Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 66

 

  Монгол Улсын нэрийн өмнөөс

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны  "А" танхимд  нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Гансувд

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Хохирогч У.Ганбат

Шүүгдэгч Г.Мөнхбат нарыг оролцуулан 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суваргачин овогт Гансүхийн Мөнхбатад холбогдох 201611000168 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 06 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 07 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, өвөөгийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 86-03 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь тус шүүхийн 2015 оны 07 сарын 09-ний өдрийн 58/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл Суваргачин овогт Гансүхийн Мөнхбат / РД: ЖБ 90071474/

Шүүгдэгч  Суваргачин овогт Гансүхийн Мөнхбат нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58/А шийтгэх тогтоолоор 2015 оны 07 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 24-р байрны урд талын таксины зогсоол дээр иргэн У.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүгдэгч Суваргачин овогт Гансүхийн Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 04 сарын 04-ний орой Ганбаттай муудалдсан. Мустанг бааранд Өлзийтэй пиво уугаад харих гээд 24-р байрны таксины зогсоол руу явж байхад Ганбат миний урд явж байсан. Гэтэл Ганбат чи юу гэж дагаад байгаа юм бэ? гээд муудалдсан. Би таныг дагаагүй Өлзийг дагаж байна гэсэн. Гэтэл чи яагаад дагаад байгаа юм гээд намайг шилдэж дарахаар нь би дээшээ огцом болсон чинь толгойгоороо шүд рүү нь цохьсон байсан. Тэрнээс хойш Ганбат шүд рүү цохьлоо гээд бид хоёр барилцаж аваад намайг доороо хийсэн. Би эмчилгээний зардалд 300000 төгрөг төлсөн. Би өөрийн үйлдлээ буруутай гэж үзэж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Удвалын Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөнхбат бид хоёр маргалдсанаас болж миний хоёр шүд хөдөлж, уруул хавдсан. Би баарнаас гараад хорих гээд явж байхад араас танихгүй хүн дагаад байхаар нь гэртээ танихгүй хүн дагуулж очихгүй гэсэн үүднээс Мөнхбатыг танихгүй учраас юун танихгүй хүн дагаад байгаа юм бэ? гээд Мөнхбаттай маргалдсан. Мөнхбат намайг дух хэсгээрээ мөргөсөн. Би Мөнхбатыг шилдээд байж байхад цохих нь гэж бодсон юм уу толгойгоо дээш болгоод намайг мөргөсөн. Би мөргүүлээд тонгойгоод байж байхад Төмөрхуяг ирж салгасан. Мөнхбат намайг мөргөсний дараа бид хоёр барилцаж, зууралдсан. Мөнхбат надад эмчилгээний зардалд 300000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Гэрч Банзрагчийн Төмөрхуяг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Тэгээд удалгүй баар хаах цаг нь болоод бид нар гэр лүүгээ харихаар явж байхад 6-р баг, 24-р байрны такси зогсоол дээр У.Ганбат, Г.Мөнхбат хоёр маргалдаж байгаад бие, биенээ цохиод байсан. Тэгэхэд нь би очоод салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан. Тэгээд Ганбат гэнэт миний шүд рүү цохьчихлоо гээд доош суусан. Ганбатыг дээш босгоход тэнд байсан хүмүүс болон Мөнхбат нар явчихсан байсан. Тэгээд би Ганбатыг дагуулаад эмнэлэг орж үзүүлээд анхны үзлэгийн тодорхойлолт авч танай байгууллагад гомдол гаргасан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 50/

Гэрч Жамъянсүрэнгийн Өлзийбаатар хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ...Мөнхбат, Өнөрбат бид гурав баарнаас гараад цуг явж байхад 24-р байрны зүүн талд араас Ганбат ирээд Мөнхбаттай маргаад байсан яг юунаас болж маргаад байсныг нь мэдэхгүй. Тэгээд 24-р байрны зогсоол дээр очиход ахиад бие биенээ заамдчихсан байхаар нь би салгасан, үгэнд орохгүй хэрэлдээд байхаар нь найз Өнөрбатад хандан наадах хоёр чинь миний үгэнд орохгүй юм байна, хоёулаа амаръя гээд такси бариад явсан гэх мэдүүлэг. / хх-ийн 54/

Гэрч Жодовжавын Эрдэнэхуяг хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Ганбат гэх хүн нэг танихгүй жижигхэн биетэй залуутай хэрүүл маргаан үүсгээд байсан. Ганбат нь тэр залууг хаашаа явах гээд байгаа юм наадах 24-р байраа тойроод яв гээд алгадаад байсан тэгээд удалгүй хоорондоо зууралдаад ноцолдоод газарт унаад салцгаасан гэх мэдүүлэг. / хх-ийн 56/

     Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 244 тоот актын дүгнэлтэд

     1. У.Ганбатын биед 2 шүдний сулрал, доод уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

     2. Дээрх  гэмтлүүд нь хатуу, мохоо бүхий зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 

     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     4. Цаашид биеийн эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 04/

Гэрч С.Өнөрбатын мэдүүлэг / хх-ийн 51/

Шинжээчийг байцаасан тэмдэглэл / хх-ийн 63/

Баянтүмэн сумын Жаргалант багийн Засаг даргын шүүгдэгч Г.Мөнхбатын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 76/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/ зэрэг нотлох баримтууд болно.

      Шүүгдэгч Суваргачин овогт Гансүхийн Мөнхбат  нь 2016 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах 24-р байрны урд талын таксины зогсоол дээр иргэн У.Ганбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж бие махбодид нь хоёр шүдний сулрал, доод уруулд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Ганбатын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "Мөнхбат бид хоёр маргалдсанаас болж миний хоёр шүд хөдөлж, уруул хавдсан. Би баарнаас гараад харих гээд явж байхад араас танихгүй хүн дагаад байхаар нь гэртээ танихгүй хүн дагуулж очихгүй гэсэн үүднээс Мөнхбатыг танихгүй учраас юун танихгүй хүн дагаад байгаа юм бэ? гээд Мөнхбаттай маргалдсан. Мөнхбат намайг дух хэсгээрээ мөргөсөн. Би Мөнхбатыг шилдээд байж байхад цохих нь гэж бодсон юм уу толгойгоо дээш болгоод намайг мөргөсөн. Би мөргүүлээд тонгойгоод байж байхад Төмөрхуяг ирж салгасан" гэх мэдүүлэг,  гэрч Б.Төмөрхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн  "6-р баг, 24-р байрны такси зогсоол дээр У.Ганбат, Г.Мөнхбат хоёр маргалдаж байгаад бие, биенээ цохиод байсан. Тэгэхэд нь би очоод салгах гэсэн чинь надад дийлдэхгүй байсан. Тэгээд Ганбат гэнэт миний шүд рүү цохьчихлоо гээд доош суусан" гэх мэдүүлэг /хх-ийн 50/, гэрч Ж.Өлзийбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн  "Ганбат ирээд Мөнхбаттай маргаад байсан яг юунаас болж маргаад байсныг нь мэдэхгүй. Тэгээд 24-р байрны зогсоол дээр очиход ахиад бие биенээ заамдчихсан байхаар нь би салгасан" гэх мэдүүлэг / хх-ийн 54/, гэрч Ж.Эрдэнэхуягийн хэрэг бүртгэлтэнд өгсөн "Ганбат гэх хүн нэг танихгүй жижигхэн биетэй залуутай хэрүүл маргаан үүсгээд байсан. Ганбат нь тэр залууг хаашаа явах гээд байгаа юм наадах 24-р байраа тойроод яв гээд алгадаад байсан тэгээд удалгүй хоорондоо зууралдаад ноцолдоод газарт унаад салцгаасан" гэх мэдүүлэг / хх-ийн 56/, хохирогч У.Ганбатын биед 2 шүдний сулрал, доод уруул язарсан шарх гэмтэл тогтоогдлоо гэсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  2016 оны 04 сарын 05-ны өдрийн  244 тоот актын дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд  баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Мөнхбат урьд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 58/А шийтгэх тогтоолоор 2015 оны 07 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 327 тоот тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Мөнхбат нь хохирогч У.Ганбатын эмчилгээний зардалд 300000 төгрөг төлсөн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхэд гаргасан мэдүүлгүүдээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.Мөнхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн  ЖБ 90071474 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Мөнхбат  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суваргачин овогт Гансүхийн Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Гансүхийн Мөнхбатыг 1 /нэг/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Г.Мөнхбатын эдлэх 1/нэг/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

4. Ялтан Г.Мөнхбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгө байхгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Мөнхбатад урьд нь авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн, эдлэх ялыг 2016 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Мөнхбатад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ