Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0166/э |
Дугаар | 2022/ШЦТ/183 |
Огноо | 2022-05-17 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
2022 5 17 2022/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э
улсын яллагч Л.Э
шүүгдэгч Я.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Я.Гхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,
хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2225002570229 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Я.Г
Шүүгдэгч Я.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 24-55 тоотод Ц.У-н “Samsung А-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Я.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Я.Г мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Ц.У “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр...авга ах Золбаярыг ирсэн гээд нөхөр бид хоёр хоол унд хийж өгчихөөд нэг шил архи гаргаад ууж дуусч байхад гаднаас нөхрийн найз Ганцогт ганцаараа орж ирсэн. 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 08.00 цагийн үед сэрэхэд Ганцогт орноосоо босчихсон сууж байсан. ...би гар утаснаасаа цаг харах гэж хайсан боловч олдохгүй байхаар нь нөхөр Ариунбаярыг сэрээгээд “миний утас байхгүй байна, чи залгаадах” гэж хэлсэн. Ариунбаяр миний утас руу залгахад дуудаад байсан боловч олдоогүй. Би цагдаад дуудлага өгөөд шалгуулна гэхэд нөхөр Ариунбаяр “дөнгөж сая утас чинь чичиргээ дуугарч байсан юм чинь цагдаад дуудлага өгөөд хэрэггүй байх” гэж хэлээд Ганцогтыг гэрээсээ явуулсан. Тэр өдөр Ганцогт манай гэрт ирээгүй, мөнгөтэй болчихсон архи ууж байгаа сурагтай байсан. ...Ганцогт миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
“...би алдсан “SamsungА-12” загварын гар утасны төлбөр 350.000 төгрөг, үнэлгээний хөлс 30.000 нийт 380.000 төгрөгийг бэлнээр Ганцогтоос хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол, санал хүсэлтгүй, шүүх хуралд суухгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
гэрч М.А “...Ганцогт оройтсон тул манай гэрт хоносон. Маргааш өглөө унтаж байхад эхнэр Уянга сэрээгээд “утас байхгүй байна, чи залгаадах” гэж хэлсэн. Би орноосоо босоход Ганцогт сэрчихсэн, сууж байсан, өөрийнхөө утаснаас эхнэрийн утас руу залгахад гар утасны чичиргээ нь гэр дотор дуугараад байсан. Сүүлдээ дуугарахгүй, холбогдох боломжгүй болчихсон тул эхнэр Уянга “цагдаад дуудлага өгнө” гэхээр нь би “хэрэггүй ээ, сая дуугарч байсан юм чинь байгаа байх” гэж хэлээд болиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
гэрч Ж.Э “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө ажил дээрээ ирээд байж байхад гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд миний хажуу талд байх гар утасны засварчин залууд “код тайлуулах гэсэн юм” гээд “SamsungА-12” загварын гар утас үзүүлэхдээ “би утсаа зармаар байна, 100.000 төгрөгөөр зарна, та миний утсыг авах уу, утасныхаа кодыг мартчихсан байна” гэж хэлсэн. Тэр залуу надад хандаж “миний утсыг авах уу” гэхээр нь би утсыг нь үзээд “дэлгэцийг нь солих шаардлагатай юм байна, 80.000 төгрөгөөр авна” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Утасны код тайлахад 10.000 төгрөг болсон ба тэр залууд 70.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Миний хувьд гар утас зарсан залууг өмнө харж байгаагүй, “миний гар утас байгаа юм, унааны зардал хийгээд явах гэж байгаа” гээд гуйгаад байхаар нь худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Я.Г сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед найз Ариунбаярын гэрт ороход эхнэр Уянгынх нь авга ах гэх хүн Хөвсгөл аймгаас ирчихсэн байсан. ...ууж байсан архи нь дууссан тул би Ариунбаярын хамт дэлгүүрээс архи аваад тэд нартай хамт ууж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 07-08 цагийн үед би түрүүлж сэрээд хувцсаа өмсөж байхад Уянгын утас орон дээр байсан. Би ус уучихаад улаан өнгөтэй гар утсыг хулгайлаад тэдний гэрээс гарч шууд “Баян” худалдааны төвийн 1 давхарт байх гар утас засварын газрын эмэгтэй хүнд “энэ миний утас байгаа юм, мөнгөний хэрэг болсон тул зарна” гэж хэлээд үзүүлэхэд “утасны кодоо мэдэх үү” гэхээр нь “согтуудаа мартчихсан байна” гэж хэлэхэд ... энэ утсыг 70.000 төгрөгөөр авах боломжтой гэхээр нь зөвшөөрөөд зарчихсан. ...хулгайлсан гар утасныхаа мөнгөөр архи уучихсан. ...хохирогчийн нэхэмжилсэн 380.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34, 40 дэх тал/,
хохирогч Ц.У “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зүс таних Ганцогт гэх залуу миний RedmiА-12 маркийн гар утас гэрээс хулгайлсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
хохирогч Ц.У өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 664 дугаартай “...“SamsungА-12” загварын утас 350.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Я.Ганцогтын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, холбогдох бусад баримтууд /хавтаст хэргийн 42-43, 45-46 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22/124 дугаартай, Я.Ганцогтод холбогдох 20/14-16 дугаартай хувийн хэргийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай албан бичиг /хавтаст хэргийн 54 дэх тал/,
яллагдагч Я.Г “...Миний бие бусдын гар утсыг хулгайлж учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 60 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Я.Ганцогтоос сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Я.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 24-55 тоотод Ц.Уянгын “SamsungА-12” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Ц.У “...би алдсан “SamsungА-12” загварын гар утасны төлбөр 350.000 төгрөг, үнэлгээний хөлс 30.000 нийт 380.000 төгрөгийг бэлнээр Ганцогтоос хүлээн авсан.” гэх,
гэрч М.А “...Ганцогт оройтсон тул манай гэрт хоносон. ...Тэр өдөр Ганцогт манай гэрт ирээгүй, мөнгөтэй болчихсон архи ууж байгаа сурагтай байсан.” гэх,
гэрч Ж.Э “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө ажил дээрээ ирээд байж байхад гаднаас танихгүй эрэгтэй хүн орж ирээд ... надад хандаж “миний утсыг авах уу” гэхээр нь би утсыг нь үзээд “дэлгэцийг нь солих шаардлагатай юм байна, 80.000 төгрөгөөр авна” гэж хэлэхэд зөвшөөрсөн. Утасны код тайлахад 10.000 төгрөг болсон ба тэр залууд 70.000 төгрөгийг бэлнээр өгсөн.” гэх,
Я.Г сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...утсыг 70.000 төгрөгөөр авах боломжтой гэхээр нь зөвшөөрөөд зарчихсан. ...хохирогчийн нэхэмжилсэн 380.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон.” гэх мэдүүлгүүд,
хохирогч Ц.У гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.У өргөдөл, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 664 дугаартай “...“SamsungА-12” загварын утас 350.000 төгрөг.” гэсэн дүгнэлт, мөн яллагдагч Я.Ганцогтын “...Миний бие бусдын гар утсыг хулгайлж учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан,
шүүгдэгч Я.Г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагч нь прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Я.Ганцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүх шүүгдэгч Я.Ганцогтыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
Шүүх шүүгдэгч Я.Г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.
Шүүгдэгч Я.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм бурууд нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч Я.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Бусад асуудал;
шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Я.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г 480 /дөрвөн зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Я.Г оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож,
нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Ганцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Я.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ