Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1957

 

 

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: УБТЗ-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 29 057 776 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Э.Эрдэнэбулган нар оролцов.

 

  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “Роснефть-Монголия” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 02/2014 тоот гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 23 тоот нэмэлт гэрээ байгуулж,  2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 2 вагонцистерн Аи-92 маркийн автобензийг ОХУ-н Иркутск мужийн Ангарск хотоос Эрдэнэт өртөө рүү ачуулсан. Вагонцистерн 2015 оны 10 дугаар сарын 16-нд Эрдэнэт өртөөнд ирж “Ш” ХХК-ийн харьяа Эрдэнэт өртөөний салаа зам дээр тавигдсан. “Ш” ХХК-ийн нярав вагоны дугаар, лац, ломбоны дугаар зэрэг холбогдох зүйлсийг дагалдаж ирсэн баримт бичигтэй тулгаж үзэхэд дараах асуудал үүссэн байсан. Үүнд: 51906576 дугаартай вагоны накладан дээрх ломбоны дугаар нь М099015, 51547545 дугаартай вагоны накладан дээрх ломбоны дугаар М099016 байсан боловч, 8640358, 8640360 гэсэн шинэ ломбо зүүсэн байсан. Анх зүүгдсэн ломбо нь гадны нөлөөтэй буюу зориуд хуссан мэт харагдаж байсан бөгөөд вагоны бичиг баримттай хамт “Акт общей формы” гэсэн 2 акт хавсаргасан байна. Уг актанд ломбоны дугаар бүдэг, үл харагдахуйц байсан тул шинэ ломбо зүүсэн гэсэн байсан. Акт нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ОХУ-ын Наушки өртөөнд үйлдэгдэж Оросын төмөр замын хэмжигч, пүүлэгч Коноваленко М.Н, Монголын төмөр замын төлөөлөгч О, П нар гарын үсэг зурсан, тамга тэмдэггүй байна. Вагоныг хүлээж авахад актан дээрх ломбоны дугаар шинээр зүүсэн ломбоны дугаартай таарч байсан тул вагоныг задлан хэмжилтийг хийсэн. … Хэмжилтийг “А” ХХК-ийн инспектор, нярав, экспедитор нарын хамт хэмжсэн. Ийнхүү хэмжилтийг хийж үзэхэд 51547545 дугаартай вагоноос 10.986 тонн, 51906576 дугаартай вагоноос 9.220 тонн шатахуун дутсан байсан. Өөрөөр хэлбэл, УБТЗ нь Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас манай компани 51547545 дугаартай вагоноос алдагдсан 10.986 тонн бүтээгдэхүүн, 51906576 дугаартай вагоноос алдагдсан 9.220 тонн бүтээгдэхүүн буюу мөнгөн дүнгээр 11,634 1780 долар буюу нэхэмжлэл гарсан өдрийн Монгол банкны ханшаар тооцож 29 057 776.44 төгрөгийн хохирол амсаад байна. Манай компанийн зүгээс олон жилийн хамтран ажиллагч байгууллага, бизнесийн гол түнш гэдэг утгаараа эвийн харилцааг эрхэмлэн хариуцагч Монгол-Оросын ХНН УБТЗ-д хохирол барагдуулах талаар зохих хүсэлт, гомдлуудыг хүргүүлж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм, журам, олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн боловч УБТЗ-ын зүгээс асуудлыг эцэслэн шийдвэрлэж өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Иймд Монгол Улсын Иргэний хууль, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр болон түүний албан заавар зэргийг үндэслэл болгож Улаанбаатар төмөр замаас учирсан хохирол болох 29 057 776.44 төгрөгийг гаргуулж “Ш” ХХ-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Б, Г.С нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын Суховская-Южная ВСЖД өртөөнөөс 2015 оны 10 сарын 10-ны өдөр ачигдсан вагон 51547545, илгээлт 20486801, вагон 51906576, илгээлт 20486847 дугаартай бензин моторны АИ-92 ачааны ачаа илгээгч нь АО “РН -транс”, ачаа хүлээн авагч нь “Ш” ХХК бөгөөд 2016 оны 10 сарын 15-нд Эрдэнэт өртөөнд ирж, 2016 оны 10 сарын 18-нд буулгахад №51547545 вагон нь тээврийн бичиг баримтаар илгээгчийн ЗПУ СПРУТ -777М РЖДМ 0919016 ломботой боловч биет байдалд СПРУТ -777М РЖД дугаар нь балархай, нөгөө нь Наушки өртөөний ЗПУ Блок -Гарант Т 8640360 ломботой, № 51906576 вагон нь тээврийн бичиг баримтаар илгээгчийн ЗПУ СПРУТ-777М РЖДМ 0919015 ломботой боловч биет байдалд СПРУТ -777М РЖД дугаар нь балархай, нөгөө нь Наушки өртөөний ЗПУ Блок -Гарант Т 8640358 ломботой тус тус ирсэн ба илгээгчийн ломбоны зарим дардас балархай ирсэнтэй холбогдуулан хүлээн авагчийн хүсэлтээр хэмжилт хийж, вагоныг буулгахад №51547545 вагонд падаанаар ачааны жин 52940 кг боловч биет байдалд 41953 кг байж 10987 кг дутуу, № 51906576 вагонд падаанаар 61500 кг боловч биет байдалд 52182 кг болж 9 318 кг дутсан нь  Эрдэнэт өртөөнд үйлдэгдсэн. Тээврийн акт 1, 2-д тус тус тусгагдсан. Ачаа хүлээн авагч “Шунхлай” ХХК нь 2015 оны 10 сарын 20-ны В/846 албан тоотоор ачааны дутагдлын төлбөрт 11,634 ам доллар нэхэмжилсэн гомдол гаргасан. Уг вагонуудыг хилийн Сүхбаатар өртөөгөөр хүлээн авахад ОХУ-ын Наушки өртөөний илгээгчийн ломбоны дардас уншигдахгүй, ачаанд халдсан шинж тэмдэггүй тул нэмэлтээр вагон тус бүрт ломбо тавьсныг 317, 318 тоот ерөнхий маягтын акт үйлдэж 2 талын агентууд гарын үсэг зурж, 2015 оны 10 сарын 14-ний 02 цаг 50 минутанд 2659/2646 дугаар дамжуулах хүснэгтээр ерөнхий маягтын акт болон шинээр тавьсан ломбоны тэмдэглэгээг хийж хүлээлцсэн. УБТЗ-ын Сүхбаатар өртөөгөөр хөрш төмөр замаас ачааг хүлээн авахдаа Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн хавсралт 1. Ачаа тээвэрлэх дүрмийн 25.2-д заасны дагуу падааны зохих хүснэгтэнд шинээр тавьсан ломбоны тэмдэг тэмдэглэгээг хийлгэж, албан зааврын 10.12, 10.13 дахь заалтуудыг мөрдлөг болгон хүлээн авч, Оросын төмөр замын 2 ш ломбоор ачаа хүлээн авагчид ачааг олгосон болно. УБТЗ нь Олон Улсын ачааны харилцааны хэлэлцээрийн албан зааврын 9. “Гомдол хянан шийдвэрлэх журам”-ын дагуу гомдлыг Оросын төмөр замын харъяа Дорнод Сибирийн төмөр зам болон Новосибирск хотын Баруун сибирийн төмөр замд 2015.11.26-ны өдрийн №93/1713 , 2016.01.21-ны №93/115, 2016.05.24-ны 93/752 албан тоотуудаар хандсан боловч татгалзсан хариу ирүүлсэн тул 2016.07.22-нд №93/1084 тоотоор Москва хот дахь Оросын төмөр замын төв байгууллагад хандсан боловч мөн л татгалзсан хариу ирүүлсэн болно. “Шунхлай” ХХК-ний ачааны дутагдалд УБТЗ дараах үндэслэлээр хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд: ОХУ-ын Суховская-Южная өртөөнд ачаа илгээгч АО “РН-Транс” ачааг 51547545, 51906576 вагонуудад ачиж, илгээгчийн тус бүр 1 ш ломбоор вагонуудыг ломбодон, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр ачааг хамгаалалттай тээвэрлэх №9/НОР-3/1107/ЮТ/819/2012 гэрээг ачаа илгээгч хийж, уг вагонууд нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр хамгаалалттай тээвэрлэгдэн Наушки өртөө хүртэл тээвэрлэгдсэн. Энэ нь тээврийн бичиг баримт болон вагоны хуудсанд “ОХРАНА 932300”тэмдэглэгээ хийгдсэнээр баталгаажсан байна. Наушки өртөөнд дээрх 2 вагоны илгээгчийн 2 ломбоны дардас балархай боловч, тасраагүй ирснийг тус өртөө холбогдох актаар тодорхойлж, нэмэлт ломбо зүүсэн ба ОХУ-д тавигдсан 2ш ломбоор хилийн Сүхбаатар өртөө хүлээн авч монголын нутаг дэвсгэрээр тээвэрлэн бүрэн бүтэн байдлаар нь хүлээн авагчид олгосон. ОХУ-аас ачааг хүлээн авахад хөрш төмөр замуудын ачаа дамжуулах холбогдох дүрэм зааврыг мөрдлөг болгон ажилласан. Ачаа хүлээн авагч “Ш” ХХК-ний ачааны дутагдал нь ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үүссэн, ачаа илгээгч ачааг ачиж, хамгаалалттай тээвэрлэх гэрээг хийж тээвэрлүүлсэн боловч дээрх гэрээ зөрчигдөж, ломбоны дардас  балархай аль өртөөний ломбо нь тодорхой бус Наушки өртөөнд ирсэн. Тухайн ачааны хувьд шилжүүлэн ачилт хийгдээгүй, харин ачаа дамжуулалт хийгдсэн. Тээвэрлэгчид хоорондын ачаа дамжуулалтыг хэлэлцээрийн 10 дугаар зүйлд зохицуулсан. Үүний дагуу ачааг дамжуулж авсан. Ломбоны дардас балархай байсан гээд ачааг хүлээн авахаас татгалзах эрх тээвэрлэгчид байхгүй. Ямар тохиолдолд татгалзаж болох вэ гэхээр ачааны баглаа боодол нь ачааг цааш үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон, ачааг тухайн улсын хуулиар оруулахыг хориглосон, падаан болон баримт бичиг дутуу зэрэг зөрчлүүд байгаа тохиолдолд болдог. Хүлээн авч байгаа тээвэрлэгчийн шаардлагаар хүлээлгэн өгч байгаа тээвэрлэгч дараах тохиолдолд хамтран ачааг шалгадаг, үүнд ачааг дамжуулах үед ломботой воган болон чингэлэгт илэрсэн гэмтэл нь ачааг бүрэн эсвэл, хэсэгчлэн алдах гэмтэх нөхцөлийг үүсгэсэн, эсвэл үүсгэж болзошгүй байвал гэж заасан байгаа. Ачааны хувьд алдагдсан, асгарсан шинж, нээгдсэн, хаагдсан зүйл байхгүй, ломбоны бүрэн бүтэн байдал алдагдаагүй, зөвхөн дардас нь уншигдахгүй байсан. Иймд ачааг хамтран шалгах үндэслэл байхгүй байсан. УБТЗ хариуцлага хүлээх үндэслэлгүй нь Хэлэлцээрийн 39.3 дахь хэсэгт онцгой нөхцөлтэй тээвэрлэгдсэн ачаа дутсан, гэмтсэн нөхцөлд хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй бөгөөд онцгой нөхцөлт гэрээнд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Энэ зүйл заалтыг мөн үндэслэн УБТЗ хариуцлага хүлээхгүй, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэг, 393-р зүйлийн 393.1 дэх хэсэгт заасныг баримтлан УБТЗ-аас 29 057 776 /хорин есөн сая тавин долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гаргуулахыг хүссэн “Ш” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 239 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1-т Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... үүнээс дүгнэвэл, ачаа хүлээн авагч нь өөрийн салбар зам дээр тээвэрлэгчийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр лац ломбыг авч, хэмжилт хийсэн нь Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 28б-д заасныг зөрчсөн гэж үзнэ" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт болох "Төмөр замын тээврийн үндсэн дүрэм"-ийн 28-б-д ачаа хүлээн авагч нь өөрийн салбар зам дээр тээвэрлэгчийн төлөөлөгчийг заавал байлцуулан ачааг задлах тухай зохицуулалт тусгагдаагүй. Мөн, УБТЗ-ын төлөөлөгч ачааг задлах үед байлцаагүй гэдэг нь УБТЗ ХНН-ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй буюу Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67 дугаар зүйлд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй. Нөгөө талаас, Ш ХХК нь хөндлөнгийн буюу гуравдагч этгээд /"А" ХХК-хөндлөнгийн итгэмжлэгдсэн лаборатори/-ийн оролцоотойгоор ачааг задалсан ба энэ талаар хүчин төгөлдөр акт, протокол үйлдсэн. Хоёрдугаарт, Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нөгөө талаас, дээрх ачаа нь ОХУ-аас тээвэрлэгдэхдээ илгээгчийн "хамгаалалттай" тээвэрлэгдсэн нь дагалдах бичигт "Охрана 932300" тэмдэг дарагдсанаар тогтоогдсон, энэ тохиолдолд тээвэрлэгч нь Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн 39-р зүйлийн 3 дахь хэсэг, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67-р зүйлийн в-д зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөнө" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, төмөр замын байгууллагыг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлүүдийг агуулсан Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 67.в-д илгээгч буюу хүлээн авагчийн үйлчлэгчтэйгээр тээвэрлэсэн байвал гэж заасан байдаг ба уг заалт нь уг хэрэгт огт хамааралгүй буюу Ш ХХК нь УБТЗ ХНН-ээр ачаа тээвэрлүүлэхдээ ямар нэгэн үйлчлэгч, энэ төрлийн этгээдийг авч ашиглаагүй. Мөн, Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагаас баталсан Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээр /цаашид "Хэлэлцээр" гэх/-ийн 39 дүгээр зүйлийн 39.3 дах хэсэгт ачааг онцгой нөхцөлт гэрээтэйгээр тээвэрт хүлээн авсан үед тээвэрлэлтийн явцад ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн тохиолдолд хариуцлагыг тээвэрлэгч хүлээхгүй бөгөөд онцгой нөхцөлт гэрээнд заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан байдаг ба харин “Ш” ХХК-ийн зүгээс ачааг тээвэрлэгч УБТЗ ХНН болон Оросын төмөр замын байгууллага. Мөн ачааг илгээгч "РН-ТРАНС" хувьцаат нийгэмлэг болон ачааг худалдагч Роснефть-Монголия ХХК нартай онцгой нөхцөлт гэрээ болон ямар нэгэн хамгаалалтын гэрээ огт байгуулаагүй, эдгээр төрлийн эрх зүйн баримт бичиг, гэрээ хэлцэл байхгүй гэдэг нь анхан шатны шүүх хурлаар тогтоогдсон. Зөвхөн Роснефть-Монголия ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, УБТЗ ХНН-тэй Монгол Улсын Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1 дэх заалтад заасны дагуу энгийн ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр буюу хэлэлцээрийн 14 болон 15 дугаар зүйлд заасан падааны хэлбэрээр байгуулсан. Энэ нь ямарваа нэгэн онцгой нөхцөлт гэрээ биш бөгөөд Иргэний хууль болон хэлэлцээрт заасан энгийн тээвэрлэлтийн гэрээ юм. Нөгөө талаас, "Охрана" гэсэн тэмдэглэгээ дарагдсан нь онцгой нөхцөлт гэрээ гэсэн утгатай биш. Харин хэлэлцээрийн хавсралт "Ачаа тээвэрлэх дүрэм"-ийн IV бүлэгт "Зарим төрлийн ачааг тээвэрлэх онцгой нөхцөл"-ийн тухай заасан байдаг ба тус бүлгийн 21 дүгээр зүйлд хялбар шатамхай ачаа тээвэрлэх бол "Хялбар шатамхай", "Халхлалт" гэсэн тэмдэглэгээ тавиад тээвэрлэх тухай тусгасан байдаг ба уг шаардлагын дагуу ачаа тээвэрлэгдсэн. Гуравдугаарт, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... тээвэрлэгч нь ерөнхий маягтын акт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын экспорт-импортын барааны хяналт шалгалтын ЭТ-124-15 тоот акт, инспекторын 2015 оны 10-р сарын 17-ны өдрийн 2535/15 тоот акт2015 оны 10-р сарын 18-ны өдрийн рапортыг үндэслэн 2015 оны 10-р сарын 18-ны өдөр 01, 02 тоот "Тээврийн акт" үйлдсэн нь ... хариуцлага хүлээх үндэслэл болохгүй" гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 82 дугаар зүйлд төмөр замын байгууллага, ачаа илгээгч, хүлээн авагч, зорчигчид эд материалын хариуцлага хүлээлгэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баримт нь тээврийн акт болно, түүнчлэн Хэлэлцээрийн 37 дугаар зүйлд тээвэрлэгч хариуцлага хүлээх үндэслэл нь ачаа үрэгдсэн, дутсан, гэмтсэн /муудсан/ тохиолдолд тогтоогдсон тээврийн актаар баталгаажна гэж тус тус заасан байдаг. Дөрөвдүгээрт, Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан буюу уг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт, үйл баримтуудыг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй. Тухайлбал, Төмөр замын байгууллага Олон Улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрийн албан зааврын 10.11, 10.12, 10.13 дахь хэсэгтзаасны дагуу акт үйлдэж, ломбо тавьсан гэж шүүх дүгнэсэн боловч, тус зааврын 10.15 дахь хэсэгт “ломботой вагон болон чингэлгийг дамжуулах үед ломбоны бүрэн байдал алдагдсан шинж тэмдэгтэй эсвэл падаанд заасантай тохирохгүй байвал хүлээн авч буй тээвэрлэгч хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс ачааны жин болон байрын тоог шалгаж хүлээлцэхийг шаардана" гэсэн УБТЗ ХНН-ийн шаардлагаар ОХУ-ын төмөр замын байгууллагатай хамтран ачааны жинг шалгаж хүлээн авах талаар огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, тус зааврын 9.2.5.2 дахь хэсэг дэх хэрэв тээвэрлэлтэд оролцсон тээвэрлэгч нар гомдлыг судлаад нөхцөл байдлын улмаас хариуцагч тээвэрлэгчийг тогтоох боломжгүй, гомдол нь үндэслэлтэй бөгөөд барагдуулах шаардлагатай бол зохицуулагч тээвэрлэгч /УБТЗ ХНН/ нь гомдол гаргагч /Ш XXK-ийн хохирлын нөхөн төлбөрийг төлөх, эсвэл хохирол нь өөрийнх нь хэсэгт болоогүйг баталсан тээвэрлэгчээс бусад бүх тээвэрлэгчид падаан дахь тээвэрлэгч нарын хооронд ачааг шилжүүлсэн тэмдэглэлийг үндэслэн тогтоосон бодит аялалын замын тарифт км-т хувь тэнцүүлэн нөхөн төлбөрийг хуваарилна гэсэн УБТЗ ХНН-ийн “Ш” ХХК-ийн өмнө хүлээх үүргийн тухайд мөн ямар ч үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр шүүх шийдвэр гаргасан. Түүнчлэн, ачаа тээвэрлэлтэнд нөлөөлсөн эсвэл нөлөөлж болзошгүй шалтгааныг тогтоодог "ерөнхий маягтын акт"-д ачааны ломбоны баталгаат, бүрэн бүтэн байдал, ачаа илгээгчийн ломбо мөн болохыг нотолдог чухал мэдээлэл болох хяналтын тэмдэг хусагдаж арилсан байдалтай байсаар байхад, ачааны жин, байрыг шалгах үүргээ биелүүлэлгүйгээр хүлээн авсан УБТЗ ХНН-ын үйлдэл, зөрчлийн талаар ямар ч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Цаашлаад, УБТЗ ХНН-ийн ачааны харилцааны хэлэлцээр болон албан зааварт тусгагдсан заалтыг зөрчиж, ачааг шилжүүлэх үед ачаа хүлээлгэн өгч буй тээвэрлэгчээс ачааны жинг шалгахыг шаардаагүй, шалгалт хийгээгүй, үүргээ биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаагүй нь УБТЗ ХНН-ийн буруу тул холбогдох хариуцлагыг УБТЗ ХНН хүлээх ёстой талаар дурдаж ирүүлсэн ОХУ-ын төмөр замын байгууллагын хариу тайлбар, гомдлын хариу албан бичгүүдийн талаар огт үнэлэлгүйгээр шийдвэр гаргасан нь  үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг бухэлд нь хүчингүй болгож, “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                    ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч УБТЗ-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний улмаас учирсан хохиролд 29 057 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “Ш” ХХК нь  2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  ОХУ-ын Иркутск мужийн Ангарск хотоос  “Роснефть-Монголия” ХХК-иас худалдан авсан 2 вагонцистерн АИ-92 маркийн автобензинийг Эрдэнэт өртөө рүү тээвэрлүүлсэн болох нь тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Эрдэнэт өртөөнд “Роснефть-Монголия” ХХК-иас худалдан авсан 2 вагонцистерн АИ-92 маркийн автобензинийг хүлээн авахад ломбоны лац өөрчлөгдсөн байсан тул ачааг задалж хэмжилт хийхэд нийт 20,206 тонн дутсан болох нь тогтоогдсон. Улаанбаатар төмөр зам нь ОХУ-аас ачаа орж ирэхэд лац, ломбо өөрчлөгдсөн байхад хэмжилт хийж хүлээн авах үүргээ зөрчсөнөөс уг хохирол учирсан” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Тодруулбал, тээвэрлэлтийг ОХУ-ын Наушки өртөө хүртэл ОХУ-ын Дорнод сибирийн төмөр зам, Сүхбаатар өртөөнөөс Эрдэнэт хүртэл Улаанбаатар төмөр зам тээвэрлэсэн байх бөгөөд тээвэрлэлтийн дагалдах бичигт 51547545 вагонд илгээгчийн ЗПУ-СПРУГТ-777М  РЖДМ 0919016 ломбо, 51906576 вагонд ЗПУ-СПРУГТ-777М  РЖДМ 0919015 ломбо тавигдсан байсан  байна. Ачаа Наушки өртөөнд ирэх үед Улаанбаатар төмөр зам ОХУ-ын Дорнод сибирийн төмөр замаас дамжуулан хүлээн авахад  ломбонуудын арын дугаар бүдгэрсэн байсан болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Улаанбаатар төмөр зам энэ тухай акт үйлдэж ачааг хүлээн авагч болох “Ш” ХХК-руу илгээхээр Эрдэнэт өртөө рүү явуулсан байна. Олон улсын төмөр замын ачааны харилцааны хэлэлцээрт ачааны ломбо өөрчлөгдсөн, бүдгэрсэн, солигдсон тохиолдолд ачааг дамжуулан тээвэрлэгч буюу Улаанбаатар төмөр зам тэр даруй ачааг задалж, хэмжилт хийж ОХУ-ын Дорнод сибирийн төмөр замаас ачааг хүлээн авах үүргийн талаар заагаагүй байна. Иймд хариуцагч Улаанбаатар төмөр зам нь ачааны ломбо өөрчлөгдсөн тохиолдолд энэ тухай акт үйлдэж, ачааг цааш нь хүлээн авагчид илгээснийг буруутгах үндэслэлгүй, анхан шатны шүүх ломбо өөрчлөгдсөн  тухай  тээврийн акт үйлдсэн нь Улаанбаатар төмөр зам хариуцлага хүлээх үндэслэл болохгүй гэж зөв дүгнэсэн байна.

 

            Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор баталсан Төмөр замын тээврийн үндсэн дүрмийн 28 дугаар зүйлийн “б”-д “Хүлээн авагч шаардлагатай гэж үзвэл дээрх ачааг төмөр замын байгууллагын төлөөлөгчийг байлцуулан, тухайн өртөөн дээр задлан шалгаж болох бөгөөд ачаа гэмтсэн, дутагдсан байдал илэрвэл зохих журмын дагуу тээврийн акт гаргана” гэжээ. Гэтэл нэхэмжлэгч “Ш” ХХК нь Эрдэнэт өртөөнд ачааг хүлээн авахдаа төмөр замын төлөөлөгчийг байлцуулалгүйгээр “А” ХХК-иар хэмжилт хийлгэсэн байна. 

 

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Улаанбаатар төмөр зам нь ачааны ломбыг өөрчилсөн, гэмтээсэн гэх буруутай үйлдэл гаргасан болох нь  тогтоогдохгүй болно. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 393 дугаар зүйлийн 393.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн, үндэслэлтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2017/01215 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303 239 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ