Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/91

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

Нарийн бичгийн дарга Т.Б

Улсын яллагч С.Б

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т  холбогдох эрүүгийн 2025003210232 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

Б.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Чулуу дэлгүүрт иргэн Г.Э-н   Iphone Xs max загварын гар утсыг хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-н   бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “Гар утас ганцаараа хулгайлсан нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Урьд нь гар утас олсон гэж худлаа ярьсан” гэв.

 

Хохирогч Г.Э    “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд 1 800 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Г.Э-н   “Би өөрийн эзэмшлийн Iphone Xs max маркийн гар утсаа алдсанаас 2 хоногийн дараа иргэний үнэмлэх бичиг баримтаа Согоот баг 6-1 дүгээр байрны гаднаас олсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүс миний утсыг аваад бичиг баримтыг тэнд хаясан юм шиг байна лээ. Хүлэг захаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүстэй уулзаж шалгавал гар утасны сураг гарах байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/

2. Гэрч А.А-н “Би 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дэнж багт байрлах 3 байрны ойролцоох хүнсний дэлгүүр дотор байрлах АТМ орох гээд явж байтал гадна нь байх саравчинд Н.Э , Б.Г болон танихгүй 2-3 залуу байх шиг байсан. Тэд нэр гадаа архи уугаад сууж байсан юм. Би Н.Э тэй мэндлээд гар барихад Н.Э  гоё утас байна, авах уу гэхээр нь алив харъя гэхэд Н.Э  нэг шаргал өнгийн Айфоне гар утас гаргаж ирсэн. Би тэр гар утсыг нь авахгүй, наадах чинь ашиглах боломжгүй гэхэд Н.Э , Б.Г хоёр авчхаач, хэдээр ч хамаагүй авчих гээд байсан. Тухайн үед би ямар ч ашиглах боломжгүй гар утас гэж хэлсэн. Хэлээд байхад дахин дахин авчхаач гээд намайг 30 гаруй минут хоргоосон байх, би гар утсыг нь үзэж байгаад Н.Э д буцаагаад өгчихсөн юм. Н.Э  чи намайг өөр авахаар хүн байна уу, ядаж асуугаад өгөөч гээд миний араас машин дээр ирээд гуйгаад байхаар нь би гар утсыг аваад явсан. Маргааш өглөө нь над руу Н.Э  залгаад асуусан уу гэхээр нь би хүн авахгүй гэж байна гээд хүнсний зах дээр гар утсыг нь буцаагаад өгчихсөн юм. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Н.Э  би саяхан гарч ирсэн, архи уухгүй байгаа гээд эрүүл байсан, харин Б.Г нь архи уучихсан согтуу байсан юм. Б.Г нь намайг хайж Даниста худалдааны төвөөр явсан байсан. Намайг гар утас хувааж төлөлцөхгүй бол шорондоо уулзана гэж хэлээд явж байна гэсэн. Мөн тэр өдөр хэн нь ч над руу залгаж гар утас зарах талаар хэлж яриагүй, уулзана гэж тохироод тэнд уулзаагүй, санаандгүй явж байгаад л тааралдсан юм” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 38 дахь тал/

3. Б.Г-н  “2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хороололд байж байгаад өглөөний 12 цагийн үед город орсон, город ороод Согоот баг 6-1 дүгээр байрны тэнд О  , Д  хоёртой зогсож байгаад бид нар нэг шил архи хувааж уусан. Бид гурав архиа уучхаад хороолол руу харих гэж байгаад гадаа бороо ороод байхаар нь төв зам дагуу байрлах автобусны буудлын ойролцоо Чулуу гэдэг дэлгүур рүү хүүхэд дагуулсан эмэгтэй хүн орох гээд явж байхаар нь араас нь хартал тэр эмэгтэйн куртикны халааснаас нь гар утас нь унах гээд тал нь гараад ирчихсэн байсан. Тэгэхээр нь би халааснаас нь авчихсан. Тухайн үед гадуураа гэртэй, айфоне гэсэн логотой гар утас байсан. Энэ талаар О   Д  хоёр мэдсэн, газар уначихсан байхаар нь олж авлаа гэж хэлсэн. Удалгүй тэр гар утас руу эрэгтэй билүү эмэгтэй хүн залгасан. Би согтуу болохоор санахгүй байна. Би тэр хүнтэй ярихад би гар утасны эзэн байна гэл үү манай хүний утас байна, аваад ир гэж хэлж байсан шиг санагдаж байна. Чулуу гэдэг дэлгүүрийн тэнд аваад ир гэхээр нь би одоо аваачиж өглөө гэж хэлсэн. Тэгээд байж байтал Д , О  , Э  гурав ар араасаа ирсэн. Гар утас олсон талаараа хэлсэн. Одоо аваачиж өгөх гэж байна гэж хэлтэл Э  аваад би Чулуу гэдэг дэлгүүр дээр, автобусны буудал дээр хүргээд өгчихье гээд надаас аваад явсан юм. Тэгээд тэндээсээ хороолол руу эгчийнх рүү очсон. Түүний дараа 10 гаруй хоногийн дараа Э тэй таараад гар утсыг нь өгсөн үү гэхэд өгчихсөн гэж хэлж байсан. Би дахиж асуугаагүй юм. Би тухайн гар утсыг хулгайлсан хэдий ч гар утсыг зарж, мөнгө төгрөгийг нь үрсэн асуудал байхгүй. Э ийг аваачаад өгчих байх гэж бодсон юм. Би Э ийг багаас нь таньж мэддэг. Бид хоёр зэргэлдээ гудамжинд амьдардаг байсан юм. Харин О  г 3-4 жилийн өмнө таньдаг болсон. Намайг зах дээр явж байхад архины мөнгө гуйгаад байхаар нь нэг шил архи авч өгч байсан. ...Би хохирогчийн гар утасны үнэ болох 2,000,000 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо хувааж төлж барагдуулна. Би ажил хийж байгаад төлбөрийг төлж барагдуулна. Би энэ хэргийг үйлдсэн талаараа өөр хэн нэгэнд хэлээгүй, О  , шар Д  хоёрт олж авсан гэж хэлсэн. Харин Э д хүний халааснаас авсан, ашиглаж болохгүй юм байна гэж хэлж байсан юм. Харин Э  надаас эзэнд нь хүргэж өгнө гээд аваад явсан боловч эзэнд нь өгөөгүй юм байна лээ. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гар утас хулгайлчхаад хүнсний зах орсон, зах дээр очоод Н.Э тэй гар утсаар ярьсан, яриад уулзахаар болоод Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах гурван байрны тэнд уулзсан. Би Н.Э тэй уулзаад түүнд 6 дугаар микроноос гар утас олсон юм, зараад өгөөч гэсэн чинь Н.Э  гар утсаар яриад хүн дуудсан, удалгүй 10-20 минутын дараа машинтай намхан бага зэрэг махлаг эрэгтэй хүн ирсэн. Н.Э  машин дотор нь орж уулзаад миний олж авсан гар утсыг үзүүлсэн, нөгөө залуу үзэж байгаад гар утсыг нь аваад явсан юм. Би түүнээс хойш Н.Э тэй дахиж уулзаагүй. Нөгөө ирсэн залуутай ч уулзаагүйгэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34, 36, 39 дэх тал/

4. Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/02-101 дугаартай эд зүйлийг үнэлсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 44-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч С.Б  дүгнэлтдээ “Шүүгдэгч  Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Чулуу дэлгүүрт иргэн Г.Э-н   гар утсыг хулгайлж, 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс 1 800 000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй” гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Э-н   “...Би өөрийн эзэмшлийн Iphone Xs max маркийн гар утсаа алдсанаас 2 хоногийн дараа иргэний үнэмлэх бичиг баримтаа Согоот баг 6-1 дүгээр байрны гаднаас олсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүс миний утсыг аваад бичиг баримтыг тэнд хаясан юм шиг байна лээ. Хүлэг захаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүмүүстэй уулзаж шалгавал гар утасны сураг гарах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг, гэрч А.А-н “...Би Н.Э тэй мэндлээд гар барихад Н.Э  гоё утас байна, авах уу гэхээр нь алив харъя гэхэд Н.Э  нэг шаргал өнгийн Айфоне гар утас гаргаж ирсэн, би тэр гар утсыг нь авахгүй, наадах чинь ашиглах боломжгүй гэхэд Н.Э , Б.Г хоёр авчхаач, хэдээр ч хамаагүй авчих гээд байсан” гэх мэдүүлэг, Б.Г-н  сэжигтэн, яллагдагчаар өгсөн “Чулуу гэдэг дэлгүур рүү хүүхэд дагуулсан эмэгтэй хүн орох гээд явж байхаар нь араас нь хартал тэр эмэгтэйн куртикны халааснаас нь гар утас нь унах гээд тал нь гараад ирчихсэн байсан, тэгэхээр нь би халааснаас нь авчихсан, тухайн үед гадуураа гэртэй, айфоне гэсэн логотой гар утас байсан. Удалгүй тэр гар утас руу эрэгтэй билүү эмэгтэй хүн залгасан. Би согтуу болохоор санахгүй байна, би тэр хүнтэй ярихад би гар утасны эзэн байна гэл үү манай хүний утас байна, аваад ир гэж хэлж байсан шиг санагдаж байна. Э  аваад би Чулуу гэдэг дэлгүүр дээр, автобусны буудал дээр хүргээд өгчихье гээд надаас аваад явсан юм. Би хохирогчийн гар утасны үнэ болох 2 000 000 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо хувааж төлж барагдуулна гэх мэдүүлэг, Эд зүйлийг үнэлсэн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 02/02-101 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Чулуу дэлгүүрт иргэн Г.Э-н   Iphone Xs max загварын гар утсыг хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Г-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-н   яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага, хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял хорих шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор заасан байна. Имйд шүүгдэгчид оноглдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зоричх эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Энхцэцэгт 1 800 000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Г-с  1 800 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Энхцэцэгт олгож, шүүгдэгч нь хохирлыг 6 сарын хугацаанд төлнө гэж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг 1 жилийн хугацаанд төлж, хохирлыг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

            Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-н   2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т  оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т  оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг 1 жилийн хугацаанд арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-с  1 800 000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг гаргуулан хохирогч Г.Э    /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Их хаадын цуваа 10-07 тоотод оршин суух хаягтай, рд ФА9202001/-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т  оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.Г нь шүүхээс хүлээлгэсэн 1 жилийн хугацаанд хохирол төлөх арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй эсхүл зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС