Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0160/э |
Дугаар | 2022/ШЦТ/176 |
Огноо | 2022-05-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/176
2022 05 10 2022/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д
улсын яллагч Н.Д
хохирогч Э.М,
шүүгдэгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Ц-д холбогдох эрүүгийн 2225000000212 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Р.Ц
Шүүгдэгч Р.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Panda” зочид буудлын 204 тоот өрөөнд иргэн Э.Мгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, нэг шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Р.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Р.Ц мэдүүлэхдээ “...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид хохирол, төлбөр төлсөн, шүд хийлгэх зардлыг нь 100 хувь төлнө.” гэв.
хохирогч Э.М-гийн “...Р.Ц-гийн эхнэр нь миний багын найз байгаа юм, намайг “хотоос ирчихээд ирсэнгүй, ярьсангүй” гээд уйлаад байхаар нь очсон юм. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Одоогоор 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн байгаа, өчигдөр орой надад 680.000 төгрөг шилжүүлсэн байсан.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Э.М-гийн “...Тухайн өдөр Нарандэлгэр “чи Улаанбаатар хотоос ирчихсэн юм байж надтай уулзаагүй, “Panda” зочид буудлын 2 давхарт 204 тоотод хүрээд ир” гэж залгасан, ...Нарандэлгэртэй юм яриад сууж байтал нөхөр Цэрэндаваа нь “найз юм байж ирээд уулзахгүй” гээд янз бүрийн юм яриад эхнэр лүүгээ шургаад байсан. Нарандэлгэр надад хаан банкны карт өгөөд “дэлгүүрээс архи аваад ир, бид хоёр согтуу гарч чадахгүй байна” гэхээр нь би дэлгүүр гараад нэг шил 0.75л “Eden” архи, нэг ундаа аваад орсон. ...би явах гээд бостол Нарандэлгэр “хэсэг юм яриад сууя” гэхээр нь зөвшөөрөөд, Цэрэндаваа унтах гээд хэвтсэн, Нарандэлгэр бид хоёрыг юм яриад сууж байтал Цэрэндаваа босч ирээд Нарандэлгэрийг “унт” гээд орлуугаа татаад хэвтүүлсэн. ...Цэрэндаваа миний ам хэсэг рүү цохитол хамраас цус гарчихсан би “яаж байгаа юм бэ” гээд халаасанд байсан маскаараа цусаа арчих гэтэл миний дээд талын шүд уначихсан, би “хүүе ээ миний шүдийг чи цохиод унагачихлаа” гэж хэлээд гаран дээрээ шүдээ тавиад харуулах гэтэл миний гар луу цохиод шүд унагачихсан тэгэхээр нь би Цэрэндавааг өшиглөтөл толгой руу нь өшиглөчихсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
гэрч Ч.Н “...Мянганзаяа над руу залгаад “хаана байгаа юм, би яваад очьё” гээд байхаар нь “би нөхөртэйгөө “Panda” буудалд байна, амрах гэж байна” гээд утсаа дахиж аваагүй унтаад өгсөн. ...буудалд Мянганзаяа хүрээд ирсэн, би картаа өгөөд дэлгүүрээс нэг шил архи авахуулсан. Тэгээд би унтаад хэсэг байж байгаад сэрсэн чинь Мянганзаяа манай нөхөртэй хэрүүл хийгээд нөхрийг маань өшиглөөд авсан, би нөхрийгөө өмөөрөөд цааш нь түлхтэл намайг бас өшиглөөд авсан. Тэгсэн манай нөхөр түлхээд газарт унагатал Мянганзаяагийн нэг шүд нь уначихсан босож ирсэн. ... Р.Ц 0.5л “Хараа” архи, сүүлд 0.75л “Eden” архи уусан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,
Р.Ц-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр ажлаасаа 14 цагийн үед буугаад “Panda” буудлын 204 тоотод эхнэр Нарандэлгэрийн хамт очоод усанд орчихоод тэндээ нэг шил 0.5л “Хараа” архи хувааж уучихаад байж байтал манай эхнэр лүү Мянганзаяа залгаад “хаана байна, би Улаанбаатар хотоос ирчихсэн байна, байгаа газарт чинь яваад очьё” гээд байн байн залгаад байхаар нь байгаа газраа зааж өгсөн. Удалгүй Мянганзаяа ганцаараа орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад би виза картаа Мянганзаяад өгөөд “нэг шил архи, нэг ундаатай аваад ир” гээд дэлгүүр явуулсан, бид гурав 0.75л “Eden” архийг тал хүртэл нь ууж байгаад эхнэр маань унтаад өгсөн, би Мянганзаяад “би унтлаа найз, архиа аваад явчих” гэж хэлтэл Мянганзаяа “би юу гэж хүний мөнгөөр авсан юмыг авч явах вэ дээ” гээд суугаад байсан. Тэгээд юу болсон, яагаад маргалдсан талаараа санахгүй байна. Би Мянганзаяаг түлхэж унагааснаа санаж байна, босоод ирэхдээ “шүд унагачихлаа” гээд босч ирээд намайг өшиглөж авсан. Хэрүүл маргаан хийж эхлээд Мянганзаяаг цохиод тэрнийхээ дараа түлхтэл газар унасан, ...Би Мянганзаяагийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 26 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 327 дугаартай; “...Э.М-гийн биед 11-р шүдний цөгцийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
хохирогч Э.М-гийн “...шүд рүү цохиж гэмтэл учруулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
яллагдагч Р.Ц-гийн “...хохирогч Э.М-гийн шүдийг цохиж унагаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 22 дахь тал/,
хохирогч Э.М-гийн “...Р.Ц миний шүдийг эмчлүүлж, хохирлыг барагдуулж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Р.Ц эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 30, 38 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Р.Ц-гаас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгч Р.Цг гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Р.Ц нь 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг “Panda” зочид буудлын 204 тоот өрөөнд иргэн Э.Мг зодож, нэг шүдийг нь унагаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Э.М-гийн “...Цэрэндаваа миний ам хэсэг рүү цохитол хамраас цус гарчихсан, маскаараа цусаа арчих гэтэл дээд талын шүд уначихсан.” гэх,
гэрч Ч.Нарандэлгэрийн “...манай нөхөр түлхээд газарт унагатал Мянганзаяагийн нэг шүд нь уначихсан босож ирсэн.” гэх,
Р.Ц-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Мянганзаяаг түлхэж унагааснаа санаж байна, “шүд унагачихлаа” гээд босч ирээд намайг өшиглөж авсан. Хэрүүл маргаан хийж, Мянганзаяаг цохиод тэрнийхээ дараа түлхтэл газар унасан, ...Би Мянганзаяагийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр болон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 327 дугаартай “...Э.М-гийн биед 11-р шүдний цөгцийн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,
хохирогч Э.М-гийн “...шүд рүү цохиж гэмтэл учруулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, яллагдагч Р.Ц, хохирогч Э.М нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Р.Цд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгч Р.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Р.Ц-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Р.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Р.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчид таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.
Бусад асуудал;
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.030.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь “гомдол саналгүй₮ талаар шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлсэн зэргээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ц-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Ц шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ