Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2016/0005

 

"Х у н д т г" нөхөрлөлийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор "Х у н д т г" нөхөрлөлийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, "Х у н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 30.000 м.кв газрын гэрчилгээг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа"Х у н д т г" нөхөрлөл нь 2011 оноос хойш газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, мөн тухайн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2014 оны А/400 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд дүүргийн Засаг даргын 2014 оны А/400 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Х у н д т г" нөхөрлөлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, "Х у н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 18637306301434 нэгж талбарын дугаар бүхий 30.000 м.кв газрын гэрчилгээг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо: Маргаан бүхий газрын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т нэгжийн үнэ 30.000 төгрөг үүнээс төлөх нь 0 төг гэж зааснаас биш шүүхийн дүгнэснээр газрын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн бол нэгжийн үнийг 0 төг гэж заах байлаа гэж гэрээ байгуулсан тал мэтээр тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн Газрын тухай хуульд газрыг төлбөрөөс чөлөөлөх заалт байхгүй гэж шүүх дүгнэсэн, Газрын тухай хуульд газрын төлбөрийн хэмжээ хөнгөлөлт, чөлөөлөлтийн заалт байхгүй бөгөөд хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно гэж заасан байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд газрын төлбөрийг хөнгөлөх чөлөөлөхөөр зохицуулсан байгаа бөгөөд энэхүү зүйлийн 1.6, 1.7 заалтад дээрх газар хамрагдаж байгаа гэж ойлгож байна.

Шүүх мөн гэрээний 3.4-д заасны дагуу талууд жил бүр гэрээг дүгнэх ёстой бөгөөд газар эзэмшигч дүгнүүлээгүй төлбөр тооцоо нийлсэн акт үйлдээгүй байдаг, газар эзэмшигч 4 жилийн хугацаанд нэг ч удаа газар эзэмших гэрээг дүгнүүлэхээр төр захиргааны байгууллагад хандаж байгаагүй гэж үзсэн байна.

Гэрээний 3 дугаар зүйл нь Газар эзэмшүүлэгчийн эрх үүргийн хэсэг бөгөөд 3.4-д Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх эрх болоод үүрэг нь газар эзэмшүүлэгч буюу газрын алба. Гэтэл газар эзэмшүүлэгч тал энэ тухайд манайд мэдэгдсэн нэг ч мэдэгдэл, албан бичиг байхгүй байхад шүүх зөвхөн газар эзэмшигчийн үүрэг байсан мэтээр тайлбарлан шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн шүүхээс маргаантай захиргааны актын үндэслэл болох газар эзэмшигч нь гэрээнд заасан газрыг зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй тухайд Хан уул ногоон дэлхий туул гол нөхөрлөл нь хүндэтгэн үзэх шалтгаангүй зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй гэж үзсэн байна.

Бид энэхүү цэцэрлэгт хүрээлэнг мод үржүүлгийн газрыг байгуулахаар 3 жил гаран хөөцөлдсөн үүнийгээ нотлох баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн тухайлбал, Хан-уул дүүргийн өмч, газрын харилцааны алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль, орчин ногоон хөгжлийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг төр захиргааны газруудад хандан албан би хүргүүлж байсан билээ.

Эдгээр газруудаас ирүүлж байгаа албан бичигт тодорхой нэг газраас эргэж хариу авах, бусад ажлуудтай уялдуулах, үнэлгээ хийлгүүлэх гэх мэт шалтгаан дурьдаж эдгээрийг хийж гүйцэтгэсний дараа ажлаа эхлүүлэхийг шаарддаг байсан.

Харин хамгийн сүүлд Ус сувгийн удирдах газраас инженерийн шугам сүлжээ гүний худаг барих төлөвлөгөөтэй газрын зарим хэсэг манай газрын зарим хэсэг давхцаж байгаатай холбогдуулж ямар нэг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн байдаг.

Эдгээр төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болоод ажлаа эхлүүлэх боломж байхгүй байхад шүүх хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байжээ хэмээн дүгнэсэн нь хэт нэг талыг барьжээ гэж ойлгогдож байна.

Мөн шүүхээс шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжид нийцсэн байхаас гадна заавал биелэгдэх боломжтой байх зарчмыг дурьдаж маргаан бүхий 30.000 м.кв газар нь ундны усны эх үүсвэр онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдсан, гүний худаг, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь нотлох баримтаар тогтоогдож байгааг дурджээ.

Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн баримтаас харахад 30.000 м.кв газрын багахан хэсэгт шугам сүлжээний хэсэг давхацсан бөгөөд маргаан бүхий газар бүхэлдээ усны эх үүсвэр дээр байгаа зүйл биш билээ. Мөн энэхүү газрын ил хөрсөн дээр цэцэрлэгт хүрээлэн мод үржүүлгийн газар байгуулах болохоос биш газар шороог нь ухаж барилга байгууламж барих зүйл биш юм.

Эдгээр нөхцөл байдлаас харахад Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дүгээр тушаалыг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д үндэслэл болгосон нь хууль бус байна.

Иймд гомдлыг хүлээн авч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсэг болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хариуг тус тус хүчингүй болгож "Х у н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 30.000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээхийг холбогдох албан тушаалтанд даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч "Х у н д т г" нөхөрлөлөөс Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/400 дүгээр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, "Х у н д т г" нөхөрлөлийн эзэмшиж байсан 30.000 м.кв газрын гэрчилгээг сэргээхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Нэг. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 399 дүгээр захирамжаар Хан уул ногоон дэлхий нөхөрлөлд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар 30.000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн "Х у н д т г" нөхөрлөлтэй Хан-Уул дүүргийн газрын алба 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа газрын төлбөрийн талаар Нэгжийн үнэ 30.000 төгрөг, бүгд үнэ 0 төгрөг, үүнээс 1 дүгээр улиралд 0 төгрөг, 2 дугаар улиралд 0 төгрөг, 3 дугаар улиралд 0 төгрөг, 4 дүгээр улиралд 0 төгрөг гэж ойлгомжгүй байдлаар тусгасан бөгөөд гэрээний тухайн заалтаас үзвэл газрын төлбөрийн хэмжээг 0 төгрөг гэж тогтоосон мэт харагдаж байна.

Тийм байтал маргаан бүхий захиргааны актаар тухайн нөхөрлөлийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзсэнийг шүүх үндэслэлтэй зөв гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Тодруулбал, Газрын тухай хуульд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалт бүхий газрыг газрын төлбөрөөс чөлөөлөх ямар нэг зохицуулалт байхгүй хэдий ч хуулиар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах эрх хэмжээтэй төрийн захиргааны байгууллага болох Хан-Уул дүүргийн газрын албанаас гэрээ байгуулахдаа төлбөрийн хэмжээг 0 гэж тогтоосон байхад нэхэмжлэгчийг төлбөрөө төлөөгүй хэмээн шууд буруутгасан нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний 3.4-д заасан Газар эзэмших гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх нь газар эзэмшүүлэгчийн үүрэг тул шүүх Хан-Уул дүүргийн газрын алба нэхэмжлэгчтэй гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг ямар нэг хэмжээгээр төлөхийг шаардсан эсэх, ямар шалтгааны улмаас тухайн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйг зайлшгүй тодруулах шаардлагатай.

Мөн хариуцагчийн төсвийн жил дуусч байхад байгуулсан гэрээнд автоматаар эхний жилийн төлбөрийг 0 гэж заадаг, дараа жилээс нь улирал, улирлаар нь газрын төлбөрийг тогтоож өгдөг гэх тайлбартай холбогдуулж шүүх "Х у н д т г" нөхөрлөлд дээрх хэлбэрээр газрын төлбөрийг тогтоогдсон эсэхийг тодруулахаар байна.

Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан газрын төлбөрөө төлж, гэрээний дүгнэлтийг баталгаажуулах талаарх цахим захиа сар бүр газар эзэмшигч, ашиглагчид очдог байсан гэсний дагуу нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх цахим захиа хүргэгдэж байсан эсэх талаарх баримтуудыг цуглуулах ажиллагааг хийхээр байна.

Эдгээрийн эцэст шүүх нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгч "Х у н д т г" нөхөрлөлөөс маргаан бүхий захиргааны актын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлтэй холбогдуулж 2012 оны 04 дүгээр сараас дээрх газарт мод тарих, цэцэрлэгжүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулах боломж төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас шалтгаалан олдоогүй, холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан, холбогдох зураг төслийг хийлгэсэн гэх бөгөөд үүнтэй холбогдуулж шүүх газраа зориулалтын дагуу ашиглах талаар төрийн болон бусад байгууллагад хандаж байсантай холбоотой бүхий л баримтууд, хийлгэсэн гэх зураг төсөл зэргийг цуглуулах ажиллагааг гүйцэтгээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчжээ.

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БАТБААТАР