуурсан, зүүн гар талын урд их гэрэл сэнж нь хугарч хагарсан, зүүн гар талын крыло хонхойсон сэвтэй эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осол хэрэг болоход үүссэн шинэ эвдрэл гэмтэл тул осолд нөлөөлөхгүй. Урд буфер зүүн гар талын доод буландаа хагарч скочоор наасан сэвтэй зэрэг эвдрэл гэмтэл нь уг автотээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн хуучин эвдрэл гэмтэл тул уг осолд нөлөөлөхгүй.
  4. Энэ зам тээврийн осолд нөлөөлөхөөр эвдрэл гэмтэл илрээгүй.
  5. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй бөгөөд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа хэвийн стандартын шаардлагыг хангаж байна.
  6. Тоормосны систем шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй үед тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ...” гэх дүгнэлт /хэргийн 53-61 дүгээр хуудас/,

            2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа:

  1. “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч А.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх магадлагаа /хэргийн 63 дугаар хуудас/,

         Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...3, 4 дүгээр хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2-р эгнээгээр “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод нөхөртэйгөө хамт 30 км/ц-ийн хурдтай явж байтал “Тумбааш” төвийн эсрэг талын явган хүний гарцаар гэнэт хүн гарч ирэхээр нь би машиныхаа рулийг баруун тал руугаа дараад тухайн явган зорчигчийг машиныхаа зүүн урд талын гэрэл хэсгээр мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 75 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 76 дугаар хуудас/, жолооны үнэмлэхийн хуулбар /хэргийн 78 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 80 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 82 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 83 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

            Шүүгдэгч Б.О нь Баянгол дүүргийн 15 дугаар хороо, “Тумбааш” төвийн урд замд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 23-ны өдөр шилжих шөнийн 00 цаг 18 минутын орчим “Тоёота Приүс” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч А.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг болон гэрэл зургийн үзүүлэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, жолоодох эрхийн лавлагаа, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.

   Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг /давхар объекттой/  гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Оын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.    

          Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хандсан зэрэг нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.

        Шүүгдэгч Б.О болон түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

        Тиймээс шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус тодорхойлсон ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Сы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн хор уршигтай холбоотойгоор эмчилгээний зардалд нийт 545.350 төгрөгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Б.О нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

            Харин хохирогч өөрт учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан “...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Оын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй.

            Шүүхээс шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагын зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.От “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

        Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №*** дугаартай жолооны үнэмлэх, №*** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.От буцаан олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.От “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц №*** дугаартай жолооны үнэмлэх, №*** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.От буцаан олгосугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЗОЛБОО