Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо     даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос П.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, урьд ял шийтгэлгүй, П.Э /РД:***/.   

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч П.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх зочид буудлын 208 тоот өрөөнөөс иргэн Б.Бгийн эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хулгайлж, түүнд 704.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Э мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

         Шүүгдэгч П.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын 208 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 704.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах баримтууд болох:

            Хохирогч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 1 дүгээр 24-ний өдөр ажлын газрынхаа 2 эмэгтэйтэй хороололд нэг бааранд ороод архи ууж байгаад гараад цагаан өнгийн “Приүс-20” маркийн автомашинд суугаад Баянголд дүүргийн 6 дугаар хороонд байрлах “***” гэх зочид буудалд очсон. Намайг таксинаас буух гэхэд таксинд явж байсан улбар шар ажлын куртиктэй, 175-180 см өндөртэй, туранхай залуу буудал руу оруулаад өгье гээд оруулж өгсөн. Буудлын ресепшн бичиг баримтаа өгөөрэй гэхэд тэр залуу үнэмлэхээ өгсөн. Тэгээд 2 давхарт 208 тоот өрөөнд орсон ба таксины мөнгө болох 6500 төгрөгийг *** дугаарын Пүрэвсүрэнгийн Э гэх нэртэй данс руу хийсэн. Удалгүй хамт явж байсан ажлын эгч “хаана байгаа юм бэ намайг ав” гэхээр нь би “***” буудлыг зааж өгсөн ба гадаа ирчихлээ гэхээр нь би тэр залуутай хамт гарч эгчийг авсан. Буудлын өрөөнд ороод бид 3 “Эдэн” архинаас уусан ба тэр залуу уугаагүй. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна, тасраад унтаад өгсөн. Өглөө 10 цагт сэрээд утсаа хайтал байгаагүй. Би өөрийнхөө Самсунг А-52 маркийн гар утсыг хүлээн авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хэргийн 9 дүгээр хуудас/,  

         Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Самсунг А-52 маркийн гар утас барьдаг. Тухайн гар утсыг 2022 оны 2 дугаар сарын дундуур манай хамаатны дүү П.Э над руу залгаад “гар утас ломбардад тавьчихсан байгаа, та авах юм уу” гэхээр нь би хаанаас яаж авсан юм гэхэд олсон гэж хэлсэн. Тэгээд би П.Эт 500.000 төгрөг өгөөд нөгөө утсаа ломбарднаас аваад надад өгчих гэсэн. Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Би дүүгээсээ мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, иргэний нэхэмжлэгчээр тогтоолгомооргүй байна...” гэх мэдүүлэг /хэргийн 15 дугаар хуудас/,

         Гэрч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.Э гэх залуу манай ломбардад Самсунг А-52 загварын гар утсыг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутад 350.000 төгрөгийн барьцаанд тавиад 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр буцааж авсан...” гэх мэдүүлэг /хэргийн 17 дугаар хуудас/,

         “Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №БГ2-22-765 дугаартай “...Самсунг А-52 маркийн гар утас 704.600 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 31-32 дугаар хуудас/,

         Эд зүйл хураан авсан “...Самсунг А-52 маркийн цэнхэр өнгийн гар утсыг П.Бгаас хураан авав” гэх тэмдэглэл /хэргийн 36 дугаар хуудас/,

         Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Самсунг А-52 маркийн цэнхэр өнгийн гар утсыг Б.Бд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хэргийн 37 дугаар хуудас/,

         Хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 38 дугаар хуудас/,

         “***” зочид буудлын зочны бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хэргийн 41-42 дугаар хуудас/,

         “Скайтел” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 22/5104 дугаартай “...*** имей кодыг шалгахад *** дугаар бүртгэлтэй байна. эзэмшигч П.Б...” гэх албан бичиг /хэргийн 45 дугаар хуудас/,

         Шүүгдэгч П.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Таксинд явж байхад нэг эмэгтэй суугаад Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах “***” буудал руу явсан. Тэгээд намайг буудал руу ороод өрөө асуугаад өг гэхээр нь өрөө асуучхаад тухайн эмэгтэйг 2 давхарт 208 тоот өрөөнд оруулж өгөхөд нэг эмэгтэй залгаад “би төөрчихлөө, хаана байгаа юм” гэхээр нь “***” зочид буудлыг зааж өгөөд бид хоёр найзыг нь тосоод буцаад 208 тоот өрөө рүү бид 3 орсон. ...Буудлын өрөө захиалсан эмэгтэй найзтайгаа хамт архи уусан, би уугаагүй тэр хоёрт хундагалж өгсөн. Тэр хоёр ууж байгаад шөнийн 3 цагийн үед тасраад өгсөн ба би буудлын өрөө захиалсан эмэгтэйн Самсунг А-52 маркийн гар утсыг орон дээрээс нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:

         Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 48 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 49 дүгээр хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хэргийн 51 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 52 дугаар хуудас/, ажлын газрын тодорхойлолт /хэргийн 53 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 54-59 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дугаар хуудас/.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

  1. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.   

  Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл:

  Шүүгдэгч П.Э нь 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 1 дүгээр сарын 25-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын 208 тоот өрөөнд үйлчлүүлж байсан хохирогч Б.Бгийн эзэмшлийн “Самсунг А-52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч түүнд 704.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Скайтел” ХХК-ийн албан бичиг, зочид буудлын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

          Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч П.Э нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

          Шүүгдэгч П.Э нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

          Тиймээс шүүгдэгч П.Эыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 704.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч П.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид гар утсыг биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн /хэргийн 37 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

         Улсын яллагчаас шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

          Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч П.Эын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдсон, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Эт 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж  шийдвэрлэв. 

Шүүгдэгч П.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулав.

  1. Бусад асуудлаар:

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч П.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эыг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотоос явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай. 

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЗОЛБОО