Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2159

 

 

       2017         10                04

                      2159

 

У.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02157 дугаар шийдвэртэй У.С-ийн нэхэмжлэлтэй хариуцагч БСШУСЯ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч
П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.С-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: У.С миний бие 1989 онд Ховд аймаг дахь Багшийн дээд сургуулийн биологи-химийн ангийг багшийн мэргэжлээр, 2009 онд Хүмүүнлэгийн их сургуулийг боловсролын магистраар тус тус төгссөн, Боловсролын ухааны боловсролын магистр зэрэгтэй. 1989 оноос Ховд аймгийн Цэцэг сумын 8 жилийн сургуульд хими-биологийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. 1995 онд тус сургуульд биологийн багшаар тасралтгүй ажиллаж байгаад 2013 оноос тус сургуулийн захирлаар ажилласан. Би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 07 сарын 01-ний өдрийн Б/263 дугаар тушаалын дагуу Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар түр томилогдож, 2014 оны 04 сарын 04-ний өдрийн Б/129 дүгээр тушаалаар томилогдон ажиллах болсон. Би Ховд аймгийн ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Олон улсын байгууллагуудад хандан 6 том төсөл хэрэгжүүлж, сургуулийн ногоон байгууламжийг сайжруулж олон улсын Хүрэл гэрэгэ батламжтай болгож, элсэлтийн ерөнхий шалгалтанд жил бүр ахиц гарган 2 удаа ТОП үнэлгээтэй сургуулиар шалгарсан. Ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2016 онд аймгийн “Есөн алдартан”-ы боловсролын салбарын аварга, 2017 онд төрийн дээд одон Алтан гадас одонгоор тус тус шагнагдсан. Гэтэл У.С намайг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурийн 2017 оны 05 сарын 26-ны өдрийн Б/17 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Ажил олгогч ажилтан намайг ажлаас халах тушаал гаргахдаа хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсэх, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тушаалд дурдаагүй. Миний бие ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулаагүй, ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдэл гаргаж байгаагүй, ямар нэгэн ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл авч байгаагүй тул намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсныг хууль бус гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тоггоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, слортын яаманд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, слортын яамны төлөөлөгчийн тайлбарт: Боловсрол, шинжлэх ухааны сайд /хуучнаар/ нэхэмжлэгч У.Сг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг үндэслэн 2014 оны 04 сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ховд аймгийн Засаг даргын 2017 оны а/140 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 05/4092 дугаар албан бичигт дурдсанаар нэхэмжлэгч У.С нь Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлаар ажиллаж байхдаа Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Төсвийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон байдаг. Дээрх Ажлын хэсгийн дүгнэлт, Авлигатай тэмцэх газрын албан бичигт дурдсан асуудал нь нэхэмжлэгч У.Стай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах, захирлын үүрэгт ажлаас чөлөөлөх хангалттай үндэслэл болсон тул нэхэмжлэгч У.Сг Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн Иймд дээр дурдсан үндэслэлээр У.Сгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч У.С-г Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 361 770 төгрөгийг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас гаргуулан нэхэмжлэгч У.Сд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч У.Сгийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас улсын тэмдэгтийн хураамжид 68 738 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, слортын яамны төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/17 дугаар "У.С-г ажлаас чөлөөлөх тухай" тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар захиргааны акт болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д заасны дагуу иргэн У.С захиргааны байгууллагын захиргааны актад гомдол гаргасан нь хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын хэмжээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харъяа 41 лаборатори Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийн захирлыг Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-д заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд томилж, чөлөөлдөг. Хөдөлмөрийн гэрээний 3.2.а, 3.2.б, 6.1-д заасны дагуу У.С-г ажлаас чөлөөлсөн болно.  

Анхан шатны шүүхэд тус яамны 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн "Тайлбар гаргах тухай" 1а/6953 дугаар албан бичгийн хавсралтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны "Хуулбар үнэн" тэмдгийг дарж анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг, нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэсэн нь үндэслэлгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүтэц өөрчлөгдөн, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт шинэчлэгдэн, томилгоонууд хийгдэж байсан ба  2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минутад болох /Шинээр томилогдсон зөвлөх нь албан ёсоор ажлаа хүлээн аваагүй/ шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сар хүртэл хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн боловч хүлээн аваагүй болно. Аливаа хэрэг маргааныг нотлох баримт дээр тулгуурлан шийдвэрлэх ёстой байтал шүүх ямар нэгэн нотлох баримтыг үндэслээгүй, тус яамнаас хүргүүлсэн нотлох баримтыг үнэлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У.С нь хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. 

 

Шүүх хариуцагч байгууллагаас нэхэмжлэл гардан авах эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаад нэхэмжлэлийн хувийг гардуулсан нь зөв боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд эдлэх эрх, үүрэг, нотлох баримт бүрдүүлэх журмыг тайлбарлах зэргээр шүүх хуралдаанд бэлтгэх ажиллагаа явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчжээ. 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн нь 2017 оны 08 дугаар сарын 14, 18-ны өдрүүдэд “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаар тогтоолоор тус яамны үйл ажиллагааны бүтэц өөрчлөгдөж, ажлын байр шинэчлэгдэн, томилгоо хийгдэж байна” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байхад хариуцагч байгууллагыг төлөөлөх этгээдийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн хариуцагчаас гаргасан хавтаст хэргийн 19-28 дугаар талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах эсэх асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар гомдол гаргах хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг зохих ёсоор явуулалгүйгээр хэргийн оролцогчийн эрх болон шүүх хуралдааны бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.  

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02157 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                  А.МӨНХЗУЛ