| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0407/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/438 |
| Огноо | 2022-05-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/438
2022 05 16 2022/ШЦТ/438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Б.С,
нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Баярчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2211000000961 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Боржигон овгийн Б.С, Монгол Улсын иргэн, 1993 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологи мэргэжилтэй, “Ган-Ур” ХХК-д ахлах программист ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.С нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны гадна түүний эзэмшлийн 27-64 УНК улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Ц.Нын унагасан “Самсунг А52” загварын гар утсыг хохирогч Ц.Нын эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад зарж 899.100 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй байна. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулан хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
- хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Сгийн машинд суух үедээ бэлтгэлийн хувцастай явж байсан болохоор машинд нь сууж байхдаа гар утсаа унгаачихсан байсан. Тэгээд машинд юм ярьж сууж байгаад би гэнэт гар утас байхгүй байгааг мэдээд суудлынх нь завсраар утсаа хайсан боловч харанхуйд харагдаагүй. Би тухайн үед машины арын суудалд сууж байсан болохоор Б.С бууж ирээд хажууд хаалга онгойлгоод цуг хайлцаж байх үед миний утсанд чат ирж байгаа дохио дугарсан. Тэр үед “...яг энд дугараад байна даа, чи залгаадхаа...” гэсэн чинь миний утасны унтарсан, гэлүү болохгүй байна гэлүү 1 юм хэлээд залгаж өгөөгүй. Тэгэхээр нь би “...байрны дунд байдаг дэлгүүр лүү ороод миний утас руу залгуулаадхаа, би гэрлээр нь олоодохъё...” гээд Сг дэлгүүр оруулсан. Тэгээд С удалгүй гарч ирээд “...утас чинь болохгүй байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед үүрч явсан үүргэвчээ машинд нь үлдээгээд өөрөө залгаж үзэхээр дэлгүүр лүү орсон юм. Тэгээд би дэлгүүр лүү ороод худалдагчийг нь таньдаг учраас “...эгчийнх нь утас салгаастай байгаа юм уу” гэж асуусан чинь “...би тань руу залгаагүй ш дээ” гэсэн. Уг нь худалдагч охин миний утасны дугаарыг мэддэг юм. Тэгэхээр нь би “...сая нэг залуу орж ирээд залгаагүй юм уу” гэсэн чинь “..аан нэг залуу орж ирсэн. Гэхдээ тань руу залгаагүй, ондоо дугаар луу залгасан” гэсэн. Тэгэхээр нь би ямар дугаар байна гээд харсан чинь С өөрийнхөө 99757585 гэсэн дугаар луу 1 удаа залгасан байсан. Тэгэхээр нь би худалдагчийн утсаар өөрийнхөө утас руу залгасан чинь дуудаж байсан. Тэгээд би гараад ирсэн чинь С машинд нь үлдээсэн байсан цүнх, үүргэвчийг минь аваад явчихсан байсан. Гэтэл Б.С нь миний цүнхтэй эд зүйлсийг 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их дэлгүүрийн зүүн талын 1 дүгээр байрны дунд байх ТҮЦ нь үлдээчихсэн байгаа гээд тэр ТҮЦ-ний хүний утасны дугаарыг явуулсан байсан. Энэ тухайгаа гэхдээ надад бүүр дараа буюу сая 4 сарын 10-ны үед чат бичиж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дугаараар нь ярьж байгаад хаана байдаг ТҮЦ болохыг заалгаж очоод цүнхээ авахад ТҮЦ-ний залуу “...энэ цүнхийг 3 сарын 20-нд авч ирж үлдээсэн, ийм залуу үлдээсэн” гээд Сгийн машины зургийг нь авчихсан байсан...Би цүнхтэй эд зүйлээ үзэхэд дотор нь байсан Gentle monster брэндийн нарны шил, Sisterhood брэндийн эмэгтэй хүний боди гэх 2 зүйл байхгүй байсан. Бусад эд зүйлс нь бүрэн бүтэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,
- гэрч М.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 16:05 цагт манай “Супер 1” ломбардад Бат-Эрдэнэ овогтой С /НТ93073013/ гэх хүн Самсунг А52 маркийн 354704170601628 имэй кодтой гар утсыг 400.000 төгрөгийн барьцаанд тавьж 2022.03.18-ны 20:26 цагт буцааж авсан байна. Өөр эд зүйл барьцаанд тавиагүй. Утсыг авах үедээ С гэх залуу өөр 1 хүнтэй хамт ирээд тэр утсыг зарчих шиг болсон. Цуг орж ирсэн хүн нь утсыг үзэж шалгаад байх шиг байсан. Мөнгийг нь бэлэн өгч байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний 899.100 төгрөг гэх тайлан /хавтаст хэргийн 19 дүгээр тал/зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Ц.Нын гээгдүүлсэн самсунг А52 гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж өөртөө завшсан гэмт үйлдэл нь нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
шүүгдэгч Б.С нь 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 38 дугаар байрны гадна түүний эзэмшлийн 27-64 УНК улсын дугаартай “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Ц.Нын унагасан “Самсунг А52” загварын гар утсыг хохирогч Ц.Нын эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад зарж 899.100 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Ц.Нын: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Сг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.Сд гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сд 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Б.Сг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ