Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1103

 

      С.З, Б.Д нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.З, Б.Д нарын өмгөөлөгч Ч.Д,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.З, Б.Д нарын өмгөөлөгч Ч.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор С.З, Б.Д нарт холбогдох эрүүгийн 1805025430660 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн  Б.Д, 1989 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Крас” нэртэй машин угаалгын газарт угаагч, засварчнаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................ тоотод оршин суух,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, урьд оногдуулсан 8 жил 10 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, /РД: .................../,

2. Бо овгийн С.З, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Крас” нэртэй машин угаалгын газарт угаагч, засварчнаар ажиллаж байсан,  ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ................. тоотод оршин суух,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД:........................../,

С.З, Б.Д нар бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2018 оны 5 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Голден парк 2 хотхоны 301 тоот байрны гадаа зогсоолд байрлуулсан иргэн Э.Чийн эзэмшлийн 30-40 УБИ улсын дугаартай “Honda CRV” загварын автомашинаас суудлын бүрээс, толь, куртик, аккумлятор, автомашины катушик, зургийн аппарат, MP3, флаш, 5 бул, аваарын гурвалжин, алх, сүх, иш, машины лого, багаж зэрэг эд зүйлсийг хулгайлан 554.300 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газар: С.З, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийн шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д, С.З нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дийг 6 сарын хорих ялаар, С.Зыг 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Д, С.З нарын тус бүрт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй, шүүгдэгч нар хохирогчид төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.З, Б.Д нарын өмгөөлөгч Ч.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. С.Зт оногдуулсан 6 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Ял шийтгэх оногдуулахдаа хавтас хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтад дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдлыг харахад өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хангах боломжгүй байна гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан. Учир нь, шүүгдэгч нар урьд гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан тул хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан, тохирсон ял шийтгэл оногдуулсан тул хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр С.З, Б.Д нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

С.З, Б.Д нар иргэн Э.Чийн эзэмшлийн, 30-40 УБИ улсын дугаартай, “Honda CRV” загварын автомашинд нэвтэрч, эд зүйл хулгайлсан байхад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь нууц аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “нэвтрэх” гэх ойлголт байхгүй.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тодорхойлсон хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэгддэг онцлогтой ба үүгээрээ тухайн гэмт хэргийн үндсэн шинжээс ялгаатай.

Автомашин нь хүн, ачаа тээврийн зориулалтаар ашиглагдахаас гадна эд зүйлээ хадгалах зориулалттай, гадны халдлага, өөр бусад хүчин зүйлээс хамгаалагдсан цоож, хамгаалалттай тухайн эзэмшигчийн хувийн орон зай байдаг.

Тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хөрөнгө хулгайлсан үйлдлийг хүний хувийн орон зайд халдсан, тусгайлан хамгаалсан байранд хүч хэрэглэн, нэвтэрч үйлдсэн гэмт үйлдэл гэж үзнэ.  

Иймд хэргийн зүйлчлэлд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.З, Б.Д нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.З, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл С.З, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                       ШҮҮГЧИД                                                        Н.БАТСАЙХАН

                                                                                                Д.ОЮУНЧУЛУУН