Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/411

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         05          09                                  2022/ШЦТ/411

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Р.Ш,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211000000837 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Сартуул овгийн Р.Ш

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Хүчит визон” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 сарын 13-ны өдрийн 212 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1-д зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Р.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хувьсгалчдын А-8-154 тоотод хохирогч Б.Быг “сайжруулсан түлшний уут задалсан хайчийг арчиж тавьсангүй, арчсан гэж худлаа хэллээ” гэх шалтгааны улмаас Б.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгч Р.Шын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б бид 2 барьцалдаж аваад түүний нүүр лүү нэг удаа байх аа гараараа цохисон ба дараа нь Б.Бын хамраас цус гарсан. Энэ гэмтлийг би учруулсан. Дахиж ийм асуудал болохгүй. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,

                                    - хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 сарын 28-ны өдөр 13 цагийн үед сайжруулсан нүүрсний уутны амыг задалсан хайчийг арчсан уу гэж нагац ах асуухаар айсандаа арчсан гэж худлаа хэлсэн. Тэгээд ах хайчийг арчаагүй байгааг харчхаад чи худлаа ярилаа гэсэн...тэгээд нүүр лүү хамар луу гараараа цохисон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр тал, 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4944 дугаартай “...Б.Бын биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээ тал/ гэх дүгнэлтээр хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын А-8-154 тоотод өөрийн нагац дүү хохирогч Б.Быг “сайжруулсан түлшний уут задалсан хайчийг арчиж тавьсангүй, арчсан гэж худлаа хэллээ” гэх шалтгааны улмаас Б.Бын нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Р.Ш нь 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын А-8-154 тоотод   өөрийн нагац дүү хохирогч Б.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас    маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Р.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Р.Шт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Бын: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Р.Шыг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Сартуул овогт Р.Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Р.Шыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Р.Шыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Р.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ