Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.*******т холбогдох 2123000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн *******суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, Завхан аймгийн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Өлзийт баг “21 дүгээр Зуун хороолол” ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтой *******гийн *******, Регистрийн дугаар: *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.*******оос шүүгдэгч Э.*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 22 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сум Жинст багт байрлах “Загасан нүд” зоогийн газрын гадаа иргэн Д.*******тай маргалдах явцдаа харилцан зодолдож улмаар түүний толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “духны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, тархи доргилт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл: Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай “...Иргэн Д.*******гийн биед духны зүүн дээд хэсэг, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, тархи доргилт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь иртэй, үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн хэлж байгаа буюу 2021 оны 03 дугаар сарын 18-нд хүнд зодуулсны улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/-ээр хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдож байна. Хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Э.******* учруулсан хэргийн үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.*******ийн өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй байх болно. Миний байдлыг харгалзан ялаас чөлөөлж өгнө үү” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, Мөрдөн байцаалтын шатанд: 1. Хохирогч Д.*******гийн өгсөн: “...Тухайн өдөр Цэргийн баяр болоод манай байгууллагын 10 гаран алба хаагч хоолонд орох гээд 17 цаг орчмын үед “Загасан Нүд” ресторанд орсон. Тэгээд хоол унд идээд баярын өдөр байсан болохоор тодорхой хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд 22 цагийн үед ресторан хаах болоод гарсан ба ******* бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсан болохыг би сайн санахгүй байна. ******* намайг архины шилээр зүүн нүдний дээд хэсэгт 1 удаа цохисон. Зүүн нүдний дээд хэсэгт зүсэгдэж 3 оёо тавиулсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

2. Гэрч С.гийн өгсөн “... Тухайн өдөр манай байгууллагын баярын хурал болоод 17 цагийн үед тарсан. Тэгээд байгууллага дээрээс баярын хурал тараад хамгаалалтын хэсэг ажилчид “Загасан Нүд” зоогийн газар хоолонд орохоор ярьцгаагаад тарсан. Тэгээд би 17 цаг өнгөрч байх үед *******, хоёрын хамт түрүүлж ирээд захиалга өгөөд ширээгээ аваад сууж байсан. Тэгээд бид гурвыг орж ирээд сууж байх үед төлөөлөгч , хүний нөөцийн ажилтан , нярав , ээлжийн дарга , эхнэр , *******, эхнэр нар ар араасаа цуваад орж ирсэн. Тэгээд бид нар хоолоо захиалаад тойрч сууцгаасан. Тэгээд бид нар хоолоо идэх зуураа хүний хоёр хоёр шил пиво, 0.75 литрийн 3 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд Загасан нүд зоогийн газрын хаах цаг нь болоод бүгд гарахаар болсон. Тэгээд би *******, нарын хамт түрүүлээд гарсан. Манай ажлынхан дотор тооцоо хийх гээд үлдсэн. Тэгсэн , ******* бид гурав гадаа хамт зогсож байсан чинь дотор тооцоо зөрсөн асуудал гарсан гэнэ гадаа байгаа хүмүүсийг ороод ир гэж байна гээд буцаад орсон. Тэгээд ийг орсоны дараа удалгүй ******* ганцаараа гарч ирсэн. Тэгээд *******ийг “Чи намайг орхиж гарлаа” гээд заамдаад нүүр хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би дундуур нь салгах гээд ортол ******* миний мөрөн дээгүүр давуулаад *******г цохих шиг болсон. Тэгээд би тэр хоёрыг салгачхаад хартал газар пивоны шил хагарчихсан *******гийн нүүрнээс нь цус гарч байсан. Тухайн үед ******* гарч ирээд *******ийг чи намайг орхиод гарлаа гээд заамдаад авсан. Тэр үед би тэр хоёрыг тоглож байна гэж бодсон. Тэгсэн *******, *******ийг нүүр хэсэгт нь нэг мөргөчихсөн. Тэрнээс л болж маргалдсан. Өөр тэр хоёр ямар нэгэн маргалдаж муудалцах шалтаг шалтгаан байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

3. Гэрч Э.ийн өгсөн: “...Би Д.*******, ******* нарыг танина. ...Тухайн өдөр монгол цэргийн 100 жилийн ойн баярыг тохиолдуулан манай байгууллага баярын хурлаа зохион байгуулж зарим алба хаагч нартаа шагнал урамшуулал гардуулаад орой 17 цаг орчмын үед тарцгаасан. Тэгээд би баярын хурал тараад шууд гэр рүүгээ харьсан. Тэгээд намайг гэртээ байж байх үед 22 цагийн үед манай байгууллагын нярав над руу залгаад одоо Загасан нүдээс гарч байна, чи ирж хүргэж өгөх юм уу? гэж над руу ярьсан. Тэгээд би хүргэж өгөх гээд удалгүй 5-10 минутын дараа Загасан нүд зоогийн газрын үүдэнд ирэх үед манай ажлын *******, *******, , , , гэх алба хаагч нар гадаа зогсож байсан. Тэгээд би машинаасаа буугаад яваад очтол *******г, түшчихсэн байсан. Яг цохиж зодсон эсэхийг бол би нүдээр хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. бид хоёр *******г аваад эмнэлэг авч явж байх үедээ юу болсон талаар асуухад, ******* өөрөө бид хоёрт ******* намайг пивоны шилээр толгой руу цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

4. Яллагдагч Э.*******ийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай ажлынхан “Цэргийн Баяр” тэмдэглээд “Загасан нүд” ресторанд орцгоосон юм. Тэгээд ууж сууж байгаад хаах цаг нь болоод гадаа гарсан... ******* гарч ирээд надад “Чи намайг орхиод явчихлаа” гэж хэлээд миний нүүр рүү толгойгоороо мөргөчихсөн юм. Тэр үед би шилтэй пиво бариад уугаад зогсож байсан юм. Мөргүүлээд манарсандаа шилтэй пивоороо *******гийн толгой, дух хэсэг рүү цохичихсон.” гэх мэдүүлэг, /ххийн 48-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Э.*******ийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.*******ийн бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч Э.******* нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Д.******* нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Э.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Э.*******ийг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг үндэслэл болгов. Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Д.******* нь “Загасан нүд” зоогийн газраас гарч ирээд шүүгдэгч Э.*******ийг эхлээд мөргөсөн талаар “...Тухайн үед ******* гарч ирээд *******ийг чи намайг орхиод гарлаа гээд заамдаад авсан. Тэгсэн *******, *******ийг нүүр хэсэгт нь нэг мөргөчихсөн.” гэж мэдүүлсэн С.гийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Э.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 59 дүгээр хуудас/ тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б.******* шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав. Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүх шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх боломжгүй байна гэж үзлээ. Иймд шүүх шүүгдэгч Э.*******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв. Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов. Харин шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овог *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ