Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1078

 

Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч Б.Т,

шүүгдэгч У.Бий өмгөөлөгч Ш.М,

шүүгдэгч Э.Энхтулгын өмгөөлөгч Ж.Б,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЗ/2607 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлээр Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн 1702000610021 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. М овгийн Ц.Б, 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хойд эцэг, дүү нарын хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн ялаас чөлөөлсөн, /РД: .........../,

2. Т овгийн У.Б, 1990 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцаа худалдааны менежмент мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, /РД: ........................../,

3. Б овгийн Э.Э, 1988 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, рекламны дизайнер мэргэжилтэй, “Эх орон” телевизэд найруулагч ажилтай гэх, ам бүл 3, эх, дүүгийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../,

4. С овгийн Ц.Э, 1986 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: .............../;

1. Ц.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.6 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 0.65 грамм, биедээ 9.18 грамм мөс гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

2. У.Б нь Э.Э-тай гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдан төлөвлөж, зохион байгуулан 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-н нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Мөн 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дүнжингарав хотхон орчим 27-00 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 13.3 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

3. Э.Энь У.Бтэй гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, гэмт хэргийг өөрөө гүйцэтгэн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

 Мөн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон орчим НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 2.7 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, биедээ хадгалсан,

4. Ц.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхоны орчим өөрийн цүнхэндээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 13.03 грамм каннабис гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газар: Ц.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, У.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Э.Энхтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Ц.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Б, У.Б, Э.Э, Ц.Э нарт холбогдох хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй дараах байдал тогтоогдов.

Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай яллах дүгнэлтэд У.Б, Э.Энарын гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, урьдчилан тохиролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг олж аван, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг, У.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн,

Э.Э-ыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг У.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрт НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай уутны хамт 25.83 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, уг бодисоо 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн гэсэн байдлаар бичсэн нь нэг гэмт үйлдэл эсэх, тус тусдаа гэмт үйлдэл эсэх нь тодорхойгүй байна. Хавтас хэрэгт авагдсан бусад баримтаас үзэхэд 1 санаа зорилго, 1 үйлдэлтэй, 1 цаг хугацаанд болсон гэх үйлдэл байх ба гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болохыг нэг мөр тогтоож чадаагүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд нууцаар явуулж байгаа талаар шийдвэрлээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нар нь мэдүүлэг өгөх боломжтой талаараа өөрөө зөвшөөрч өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгсөн байна. Гэмт хэргийг илрүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад тухайн холбогдсон этгээдүүдийн ашиг сонирхлыг тогтоох боломжгүй байдаг. Тиймээс Э.Э-ыг байцаасан байцаалт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, өмгөөлөгч, шүүгдэгч нараас өмгөөлөгчтэйгээр байцаалт өгөх хүсэлтийг гаргасан учир Үндсэн хууль болон бусад салбар хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол улсын хилээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэргийн талаар нэмж ажиллагаа явуулах, шүүгдэгч нарын Wechat-ыг шалгаж, ашигтай баримт мэдээлэл байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй байна. Учир нь шүүгдэгч нар нь сэтгэцэд нөлөөт бодисын зургийг нэг нь нөгөөдөө явуулж байсан гэж мэдүүлэг өгсөн байна.

Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор яагаад энэ төрлийн бодис хяналтгүйгээр орж ирдэг талаар тодруулах, тухайн боомт дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан, байгаа алба хаагч нар нь энэ төрлийн гэмт хэрэгт оролцоотой эсэх, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр нэвтрүүлэхгүй байх талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгааг залруулах нь зүйтэй ба дээрх ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Б, У.Б, Э.Э, Ц.Э нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б, У.Б, Э.Э, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан яллах дүгнэлтийн хавсралтад заасан эд мөрийн баримтуудыг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэм буруугийн хурлаар хэлэлцээд хэргийг прокурорт буцаасныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

1. Яллагдагч У.Б, Э.Энар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон оролцоог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан, гэмт хэргийн үйлдэл тус бүрийг яллах дүгнэлтэд тодорхой ойлгомжтой тусгасан.

Өөрөөр хэлбэл, нэг санаа зорилготой, нэг цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан тул хэд хэдэн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэн яллах дүгнэлтэд тусган зүйлчилсэн.

2. Энэ хэрэг нь гүйцэтгэх ажлаар буюу эх сурвалжийг нууцалж илрүүлсэн хэрэг тул үүнд ямар нэгэн шийдвэрийг гаргах хуулийн зохицуулалт байхгүй юм.

3. Шүүгдэгч Э.Энь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ өмгөөлөгчгүй өгөхөд татгалзах зүйлгүй гэж мэдүүлсэн. Мөн Э.Энь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгч авч өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлсэн. Хуулиар олгогдсон өмгөөлөгч авах эрх нь зөрчигдсөний улмаас ямар нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөнөөс өмгөөлөгч, шүүгдэгч нараас өмгөөлөгчтэйгээр байцаалт өгөх хүсэлтийг гаргасан учир Үндсэн хууль болон бусад салбар хуулиар олгогдсон эрхийг хангаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байна.

4. Шүүгдэгч У.Бий гар утсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн Wechat-ыг шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу хэрэгт хавсаргасан. Мөн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр У.Бий гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг шинжлэн судлах нотлох баримтаар үнэлэн яллах дүгнэлтэд тусгасан, яллах талын нотлох баримтаар шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан. Мөн шүүгдэгч Э.Энхтулгын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан /үзлэг хийх үед худалдан авсан хар тамхи, мансууруулах бодисын зургийг дарсан баримт/ байгаа.

5. Хавтас хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтын шалгагчаас гэрчээр мэдүүлэг авсан. Мөн энэ гэмт хэрэг хар тамхи мансууруулах бодисыг нууц далд аргаар Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон. Хэрэгт ямар нотлох баримтыг үндэслэж тухайн боомт дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан, байгаа албан хаагч нар нь энэ төрлийн гэмт хэрэгт оролцоотой эсэхийг шалгах нь ойлгомжгүй.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд ямар арга хэмжээ авсан талаар мэдээлэл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдалтай холбоогүй болно.

6. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлыг гэм буруугийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр орхиж шийдвэрлээгүй атлаа гэм буруугийн хуралдаанаас дээрх заалтуудаар буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлгийг зөрчсөн.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЗ/2067 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч У.Бий өмгөөлөгч Ш.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЗ/2607 дугаартай шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгчийн захирамжид нэг гэмт үйлдэл үү, тус тусдаа гэмт үйлдэл үү гэдэг нь тодорхойгүй байна гэснийг прокурор эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн. Гэтэл яллах дүгнэлтэд У.Бий үйлдлийг “2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 29-ний өдөр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, Дүнжингарав хотхон хүртэл тээвэрлэсэн” гэж үзсэн. Гэтэл 28-ны өдөр У.Б нь Улаанбаатар хотод байсан. Мөн 29-ний өдөр ямар нэгэн байдлаар шалган нэвтрүүлэх боомтоор нэвтэрсэн үйлдэл байхгүй. Гэтэл санаатай нэгдэж, үйлдэхийг санаачилж, удирдан зохион байгуулсан гэсэн үйлдлийг нотлохдоо гар утсан дээр хадгалагдсан Wechat-ийн мессежийг авсан байдаг. Уг мессежүүд дээр хар тамхи, мансууруулах бодис, “мөс” гэх нэршилтэй бодисын талаар ямар ч үг, үсэг, өгүүлбэр байхгүй. Тэгээд хэнтэй харьцсан, цаад эх сурвалж нь тодорхойгүй. Энэ асуудал дээр “би facebook-ээр захиалга хийж, хувцас оруулж ирдэг юм, өмнө миний харьцаж байсан болон facebook-ээр орж байсан баримтуудыг шалгаад өгөөч” гэхэд шалгаагүй. Тэгээд хичнээн гэмт хэрэг үйлдсэн нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтээр үйлдлийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийхэд хүндрэлтэй болсон. Эсэргүүцэлдээ санаатай, удирдаж, төлөвлөж, зохион байгуулсан гээд тодорхой бичсэн байна. Хойшлуулшгүй ажиллагаагаар Дүнжингарав захад баригдсаны дараа энэ 4 этгээд бүгд “мансуурлын байдалтай байгаа гэж хэлээд, 3 этгээд өмгөөлөгч авч байцаалт өгье, одоо мансуурсан байна” гэхэд Э.Эгэж сэжигтнийг өмгөөлөгчгүй, мансуурсан байхад нь байцаасан баримтаа энэ хэрэгт хамгийн гол нотлох баримт болгож, яллах дүгнэлтдээ тодорхой оруулсан байгаа. Ганцхан энэ баримтаар нөгөө хоёрыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэж нотолдог. Э.ЭМонгол Улсын хилээр нэвтэрсэн нь нотлогддог. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд харилцан эсрэг сонирхол бүхий сэжигтэн, яллагдагчийн хэн нэгэн нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад нь өмгөөлөгч авах эрхтэй талаар заасан. Хуулийн энэ заалтыг зөрчсөн. Э.Э-ын мэдүүлгээр бусад этгээдүүдийн мэдүүлгийг нотолж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 дахь заалтад заасныг зөрчсөн байна. Хойшлуулшгүй ажиллагаа явуулж, баривчилж авчирсны дараа дандаа 22 цагаас хойш буюу 00 цаг, 01 цагаас байцаалт авсан. Мөрдөн байцаах журамд согтуу буюу мансуурсан хүмүүсийг эрүүлжүүлсний дараа байцаалт авах талаар журамласан байгаа. Байцаалт авахаас өмнө тестээр шээсний шинжилгээ авахад, мансуурсан байдал нь тогтоогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хойшлуулшгүй тохиолдолд эсвэл нууцаар явуулсан талаар шийдвэрлээгүй. Яагаад гэвэл Ц.Бий 2 үйлдэл дээр, У.Б, Э.Эгэх хүмүүс оролцож байгаа байдлаар дүгнэж орж ирсэн мөртлөө сүүлийн үйлдэл дээр ямар ч гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн зүйл байхгүй. Хэрхэн хилээр орж ирснийг нотолж байгаа нь нөгөө wechat-ийг дурдаж ярьдаг. Гүйцэтгэх ажиллагаа буюу эх сурвалжийг нууцалж илрүүлсэн хэрэгт, ямар нэгэн шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байгаа. Нууц ажиллагааны үр дүнг ил болгох магадлагаа үйлдэх журмыг нарийн тодорхой заасан байгаа. Гол баримтаа прокурор хуулийн зохицуулалт байхгүй гээд эсэргүүцлээ өөрөө эсэргүүцэж бичсэн байна. Сэжигтнээр өгсөн мэдүүлгийг сэжигтэн гэж тооцсон юм уу, тооцоогүй юм уу гэдэг зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй нь үнэн. Сэжигтнээр өгсөн мэдүүлэг, өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлэг, шөнийн цагаар авсан, хойшлуулшгүй ажиллагаа эсэх нь тодорхойгүй байгаа, мансуурсан үед нь авсан мэдүүлгээ нотлох баримт болгоод байгааг засаж өгөөч гэсэн байгаа. Тэрнээс биш бид гэм буруугийн асуудал дээр тодорхой хэмжээгээр нотлогдож байгаа үйлдэлд маргаагүй. Гагцхүү өөрийнх нь үйлдэл хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг үндэслэж, ял шийтгэл оногдуулах, гэм буруутайд тооцох асуудлыг ялгамжтай оногдуулахад энэ нотлох баримтууд шаардлагатай байна, энэ алдааг засаачээ гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13, 6.15-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт өгч, энэ хүсэлтийг шийдвэрлээгүй байж, гэм буруугийн хуралдаанаар шийдвэрлэсэн нь буруу байна гэсэн асуудал яригдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “Урьдчилсан хэлэлцүүлгээр гаргасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж заасан байгаа. Яагаад шийдвэрлэх боломжгүй гэвэл бидний гаргасан гомдлын үндэслэлийг нотлох баримт шинжлэн судлах процесс урьдчилсан хэлэлцүүлэгт байхгүй учраас энийг шинжлэн судалсны дараа дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэж хойшлуулж, гэм буруугийн хуралдаанд шилжүүлээд бид нотлох баримтаа шинжлэн судалж, нотолж гаргаж ирсэн асуудал байгаа. Тэгэхээр прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Бий өмгөөлөгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Энхтулга, У.Б нарын үйлдлийн хувьд 27, 28, 29-ний өдөр шилжсэн юм шиг зүйл яриад байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан нотолбол зохих асуудлууд биелэгдээгүй байна гэж үзсэн. Мөн хилийн боомт дээр ажиллаж байгаа хүмүүсээс асуугаач гэсэн байгаа. Нууц ажиллагаа, гүйцэтгэх ажиллагааны хувьд маш нууцын зэрэглэлтэй гэмт хэрэг мөрдөж байгаа бол манайх энэ төрлийн гэмт хэрэг дээр 2 хүнд зүйл, заалтаар буруутгадаг. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг журамласан. Мөн орон нутагт тээвэрлэж байснаар нь худалдан борлуулах зорилгоор гэж нэг үйл баримт дээр 2 өөр ял халдаасан. Энэ талаар тусгай хууль, журамтай шалган нэвтрүүлэх хилийн боомтын гаалийн байцаагч нарыг шалгаж, тодруулга хийж өгөөч. Олон нийтийн хэрэгслээр хилээр орж ирж байгаа сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлэх тоног төхөөрөмжтэй, нохойтой болсон гэж мэдээлээд байдаг. Гэтэл хилээр мансууруулах бодис оруулж ирэхдээ хүмүүс халаасандаа эсвэл оймсондоо хийгээд ороод ирдэг. Эдгээр үйл баримтуудыг тогтоолгохоор гаргасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. Мөн нэг үйл баримтаар 2 хүнд хэрэгт яллаад байгаа. Үүнийг тодорхой болгохгүй бол болохгүй гэдэг талаас нь шүүх анхаарч захирамж гаргасан. Иймд шүүгчийн захиармж нь хууль зүйн үндэслэлтэй тул хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. ...” гэв.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Ж.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүх хуралдаанд худалдаалах зорилготой тээвэрлэсэн гэдгийг прокурор нарийвчилж ярьсангүй. Тээвэрлэсэн гэдгийг Э.Э нь Замын-Үүдийн хилээр орж ирээд Улаанбаатар хотод ирсэн гэдгээр үзээд байгаа. Гэр нь Улаанбаатар хотод байгаа учраас гэр лүүгээ явна шүү дээ. Тэр хоорондох процессыг тээвэрлэсэн гэж үзээд байх юм. Худалдаалах зорилготой гэхээр ямар хүнд худалдаалах гэж байгаа талаар баримт байхгүй. Хавтас хэргийн 221 дүгээр талд авагдсан wechat-ийн баримт байгаа. Ямар зорилгоор Хятад улс руу явсан гэхээр өөрийнх нь Ого гэдэг Хятад хүнтэй харилцсан мессеж байгаа. Энэ дээр прокурор яагаад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй юм бэ. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт холбогдох хэрэгт шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид нэмж хийх ажиллагаа байхгүй байх тул дахин хэргийг прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Харин гэм буруугийн асуудлыг прокурорын шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Яллагдагч Ц.Б, Э.Э, У.Б, Ц.Э нарт холбогдох хэрэгт хийсэн мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хойшлуулшгүйгээр явуулсан байх ба 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 39 дугаартай прокурорын тогтоолуудаар хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тул хууль зөрчиж явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт ямар хэрэгт холбогдуулан мэдүүлэг авч байгаа талаар танилцуулж, хуульд заасан эрхийг тайлбарлан өгч, өмгөөлөгч авах эсэх, өмгөөлөгчгүйгээр байцаалт өгөх эсэх талаар асууж тодруулан мэдүүлэг авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, оролцогчдын Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Энэ хуульд заасан хойшлуулшгүй, эсхүл тухайн хүн хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд шөнийн цагаар мэдүүлэг авахыг хориглоно” гэж заасан ба Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарын хувьд тэдгээрийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан тул шөнийн цагаар мэдүүлэг авсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж нь хууль хэрэглээний хувьд зөрчилтэй байдлыг үүсгэжээ.

Өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтуудад заасан асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн байна.

Ингэхдээ дээрх асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа захирамжийн 1 дэх заалтаар өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн нь буруу байгааг цаашид анхаарвал зохино.

Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамжийн тогтоох хэсэгт, 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг хэлэлцээгүй орхисноо дурдаж байвал зохино.

Нөгөөтэйгүүр, захирамж гаргахдаа Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь буруу байгааг дурдах нь зүйтэй.  

Иймд прокурор Ц.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 49 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЗ/2607 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЗ/2607 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Ц.Б, Ц.Э, У.Б, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                    ШҮҮГЧ                                                           Д.ОЮУНЧУЛУУН