Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0347/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/418 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/418
2022 05 09 2022/ШЦТ/418
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.Б,
хохирогч О.Т,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211000000535 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Цалинч овогт Б.Б
Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “И-Март” худалдааны төвд хүлээн авагч ажилтай, ам бүл 2, эхнэр, хүүхдийн хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 13-178 тоот дахь нийтийн байранд хохирогч О.Ттэй маргалдаж, улмаар түүн рүү жижиг ширээ шидэж эрүүл мэндэд нь зүүн шуу ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-178 тоот нийтийн байрандаа очоод, нийтийн байрны эгчийн хүүхэд болох Т гэдэг хүнтэй маргалдаж муудалцан хүүхдүүдийн хичээл хийдэг ширээ авч шидээд зүүн гарыг нь хугалсан юм... би өөрийн гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” /хавтаст хэргийн 42 дугаар тал/,
- хохирогч О.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Чингэлтэй дүүргийн 13-р хороо, Сургуулийн 13-178 тоотод манай төрсөн дүүгийн нийтийн байр байдаг ба би тухайн нийтийн байрны хоёр давхарт нь нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай ээж Д.Дулмаагийнх тухайн хашаан дотор тусдаа байшинд амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад, 00 цаг өнгөрч байхад, гадаа нохой хуцаад, хашааны хаалга нүдээд, орилолдох чимээ сонсогдоод, цонхоор харахад манай 1 давхарт байдаг Б нь эхнэрийн хамт хашаанд орж ирээд, ээжтэй хэрэлдэж, маргалдаж байгаа харагдахаар нь би унтчих байх гэж бодоод тоохгүй хэвтэж байхад, нийтийн байрны нэг давхарт дуу нь өндөрсөөд, хэрэлдэж маргалдаад байсан болохоор би гарсан юм. Тэгээд би гараад очиход Б нь нэлээн согтуу байдалтай ээжийг хэл амаар доромжилж, салаавч гаргаж хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд би болиоч, нэг бол унт, нэг бол гараад яв гэж хэлэхэд “би гэртээ байна” гээд хэрүүл хийгээд байсан ба хэл амаар доромжилж байгаад орныхоо доод талд байсан хүүхдийн хичээл хийдэг ширээ аваад над руу шидэхээр нь би зүүн гараараа хаагаад оногдчихсон. Тэгээд миний гар эвгүй болоод, гар хугалчихлаа гэж орилсон чинь нийтийн байрны хүмүүс орж ирээд цагдаа дуудаж өгсөн. Би шинжээчийн дээрх дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дээрх гэмтлийг миний биед манай нийтийн байрны нэг давхарт амьдардаг байсан Б нь хүүхдийн хичээлийн ширээ авч шидэхэд учирсан гэмтэл байгаа юм... Би Бын биед халдаж цохисон зүйл байхгүй тухайн үед Бын 4 номерын өрөөнд эхнэр нь манай ээж, бид дөрөв байсан... намайг гараа хугалуулсны дараагаар нийтийн байрны бусад хүмүүс гарч ирсэн... Би гомдолтой байна, надад учирсан гэмтэлтэй холбоотойгоор гарсан зардал мөнгийг миний гарыг хугалсан Баас нэхэмжилмээр байна...”/хавтаст хэргийн 6 дугаар тал/,
- гэрч Д.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 13-178 тоотод нийтийн байрыг хүнд хөлслүүлэн амьдардаг юм. Би гэртээ байж байтал 00:30 үед хашааны хаалга нэг хүн хүчтэй нүдэхээр нь очоод үзтэл Б, Хоролсүрэн гэх манай нийтийн байрны №4 тоотод амьдардаг 2 хүн байсан ба гэр оронд оруулсангүй гээд уурлаад гэртээ орсон. Над руу удаан хаалга онгойлголоо гээд над руу уурлахаар нь та яагаад уурлаад байгаа юм бэ? гэтэл манай охин Т бууж иртэл ...манай охин миний ээжийг юу гээд байна аа гээд уурлаад жижиг хичээлийн ширээг Т рүү шидэхэд баруун гарыг нь оноод, ширээний хөлийг нь аваад шидтэл манай охин гараараа нүүрээ хаасан гарыг нь оночихсон юм.Хоролсүрэн Б нар согтуу байсан. Үгүй миний охиныг ширээгээр цохисноос өөр асуудал байгаагүй...” /хавтаст хэргийн 13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Тлүү ширээ шидэж бие махбодын гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
- шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3064 дугаартай: “...О.Тгийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/ хохирогч О.Тгийн Эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 13-178 тоот дахь нийтийн байранд хохирогч О.Ттэй маргалдаж улмаар ширээ шидэж зүүн шуу ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 13-178 тоот дахь нийтийн байранд хохирогч О.Ттэй үл ялих зүйлээр маргалдаж, улмаар шууд санаатайгаар хохирогчлуу ширээ авч шидэж хохирогчийг онож эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээж буй байдал, урьд ял шийтгэлгүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор торгох ял шийтгэлийг шүүх оногдуулав.
Шүүхээс Б.Бт оногдуулсан торгох ялыг өөрийнх нь санал, орлого олох боломж зэргийг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.
Бусад асуудлын талаар
Энэ хэргийн улмаас хохирогч О.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 257.210 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Б нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хохирогч О.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч О.Тгийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 267.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.Баас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цалинч овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 1000 /мянган/ нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Быг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 267.000 /хоёр зуун жаран долоон мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч О.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ