Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/427

 

 

 

 

 

 

 

 

 

   2022         05          10                                  2022/ШЦТ/427

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Т.О,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Н.Ням-Очир нарыг оролцуулан эрүүгийн 2211000000883 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Т.О

Монгол Улсад иргэн, 1988 оны 05 сарын 24-ны өдөр Төв аймагт төрсөн 21 настай халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютер үйлчилгээний ажилтан мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт, урьд Төв аймаг дэх сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 153/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял оногдуулж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хугацааг өршөөн хасч, үлдсэн 1 жил 1 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Нарантуул-2 худалдааны төвийн урд талын гудамжинд иргэн Я.Стэй харилцан маргалдаж толгойн хэсэгт цохиж баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

                - хохирогч Я.Сн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 03 сарын 14-ний өдөр хүргэн ах Тойлоогийн хамт Нарантуул-2 захын орчимд байх үеэл тэдний хүү Огийнд очиход гэрийнхээ гадаа зогсож байсан ба манай аавыг яах гэж авчирсан юм бэ? гээд над руу уурлаад маргалдаад намайг О хамар руу нэг удаа гараараа цохисон, шанаа руу хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэгээд байж байтал Огийн төрсөн дүү Дэмид гарч гэрээсээ гарч ирээд, миний нүүрний баруун талын эрүү рүү гараараа нэг удаа цохисон, би тонгойгоод унаад доошоо гараараа нүүрээ хаагаад өөрийгөө хамгаалтал тэр хоёр толгой руу маань нийлээд дэвсэж өшиглөсөн, гар шуу хэсэг рүү өшиглөөд байсан. тэгээд тэдний аав болох Тойлоо болон тэдний ээж Баянжаргал гэрээсээ гарч ирээд тэр хоёрыг салгаж болиулсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр тал/,

- гэрч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 03 сарын 12-ны орой 1.8 цагийн үед манай гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-529 тоотод гэртээ ах О, эмээ Баянжаргал, эхнэр Бямбасүрэн нарын хамт байж байтал манай нагац ах С гаднаа согтуу байдалтай машинаа унаад өвөө Толятай хамт орж ирээд, та нар орон гэргүй хүмүүс, орон гэргүй Толяг авч явж архи уулгадаг, та нар пизда наахуу зэргээр бид нарыг харааж зүхээд О ахтай зууралдаад зодолдоцгоогоод нэг нэгнийхээ нүүр толгой руу цохилцоод байсан ирсэн ба О ах уурандаа Соёл-Эрдэнийг нүүр лүү нь гараараа 2 удаа цохитол С 2-3 удаа нүүр лүү нь цохисон. Тэгээд би өвөө Толягийн хамт салгаад, 2 тийшээ болцгоосон. Тэгээд би Соёл-Эрдэнийг бариад, Толя Ог бариад салгаж байтал С зүүн гартаа түлхүүр барчихсан намайг нэг удаа түлхүүрээрээ цохиход нь бултсан, баруун гартаа барьсан байсан чулуугаараа миний толгойны зүүн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэрнээс хойш юу байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд толгой эргээд хэсэг юу болсныг мэдээгүй, нэг мэдэхэд газар унасан байсан ба манай өөдөөс харсан хашааны хаалганы урд С газар хэвтэж байсан ба би дээр нь 2 гарыг нь гараараа дараад, гар луу нь нэг, цээж рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгтэл манай эхнэр Бямбасүрэн намайг салгаад, урд айлын хөрш эгч /524 тоотын айл нэрийг нь сайн мэдэхгүй/ гарч ирээд салгасан. Тэгээд би болъё болъё гээд салаад гэр лүү гээ алхаж байтал манай эмээ Баянжаргал руу том чулуу /тоосгоны хэмжээтэй/ шидээд, толгойных нь хажуугаар өнгөрсөн. Тэгэхээр нь би уурлаад, Соёл-Эрдэнийн араас гүйж очоод, хавирч унагаагаад, цээж хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд намайг Толя Баянжаргал нар салгатал С босож ирээд бид нар руу газраас чулуу аваад шидээд байсан. тэгээд салж яваад би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд, удалгүй цагдаагийн албан хаагчид ирээд Соёл-Эрдэнийг авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- гэрч Ч.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 03 сарын 12-ны өдөр том хүү Очирсүрэнгийнх болох Нарангийн голд байх гэрт нь машинаа янзлаад байж байтал өдөр гэгээтэй үед С согтуу байдалтай ирээд, цуг явъя машинд суучих гээд намайг суулгаад Био руу явна гэхээр нь би аргадаж гуйсаар байгаад Дэнжийн Мянгад хүү Дэмидийнх болох хүү О үүдэн дээр тосож аваад, согтуу хүний машинд суугаад явдаг та ямар хаашаа юм бэ ? гээд манай хүү намайг зэмлэтэл Соёл- Эрдэнэ манай хүү Отэй маргалдаж, манай хүүг цохиж авсан. Тэгээд тэр хоёр ноцолдоод зодолдоод байж байтал гэр дотроос Дэмид гарч ирээд, Соёл- Эрдэнэд хандаж, та яах гээд байдаг хүн юм бэ? гээд мөн муудалцсан. Би тэр хэдийг салгаж байсан. С чулуу авч нүүлгээд, Баянжаргалыг том чулуугаар бас яг онох шахсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогч Я.Сийг зодсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4371 дугаартай шинжээчийн "Я.Сийн биед баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хавтаст хэргийн 27 дугаар тал/ гэх дүгнэлтээр хохирогч Я.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Нарантуул-2 худалдааны төвийн урд талын гудамжинд иргэн Я.Стэй харилцан маргалдаж толгойн хэсэгт цохиж баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулан түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзэв. 

        

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

шүүгдэгч Т.О нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул-2 худалдааны төвийн урд талын гудамжинд хохирогч Я.Стэй маргалдан, улмаар шууд санаатайгаар зодож хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Т.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Я.Соёл-Эрдэнийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Т.Ог хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Боржигон овогт Т.Од хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Ог 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Ог торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ