Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 221/2015/0000/З |
Дугаар | 221/МА2015/0445 |
Огноо | 2015-09-17 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2015/0445
Д.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 436 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Д-ын нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаалыг хүчингүй болгож, Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, мэдээлэл, холбооны хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаалыг хууль бус байсныг тогтоолгон, хүчингүй болгуулах, хууль бусаар албан тушаал бууруулсан үеийн буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 3.197.695 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өмнөх ажил, албан тушаалд тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.О шүүхэд шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.Д-ын гаргасан зөрчил нь Зам тээвэр, мэдээлэл холбооны хяналтын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1.Ажлын байрны үндсэн зорилго, 2.Ажлын байрны үндсэн зорилтын 2.1, 2.3 дахь хэсгийг зөрчиж байгаа тул түүнд ногдуулсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Албан тушаал бууруулах тухай 437 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д заасныг баримтлан Д.Д-ын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаалыг хууль бус байсныг тогтоож, хүчингүй болгуулах, хууль бусаар албан тушаал бууруулсан үеийн буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Зам, тээвэр, хот байгуулалтын яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилласан хугацаа хүртэл буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 3.197.695 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч З.У нар давж заалдах гомдолдоо: ...Миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, мэдээлэл холбооны хэлтсийн даргаар ажиллаж байтал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар дээрх албан тушаалыг мөн өдрөөс эхлэн бууруулсан. Энэ талаарх маргааныг бид хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд гомдол гаргасан. Дээрх тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсгийг удирдлага болгон Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй биелүүлж, ажлын цаг ашиглалт хангалтгүй байсан гэж заасан нь өөрөө хууль зөрчсөн, тушаал гаргагч өөрийн үзэмжээр хандсан хууль бус үйлдэл юм.
Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, үндсэн зорилтыг чин шударгаар биелүүлэн ажиллаж байсан. Миний бие 1992 онд ОХУ-ын Ташкент хотын Зам тээврийн дээд сургуулийг автозамын инженер мэргэжлээр техникийн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Монгол Улсын зөвлөх инженер, англи, орос хэлтэй төрийн жинхэнэ албан хаагч юм. Анх Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2003 онд байгуулагдахад авто замын хяналтын улсын байцаагчаар орж, 2007-2009 онуудад Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Авто замын газрын даргаар ажиллаж байгаад 2009 оноос дээрх тушаал гарах хүртэл Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, мэдээлэл холбооны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Энэ хугацаанд миний гаргасан байцаагчийн шийдвэрт шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжээс гомдол гаргасан, дээд шатны байцаагчийн шийдвэрээр хүчингүй болсон, холбогдох хууль хяналтын байгууллагад шалгагдаж хүчингүй болсон шийдвэр байхгүй бөгөөд төрийн албанд ажиллахдаа сануулах ч арга хэмжээ авахуулж үзээгүй, захиргааны ямар нэгэн шийтгэвэр ногдуулж байгаагүй юм.
Хэлтсийн даргын үүрэгт ажлын зэрэгцээ авто замын байцаагчийн ажлыг давхар гүйцэтгэж байсан бөгөөд 2013 оны МХЕГ-ын онцлох 10 үйл явдлын нэгээр миний хариуцаж ажилласан замын шалгалт шалгарсан. Энэ нь 2014 онд Баруун 5 аймаг, Зүүн аймаг, мөн Төвийн аймгуудад томилолтоор сар гаруй ажиллаж, тухайн аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж баруун бүсийн 13 объектийн 967.7 км авто зам, зүүн бүсийн 12 объектийн 464.57 км автозамын барилга угсралтын ажилд хяналт шалгалт гүйцэтгэж, энэ оны 10 дугаар сарын 17-нд даргын зөвлөлийн хурлаар оруулж, ...тоот шийдвэр гаргуулж, удирдамжийн хүрээнд хангалттай сайн хийсэн гэсэн үнэлэлт авсан. Түүгээр ч зогсохгүй Дэд бүтцийн газар нь ажлын гүйцэтгэлээрээ тогтмол МХЕГ-ын 1 дүгээр байранд шалгардаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил унагасан хор хохирол учруулсан ямарваа нэгэн үйлдэл эс үйлдэхүй гаргаж байгаагүй.
Дэд бүтцийн газрын дарга Д.Ж-ын ахалсан Болд - Төмөр - Ерөө голын төмөр замыг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд манайхаас гүүрийн инженер Ш.Г, замын инженер Д.Д нар оролцохоор тушаалд нэр заагдсан боловч тэр өдөр намайг авч явалгүй, газраа сахиж үлд гээд үлдээсэн юм. Комисс ажиллаж ирээд намайг гарын үсэг зур гэхэд нь оролцоогүй комисст гарын үсэг зурж чадахгүй гэж хэлээд зураагүй. Энэхүү даалгаврыг биелүүлээгүйгээс өөрөөр үүрэг даалгавар биелүүлээгүй нэг ч тохиолдол надад байхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр МУ-ын Дээд Шүүхээс Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд зааснаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан байдаг. Гэтэл миний ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн мөн тогтоосон журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байхгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Албан тушаал бууруулах тухай 437 дугаар тушаалын 1 дэх хэсэгт зааснаар намайг удирдлагаас өгсөн үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэсэн нь үндэслэлгүй, миний ажиллах хугацаанд надад гаргасан сахилгын зөрчил байхгүй, түүнд ногдуулсан сахилгын шийтгэл байхгүй. Мөн уг тушаалын 1 дэх хэсэгт зааснаар ажлын цаг хангалтгүй ажилласан гэсэн байх ба ажлын цагийг бид автомат уншигчаар зөвхөн миний цагийн бүртгэлийг шалгасан байх ба би уншуулаагүй өдрийнхөө талаар тайлбар хүргүүлж байсан. Автоматаар цагийн бүртгэл гаргахын зэрэгцээ менежерийн өгсөн цагийн бүртгэлээр давхар бүртгэгддэг бөгөөд ажлыг нэг ч өдөр таслаагүй. Энэ жилийн хийсэн ажлын гүйцэтгэлийн үр дүнгээр \...тоот дүгнэлтээр\ ЗТЯ арга хэмжээ авч 17 тэрбум төгрөг Хөгжлийн банкаар санхүүжүүлж, УБ - Баянчандмань, Лүн -Эрдэнэсант - Арвайхээр, УБ - Дархан, УБ - Зуунмод чиглэлийн авто замд засвар аргачлалын ажил, их засвар хийгдэж, зорчигчдын болон ард иргэдийн тээврийн хэрэгслийн аюул осолгүй нөхцөл хангагдаж, шалгалтын үр өгөөж гарсан. Миний бие албан тушаал бууруулах арга хэмжээ авахуулах биш, харин ч сайшаагдах ажил хийлээ гэж дүгнэж байна.
Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй гэдэг нь тогтоогдоогүй, хариуцагч шүүхэд МХЕГ-ын удирдлагын зүгээс Д.Дад 17 удаагийн хурлаас 43 асуудлаар үүрэг даалгавар өгөгдсөнөөс 23 үүрэг даалгавар удаа дараа давтан өгөгдсөн, зарим даалгавар биелэгдээгүй, биелэлтийг олон хоногоор хоцроосон, аймаг, нийслэлд авто зам, замын байгууламжийн хяналтын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор танилцуулах үүрэгтэй байсан боловч удаа дараа давтан үүрэг, шаардлага өгөгдсөний эцэст 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр танилцуулсан боловч танилцуулга хангалтгүй байсан гэж мэтгэлцсэн боловч энэ талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй, мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийг ажлын цаг хангалтгүй ашигласан гэж үзсэн боловч 2014 оны хэд хэддүгээр саруудад цалинтай болон цалингүй чөлөө авсан, эмнэлгийн хуудас, магадлагаа байгаа эсэх, томилолтоор ажиллуулсан бол энэ талаар гарсан тушаал шийдвэр зэргийг хариуцагчаас нотлох баримтаар аваагүйгээр түүний ажлын цагийн товчоо гэх нэг хуудас материалд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь захиргааны маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх зарчим болох хэргийг бүх талаас бүрэн бодитой шийдвэрлэнэ гэсэн зарчим алдагдаж, шүүх хэт нэг талыг барьсан.
Хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан МХЕГ-ын 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн даргын шийдвэрээр ажлын үр дүн-г харгалзан үндсэн цалингийн 40 хувийн урамшуулал олгогдсон төдийгүй, 2014 оны 06 дугаар сард Алтан гадас одонгоор шагнуулах саналыг Засгийн газарт хүргүүлж байсан зэрэг үйл баримтуудыг огтоос үнэлэлгүйгээр шүүх шийдвэрлэсэн. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
Нэхэмжлэгч Д.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдуулан Тус газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, хууль бусаар албан тушаал бууруулсан үеийн буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Зам, тээвэр, хот байгуулалтын яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажилласан хугацаа хүртэл буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх нийт 5 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 3.197.695 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын газрын 2014 оны 09 дүгээр сарын 9, 14, 16, 23, 30-ны өдрийн, 2014 оны 10 дугаар сарын 07, 14, 21, 27-ны өдрийн шуурхай хурлаас өгөгдсөн үүрэг даалгавар, уг үүрэг даалгаврын биелэлтийн танилцуулсан 2014 оны 09 дүгээр сарын 15, 22, 29-ний өдрийн, 10 дугаар сарын 06, 13, 23, 28-ны өдрийн, 11 дүгээр сарын 04-ний өдрийн танилцуулгын хуудас, Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлын 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 20/03 дугаар хуралдааны тэмдэглэл, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Тамгын газрын дарга Б.Төмөрбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Бурмаа, улсын байцаагч Л.Энхбаяр нарын нэхэмжлэгч Д.Д-ын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын цаг ашиглалтын байдлыг шалгасан тухай танилцуулгa, цаг ашиглалтын товчоо зэргээр Д.Д нь Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, мэдээлэл холбооны хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа Удирдлагаас өгсөн үүргийг удаа дараа хангалтгүй биелүүлж, ажлын цаг хангалтгүй ашигласан болох нь нотлогдож байна.
Тиймээс дээрх үйл баримтыг үндэслэн гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 437 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 416 дугаар тушаалаар Д.Д-ад урамшуулал олгосон, мөн тус газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/1824 дугаар албан бичгээр Д.Д-д Алтан гадас одон олгуулахаар тодорхойлсон зэрэг нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийг зөрчөөгүй, нэхэмжлэгч Д.Д-ын ажил, албан тушаалыг бууруулж, шийдвэрлэхдээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР